| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,
Шүүгдэгч: Х.Э нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э холбогдох эрүүгийн 2029002180135 дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Э.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа эрүүн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд биед эрүүний далд хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2029002180135 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ:
Х.Э миний бие 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэбаяртай холбогдсон. 17-ны орой унтах гэж байхад Эрдэнэбаяр Ноён суманд дээр ачаа буулгаж байна гэж ярьсан. 19-ны орой над руу залгаад хүнтэй архи ууж байна. Архины мөнгө явуул гээд намайг 19-ны орой согтуу залгаад байхаар нь би утсаа унтраагаад амарсан. 20-ны өдөр дахиад залгахаар нь би шөнө согтуу битгий залгаад бай өдөр эрүүл саруулдаа залга гэж хэлэхэд архины мөнгө нэхэхээр нь би 40,000 төгрөг шилжүүлээд манай дүүгийн ажил Ханбогд дээр хийгдэнэ. Тэр рүү өөрийн чинь экскэйг авч явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ирж уулзаад гэрээ хийгээд явъя гэж ярилцсан байсан. 22-ны шөнө над руу залгахаар нь би утсаа аваагүй. 23-ны өглөө 7 цагт над руу залгаад би ирсэн байна. Удахгүй очлоо гэж хэлэхээр нь би хүрч очоод уулзъя гэж хэлсэн. Уулзах гээд очиход кемп дээр машин дотроо байж байсан. Тэгээд очиж уулзахад одоо экскэйг ачиж ирье явъя гээд архи уусан байдалтай байж байсан. Миний экскэйг ачих гээд Эрдэнэс таван толгой руу явахад Эрдэнэбаярын амнаас нь архи үнэртээд байхаар нь чи болио машинаа битгий барь гээд би машиныг нь унаад Эрдэнэбаярыг хажуудаа суулгаад сумаас гарах гэж байхад надад нэг шил архи аваад өгчих гэхээр нь би одоо явж суух гэж байна. Архины хэрэг байхгүй гээд 1 лааз пиво авч өгсөн. Тэгээд Эрдэнэс таван толгой дээр ажиллаж байсан экскэйгийнхээ ажлыг болиулаад тэндээс очингуутаа Цогтцэций суманд өөрийнхөө хашаанд машиныг буулгасан. Тэгээд өөрийнхөө хашаанд буулгачхаад хажуу айлд нойлын нүх ухаж өгчихөөд явъя гээд оператороо масло тосоо сольж бай гээд би эхнэр хүүхдээ хүргэж өгөх гээд хөдөө явсан. Эрдэнэбаяр хөдөө явахаас өмнө надад мөнгө өг гээд байхаар нь 100,000 төгрөг өгчхөөд эхнэр хүүхдээ аваад хөдөө явсан. Хөдөө очоод байж байтал Дүүрэндэмбэрэл над руу утасдаад Эрдэнэбаяр ажил хийлгэхгүй агсам тавиад болохгүй байна гэхээр нь түр байж бай машин тэргэнд нь оруулаад байж бай би удахгүй очлоо гэсэн. Тэгээд хөдөөгөөс ирэхэд Дэлгэржаргал хажууд нь байж байсан. Тэгээд би Эрдэнэбаярыг машиндаа орж амар гэхэд тал шил архи бариад явж байсан. Эрдэнэбаяр тал шил архинаасаа өөрөө ууж байгаад машиндаа унтаад өгсөн. Үдээс хойш экскейндээ бүх үйлчилгээ хийж дуусаад машинаа ачиж байхад Эрдэнэбаяр сэрээд экскэй дээр нэмж ачаад Ханбогд сум руу явна гэж байсан. Тэгээд хойно машин тавьдаг кемп дээр нь хүргэж өгье гээд би том машиныг унаад Дүүрэндэмбэрэлээр жижиг машинаа унуулаад кемп дээр хүргэж өгсөн. Хүргэж өгөхөд Эрдэнэбаяр сэрээд би унаж явна гэхээр нь эндээ амарчихаад өглөө ачаа бараагаа ачиж дуусгахаар нь явъя гэсэн. Тэгж хэлэхэд Эрдэнэбаяр кемп рүүгээ ороод би энд хономооргүй байна. Э ахынд очиж хононо гэхээр нь чи эндээ амар гэж хэлсэн боловч миний машинд суусан. Замдаа намайг гоочлоод янз бүрийг үг хэлээд байсан. Гэрт ирэхэд Дүүрэндэмбэрэл машин байрлуулж тавьчихаад гараад явсан. Эрдэнэбаяр надаас архи нэхээд байхаар нь би гэрт байсан хар экс архийг задлаад аягалж өгчихөөд ярьж суух гэсэн чинь олон юм яриад байхаар нь би ор засаад Эрдэнэбаярыг олон юм яриад байлгүй унт гэж хэлсэн. Хоёр гутлыг нь тайлчихаад би ороо зассан. Тэгсэн надад уурлаад ганц шил архи хуваагаад ууж чадахгүй. Бусадтай нь уудаг юм байгаа биз гээд над руу аягатай архи шидсэн. Миний дүү тэгж болдоггүй юм гээд хэлсэн. Өдөр нь Эрдэнэбаяр хүмүүстэй муудалцаад байхаар нь би Эрдэнэбаярын дүү Бат-Эрдэнэд хэлэхэд наад хүн чинь олон өдөр архи уучихлаа. Өгдөг газар нь өгчих гэхээр нь би хүн чанар гаргаад өгөөгүй. Өдөр дахиад агсам тавиад байхаар нь аавд нь хэлэхэд наадахаа цагдаад барьж өг. Цагдаад барьж өгөхгүй бол агсам тавиад байна гэж хэлсэн. Тухайн үед цагдаад өгчихдөг байсан билээ. Тэгээд би гэрт ор засчихаад байж байхад аягатай архи шидсэний дараа шилтэй архи шидсэн. Чи яаж байгаа юм гээд хүрээд очиход намайг заамдаад авсан. Тэгэнгүүт нь би түлхээд суулгасан. Тэгэхэд дахиад агсам тавиад босож ирээд намайг нэг цохихоор нь би зөрүүлээд эрүүн тус газар нь нэг цохисон. Тэгээд цаашаа орны ширэм рүү толгойгоо шаачихаад нулимаад байхаар нь би чи болиоч арай дэндэж байна гээд муудалцаж байхад манай эхнэр гаднаас ороод ирсэн. Манай хаалга үүд цоожгүй байдаг. Эхнэр хүүхэд сумд ойр малтай байдаг болохоор би том тэргэндээ засвар үйлчилгээ хийхдээ ирж байрладаг. Хохирогчид хохиролд нийт 850.150 төгрөг төлсөн. Шүүхээс гаргахаар шийдвэрлэсэн хохирлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Хэргийн онолоо танилцуулахдаа өмгөөлөгч миний бие Х.Э холбогдуулж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл дээр маргахгүй.
Хохирогч их хэмжээний архи уусан согтолттой үед шүүгдэгчийг өдөөн турхирч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь үүнээс үүссэн байдаг.
Хохиролд хохирогч нь өмгөөлөгчийн хөлс, эмчилгээний зардалд эмнэлгийн төлбөр, ахуйн хэрэгцээний зүйлс, шатахууны үнийг нэхэмжилсэн байдаг. Өмгөөлөгчийн хөлсний хувьд хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Хуулиар өмгөөлөгчийн хөлсийг тухайн хохирогч хууль зүйн туслалцаа авах нь түүний эрхийн асуудал энэ талаар ч мөн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байгаа учраас өмгөөлөгчийн хөлсийг нэгэнт гаргахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Эмчилгээний зардлын хувьд улсын яллагч 2,306,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирлын баримтуудтай миний бие мөрдөн байцаалтын шат болон шүүхийн шатанд танилцсан. Хохирлын баримтуудыг нэлээн ялгамжтай, няхуур шалгах ёстой гэж үзэж байна. Учир нь Эрдэнэбаярыг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эргэлтээр оруулсан хоол ундны зүйлийг нэхэмжилсэн байдаг. Юм идэж уух үйлдэл нь хүний биологийн хэрэгцээ. Гэтэл хүн өвдсөн байсан ч өвдөөгүй байсан ч юм идэх үйлдэл нь байж л байдаг. Гэтэл үүнийг тусгайлан хохирлын баримт болгон нэхэмжилж ирүүлсэн нь хэр хууль зүйн үндэслэлтэй вэ гэдэгт шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн бариа засал хийлгэсэн гэсэн мөнгийг нэхэмжилсэн байдаг. Хохирогчийн мэдүүлгээр хэрэг учрал болох үед хохирогч, шүүгдэгч хоёулаа байсан. Хохирогч миний гар руу толгой руу зөндөө өшиглөсөн гэсэн мэдүүлэг өгдөг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр миний толгойн ар хэсэг рүү нэлээн хүчтэй гараа зангидаж байгаад цохиод байсан гэж 9 дүгээр сарын 24-нд мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр Эрдэнэбаярын толгойн тус газар нь учирсан гэмтэл байдаггүй. Харин эрүүний хугарал гэмтэл тогтоогддог. Ингээд энэ хүний тархи толгойд нь ямар гэмтэл учраад эмнэлгийн эмчийн ямар дүгнэлтээр бариа засал хийлгэх болсон. Мөн томографын шинжилгээ өгсөн байдаг. Үүнийг мөн ямар эмчийн ямар дүгнэлтээр өвчний түүх дээр нь ч байдаггүй. Хувийн амбулаторийн карт дээр ч эмчийн заасан эмчилгээ байдаггүй. Тэгэхээр хохирогч өөрийнхөө санаачилгаар эдгээр эмчилгээнүүдийг хийлгээд тэрнийхээ төлбөрийг нэхэж байгаа байдал нь шүүгдэгчийн төлөх төлбөр биш гэж үзэж байна.
Мөн хагалгаанд орох үедээ хагалгаа хийсэн эмчид өгсөн виски болон өөр зүйлүүдийн мөнгө, эсхүл эмийн сангаас эм тариа авсан юм уу? гэдэг нь мэдэгдэхгүй АТМ-ын мэдээллийг харуулсан баримтууд байдаг. Үүнийг Х.Э төлөх хохирол төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлийг прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч хэлж байна. Тухайн үйл явдал архинаас болсон гэдэгт маргахгүй. Хохирогч Эрдэнэбаярыг согтуу гэдгийг нь мэдсээр байж архи гаргаж өгсөн нь нэг талдаа архи гэдэг зүйлтэй хамааралтай байж шүүгдэгчийн архи нэмж гаргаж өгсөн нь шүүгдэгчийн хууль бус үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч Э болон хохирогч Эрдэнэбаярын мэдүүлгээр тухайн айлд ороод гаргаж өгсөн архинаас нь хоёр хоёр татсан гэж мэдүүлсэн байдаг. Архи уучихаад сууж байхад Энхтөр чи муу намайг утасны цаанаас дарамталдаг хэн бэ? гэж эрүү рүү 2-3 удаа өшиглөсөн байдаг. Хохирогчид шинжээчийн дүгнэлтээр эрүү ясны хугарал тогтоогдсон байдаг. Хүн зүгээр сууж байхад нь чи утасны цаанаас дарамталсан гэсэн байдлаар хэрэг үүсэх үндсэн шалтгаан нөхцөл бий болсон байна гэж өмгөөлөгчийнх нь зүгээс хэлж байна.
Шүүгдэгч Х.Э гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж байна. Гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлд тохирсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд тодорхой хэмжээнд нийт мөнгөн дүн 3,156,906 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ хохирлыг нэхэмжилнэ. 3,156,906 төгрөгийн баримтаас зураг авсан баримтаар 1,778,798 төгрөг, тодорхой хэмжээнд хохирол гэмтэл авснаас улбаалаад эм авсан баримтаар 252,750 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас наашаа цаашаа явсан зардал мөн Улаанбаатарт эмнэлэгт хэвтэж байхад өөрсдийн унаа тээврийн хэрэгслийг ашигласан шатахууны баримт нь 728,634 төгрөгийн, бусад зүйлд зарцуулагдсан 362,725 төгрөгийн баримт байдаг. Эдгээр баримтыг яагаад хүнсний гэж тодотгож хэлж байгаа вэ? гэхээр шүүгдэгчийн өмгөөлөгч хүн биологийн хэрэгцээгээ хангах амьд явахын тулд өөрийгөө хооллох нөхцөл байдал байдаг. Эрдэнэбаярын хувьд юм идэж уухгүй байсан гэж ярьж байна. Х.Э зүгээс Э.Эрдэнэбаярыг зөвхөн Улаанбаатар хотод очиж хэвтүүлээд явсан зүйл байгаа. Эрдэнэбаяр хагалгаанд ороод хагалгаанд орсны дараа тэр хүнийг хэн сахиж байдаг юм. Тухайн худалдаж авсан хүнсний баримтаар шөлийг шүдний завсраар нь хийлгэж уулгаж байсан. Авсан хүнсний баримтаас харахад хүн юм ууж идэх дур хүсэл байдаг юм байгаа биз дээ? тодорхой хэмжээнд байнга бантан идээд байхгүй. Печень их авагдсан байгаа. Печенийг цайнд уусгаад гурилан бүтээгдэхүүн гэдэг утгаар нь идэж байсан. Хүнсний баримтуудаас ганц нэг илүү дүнтэй баримтууд байгаа. Хагалгаа хийсэн эмчид зарцуулсан хүнсний бүтээгдэхүүн байдаг. Хохирогчид хагалгаа хийж өгсөн эмчид баярласан сэтгэлээ илэрхийлээд эмчид тодорхой хэмжээний гарын бэлгийг өгсөн байдаг. Бусад баримт болох 362,725 төгрөгийн мөнгийг гаргаж өгсөн, мөн автомашины зогсоолын төлбөр 34 удаагийн 34,000 төгрөгийн зогсоолын төлбөр байдаг.
Нийт 3,156,906 төгрөгийн баримтууд байгаа. Үүнээс шүүгдэгч Х.Э авсан 600,000 төгрөгийг хасаж тооцоод 2,556,906 төгрөгийг гэм буруутай этгээд болох Х.Э гаргуулж хохирогчийг хохиролгүй болгож өгнө үү.
Мөн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар цаашид гарах эмчилгээний зардал болох сувилах зардал, нэмэгдэл хоол тэжээлийн зардал, хиймэл шүд хийлгэх, хадаас авах хагалгаанд орох, эрүү ясны зүүн талын хугарлаас болж үүссэн хавдарыг авах хагалгаа, эрүү нүүрний гажиг засах хагалгаа, бусад шаардлагатай эмчилгээ хийлгэх зардал, олох ёстой орлого, сахиурын цалин хөлс гэх мэт зардлуудыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэм буруутай этгээд Х.Э жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-10/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дэлгэржаргалангийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Дүүрэндэмбэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-23/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-27/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №534 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Э яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-42/,
-Шүүгдэгч Х.Э Иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43, 44, 45, 46, 47, 48, 49/,
-Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №81 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 52-53/,
-Хохирлын баримтууд /хх-ийн 77-91/,
-“Нотлох баримт болон хүсэлт гарган өгөх тухай” /хх-ийн 95-96/,
-Хохирлын баримтууд /хх-ийн 97-171/,
-Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төв өвчний түүх /хх-ийн 172-219/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №01 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 239-240/,
-Хохирогч Э.Эрдэнэбаярын өвчний түүх /2-р хх-ийн 16-25/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №79 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 28-30/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэбаярын хүсэлт /2-р хх-ийн 40-41/,
-Хохирлын баримтууд /2-р хх-ийн 42-51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Э.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа эрүүн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд эрүүний ясны хоёрлосон далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Эрдэнэбаярын өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Э ахын гэр рүү явсан. Гэр рүү нь явж байхад Энхтөр ах надад “чи муу утасны цаанаас томордог юу юм бэ пизда минь” гээд байсан...Энхтөр ахын гэрт ирэхэд хүн байхгүй байсан. Э ах гэртэй нэг шил соёмбо архи задалсан. Тэгээд би сууж байсан чинь Энхтөр ах босож ирээд “чи муу намайг утасны цаанаас дарамталдаг хэн бэ” гээд эрүү рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би нүүрээ дараад орон дээр доошоо хараад хэвтсэн чинь толгойны ар руу гараараа 2-3 удаа цохиж авсан. Тэгээд миний гар руу хөшиглөөд байсан. Тэгээд би зугтах гээд гарах гэсэн гэрээ дотроосоо цоожилчихсон. Тэр үед би “Э ахаа миний шүд уначихлаа” гэсэн чинь “чамайг ална, чиний наад муу шүдийг чинь бүгдийг нь үйрүүлээд хаячихъя” гээд дайраад гараараа толгой руу цохиод байсан...Би Э биед хуруугаа ч хүргээгүй. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлуудаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Отгонжаргалын өгсөн “...тэгээд хашаа руу ороход гэрийн хаалга онгорхой дотор нь Эрдэнэбаяр, Э хоёр чанга чанга дуугаралдаад Э Эрдэнэбаярт “Чи өглөөнөөс хойш агсам тавиад хүнийг гуйлгачин түүлэгчин гэж доромжиллоо болоо юм биш үү” гэж байсан. Тэгсэн Эрдэнэбаяр “За уучлаарай ах” гэж байгаа чимээтэй байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад ороод “юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь өдөржин агсам тавьж хүнийг дарамталлаа. Тэгээд сая над руу архи шидэхээр нь нэг цохичихлоо гэж байсан. Тэгээд “Больцгоо та нар” гэж хэлсэн. Тэгсэн Эрдэнэбаяр гэрээс гараад баруун тийш гараад алхсан. Тэгэхээр нь Э бид хоёр араас нь машин бариад машиндаа суулгаад машин дээр нь аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Дүүрэндэмбэрэлийн өгсөн “...Намайг байх үед Эрдэнэбаяр, Энхтөр хоёр маргалдаж зодолдоогүй. Эрдэнэбаярын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Миний харснаар бол зүүн талын шанаа хавдартай байх шиг харагдсан. Эсхүл том шанаатай ч байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн “1.Э.Эрдэнэбаярын биед эрүүний далд хоёрлосон хугарал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,
-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-10/,
-Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төв өвчний түүх /хх-ийн 172-219/,
-Хохирогч Э.Эрдэнэбаярын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /2-р хх-ийн 16-25/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн “1.Хохирогч Э.Эрдэнэбаярын биед учирсан эрүүний ясны хоёрлосон далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2.Эрүүний ясны их биеийн баруун хэсгийн 42-р шүдний түүшин сэртэн дайрсан хугарлын улмаас доод үүдэн баруун, зүүн 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй болсон байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн хагалгааны үед эрүүний ясны зүүн булан хэсгийн 38-р шүдний ёзоор хэсгийг дайрсан хугарлын улмаас зүүн доод 3-р их араа шүдийг авсан байна. 3.Дээрх гэмтлийн улмаас Э.Эрдэнэбаярын биед эрүүний зуулт алдагдаж тэгш биш хэмтэй болсон, эрүүний зүүн булан, зүүн завьжны хэсэгт овойсон нэвчдэс үүссэн зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон бөгөөд цаашид эрүү нүүр, гажиг заслын мэс засалд дахин орох шаардлагатай” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, шүүгдэгчид улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба талууд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Э.Эрдэнэбаярын эрүүл мэндэд “эрүүний ясны хоёрлосон далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, эрүүний ясны их биеийн баруун хэсгийн 42-р шүдний түүшин сэртэн дайрсан хугарлын улмаас доод үүдэн баруун, зүүн 1-р шүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй болсон байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн хагалгааны үед эрүүний ясны зүүн булан хэсгийн 38-р шүдний ёзоор хэсгийг дайрсан хугарлын улмаас зүүн доод 3-р их араа шүдийг авсан байна. Дээрх гэмтлийн улмаас Э.Эрдэнэбаярын биед эрүүний зуулт алдагдаж тэгш биш хэмтэй болсон, эрүүний зүүн булан, зүүн завьжны хэсэгт овойсон нэвчдэс үүссэн зэрэг өөрчлөлтүүд тогтоогдсон бөгөөд цаашид эрүү нүүр, гажиг заслын мэс засалд дахин орох шаардлагатай болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 534 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Э.Эрдэнэбаярыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.
Хавтас хэрэгт эм тариа, оношлогоо, бензин шатахуун, автозогсоолын төлбөр, эргэлтийн зардал зэрэг хохирлын нийт 86 ширхэг, 2.972.368 төгрөгийн баримт авагджээ. Үүнд: оношлогоо 350.000 төгрөг /1-р хавтас хх-97/, тархины тасагт хэвтэн эмчлүүлсэний төлбөр 55.000 төгрөг /1-р хавтас хх-98/, гэмтэл согог судлалын төвийн төлбөрт 114.222 төгрөг /1-р хавтас хх-99/, гэмтэл согог судлалын төвийн төлбөрт 290.125 төгрөг /1-р хавтас хх-100/, гэрэл зураг авах үйлчилгээ 69.451 төгрөг /1-р хавтас хх-101/, цээж /уушги, хавирга, өвчүү, сээр, нуруу/-ний дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 180.000 төгрөг /1-р хавтас хх-102, 103, 104/, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 110.000 төгрөг /1-р хавтас хх-105/, толгой тархи ерөнхий бүтэц дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 130.000 төгрөг /1-р хавтас хх-106/, толгой тархи ерөнхий бүтэц дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 130.000 төгрөг /1-р хавтас хх-107, 108, 109/, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 130.000 төгрөг /1-р хавтас хх-109/, эм 38.100 төгрөг /1-р хавтас хх-110/, эм 3.850 төгрөг /1-р хавтас хх-111/, бензин 20.000 төгрөг /1-р хавтас хх-112/, эм 1.900 төгрөг /1-р хавтас хх-113/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-114/, эмнэлэг эргэлт 5.500 төгрөг /1-р хавтас хх-115/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-116/, эмнэлэг эргэлт 19.550 төгрөг /1-р хавтас хх-117/, эмнэлэг эргэлт 53.658 төгрөг /1-р хавтас хх-118/, эмнэлэг эргэлт 4.400 төгрөг /1-р хавтас хх-119/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-120/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-121/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-122/, голомт банк терминал 2.000 төгрөг /1-р хавтас хх-123/, эмнэлэг эргэлт 3.500 төгрөг /1-р хавтас хх-124/, эмнэлэг эргэлт 1.600 төгрөг /1-р хавтас хх-125/, гарны алчуур 8.000 төгрөг /1-р хавтас хх-126/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-127/, эм 21.290 төгрөг /1-р хавтас хх-128/, эм 27.200 төгрөг /1-р хавтас хх-129/, эм 55.500 төгрөг /1-р хавтас хх-130/, шээс 5.000 төгрөг /1-р хавтас хх-131/, эмнэлэг эргэлт 14.200 төгрөг /1-р хавтас хх-132/, бензин 20.000 төгрөг /1-р хавтас хх-133/, бензин 10.000 төгрөг /1-р хавтас хх-134/, бензин 20.000 төгрөг /1-р хавтас хх-135/, эмнэлэг эргэлт 12.100 төгрөг /1-р хавтас хх-136/, эмнэлэг эргэлт 11.000 төгрөг /1-р хавтас хх-137/, эмнэлэг эргэлт 17.796 төгрөг /дугааргүй/, эм 3.460 төгрөг /1-р хавтас хх-138/, бензин 39.933 төгрөг /1-р хавтас хх-139/, эмнэлэг эргэлт 51.476 төгрөг /1-р хавтас хх-140/, архи, чихэр 86.400 төгрөг /1-р хавтас хх-141/, эм тариа 5.100 төгрөг /1-р хавтас хх-142/, бензин 40.000 төгрөг /1-р хавтас хх-143/, нарлаг дэлгүүр 9.400 төгрөг /1-р хавтас хх-144/, эм 3.000 төгрөг /1-р хавтас хх-145/, эмнэлэг эргэлт 5.307 төгрөг /1-р хавтас хх-146/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-147/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-148/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-149/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-150/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-151/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-152/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-153/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-154/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-155/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-156/, бензин 44.000 төгрөг /1-р хавтас хх-157/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-158/, өмд 20.000 төгрөг /1-р хавтас хх-159/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-160/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-161/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-162/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-163/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-164/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-165/, автозогсоол 1.000 төгрөг /1-р хавтас хх-166/, бензин 39.000 төгрөг /1-р хавтас хх-167/, бензин 20.000 төгрөг /1-р хавтас хх-168/, бензин 80.000 төгрөг /1-р хавтас хх-169/, бензин 58.600 төгрөг /1-р хавтас хх-170/, бензин 42.050 төгрөг /1-р хавтас хх-171/, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 30.000 төгрөг /2-р хавтас хх-43/, бариа засал 60.000 төгрөг /2-р хавтас хх-44/, бензин 20.000 төгрөг /2-р хавтас хх-45/, бензин 60.000 төгрөг /2-р хавтас хх-45/, бензин 10.000 төгрөг /2-р хавтас хх-46/, бензин 45.000 төгрөг /2-р хавтас хх-46/, эм 35.200 төгрөг /2-р хавтас хх-47/, нойтон сальфетка 500 төгрөг /2-р хавтас хх-47/, бензин 10.000 төгрөг /2-р хавтас хх-48/, бензин 90.000 төгрөг /2-р хавтас хх-48/, толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий, хамар/ дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 130.000 төгрөг /2-р хавтас хх-49/, бензин 40.000 төгрөг /2-р хавтас хх-50/, бензин 15.000 төгрөг /2-р хавтас хх-50/, бензин 50.000 төгрөг /2-р хавтас хх-51/,
Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас: 1 дүгээр хавтас хэргийн 102, 103, 104 хуудаст авагдсан цээж /уушги, хавирга, өвчүү, сээр, нуруу, 2 талын мөр, эгэм/-ны дүрс оношлогооны 180.000 төгрөгийн баримт, 1 дүгээр хавтас хэргийн 107, 108, 109-р хуудасд авагдсан толгой /тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар, хөндий, хамар/-ны дүрс оношлогооны 130.000 төгрөгийн баримтууд давхардсан тул 102 болон 109 дүгээр хуудасд авагдсан баримтуудыг үнэлж, 103, 104, 107, 108 дугаар хуудасд авагдсан баримтыг үнэлээгүй болно.
Хавтас хэрэгт авагдсан баримтыг төрлөөр нь ангилж үзвэл эм тариа оношлогооны төлбөрт 1.848.398 төгрөгийн, бензин шатахууны зардалд 773.583 төгрөгийн, автозогсоолын төлбөрт 24.000 төгрөгийн, эмнэлгийн эргэлт, архи чихэр, АТМ-ын баримт, ахуйн хэрэглээний төлбөрт 326.387 төгрөг, нийт 2.972.368 төгрөгийн баримт байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа хавтас хэрэгт нийт 3.156.906 төгрөгийн хохирлын баримт байгаа гэж тайлбарлаж байгаа ба 184.538 төгрөгийн баримтын зөрүү байгаа болно.
Эм тариа оношлогооны 1.848.398 төгрөгийн баримтаас цээж /уушги, хавирга, өвчүү, сээр, нуруу, 2 талын мөр, эгэм/-ны дүрс оношлогооны 180.000 төгрөг /1-р хавтас хх-102/, бариа заслын 60.000 төгрөг /2-р хавтас хх-44/ нийт 240.000 төгрөгийг хохирогч Э.Эрдэнэбаярын эрүүл мэндэд учирсан “эрүүний ясны хоёрлосон далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтлийн эмчилгээнд хамааралгүй, хохирогчийн өвчний түүхэнд ийм оношлогоо, бариа засал хийлгэхээр тусгагдаагүй байх тул дээрх зардлыг хасч тооцож, үлдэх 1.608.398 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар, шатахууны зардал 773.583 төгрөг, автозогсоолын төлбөрт 24.000 төгрөг, нийт 797.583 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар, эмнэлгийн эргэлт, хагалгаанд орсон эмч нарын гарыг цайлгахаар өгсөн гэх архи чихэрний үнэ, АТМ-ын баримт, өмд, гарны алчуур, нойтон сальфетка зэрэг ахуйн хэрэглээний зүйл авсан зардал болох 326.387 төгрөг, эм тариа, оношлогооны зардлаас хэрэгсэхгүй болгосон 240.000 төгрөг, баримтын зөрүү 184.538 төгрөг, нийт 750.925 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэсэн ба үүнээс шүүгдэгчээс хохирогчид өгсөн гэх 850.150 төгрөг /1-р хавтас хх-77-91/-ийн баримтаас 841.400 төгрөг /850.150 төгрөгөөс- автозогсоолын 8.000 төгрөг- маскны 750 төгрөг =841.400 төгрөг/-ийг хасч тооцохоор тус тус шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн байдлыг дүгнэхэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 797.583 төгрөг /бензин шатахууны зардалд 773.583 төгрөг, автозогсоолын зардалд 24.000 төгрөг =797.583 төгрөг/, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.608.398 төгрөг, нийт 2.405.981 төгрөгөөс шүүгдэгчээс хохирогчид өгсөн 841.400 төгрөгийг хасч, үлдэх 1.564.581 төгрөгийг шүүгдэгч Х.Энхтөрөөс гаргуулж, хохирогч Э.Эрдэнэбаярт тус тус олгохоор, хохирлын нэхэмжлэлийн 3.156.906 төгрөгийн шаардлагаас 750.925 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Эрдэнэбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд Х.Э жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан завсарлуулах хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэм хорын хохиролд нийт 1.564.580 төгрөгийг хохирогч Э.Эрдэнэбаярт төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Х.Э нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ Э.Эрдэнэбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гараараа эрүүн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд “эрүүний ясны хоёрлосон далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайханы Боржигэн овогт Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 797.583 төгрөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохиролд 1.608.398 төгрөг, нийт 2.405.981 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид өгсөн 841.400 төгрөгийг хасч, үлдэх 1.564.581 төгрөгийг шүүгдэгч Х.Э гаргуулж, хохирогч Э.Эрдэнэбаярт олгохоор, хохирлын нэхэмжлэлээс 750.925 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.Э нь хохирогч Э.Эрдэнэбаярт гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 1.564.580 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН