Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 01022

 

 

  

 

 

 

  

 

2017 оны 04 сарын 10 өдөр          Дугаар 181/ШШ2017/01022            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө, 50 дугаар байрны 147 тоотод оршин суух, Шилт овогт Палчингомбын Золбаяр /РД:УП89022830/-ын нэхэмжлэлтэй,    

    

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 8 байр, Алтай бюлдингийн 603 тоотод байрлах, “Сансит Капитал ББСБ” ХХК /РД:5590825/-д холбогдох,  

 

2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны 23 тоот гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг “Сансит Капитал ББСБ” ХХК-д даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

П.Золбаяраас зээлийн гэрээний үүрэгт 38,814,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Сансит Капитал ББСБ” ХХК-ийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Түмэннасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

П.Золбаяр нь “Сансит Капитал ББСБ” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн зээлийн гэрээгээр тус байгууллагаас 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээнд Ц.Палчингомбо хамтран зээлдэгчээр орсон бөгөөд тэрээр 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Нэхэмжлэгч зээлээс 9,175,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд одоо 9,600,000 төгрөгийг төлөх ёстой.

Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд болон барьцааны гэрээг Санхүүгийн зохицуулах хорооны шалтгалтад зориулж сүүлд нөхөж үйлдсэн бөгөөд дүр үзүүлэн хийсэн эдгээр гэрээнд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо нас барсан учраас тэдгээр гэрээнд гарын үсэг зураагүй болно.

“Сансит Капитал ББСБ” ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрийг бүрэн барагдуултал түр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцаа манай байгууллагын нэр дээр шилжүүлчих, ингэхдээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүл, зээлээ төлбөл буцаагаад ав гэсний дагуу П.Золбаяр хууртагдаж 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурж, шилжүүлсэн болно. Гэтэл “Сансит Капитал ББСБ” ХХК уг бэлэглэлийн гэрээг ашиглан, байшинг өөрийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлж, улмаар уг орон сууцнаас П.Золбаярыг гарахыг шаардах болсон.

Нэхэмжлэгч нь “Сансит Капитал ББСБ” ХХК-аас зээлсэн мөнгийг гэрээний дагуу төлөх бөгөөд харин орон байраа тус “Сансит Капитал ББСБ” ХХК-д анхнаасаа бэлэглэх хүсэл зориггүй байсан тул уг гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд "Сансит Капитал ББСБ" ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ж.Маралмаа гэх хүн гарын үсэг зурсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй, сунгалтын болон барьцааны гэрээнүүдэд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо гарын үсэг зураагүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг шаардлага, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

            Нэхэмжлэгч П.Золбаяр нь 2012 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ЗГ23 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлсэн бөгөөд одоогийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаад буй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт, 2 хэсэг 328 тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт зээлийн барьцаанд тавьсан. Эдгээр гэрээнд манай байгууллагыг төлөөлж зөвшөөрлийн үндсэн дээр Ж.Маралмаа гарын үсэг зурсан байдаг.

Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд уг гэрээнд хамтран зээлдэгч Ц.Палчингомбо гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт 2 хувь байгаа барьцааны гэрээний 1 дээр Ц.Палчингомбын гарын үсэг өөрөөр зурагдсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас талууд барьцааны хөрөнгөөс төлбөр барагдуулах асуудлаар хэлэлцэн тохиролцож, барьцаа хөрөнгийг цааш дамжуулан үгүй хийхээс болгоомжилж бэлэглэлийн гэрээгээр манай байгууллагын нэр дээр барьцаа хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл П.Золбаяр нь уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,  барьцааны хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах тухай нэхэмжлэл гаргасан байгаа нь зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийх арга зам хайж байна гэж ойлгож байна. Энэ бүгд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний үр дагавар юм.

            Нэгэнт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан хөрөнгийг харилцан тохиролцож шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шаардаж байгаа тохиолдолд хариуцагч нь олгосон зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээ буцаан шаардах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэж байна.         

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу сар бүр эргэн төлөлтийг хийх үүрэгтэй байсан ч зээл авсан өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн графикийг зөрчиж, нийтдээ 9,715,000 төгрөг л төлсөн байдаг. Энэ нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцогдсон байгаа. Манай байгууллага нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтээр түүнд хугацаа олгож, зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээ байгуулсаар ирсэн. Гэтэл эдгээр сургалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Ер нь сунгалт хийгдээгүй нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Одоо тэрээр үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн 57 сарын хүүнд 19,845,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,969,000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс нийт 38,814,000 төгрөгийг шаардаж байна.

            Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний заалтыг баримтлан П.Золбаяраас зээлийн гэрээний үүрэгт 38,814,000 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

            Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Золбаяр нь хариуцагч “Сансит Капитал ББСБ” ХХК-д холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хувийн сууц бэлэглэлийн гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны 23 тоот гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 06, 2013 оны 8 дугаар сарын 06, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсэг, 328 тоот хаягт байрлах хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт шилжүүлэхийг “Сансит Капитал ББСБ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч П.Золбаяраас зээлийн гэрээний үүрэгт 38,814,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад гаргасан хариуцагчийн тайлбарт үндэслэн шүүх нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардсан хариуцагчийн сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан эрхийн хүрээнд хүлээн авч, үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “Сансит Капитал ББСБ” ХХК нь шуурхай зээлийн зориулалтаар 15,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч П.Золбаяр нь 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 775,000 төгрөгийн хүү, 2013 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 775,000 төгрөгийн хүү, 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 700,000 төгрөгийн хүү, 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 775,000 төгрөгийн хүү, 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 15,000,000 төгрөгийг, хүү 750,000 төгрөгийн хамт тус тус буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 47, 137 тал/

 

Зээлийн энэ гэрээний хугацааг зохигчид 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 сараар, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 3 сараар тус тус сунгасан тухай ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг мөн хийсэн байна. /хх-ийн 50-56 тал/

 

Дээрх гэрээнээс гадна зохигчид 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээг байгуулж, П.Золбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсгийн 328 тоот 88 м.кв талбайтай хувийн сууцыг, Ц.Палчингомбын эзэмшлийн нэгж талбарын 3056/13719-18644327086923 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ. /хх-ийн 48-49, 138-139 тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгчээр Ц.Палчингомбо оролцсон байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 сараар, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 3 сараар сунгасан гэрээнд түүний гарын үсэг зурагдаагүй байна. /хх-ийн 53-56 тал/ 

 

Эдгээрээс гадна зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр П.Золбаяраас өөрийн өмчлөлийн 30,000,000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт, 2-328 тоотод байршилтай хувийн сууцыг “Сансит Капитал ББСБ” ХХК-д хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр тохирсон хувийн сууц бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үндсэн дээр 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Сансит Капитал ББСБ” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000398108 тоот гэрчилгээг гаргуулсан байна. /хх-ийн 4, 95 тал/

 

Талууд зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний сунгалтууд, бэлэглэлийн гэрээг байгуулсан эсэх, “Сансит Капитал ББСБ” ХХК-аас зээлийн гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг П.Золбаярт шилжүүлсэн байдал болоод П.Золбаяраас 2013 оны 1 дүгээр сарын 29-нд 775,000 төгрөг, 2 дугаар сарын 06-нд 775,000 төгрөг, 3 дугаар сарын 06-нд 200,000 төгрөг, 4 дүгээр сарын 01-нд 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 06-нд 775,000 төгрөг, 5 дугаар сарын 08-нд 750,000 төгрөг, 8 дугаар сарын 31-нд 2,300,000 төгрөг, 12 дугаар сарын 14-нд 500,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сарын 17-нд 500,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-нд 600,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 16-нд 1,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 27-нд 500,000 төгрөг, нийт 9,175,000 төгрөгийг төлсөн байдалд маргаагүй.

 

Маргаагүй энэ үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 276 дугаар зүйлийн 276.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны, бэлэглэлийн, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч П.Золбаяр нь зээлийн гэрээнд “Сансит Капитал ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Ж.Маралмаа гарын үсэг зурсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бэлэглэлийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа бэлэглэх хүсэл зориг байгаагүй үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээ нь энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл болохын хувьд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зээлдэгчээс гэрээнд заасан зээлийг зээлдүүлэгчид шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдоно.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний Нийслэлийн Архивын газарт хадгалагдаж байсан хувьд зээлдэгч П.Золбаяр, хамтран зээлдэгч Ц.Палчингомбо нар гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1033 тоот дүгнэлтээр тогтоогдсон, зээлдэгч “Сансит Капитал ББСБ” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан ня-бо Ж.Маралмаад зээлдэгчийг төлөөлөх зөвшөөрөл олгосон талаараа хариуцагч тал тайлбарласан тул уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна. /хх-ийн 129-137 тал/

 

Зээлдүүлэгч “Сансит Капитал ББСБ” ХХК нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч П.Золбаярт шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар тус тус сунгасан ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд дээрх хамтран зээлдэгч хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь Ц.Палчингомбын гэх гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1033 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул эдгээр сургалтын гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 50-52, 129-131/

 

Харин зээлийн гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 сараар, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 3 сараар тус тус сунгасан тухай ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн 23 тоот гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох П.Золбаярын шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр уг гэрээ хүчин төгөлдөр болдог.

 

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний Нийслэлийн архивын газарт хадгалагдаж байсан хувьд зээлдэгч П.Золбаяр, хамтран зээлдэгч Ц.Палчингомбо нар гарын үсэг зурсан нь нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1033 тоот дүгнэлт, барьцааны гэрээний үнэн зөвийг баталсан нотариатч Б.Үүрцайхын бүртгэлийн дэвтрийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 756 дугаарт бичигдсэн тэмдэглэл, түүнд зурагдсан гарын үсэг зэргээр тогтоогдсон, харин уг гэрээний хэрэгт авагдсан хуулбар хувьд улсын бүртгэгчийн 6/1-19 тэмдэг, Сүхбаатар дүүргийн газрын албаны тэмдэг тус тус дарагдсан байх тул шүүх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан шаардлага хангагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв. /хх-ийн 48-49, 129-136, 138-141 тал/

 

Дээрх үндэслэлээр 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны 23 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох П.Золбаярын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Бэлэглэлийн гэрээний тухайд барьцаа эд хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт, 2-328 тоотод байршилтай хувийн сууцыг үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх зорилгоор хийгдсэн гэрээ болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д нийцсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, хуульд заасан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэг хүлээн авагчид шилжүүлсэн байхыг шаарддаг тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгох зорилгоор эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж байгаа энэ хэлцлийг хариу төлбөргүй гэж үзэх үндэслэлгүй, харин өөр хэлцэл буюу барьцааны гэрээг халхавчлах зорилго агуулж байгаа шинжээр нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан зохицуулалтад үндэслэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох П.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд харилцан буцаах үүрэгтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт, 2-328 тоотод байршилтай 88 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт буцаан шилжүүлэх “Сансит Капитал ББСБ” ХХК-д даалгав.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн тул зээлдүүлэгч болон барьцаалагч “Сансит Капитал ББСБ” ХХК нь зээлдэгч болон барьцаалуулагч П.Золбаяраас тэдгээр гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Тэдгээр гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон Ц.Палчингомбо нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь тогтоогдсоны зэрэгцээ “Сансит Капитал ББСБ” ХХК нь дан ганц П.Золбаяраас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т нийцсэн тул уг гэрээний үүрэг шаардсан сөрөг нэхэмжлэлд хариуцагч болох 1 этгээдийг оролцуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 96 тал/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээлийг тохирсон хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хууль болон гэрээгээр тус тус хүлээдэг.

 

            Зохигчид гэрээгээр сарын 5 хувийн хүү тооцох, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т нийцсэн болно.

 

            П.Золбаяр нь шилжүүлэн авсан 15,000,000 төгрөгийн зээлийг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор 5 сарын хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд түүнээс 2013 онд төлсөн 6,575,000 төгрөг, 2014 онд төлсөн 1,100,000 төгрөг, 2015 онд төлсөн 1,500,000 төгрөг нь 2013 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцогдсон байх тул одоо үндсэн зээл 15,000,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 16-ныг хүртэлх хугацааны хүү 19,845,000 /нийт 33 сараар тооцвол (15,000,000х5%)х33=24,750,000 төгрөг гарч байгаа, үүнийг сөрөг шаардлагын хэмжээгээр тооцох нь зүйтэй/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,969,000 /19,845,000х20%/ төгрөгийн хамт, нийт 38,814,000 төгрөгийг “Сансит Капитал ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

            Зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар тус тус сунгасан ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүд нь хуульд нийцээгүйн улмаас төгөлдөр бус байх боловч энэ нь хэтэрсэн хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах “Сансит Капитал ББСБ” ХХК-ийн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч П.Золбаяр нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч П.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагаас бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар тус тус сунгасан ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт, 2-328 тоотод байршилтай 88 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт буцаан шилжүүлэхийг “Сансит Капитал ББСБ” ХХК-д даалгах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

П.Золбаяраас зээлийн гэрээний үүрэгт 38,814,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай “Сансит Капитал ББСБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.5, 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг баримтлан “Сансит Капитал ББСБ” ХХК, П.Золбаяр нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 3 сараар, 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2 сараар тус тус сунгасан ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Шарга морьт, 2-328 тоотод байршилтай 88 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг П.Золбаярт буцаан шилжүүлэхийг “Сансит Капитал ББСБ” ХХК-д даалгаж, П.Золбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, 2014 оны 3 дугаар сарын 24, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдийн ЗГ23 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан П.Золбаяраас 38,814,000 төгрөг гаргуулж “Сансит Капитал ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар П.Золбаяр нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох П.Золбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022077 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт /14081/, 2 дугаар хэсгийн 328 тоот 88 м.кв талбайтай хувийн сууцыг, Ц.Палчингомбын эзэмшлийн нэгж талбарын 3056/13719-18644327086923 дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьтод байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 686,150 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 352,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 352,020 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авч, гардсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА