| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хумага овгийн Б.Ж холбогдох 2129000320033 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгчм Б.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Тавантолгой” ХК-ны уурхайн 4 дүгээр амны орчимд байх авто машины зогсоолд байрлах 28-54 УНЦ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн кабинд архидан согтуурч байх үедээ Э.Гончигдамбатай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “найзынхаа эхнэрийг маллах, шаах гэх зэрэг зүйл ярьлаа” гэх асуудлаас маргалдаж улмаар Э.Гончигдамбыг зодож, тамхины галаар түлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ойлгож байгаа” гэв.
Хохирогч Э.Гончигдамбын өгсөн: “...Би Энхдалайгаар тоглоом хийгээд “чи эхнэрээ маллаж чадахгүй бол надад өгчих, би маллаж байгаад дарчихуу” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгсэн чинь Ж уурлаад “чи миний найзын эхнэрийг дардаг хэн бэ” гээд уурлаад байсан. Тэгсэн чинь Ж уурлаад байсан. Энхдалай Батбаяр нар “чи яасан хөгийн юм ярьдагийн” гээд уурлаад байсан. Би тухайн үед би “буруу зүйл ярьчихлаа уучлаарай тоглож байсан шүү дээ” гэхэд “чи ч гэсэн найз нь биздээ найзынхаа эхнэрийг шаадаг хөгийн эр вэ” гээд машины хойд орон дээр сууж байгаад өндийгөөд намайг машины баруун урд хэсэгт сууж байхад толгой нүүрлүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Би толгой нүүрээ гараараа дараад хаагаад байсан. Ж намайг зодох үйлдэл бараг 2 цаг үргэлжилж байсан. Хэсэг байж байгаад дахиад зодоод байсан тэгээд сүүлд нь дахиж цохиж аваад татаж байсан тамхиныхаа галаар нүүр түлээд байхаар нь би гараараа хаасан чинь гаран дээр дахиад хэд хэд түлчихээр нь толгойгоо дарж тонгойж байгаад энэ хүнд алуулах юм байна гэж бодоод өмнө байсан түмпэнтэй махан дотор байсан хутгыг аваад харахгүйгээр Ж чиглүүлээд хатгахад Ж “чи намайг хутгалчихлаа шүү дээ” гэхээр нь харахад Ж гэдэснээс цус гарч байсан тэгсэн чинь Жангар машинаас буугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Б.Ж хохирогчоор дахин өгсөн: “...Тэгээд би Гончигдамбатай хамт пиво хувааж уугаад хойд орон дээр нь сууж байхдаа тамхи татаж байгаад тамхиныхаа үнсийг хаясан чинь Гончигдамба чи намайг тамхины үнсээр түлэх нь ээ гэхээр нь би чамайг түлсэн ч яадаг юм гээд нүүрэн дээр нь тамхины галаар 2 удаа дарчихсан чинь больчих л доо гээд байсан. Тэр үед Батбаяр ах муухан сэргээд одоо больцгоо гэж байсан. Тэгээд бид 3 үлдсэн тал савтай пивоо уугаад сууж байгаад би машиных нь кабины урд хэсэгт сууж байхад Гончигдамба түмпэнтэй мах идэж байснаа мах идэж байсан жижиг хутгаараа гэнэт миний гэдэсрүү дүрчихсэн. Тэгэхээр нь би өө чи яаж байна аа надаах чинь орчихлоо шдээ гэхэд дахиад хутгалах гээд далайхаар нь би гарыг нь барьж байгаад машинаас нь буусан. Гончигдамба машиндаа үлдсэн араас гарч ирээгүй. Тэр үед миний гэдэснээс их цус гарч байсан. Алхах гэхээр сөхөрч унаад байсан. Тэгээд би хутга шөвөг гэхээр бөөн юм болох байх гэж бодоод ахруугаа залгаад гриндерээр юм хийж байгаад хагараад гэдэсрүү орчихлоо хүрээд ир гэж хэлсэн. Ах ирээд намайг аваад сумын төвд байдаг гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ байж байгаад маргааш нь бие эвгүй болоод байхаар нь маргааш орой нь сумын эмнэлэг орж үзүүлсэн чинь аймаг яаралтай яв гэхээр нь аймгийн эмнэлэгт очиж хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Г.Батбаярын өгсөн:“...Нэг мэдэхэд өглөө болчихсон өөрийнхөө машинд унтаж байхад Гончигдамба миний машинд ороод ирсэн. Тэр үед Ж надруу залгаад Гончигдамба ойрхон байна уу гэхээр нь энд байна гэхэд наадах чинь урд шөнө намайг хутгалчихсан би сум дээр гэртээ байна ирээд надтай уулзаадах гэж хэл гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу болов оо гэж Гончигдамбаас асуухад харин тийм ээ ахаа би сайн мэдэхгүй байна гэж хэлээд Жангартай уулзана гээд явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-р хуудас/,
Гэрч Ц.Энхдалайгийн дахин өгсөн: “...Намайг байхад Жангар чи муу хүний эхнэр шаадаг хэн юм бэ гээд Гончигдамбыг 2 цохьсон тэгэхээр нь би салгачихаад больцгоо тарая гээд машинруугаа явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,
Гэрч Ц.Энхдалайгийн өгсөн:“...Тэгээд бид нар юм ярингаа архи пивоо ууж дууссан байхад Гончигдамба бид 2 юм яриад сууж байхад Ж Гончигдамбаруу чи муу яагаад хүний эхнэр малладаг юм гээд асгараад байсан. Миний дотор муухайраад ойр ойрхон гарч ороод байсан болохоор яг юу гэж ярьж байсныг ойлгоогүй. Тэгээд би машинд нь орохдоо битгий маргалдаад бай боль боль гэхэд хажуугаас Батбаяр хүүхэд шиг битгий муудалцаад бай гэж байсан. Тэр үед ж Гончигдамбын нүүррүү нь 2-3 цохиж байгаа харагдсан. Тэгээд би боль гэчихээд дотор муухайраад байхаар нь машинаас нь буугаад өөрийнхөө машинд ороод унтсан. Намайг Гончигдамбын машинаас буухад тэр 3 үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь машиндаа унтаж 09 цагийн үед Батбаяр миний машинд орж ирээд бос чи шөнө Ж Гончигдамбыг зодоод байхаар нь Гончигдамба хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 Гончигдамбыг дуудаад яасан бэ юу болчихов оо гэхэд Гончигдамба харин тийм ээ Жангар намайг зодоод байхаар нь хутгалчихсан. Зодоод зогсохгүй болохоор айсандаа хутгалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи явж Ж уулз гэж хэлсэн. Жангарыг шөнө ах нь ирээд аваад явчихсан гэж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаартай:“...Э.Гончигдамбын биед баруун зүүн нүдэнд цус хуралт, нүдэнд зөөлөн эдийн няцрал, баруун гаранд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломтой. Э.Гончигдамбын биед учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ж хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, жолооний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-146-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Хохирогч Э.Гончигдамбын биед баруун зүүн нүдэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун гаранд шарх үүссэн энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 85 дугаар дүгнэлтээр /хх-ийн 60-61-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Шүүгдэгч Б.Ж хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Гончигдамбын эрүүл мэндэд хөнгөн учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.Ж үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гончигдамбын биед хөнгөн гэмтэл учирсан байгаа нь шууд хохиролд тооцогдоно.
Хохирогч Э.Гончигдамба нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 152-р хуудас/ байх тул шүүгдэгч Б.Ж бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцлийг хангасан байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Ж ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ж ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хумага овгийн Буяндэлгэрийн Жангарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жангарыг 600 /зургаан зуун/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн өнгийн иштэй хугархай ахуйн хэрэгцээний хутга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА