| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0378/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/411 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/411
2021 03 26 2021/ШЦТ/411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 2106 00214 0267 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Удвал дент групп” эмнэлэгт шүдний эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 77 дугаар байрны 71 тоотод оршин суух,
Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 290 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 1805005030365 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн А.Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч А.Т нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу Нийслэлийн хэмжээнд Гамшиг, хорио цээрийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Эко” захын орчим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэтөгсийн “гэртээ буцаж орох, сонсогчийн /хууль сахиулагч/ тавьсан шаардлагыг биелүүлэх, албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийг доромжлохгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэтөгсийн бэлэг эрхтэн рүү өшиглөж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаар утсаар гаргасан гомдол /хх-ийн 4 хуудас/,
Хохирогч Д.Эрдэнэтөгсийн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас 15 цагийн хооронд өндөржүүлсэн байдлын хүрээнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Эко захын автобусны буудал дээр Дотоод хэргийн их сургуулийн сонсогч Т.Одсүрэн, Ч.Анхсанаа нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. 12 цагийн орчимд автобусны буудлаас зайдуу хойд зүгт 6 орчим метрийн зайд “Коронавирус” цар тахал халдварыг хязгаарлах зорилгоор гарсан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа тогтоол захирамжийн хүрээнд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын алба хаагч ажилчдаас бусад шаардлагагүй тохиолдолд биедээ холбогдох бичиг баримтгүй гудамжинд явганаар хөдөлгөөнд оролцон явж байгаа бүх иргэдийн бичиг баримтыг шалгаад ажиллаж байхад урдаас хойд зүгт чиглэлтэй 25 орчим насны эрэгтэй эмэгтэй 2 хүнийг надтай зэрэгцэн сонсогч Т.Одсүрэн шалгахад эрэгтэй нь бичиг баримтгүй тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүй иргэнийг цааш хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шаардлага тавихад уг эрэгтэй нь бичиг баримт байхгүй гээд бичиг баримтгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй бол цааш явж болохгүй гэж тавьсан шаардлагыг эсэргүүцэн шалгуулалгүй цааш 15 метр орчим зайтай явчихсан байсан. Сонсогч Т.Одсүрэн нөгөө 2 хүний араас нь дуудахад зогсохгүй яваад байхаар нь сонсогч хойноос нь очоод хөөе гээд 3-4 удаа дуудаад эргэж харахгүй болохоор нь эрэгтэй хүнийх нь куртикны ханцуйнаас нь татахад тэр 2 хүн зогссон. Би уг эрэгтэй, эмэгтэй 2 хүнд дахин бичиг баримтаа шалгуулна уу гэсэн шаардлага тавихад эмэгтэй нь бичиг баримттай эрэгтэй нь бичиг баримтгүй байсан. Эрэгтэй нь би найзыгаа автобусны буудал руу хүргэж өгөөд ирнэ гэхээр нь би эрэгтэйд нь хандаж та буц, эмэгтэй та цаашаа явж болно гэхэд тэр эрэгтэй, эмэгтэй 2 хоорондоо үнсэлцэж байснаа эрэгтэй нь эргэж хараад сонсогч Т.Одсүрэнд хандаж гараараа зааж чи амжихгүй, чи муу цагдаа биш, зүгээр нэг амьтан байж чамайг харнаа гээд цаашаа алхаж гудамж талбайд бусдыг хэл амаар доромжилж заналхийлсэн зөрчил гаргасан тул уг иргэнийг Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 49 дүгээр зүйлд заасан биеийн хүч хэрэглэх тухай, 49.1.1. Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх заалтыг зөрчсөн тул уг эрэгтэйгээс барьж зогсооход уг залуу албан үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч миний биед халдаж зүүн гарын ханцуйнаас зуурч чи яагаад байгаа юм гэхээр нь би ... чи яаж байна аа гэхэд нөгөө залуу... юу гээд байгаа юм гэсэн. Би нөгөө залууд ...чи миний хувцаст хамаагүй хүрч болохгүй ээ, зүгээр тавь гэхэд яадаг юм гээд намайг заамдаад авсан. Тэр үед хамт явсан эмэгтэй нь миний 2 талд гарч намайг гараараа цохиж миний баруун гарын эрхий хурууг мушгисан. Тэгээд миний баруун гараас зуураад тавихгүй, тэр үед нь залуу нь намайг заамдаад түлхээд байсан тул хажуугаас сонсогч Т.Одсүрэн нөгөө залуугийн миний хувцаснаас зуурсан баруун гараас барьж ..боль наад хувцаснаас нь тавь гэхэд Т.Одсүрэнгийн цээжин тус газар нөгөө залуу 2-3 удаа тохойгоороо цохисон. Т.Одсүрэн цаашаагаа холдсон тэр үед би нөгөө эмэгтэйг чи наад гарнаасаа тавь л даа гээд цааш нь миний барьсан байсан гараа суллах гээд түлхээд татсан. Тэгсэн нөгөө залуу ..миний эмэгтэйг зодлоо гээд эхлээд баруун хөлөөрөө миний салтаанд нэг удаа өвдөглөж би төмсөг өвдөж тонгойх үед дахин баруун хөлөөрөө салтаанд нэг удаа өшиглөсөн...Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 52 дугаар зүйл. 52.1.1. өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох зорилгоор нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж болно гэж заасны дагуу баруун гаранд нь гав зүүсэн. Тэгээд бид 2 босож нөгөө залууд чи зүгээр шаардлага биелүүлж босоод шалгуул гэхэд ..хуц та нарыг харнаа гээд доошоо тонгойгоод орилж хашхиран босохгүй байсан. Би тэр залууд чи гавлуулахгүй өөрөө босоод зүгээр ярилцаад шалгуул гэж хэлж байхад манай нийтийн хэв журам сахиулах тасгийн дарга хошууч н.Бадам-Очир эргүүл шалгаад ирчихсэн байсан, машинаасаа бууж ирээд юу болж байгаа юм наад хүнээ босго гэхээр нь нөгөө залууд бос гэхэд босохгүй өвдөглөж доошоо тонгойгоод байсан. Тэгж байгаад 5-6 удаа шаардуулж байж босож ирсэн...А.Т гэх залуу болохоор миний зогсож байсан автобусны буудлыг өнгөрөөд цаашаа ертөнцийн зүгээр хойд зүгт эхнэрээ автобуст суулгаж өгөх гээд дагуулаад явж байсан. Тэгээд хамт үүрэг гүйцэтгэж байсан сонсогчийг дуудахад автобусны буудлаас өнгөрөөд 20 орчим метр хойд зүгт явчихсан байсан...би төмсөгтөө 2 удаа цохиулаад газар сөхөрч суух үед цаанаас ахлагч н.Пүрэвдорж ирсэн. Би А.Тийн 2 хөлийг давхар хамж дарж авсан. Хэн нэгэн А.Тийн хөлөнд өшиглөх боломж байгаагүй, өшиглөөгүй. Газар дараад нэг гарыг нь гавласан, А.Т орилж хүмүүсийн анхаарал татаж байсан тул нөгөө гарыг нь гавлаагүй бос гэж шаардлага тавьсан...Би тэр эмэгтэйг цохих ямар ч боломж байгаагүй, баруун гараараа А.Тийн хувцаснаас барьсан байсан. А.Т миний зүүн гарын ханцуйнаас зуурсан байсан, тавь гэхээр тавихгүй зууралдаад байсан. Тэгээд эхнэр нь миний баруун гарын эрхий хурууг мушгиж баруун гараас 2 гараараа цээжиндээ наагаад зуураад байсан. Тэгээд баруун гараа тавиулах гэж зүүн гараараа А.Тийн хувцаснаас барьж байгаад гараа түлхээд татсан. Тэр үед миний гар тэр эмэгтэйн цээжин тус газарт нь хүрсэн, нүүрэнд цохих боломж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуудас/,
Гэрч Ч.Анхсанаагийн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу Улаанбаатар их сургуулийн урд талын автобусны буудал буюу Эко захын буудал дээр ахмад Д.Эрдэнэтөгс, сонсогч Т.Одсүрэн бид гурав 08:00-15:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ гурвуулаа буудлаа хувааж аваад хоорондоо зайтай зогсож иргэдэд шаардлага тавьж байсан. Ингээд 12 цагийн үед байх би хүмүүст шаардлага тавьж байгаад эргээд харсан чинь буудлын нөгөө захад цагдаа, ахмад Д.Эрдэнэтөгс, А.Т гэх залуутай харилцан зууралдсан байдалтай зогсож байхаар нь яваад очсон чинь Т.Одсүрэн надад хэлэхдээ ..А.Т гэх залуу миний шаардлагыг биелүүлээгүй, хэл амаар доромжилсон тул цагдаа намайг өмөөрч түүнтэй зууралдаж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа намайг гав аваад ир гэсэн тул Улаанбаатар сургууль дээр ажиллаж байсан цагдаагаас гав авч ирсэн чинь хамт явж байсан эмэгтэй нь гавлах гэж байна гэж бодсон уу, болиоч гээд цагдаагийн гар руу алгадаж дайраад эхэлсэн чинь цагдаа өөрөөсөө холдуулж хөнгөхөн түлхсэн чинь нөгөө зууралдаж байсан А.Т гэх залуу эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ гэж уурлаад цагдаагийн бэлэг эрхтэн рүү нь нэг удаа өвдөглөж, шилбэ рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн чинь цагдаа ёооё гээд доошоо тонгойсон, энэ үед надад гав өгсөн цагдаа араас ирж, тэр 2 нийлж байгаад А.Т гэх залууг газар унагааж гарыг нь ард нь гавласан...Т.Одсүрэн бид хоёр тэд нарт гар хүрээгүй. А.Тийг 2 цагдаа гавлах гэхэд өөдөөс нь эсэргүүцэж харилцан ноцолдсон тул газар хэвтүүлж байгаад гарыг нь ард нь гавласан, хамт явсан найз охин нь хажуугаас цагдааг цохиод байхаар нь өөрөөсөө холдуулж зөөлхөн түлхсэн асуудал болсон бусдаар түүний биед халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/,
Гэрч Э.Лхагважаргалын: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад ажилдаа явахаар гарч автобусны буудлын наана нөхрийн хамт явж байсан...би болиулах гээд хоёулангынх нь гараас барьсан чинь тэр цагдаа гараа тавиулах гэж түлхэхдээ миний нүүрэнд цохисон чинь тэр хоёрын асуудал улам даамжирч харилцан барьцалдаж бие биеийнхээ гарыг барьж чи тавь, би тавь гээд байсан. Тэгээд хоёулаа уурласан байхаар нь салгахаар очиход нөгөө цагдаа хол бай гээд 2-3 удаа түлхсэн чинь манай нөхөр...эмэгтэй хүнд гар хүрлээ гэж маш ихээр уурлаж тэр 2 зодолдох хэмжээнд хүрсэн чинь ахмад Д.Эрдэнэтөгс цагдаа дуудахад эхлээд нэг цагдаа ирж манай нөхрийг гавлах гэж оролдоход гавлуулахгүй гэж эсэргүүцсэн...тэр үед би шоконд орсон байсан учраас маш их сандарч тэр цагдаа нарыг болиулах гээд гараас татаж уйлж бөөн юм болсон ... ахмад Д.Эрдэнэтөгс манай нөхөртэй барьцалдах явцад өөр цагдаа нар ирсэн байхад Д.Эрдэнэтөгс ахмад ёооё гэж хэлээд нэг удаа өвдөглөж суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,
Гэрч Т.Одсүрэнгийн: “...2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу Улаанбаатар их сургуулийн урд талын автобусны буудал дээр ахмад Д.Эрдэнэтөгс, сонсогч Ч.Анхсанаа нарын хамт үүрэг гүйцэтгэж байхад 11 цагийн үед Эко зах орчмоос булан эргээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирэхээр нь би бичиг баримтыг нь шалгахад эмэгтэй нь эмч гэсэн ажлынхаа үнэмлэхийг үзүүлсэн, хамт явсан эрэгтэй нь ямар ч бичиг баримтгүй байсан тул хаашаа ямар ажлаар явж байгааг асуухад эрэгтэй нь найз охиноо ажил руу нь хүргэж байна гэсэн тул бичиг баримтгүй учраас гэртээ ор, таны ярьж байгаа шалтгаан чинь гадуур явах шалтгаан биш байна гэсэн чинь намайг тоохгүй тэр чигээрээ найз охиноо дагуулаад цаашаа явчихаар нь хойноос нь гүйж очоод мөрөн дээр нь гараараа дараад тэр залууд хандаж та бичиг баримтгүй явж болохгүй, таны явж байгаа шалтгаан чинь гадуур явах шалтгаан биш байна гэсэн чинь урдаас найз охиноо ажил руу нь хүргэнэ гэж хэлсэн биз дээ гэж уурласан байдлаар харьцсан. Ингээд ахмад Д.Эрдэнэтөгс уг залуутай уулзаж учир байдлыг хэлж ойлгуулаад найз охиноос салаад цаашаа явахдаа чам шиг ийм цагдааг мэдэхгүй юм байна, та нар болоогүй гэж над руу чичлэсэн чинь ахмад Д.Эрдэнэтөгс тэр залууд хандаж манай алба хаагчийг яах гэж ингэж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу ..чам шиг ийм цагдаа мэдэхгүй юм байна гэж, цагдааг түлхэж дайрч эхэлсэн, цагдаа зөрүүлж түлхэж хана руу шахаж заамдаж төрийн алба хаагчийг ингэж хэлж болохгүй гэж хэлсэн чинь нөгөөдөх нь өөдөөс нь заамдаж харилцан заамдалцах үед би салгах гэсэн чинь хоёулаа салахгүй байсан...тэгээд цагдаа дээр очиж салгах гэсэн чинь заамдалцаж, зууралдаж байсан тэр нөгөө залуу цагдаагийн бэлэг эрхтэн рүү өвдгөлсөн, би тэр залуугийн гараас нь бариад татсан чинь миний баруун хавирга руу 3 удаа тохиолдсон..гарыг нь гавлах гэсэн хүчтэй эсэргүүцэж, цагдаа бид хоёрыг түлхэж эхэлсэн...газар унагааж хойно нь нэг гарыг нь гавласан энэ үед Ч.Анхсанаа бид 2 цугларсан хүмүүсийг холдуулж байхад найз охин нь хажуунаас бид нар руу дайрч, цохиж аваад ажил хийлгэхгүй байсан....А.Т ахмад Д.Эрдэнэтөгсийн бэлэг эрхтэн рүү нэг удаа өвдөглөж, цагдаа ёооё төмсөг гэж хэлээд доошоо тонгойж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Тийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу Нийслэлийн хэмжээнд Гамшиг, хорио цээрийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжсэн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Эко” захын орчим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч, мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэтөгсийн “гэртээ буцаж орох, сонсогчийн /хууль сахиулагч/ тавьсан шаардлагыг биелүүлэх, албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийг доромжлохгүй байх” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Эрдэнэтөгсийн бэлэг эрхтэн рүү өшиглөж хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч А.Т-н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Д.Эрдэнэтөгсийн: “... Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх заалтыг зөрчсөн тул уг эрэгтэйгээс барьж зогсооход уг залуу албан үүргээ гүйцэтгэж хууль ёсны шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч миний биед халдаж зүүн гарын ханцуйнаас зуурч чи яагаад байгаа юм гэхээр нь би ... чи яаж байна аа гэхэд нөгөө залуу... юу гээд байгаа юм гэсэн. Би нөгөө залууд ...чи миний хувцаст хамаагүй хүрч болохгүй ээ, зүгээр тавь гэхэд яадаг юм гээд намайг заамдаад авсан. ... Тэгсэн нөгөө залуу ..миний эмэгтэйг зодлоо гээд эхлээд баруун хөлөөрөө миний салтаанд нэг удаа өвдөглөж би төмсөг өвдөж тонгойх үед дахин баруун хөлөөрөө салтаанд нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 хуудас/, гэрч Ч.Анхсанаагийн: “... А.Т гэх залуу эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ гэж уурлаад цагдаагийн бэлэг эрхтэн рүү нь нэг удаа өвдөглөж, шилбэ рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн чинь цагдаа ёооё гээд доошоо тонгойсон, энэ үед надад гав өгсөн цагдаа араас ирж, тэр 2 нийлж байгаад А.Т гэх залууг газар унагааж гарыг нь ард нь гавласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/, гэрч Э.Лхагважаргалын: “...Тэгээд хоёулаа уурласан байхаар нь салгахаар очиход нөгөө цагдаа хол бай гээд 2-3 удаа түлхсэн чинь манай нөхөр...эмэгтэй хүнд гар хүрлээ гэж маш ихээр уурлаж тэр 2 зодолдох хэмжээнд хүрсэн чинь ахмад Д.Эрдэнэтөгс цагдаа дуудахад эхлээд нэг цагдаа ирж манай нөхрийг гавлах гэж оролдоход гавлуулахгүй гэж эсэргүүцсэн...тэр үед би шоконд орсон байсан учраас маш их сандарч тэр цагдаа нарыг болиулах гээд гараас татаж уйлж бөөн юм болсон ... ахмад Д.Эрдэнэтөгс манай нөхөртэй барьцалдах явцад өөр цагдаа нар ирсэн байхад Д.Эрдэнэтөгс ахмад ёооё гэж хэлээд нэг удаа өвдөглөж суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/, гэрч Т.Одсүрэнгийн: “...ахмад Д.Эрдэнэтөгс тэр залууд хандаж манай алба хаагчийг яах гэж ингэж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу ..чам шиг ийм цагдаа мэдэхгүй юм байна гэж, цагдааг түлхэж дайрч эхэлсэн, цагдаа зөрүүлж түлхэж хана руу шахаж заамдаж төрийн алба хаагчийг ингэж хэлж болохгүй гэж хэлсэн чинь нөгөөдөх нь өөдөөс нь заамдаж харилцан заамдалцах үед би салгах гэсэн чинь хоёулаа салахгүй байсан...тэгээд цагдаа дээр очиж салгах гэсэн чинь заамдалцаж, зууралдаж байсан тэр нөгөө залуу цагдаагийн бэлэг эрхтэн рүү өвдгөлсөн, би тэр залуугийн гараас нь бариад татсан чинь миний баруун хавирга руу 3 удаа тохиолдсон..гарыг нь гавлах гэсэн хүчтэй эсэргүүцэж, цагдаа бид хоёрыг түлхэж эхэлсэн...газар унагааж хойно нь нэг гарыг нь гавласан энэ үед Ч.Анхсанаа бид 2 цугларсан хүмүүсийг холдуулж байхад найз охин нь хажуунаас бид нар руу дайрч, цохиж аваад ажил хийлгэхгүй байсан....А.Т ахмад Д.Эрдэнэтөгсийн бэлэг эрхтэн рүү нэг удаа өвдөглөж, цагдаа ёооё төмсөг гэж хэлээд доошоо тонгойж байхыг харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч А.Т-г “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Эрдэнэтөгсийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж шүүхийн шатанд утсаар мэдэгдсэн мэдэгдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч А.Тийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч А.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч А.Т нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, “Удвал дентэл групп” эмнэлэгт шүдний эмч ажил хийдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
А.Т нь шүүхээс оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 10 сарын сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т-г “Хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т-д 2700 / хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Т нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ