Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

Улсын яллагч Д.Ганчимэг, 

        Шүүгдэгч Г.П,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогт*******д холбогдох эрүүгийн 1708004730259 дугаартай хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1139 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай захирамжийн дагуу ирүүлснийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Шаргалжуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 18-06 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар ВМ 95112611.

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/;

 Шүүгдэгч Г.П нь үргэлжилсэн үйлдлээр О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 03-35 тоотод оршин суух иргэн С.Баянгийн байнга амьдрах зориулалтай орон байранд цонхоор нэвтэрч 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр түүний өмчлөлийн 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн ба бусдад 500.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Г.П нь О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-ЗЗа тоотод оршин суух иргэн Э.Амарсанаагийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт тооноор нь нэвтэрч 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө түүний өмчлөлийн 39 инчийн Шарф маркийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 460.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Г.П нь О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 1-28 тоотод оршин суух, иргэн Т.Жаргалсайханы байнга амьдрах зориулалтай орон байр буюу монгол гэрт нэвтэрч 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр түүний өмчлөлийн 42 инчийн Шарф маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

 Г.П нь О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын амын 1-01 тоотод оршин суух иргэн Х.Нямсүрэнгийн байнга амьдрах зориулалтай хувийн байшинд цонхоор нь нэвтэрч 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө түүний өмчлөлийн ВСВ маркийн 32 инчийн зурагт, пүүзийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн ба бусдад 540.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Г.П нь О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Б11-315Б тоотод оршин суух иргэн Б.Батхишигийн байнга амьдрах зориулалтай хувийн байшинд цонхоор нь нэвтэрч 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр түүний өмчлөлийн 40-инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэн ба бусдад 600.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан дээрх гэмт хэргүүдийг 5 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлүүдээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэн бусдад нийт 2.550.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Пгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтэд дурдсан 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Баян, Амарсанаа, Жаргалсайхан нарын хохирлыг төлж барагдуулсан..” Нямсүрэн, Батхишиг гэх 2 айлын хохирол төлөгдөөгүй байгаа. Төлөх гэж гэрт нь очсон боловч нүүсэн байсан гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Г.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Би 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Дэнжийн 1000-д гэртээ байж байсан чинь манай найз Мөнх-Эрдэнэ миний утас руу залгаад уулзах хэрэг байна чи Баянбүрд дээр хүрээд ирээч гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад зүгээрээ хүрээд ир гээд байхаар нь за гэж хэлээд 87-69 УНС улсын дугаартай Тоёота Раум автомашинтайгаа гараад Баянбүрдийн хойд талын автобусны буудал дээр очтол Мөнх-Эрдэнэ автобусны буудлын ард талын гудамжнаас гараад ирсэн.. Анх намайг дуудахад нь би мэдээгүй. Дараа нь пиво авчихаад Мөнх-Эрдэнэ мөнгөний хэрэг гараад байна би нэг айл руу ороодохьё гэхээр нь хулгай хийх гэж байгаа талаар мэдсэн. Мөнх-Эрдэнэ надад бензин хий гээд 20.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй, би өгсөн мөнгөний 10.000 төгрөгөөр бензин хийгээд 10.000 төгрөгөөр идэж уух зүйл авсан..” гэсэн мэдүүлэг, /3хх-110-111/

“..2017 оны 5 дугаар сарын дундуур байр өдөр хоногоо санахгүй байна орой Мөнх-Эрдэнэ надруу утсаар залгаад уулзъя гэхээр нь би сур элдээд завгүй байна гэхэд уулзъя яаралтай хүрээд ирээ 100-н айлын явган хүний гүүрний орчим хүлээж байя гэхээр нь би 87-69УНЦ улсын дугаартай Тоёота раум машинаа унаад очиход Мөнх-Эрдэнэ ганцаараа байсан тэгээд уулзаад Тулгааг утсаар дуудаад тэгээд бид 3 уулзахад Мөнх-Эрдэнэ Налайх руу манай ахын оччихоод ирье гэхээр нь явахад замдаа Баянзүрхийн товчоо гараад урагшаа эргээд төмөр замын Тунел доогуур гараад гэр хороолол дундуур яваад байсан шөнө байсан болохоор яг хаагуур яваад байгааг би мэдээгүй Мөнх-Эрдэнэ зам зааж явсан тэгээд нэг хашаагүй улаан тоосгон байшинтай айлын гадаа очиж зогсоод Мөнх-Эрдэнэ, Тулгаа нар тэр айл руу орсон би машиндаа суугаад үлдсэн тэгээд тэр айлд ороод удаагүй тэр 2 гарч ирэхдээ хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт хайрцагтай нь хамт тэвэрсэн бас нэг хар өнгийн эрэгтэй пүүз аваад гараад ирсэн тэгээд буцаад хот руу орж ирээд машиндаа унтаж байгаад Дамбадаржаагийн эцэст нэг Ломбард руу Мөнх-Эрдэнэ ороод зурагтыг тавьсан надад хэлэхдээ 120.000 төгрөгөөр тавьсан гэж байсан пүүзийг хэн авсаныг мэдэхгүй байна. Тэр хоёрын нэг нь авсан тэгээд надад бензиний мөнгө гэж 20.000 төгрөг өгөөд би салаад явсан..” гэсэн мэдүүлэг /3хх-14, 38-39/

“..Би Мөнх-Эрдэнийн хамт 2017 оны 7 дугаар сарын 10-н өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 19-33 тоот айлаас 39 инчийн Шарф маркийн зурагт хулгайлж Баянхошууны Жанцангийн буудал дээр зурагт засварын газар зарсан нь үнэн. Бид хоёр зурагт зарсан мөнгөө караоке ороод архи, пиво уугаад дууссан...” гэсэн мэдүүлэг /3хх-49-50/

“..Наадам өнгөрөөд байсан үед 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Мөнх-Эрдэнэ над руу яриад андаа ганц хоёр пиво ууя гэхээр нь би машинтай хамаагүй ууж болохгүй тэхдээ би эгчийнх рүүгээ явж байна замаараа уулзъя гээд 12 цагийн үед Баянхошууны хөтөлийн буудал дээр Мөнх-Эрдэнэтэй уулзаад тэгээд Мөнх-Эрдэнэ хөтөлийн атобусны буудал дээр байдаг дэлгүүрээс 1 том, 1 жижиг пиво аваад машинд суусан.. Тэгээд Мөнх-Эрдэнэ надад андаа энэ айл өглөөнөөс хойш хүнгүй байгаа би өдөр чамтай уулзахаас өмнө харсан би ороод зурагтыг нь аваад гараад ирье гэж хэлэхээр нь би яах гээд байгаа юм бэ хүн яваад байна ш дээ гэхэд зүгээрээ чи зүгээр хашаан дотор нь зогсож бай битгий сандараад байгаарай гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ давж ороод хаалгыг онгойлгоод би хашаанд нь ороход Мөнх-Эрдэнэ тэр хашаанд байсан улаан тоосгон байшингийн хойшоо харсан цонхоор ороод зурагтыг нь аваад гараад ирсэн тэгээд би хоёр машин руугаа гүйгээд суугаад зурагтаа хойд суудал дээр тавиад би Мөнх-Эрдэнээс зүгээр юмуу андаа гэхэд зүгээрээ би ямар нэг асуудал болох юм бол би өөрөө арыг нь даана гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг, /1хх-37-38/

“..О.Мөнх-Эрдэнэ уг хашаан дотор байсан Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж ороод хар өнгийн хавтгай зурагт бариад гараад ирсэн тэгээд уг хашаанаас гараад би зам дээрээс тахси барьж ирээд Мөнх-Эрдэнийг суулгаад Жанцангийн зурагт засварын газар ойролцоо очиж зогсоод О.Мөнх-Эрдэнэ зурагт засварын ах руу залгаад нэг зурагт байна та авах уу гэхэд за очоод үзье гээд удалгүй өөрийн саарал өнгийн приус-10 байсан шиг санаж байна машинтай ирээд цуг зурагтыг хараад аваад явсан..” гэсэн мэдүүлэг /1хх-194-196/

Хохирогч С.Баянгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 30 минутын үед манай бага охин Нарантунгалаг гэрээ цоожлоод гадагшаа гараад 17 цаг 30 минутанд гэртээ иртэл байшингийн цонхоор хулгайч орж том өрөөний хананд өлгөөтэй байсан Тошиба маркийн 40 инчийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-30-33/

Хохирогч Э.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..шарф брэндийн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт алдагдсан байна лээ. ..би уг зурагтаа 100 айлын ВСВ төвөөс 2014 онд 780.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ..манай орны бүтээлэг алдагдсан байна..” гэсэн мэдүүлэг /1хх-138-142/

Хохирогч Т.Жаргалсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..манай гэрээс алдагдсан зурагт нь 42 инчийн шарф маркийн зурагт хар өнгийн зурагт суурь нь нарийн нимгэн дөрвөлжин суурьтай 2014 онд БСБ цахилгаан барааны төвөөс 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Манай гэрээс өөр алдагдсан эд зүйл бол байгаагүй ээ..” гэсэн мэдүүлэг /1хх-185-188/

Хохирогч Х.Нямсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..эхнэр Үүрцайх гэрт хулгай орсон байна гэхээр гэртээ ирэхэд ВСВ маркийн 32 инчийн ЛСД зурагт, эрэгтэй Voit нэртэй улаан өнгийн пүүз алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй байсан..” гэсэн мэдүүлэг /2хх-249/

Хохирогч Б.Батхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Одоо хулгайд алдагдсан зурагтаа 830.000 төгрөгөөр нь үнэлнэ. Алдагдсан эд зүйлийг маань олж өгөн хулгай хийсэн хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсмээр байна..” /3хх-70/  гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх-12-16/, “Арвижих Эстимейт” ХХК-ний эд зүйлийн үнийн тухай тодорхойлолт /1хх-/,

Яллагдагч О.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /1хх-216 “..Би 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Г.П манай гэрт нэг шил архитай ирээд уг архиа уугаад гарч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Малчины 1-28 тоот айлаас Г.П бид хоёр Шкаф маркийн зурагт хулгайлсан нь үнэн би өмнө өгсөн мэдүүлэгтээ энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад дахин нэмж ярих зүйл байхгүй. Би энэ хэргийг Г.Птэй хамтран үйлдсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 3914 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн 10 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000120004270 дугаараар бүртгэгдсэн Оюунчимэг овогтой Мөнх-Эрдэнийн зүүн гарын алганы дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-50-55/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл. /1хх-90- 99/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх-129-132/, “Арвижих Эстимейт” ХХК-ний эд зүйлийн үнийн тухай тодорхойлолт. /1хх-134/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл. /1хх-174-178/, “Арвижих Эстимейт” ХХК-ний эд зүйлийн үнийн тухай тодорхойлолт. /1хх-181/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-27-32/, “Арвижих Эстимейт” ХХК-ний эд зүйлийн үнийн тухай тодорхойлолт, /2хх-36/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-241-242/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /3хх-66-68/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 06/441 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд MN000120004270 дугаараар бүртгэгдсэн Оюунчимэг овогтой Мөнх-Эрдэнийн баруун гарын алганы хээний дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт, /3хх-81-86/, шүүгдэгч Г.Пгийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-16/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 08 сарын 28-ны өдөр яллагдагч О.Мөнх-Эрдэнэ, Г.П, Ч.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 1708004730259 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч 2020 оны 09 сарын 30-ны өдөр тус шүүх хэргийг харьяалалын дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, Эрүүгийн 1708004730259 дугаартай хэргээс шүүгчдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Мөнх-Эрдэнэ, Боржигон овогт Чулуунбаатарын Мөнхбаяр нарт холбогдох хэргийг тусгаарлан авч 2020 оны 12 сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд шүүхийн 2020/ШЦТ/441 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгч Шаргалжуут овгийн*******д холбогдох хэргийг харьяалалын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн ирүүлсэнийг хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.П нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 03-35 тоотод оршин суух хохирогч С.Баянгийн байнга амьдрах зориулалтай орон байранд цонхоор нэвтэрч 40 инчийн Тошиба маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдсэж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-ЗЗа тоотод оршин суух иргэн Э.Амарсанаагийн байнга амьдрах зориулалтай монгол гэрт тооноор нь нэвтэрч 39 инчийн Шарф маркийн зурагт, орны бүтээлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчины 1-28 тоотод оршин суух, иргэн Т.Жаргалсайханы байнга амьдрах зориулалтай орон байр буюу монгол гэрт нэвтэрч түүний өмчлөлийн 42 инчийн Шарф маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө О.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын амын 1-01 тоотод оршин суух иргэн Х.Нямсүрэнгийн байнга амьдрах зориулалтай хувийн байшинд цонхоор нь нэвтэрч ВСВ маркийн 32 инчийн зурагт, пүүзийг авч гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдэж 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр О.Мөнх-Эрдэнэтэй Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Б11-315Б тоотод оршин суух иргэн Б.Батхишигийн байнга амьдрах зориулалтай хувийн байшинд цонхоор нь нэвтэрч 40-инчийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор Г.Батсайханы эзэмшлийн Тоёота Раум маркийн 87-69 УБС улсын дугаартай автомашиныг ашиглаж үйлдэж 600.000 төгрөгийн хохирол бусдад нийт 2.550.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Пгийн дээрхи үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Шүүгдэгч Г.П гэмт хэрэг үйлдэхдээ О.Мөнх-Эрдэнэтэй санаатай нэгдэж хохирогч нарын эд зүйлийг авсан бөгөөд бүлэглэж бусдын эд зүйлийг авсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрт хамаарч байна. Мөн түүнчлэн дээрх хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэнийг үргэлжилсэн үйлдэлд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.П болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Пг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэг дуусаж шүүхээс шүүгдэгч Г.Пг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч Х.Нямсүрэн, Б.Батхишиг нарт 570.000 төгрөг төлөх төлбөртэйг тогтоосны дараа шүүгдэгч болон, түүний өмгөөлөгч нараас хохирогч нарт хохирол төлөх санал, хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан болно.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.П нь хохирогч Х.Нямсүрэн, Б.Батхишиг нарт хохирлыг төлөхөөр гэрийн хаягаар очсон боловч хаяган дээрээ байхгүй байснаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хохирлыг мөнгө байршуулах Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд 570.000 төгрөгийг байршуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Пгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, түүний ар гэрийн байдал,  хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Пгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийх биш болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Батсайханы эзэмшлийн 87-69 УБС улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ болох 1.250.000 төгрөгийг шүүгдэгч Г.Пгээс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Пгийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, түүний цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд оруулан тооцохож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Г.П-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пгийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Пгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Батсайханы эзэмшлийн 87-69 УБС улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ болох 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Г.П нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Г.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР