Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40  

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Ц.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигжид залан овгийн Цогтсайханы Батжаргалд холбогдох эрүүгийн 2129000000037 дугаартай  хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан байранд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэгийн хууль ёсны тавьсан цагдаагийн байгууллагын индэр дээр унтаж болохгүй буугаад сандал дээр суу гэсэн шаардлагыг эсэргүүцэн биед нь халдаж үсийг нь зулгааж унаган зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б нь мэдүүлэхдээ: “Би ажлаа тараад ажлынхаа хүнтэй 1 шил архи уугаад хоёр дахь архиа уух гэсэн чинь одоо уухгүй гээд би ганцаараа ууж байгаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Тэгээд өглөө 8 цагийн үед сэргээд 10 цагийн үед Амарсанаа гэх цагдаа ирээд чи цагдаагийн албан хаагчид халдаж хүний үс зулгааснаа мэдэж байна уу? гэж асуухад би санахгүй байна гэж хэлсэн. 10 өнгөрч байхад драгер үлээлгээд 1,87%  гарсан. Өглөө 10 цаг болж байхад ийм их согтолттой байгаа юм чинь чи санахгүй байх нь аргагүй. Ямар ч байсан эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж хэлсэн” гэв.

Хохирогч Н.Энхцэцэгийн өгсөн: “...Тэгээд би ээлж 09 цагт хүлээлцэх учраас цагдаагийн хэлтсийн хаалгыг онгойлгож салхи оруулах гээд жижүүрийн өрөөнөөс гарсан чинь Ц.Б нь гутлаа тайлаад тавьчихсан курткиа доороо дэвсчихсэн цагдаагийн хэлтсийн индэр дээр гараад хэвтчихсэн байсан тэгээд би очиж сэрээгээд та одоо бос хувцасаа өмс та манай хэлтсийн индэр дээр хэвтэж байна босоо наана чинь унтаж болохгүй гэсэн чинь нойрмоглоод сэрээд суусан тэгэхээр нь би индэрийн хажууд сандал байсан болохоор та энэ сандал дээр суугэхэд босоод сандалруу алхсан тэгэхээр нь би суучих байх гэж бодоод жижүүрийн өрөөрүүгээ эргээд алхтал гэнэт үснээс баруун гараараа атгаж бариад шууд доошоо дараад унагаасан тэгснээ гартаа 2-3 удаа эргүүлж ороогоод үсний уганд хүрсэн тэгснээ шал мөргүүлэх гээд доошоо нэг удаа дараад тэгэхээр нь би духан доороо гараа хийгээд тэгсэн миний толгойн дээр дараад тэгээд би орилсон чинь жижүүрийн өрөөнөөс мэдээлэл хүлээн авагч цагдаагаар гарч байсан олон нийтийн цагдаа Г.Бодь гарч ирээд салгах гээд болиоч гэхэд баруун гарыг нь барьж аваад мушгиж байсан би тэр хооронд гарын тавиулах гээд оролдоод дийлэхгүй байсан тэгээд би энэ тавихгүйн байна гэж бодоод хөгшөөн гараа тавьчих аа одоо архи чинь гарч байгаа биздээ наад гараа тавьчихаа гэж хэд хэдэн удаа хэлсэн тэгсэн арай гараа сулруулаад тавьсан тэгэхээр нь би гарын толгойноосоо холдуулаад Г.Бодийг зугтаарай гээд жижүүрийн өрөөрүү ороод Ө.Батжаргал ахлахруу залгаад юу болсон талаар хэлээд тэгээд цагдаагийн дэслэгч Г.Жавхланруу яриад тэгээд удалгүй Ө.Батжаргал ахлах орж ирсэн араас нь Жавхлан орж ирсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Г.Жавхлангийн өгсөн: “...жижүүрийн утаснаас нөгөө согтуу хүн чинь шаардлага биелүүлэхгүй байна намайг үсдэж дараад гэж Н.Энхцэцэг ярьсан тэгээд буцаад цагдаагийн хэлтэс дээр ирэхэд хүлээлгийн танхимд Ц.Б ганцаараа гутлаа тайлчихсан хувцасаа цагдаагийн хэлтсийн индэр дээр тайлаад дэвсчихсэн байсан тэгээд жижүүрийн өрөөнөөс Н.Энхцэцэг үсээ задгай тавьчихсан гартаа унасан үсээ барьчихсан гарч ирсэн тэгээд би юу болсон талаар асуухад энэ залуу индэр дээр гутлаа тайлаад гараад унтаж байхаар нь та босоод сандал дээр суу гэж хэлээд буцаад эргэтэл миний араас үснээс атгаад гартаа ороогоод дарсан тэгээд Г.Бодь ирээд салгах гээд гарыг нь мушгисан гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч Г.Бодийн өгсөн: “...тэгээд цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэг жижүүрийн өрөөнөөс гараад явсан тэгсэн удалгүй цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэг орилсон тэгээд жижүүрийн өрөөний цонхоор харсан чинь Ц.Б нь Н.Энхцэцэгийг үсдээд дарчихсан харагдсан тэгээд би гүйж очоод салгах гээд болиоч гэхэд миний баруун гарыг барьж аваад хүчтэй атгаад эргүүлсэн тэгээд би ойртож чадахгүй байсан тэгсэн Н.Энхцэцэг Ц.Б гараа тавьчих гээд хэд хэдэн удаа гуйсан тэгж байгаад Н.Энхцэцэг Ц.Б гарыг тавиулаад намайг зугтаарай гээд жижүүрийн өрөөрүү ороод эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхлан орж ирээд Ц.Б гавлаад сандал дээр суулгасан. гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай: “Н.Энхцэцэгийн биед зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.Энхцэцэгийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Н.Энхцэцэгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Б хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,

            Шүүгдэгч Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62-65-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан байранд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэгийн хууль ёсны тавьсан “цагдаагийн байгууллагын индэр дээр унтаж болохгүй буугаад сандал дээр суу” гэсэн шаардлагыг эсэргүүцэн биед нь халдаж үсийг нь зулгааж унаган зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Ц.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр хууль сахиулагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэх, хууль сахиулагчийн биед халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч цагдаагийн дэслэгч Н.Энхцэцэгийн мэдүүлэг, гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг, гэрч Г.Бодийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Б мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ц.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангаж байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Н.Энхцэцэг нь хохирол төлбөрийн талаар баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 38.1, 38.2, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жигжид залан овгийн Ц.Б хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Гомдол гаргасан,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА