Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/432

 

2021        03         30                                   2021/ШЦТ/432

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2006 03149 0521 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг Дашинчилэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Булган аймгийн Дашинчилэн сумын ....... багт оршин суух хаягтай Б.Б /РД: /,

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймаг Зэрэг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “БИ ЭЙ ЭЛ ЭН БИ” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо тайвааны сан 2 дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, Э.Э /РД: /

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.Б нь Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны гадаа манай найз охиныг элдвээр хэллээ гэх шалтгааны улмаас иргэн Б.Түвшинжаргалтай маргалдаж нүүр толгой хэсэгт нь гараараа цохих үйлдлээр баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Э.Э нь Б.Б-тай бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны гадаа найзыг зодлоо гэх шалтгааны улмаас толгой хэсэгт чулуугаар цохих үйлдлээр тархины доргилт дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Түвшинжаргалын "... Би 2020 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнүүн” хотхоны гадаа буюу гэрийнхээ гадна талд таньдаг ах болох Ө.Сүхбатын тээврийн хэрэгсэлд өөрийн эхнэр Т.Хонгорзул, Н.Ану-Үжин эгчийн хамтаар Ө.Сүхбат ах бид хоёр тус бүр 3 лааз пиво ууж байсан. Тэгтэл манай байрны урд талд намайг зодсон гэх залуу хэсэг хүмүүстэй цагаан өнгийн Приус-20 маркийн 02-98 дугаартай сери дугаарыг нь санахгүй байна ямар ч байсан орон нутгийн дугаартай байсан. Тэгээд тэр залуучууд манай байрны гадаа байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээд тээврийн хэрэгслээсээ гарч ирээд шуугилдаад байхаар нь манай байрны нэг эгч цагдаа дуудлаа шүү гэж тэд нарт хандаж хэлснийг нь Ө.Сүхбат ах тээврийн хэрэгслээс бууж бие засахдаа сонсоод нөгөө залуучуудад анхааруулж цагдаа ирэх гэж байгаа юм байна шүү гэж цагаан өнгийн Приус-20 маркийн 02-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид хэлсэн юм байна лээ. Тэр үед нь би Ө.Сүхбат ахын тээврийн хэрэгсэл дотроос хартал Ө.Сүхбат ахыг нөгөө залуучууд 4-үүлээ тойроод зогссон байсан. Тэгэхээр нь би яасан юу болсон бэ гээд очтол Ө.Сүхбат ах зүгээр зүгээр гэж надад хандаж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад тээврийн хэрэгсэл рүүгээ явах гэж байхад цагаан өнгийн приус -20 маркийн 02-98 улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бууж ирээд учиргүй намайг шууд үсэрч ирээд хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би барьцалдаж аваад газарт унаад өнхөрч байхад бас нэг залуу миний толгой руу чулуугаар цохиод зугтаасан. Тэгэхээр нь би надтай анх муудалцсан залууг бариад намайг чулуугаар цохисон найзыгаа олж өг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 хуудас/,

Хохирогч Б.Түвшинжаргалын дахин өгсөн “...би толгойгоо бариад дээшээ хараад хэвтэж байхад нэг залуу ирээд ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний толгой маш их өвдөж байсан болохоор эсэргүүцэж чадаагүй. Тэгсэн цаанаас Ө.Сүхбат ах ирээд Б.Б-г бариад авсан. Би босож ирээд Б.Б-с миний толгой руу чулуугаар цохисон найзыгаа олж өг гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг / хх-ийн 24-26 хуудас/,

Гэрч Т.Хонгорзулын “...Тэгсэн манай хоёр хэсэг залуучуудтай маргалдаж байгаа харагдахаар нь бид хоёр автомашинаас буугаад очоод салгаж байхад манай хамтран амьдрагч Б.Түвшинжаргалын толгой руу чулуугаар нэг залуу цохиод зугтаасан. Тэгэхээр нь араас нь ахын эхнэр бид хоёр хөөгөөд барьж авч чадаагүй алдсан. Буцаад иртэл нөгөө зугтаасан залуугийн нэг найзыг барьж аваад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 хуудас/,

Гэрч Ө.Сүхбатын “...Тэгээд би газар унасан байсан чинь манай хуурай дүү Б.Түвшинжаргал дундуур нь орсон чинь нэгтэй нь өнхрөлдөөд унасан. Тэгтэл нэг залуу гүйж очоод Б.Түвшинжаргалын толгой руу нь чулуугаар цохиод зугтаасан. Тэгсэн чинь манай хуурай дүү Б.Түвшинжаргал толгойгоо бариад хэвтсэн. Тэр зодоон болсон газар манай машины хажууд байсан болохоор манай эхнэр машинаа асаагаад араас нь хөөсөн юм. Харин би болохоор машиныхаа араас нөгөө залууг хөөсөн. Тэгээд би буцаж зодоон болсон газраа очоод маргаж байсан залуучуудыг барьж аваад зугтсан найзыгаа дуудаж өг гэж хэлэхэд танихгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 хуудас/,

Гэрч Б.Мөнхзулын "... Тэгсэн цаад талд нь байсан нэг эрэгтэй гэнэт дундуур орж ирээд яаж яриад байгаа юм өдөөд байна уу гэж хэлсэн. Харин манай эмэгтэй найз болох Л.Нармандах та уусан юмаа шингээгээч гэж хэлсэн чинь нөгөө хоёр залуугийн нэг нь манай найзыг элдвээр дуудаад байсан. Харин Л.Нармандахыг найз залуу Б.Б уурлаад нүүр рүү нь гарынхаа алгаар толгой руу нь түлхсэн. Тэгсэн чинь нөгөө хоёртой явж байсан эмэгтэйчүүд бууж ирээд Б.Б руу дайраад байсан. Тэгсэн чинь Э.Э найзыгаа өмөөрч Б.Б руу бөөнөөрөө дайраад байхаар нь салгаж байхдаа газраас чулуу аваад цохих гэж байхад нөгөө залуучуудын цуг явсан хоёр эмэгтэй дундуур нь ороод салгах шиг болсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-44 хуудас/,

Гэрч Л.Нармандахын "... Тэгээд зогсохгүй намайг элдвээр доромжлоод байхаар нь манай Б.Б нөгөө ахын дагз руу нэг удаа алгадсан. Тэгсэн манай найз залуу руу нөгөө ах бас нэг залуу хоёулаа нийлээд дайраад байхаар нь Б.Б-н 2 найз өмөөрөөд орсон. Нэг мэдсэн Э.Э зугтаж байгаа харагдсан, араас нь нэг эмэгтэй машинаа бариад хөөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 39-41 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8557 дугаартай шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан "... Б.Түвшинжаргалын биед тархи доргилт, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх дүгнэлт / хх-ийн 48-50 хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “... дээрх гэмтэл нь буюу тархины доргилт, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Тархины доргилт дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь толгой хэсэгт чулуугаар цохиход үүсэх боломжтой. Харин баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх нь толгой хэсэг РҮҮ чулуугаар цохих болон цээж рүү өшиглөхөд үүсгэгдэх боломжгүй. Энэ гэмтэл нь уруул ам хэсэг рүү гар, хөлөөр цохих үед дээрх уруул, шүдний гэмтлүүд учирна ...” гэх мэдүүлэг / хх-ийн 54-56 хуудас/,

Яллагдагч Б.Б-н "... Тэр эрэгтэй манай найз охиныг түлхэхээр нь би өөдөөс нь цохиод өшиглөсөн байх ямар ч байсан найз охиныгоо өмөөрч нүүр рүү нь нэг цохисон ... Тэгсэн цаанаас нэг залуу нь гүйж ирээд эдний найз нь намайг заамдаад тавихгүй байсан. Тэгсэн цаанаас нэг залуу нь гүйж ирээд эдний найз нь намайг чулуугаар цохиод явчихлаа гээд байсан. Тэгээд над руу дайраад найзыгаа олж өг гээд манай найз Э.Э-н араас машинаараа хөөж байсан ба намайг араас нь машин дээр аваад очсон ...” гэх мэдүүлэг / хх-ийн 75-76 хуудас/,

Яллагдагч Э.Э-н ”... тухайн үед би найз Б.Борхарцагыг салгах гэхэд найз Б.Мөнхзул гараас бариад явуулахгүй байсан. Тэгсэн Б.Борхарцагыг нэг залуу чирээд аваад ирэхээр нь би салгах гэтэл салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад айлгах гэж байгаад цохчихсон. Гэтэл араас хоёр эмэгтэй үснээс зулгаагаад байхаар нь болиулчхаад цаашаа зугтаасан чинь араас автомашинтай хөөгөөд байхаар нь бетонон хашааг даваад хадмынхаа гэр рүү явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 82-84 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б, Э.Э нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь Э.Э-тэй бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнүүн” хотхоны гадаа манай найз охиныг элдвээр хэллээ гэх шалтгааны улмаас иргэн Б.Түвшинжаргалтай маргалдаж нүүр толгой хэсэгт нь гараараа цохих үйлдлээр баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд Э.Э нь Б.Б-тай бүлэглэн “Тэнүүн” хотхоны гадаа найзыг зодлоо гэх шалтгааны улмаас Б.Түвшинжаргалтай маргалдан толгой хэсэгт чулуугаар цохих үйлдлээр тархины доргилт дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.“гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Э-н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хавтас хэргээс хохирогч Б.Түвшинжаргалын "... бууж ирээд учиргүй намайг шууд үсэрч ирээд хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би барьцалдаж аваад газарт унаад өнхөрч байхад бас нэг залуу миний толгой руу чулуугаар цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/, хохирогч Б.Түвшинжаргалын дахин өгсөн “...би толгойгоо бариад дээшээ хараад хэвтэж байхад нэг залуу ирээд ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг / хх-ийн 24-26/, гэрч Т.Хонгорзулын “... манай хамтран амьдрагч Б.Түвшинжаргалын толгой руу чулуугаар нэг залуу цохиод зугтаасан. Тэгэхээр нь араас нь ахын эхнэр бид хоёр хөөгөөд барьж авч чадаагүй алдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-29/, гэрч Ө.Сүхбатын “...Тэгтэл нэг залуу гүйж очоод Б.Түвшинжаргалын толгой руу нь чулуугаар цохиод зугтаасан. Тэгсэн чинь манай хуурай дүү Б.Түвшинжаргал толгойгоо бариад хэвтсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-32 /, гэрч Б.Мөнхзулын "... Б.Б руу бөөнөөрөө дайраад байхаар нь салгаж байхдаа газраас чулуу аваад цохих гэж байхад нөгөө залуучуудын цуг явсан хоёр эмэгтэй дундуур нь ороод салгах шиг болсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 42-44/, гэрч Л.Нармандахын "... Тэгээд зогсохгүй намайг элдвээр доромжлоод байхаар нь манай Б.Б нөгөө ахын дагз руу нэг удаа алгадсан. ... Нэг мэдсэн Э.Э зугтаж байгаа харагдсан, араас нь нэг эмэгтэй машинаа бариад хөөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 39-41/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8557 дугаартай шинжээч эмч Н.Энхцолмонгийн гаргасан "... Б.Түвшинжаргалын биед тархи доргилт, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн “... дээрх гэмтэл буюу тархины доргилт, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин баруун доод 1, 2 зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх нь толгой хэсэг рүү чулуугаар цохих болон цээж рүү өшиглөхөд үүсгэгдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/, яллагдагч Б.Б-н "... Тэр эрэгтэй манай найз охиныг түлхэхээр нь би өөдөөс нь цохиод өшиглөсөн байх ямар ч байсан найз охиныгоо өмөөрч нүүр рүү нь нэг цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 75-76/, яллагдагч Э.Эгийн ”... тухайн үед би найз Б.Б-г салгах гэхэд найз Б.Мөнхзул гараас бариад явуулахгүй байсан. Тэгсэн Б.Б-г нэг залуу чирээд аваад ирэхээр нь би салгах гэтэл салж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би газраас чулуу аваад айлгах гэж байгаад цохчихсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 82-84/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Б.Түвшинжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Б, Э.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул шүүгдэгч Б.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б, Э.Э нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг тус тус хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Б, Э.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Б.Б, Э.Э нарт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 90 хүртэл хоногийн хугацаанд төлөх боломжтой гэсэн санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Б.Б, Э.Э нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.Э нарт тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Э.Э нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Э.Э нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ХАТАНЦЭЦЭГ