| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Т.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдсон Магнууд овгийн Т.Ш холбогдох 2129000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг Цэций уулын 21-14 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Батмөнхийн цээжин тус газар нь хайчаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хоёр, түүнээс олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх шинжтэйгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар баг Цэций уулын 21-14 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Золжаргалын биед зулай, баруун шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл учруулж, хохирогч М.Юмжирдуламыг гараараа цохиж биед нь зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, сарвуу, баруун шуунд цус хуралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ш нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч М.Батмөнхийн өгсөн: “...Ш гэрлүүгээ ороод би өөрийн гэртээ орж эвдэрсэн хаалгаа янзалж байтал 10 цагийн үед цахилгаан төмөр тасдагч гэрт нь дугараад байхаар нь би Ш ахын гэрт ороход гэртээ ганцаараа гэрийнхээ баруун талд байж байгаад намайг гэрлүү нь босго даваад алхаж очингуут миний цээжний зүүн талруу хайчаар дүрсэн. Тэр үед миний цээжнээс цус их гарч байсан. Эмнэлэг орж оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,
Гэрч С.Санчирхүүгийн өгсөн: “...Ш ахын гэрт ороход гриндер барьчихсан хайчны ирийг салгачихсан ирлээд сууж байсан... Ш ах ханцуйнаасаа хайчны нэг талын гуяыг нь гаргаж ирээд Батмөнхийг дүрчих шиг болсон. Тэгээд Батмөнх бид 2 нийлээд Ш барьж аваад бүсээр нь хүлчихсэн. Батмөнхийн зүүн хөхний доод талд зүсэгдсэн шарх үүссэн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №86 дугаартай дүгнэлтээр:
1. М.Батмөнхийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 113-114-р хуудас/,
Яллагдагч Т.Ш мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,
Хохирогч С.Золжаргалын өгсөн:“...М.Юмжирдулам бид 2 боль гээд зууралдаад авсан чинь миний нүүр толгойруу цохиод үсдэж унагаагаад байсан. Хугарсан ширээний хөл аваад миний гар толгой руу хэд хэд цохьсон. Эхлээд ширээний хөлөөр Юмжирдуламыг гар дээр нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би болиоч гээд урдуур нь ороход хэд хэд цохиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Хохирогч М.Юмжирдуламын өгсөн:“...Тэгсэн чинь Золоо эгчийг үсдэж дараад цохиод байхаар нь би салгах гэхэд ширээний хөлөөр миний зүүн гарыг цохьсон. Эхлээд ширээний хөлөөр Юмжирдуламыг гар дээр нь нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би болиоч гээд урдуур нь ороход хэд хэд цохиулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Гэрч М.Батмөнхийн өгсөн:“...манай эхнэр /С.Золжаргал/ толгойндоо цохиулсан мөн нүд нь хөхөрсөн байсан. Бас эхнэрийн дүү Юмжирдулам бас Ш ахад зодуулсан гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №95 дугаартай дүгнэлтээр:
1. М.Юмжирдуламын биед зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, сарвуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №96 дугаартай дүгнэлтээр:
1. С.Золжаргалын биед зулай, баруун шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,
Яллагдагч Т.Ш мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,
Шүүгдэгч Т.Ш хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132-р хуудас/,
Шүүгдэгч Т.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 126-131-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлж заасан.
Хохирогч М.Батмөнхийн биед цээжинд шарх гэмтэл, хохирогч С.Золжаргалын биед зулай, баруун шуунд зулгаралт, баруун нүдний доод зовхи, баруун шуу, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл, хохирогч М.Юмжирдуламын биед зүүн шуунд зулгаралт, зүүн шуу, сарвуу, баруун шуунд цус хуралт зэрэг гэмтлүүд үүссэн энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №86, 95, 96 дугаартай дүгнэлтүүдээр /хх-ийн 48-52, 113-114-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Ш хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Батмөнх, С.Золжаргал, М.Юмжирдулам эрүүл мэндэд хөнгөн учирсан болох нотлогдож тогтоогдсон.
Хохирогч М.Батмөнх, С.Золжаргал, М.Юмжирдулам нар нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 64-65, 136-р хуудас/ байх тул шүүгдэгч Т.Ш бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Т.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 900 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Магнууд овгийн Т.Ш хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох , 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн хэмжээг нэмж нэгтгэн 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
5. Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА