Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/138

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч С.Э, Э.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жарантай овогт Саранчимэгийн Эрдэнэсүх, Гэндэн овогт Энэбишийн Мягмарбат нарт холбогдох эрүүгийн 2011000001081 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, “Улаанбаатар групп” ХХК-д кранист, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16-05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, РД:/ УП95051655/,

 

2. Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 60-02 тоотод оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1008 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан, РД:/ УП93090558/.

Яллагдагч Э.М, С.Э нар нь /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Гантулгын эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг картыг ашиглан мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 3, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр нийт 9.900.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Маас мэдүүлсэн: “..Эрдэнэсүх бид хоёр хохирогч Д.Гантулгын банкны картыг авч 9.900.000 төгрөгийг авсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Э.Маас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Эрдэнэсүх намайг Тулга ахын картыг олсон болохыг нь мэдэж байсан бөгөөд картных нь нууц үгийг мэдэж байгааг ч мэдэж байсан. Тэгээд надаас карт нь байгаа эсэх талаар асуух үед би байгаа гээд бид хоёр хамт алхаж яваад метро молл-ын гадна Эрдэнэсүх тамхи татаж үлдээд би ATM рүү очиж картаас нь 2 сая төгрөг авсан. Энэ тухай Эрдэнэсүхэд хэлэх үед дахиад 1 сая төгрөг авчих гэхээр нь би 1 сая төгрөг авах гэж байгаад 1.100.000 төгрөг авчихсан. Дахин ярилцаж байгаад уг АТМ-ээс 3 сая төгрөг дахиж авсан...Нийт 9.900.000 төгрөгийг авсан...Бид хоёр уг мөнгөөрөө архи ууж, хувцас авах зэргээр өөрсдийн хэрэгцээндээ зарцуулсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-54-55 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Эээс мэдүүлсэн: “..Э.М хохирогчийн картыг авсныг би сүүлд нь мэдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч С.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тулга ахын оффист орж дахин архи ууж байх үед Мягмарбат “Тулга ахын картыг нь авчихлаа, явах уу” гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд дансанд нь 11 сая төгрөг байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр гарч Метро молл Их дэлгүүрийн АТМ-ээс Мягмарбат орж 8.100.000 төгрөг аваад, хүүхдийн 100-ийн орчмоор явж байгаад Сүхбаатар дүүргийн багшийн дээдийн ард талын ATM рүү би орж 1.800.000 төгрөг авсан...найз Отгонцэнгэл рүү залгаж Драгон төвийн орчимд уулзаад бид хоёрын цалин буусан хамт Дархан явах уу гэх үед Отгонцэнгэл зөвшөөрсөн. Ингээд бид гурав Драгон төвийн орчмоос хувцас худалдаж аваад би өөртөө Redmi 10x загварын rap утас аваад Дархан руу явах жижиг машиндуулж явсан..Нийт 9.900.000 төгрөг авч, уг мөнгийг архи ууж, хувцас авч өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-43-45/,

Хохирогч Д.Гантулгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Эрдэнэсүх, Э.М нар өгсөн гэж мэдүүлсэн боловч бэлэн мөнгөөр яг аваагүй байна. Өнөөдрийн байдлаар 4.440.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..хүмүүсийн хамтаар ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 55-101 тоот руу дагуулан явсан боловч ажлын өрөөний түлхүүр байхгүй байсан учир найз Даваабат овогтой Бат-Эрдэнэ рүү залгаж манай гэр рүү очиж ажлын байрны түлхүүр авч ирээд өгөөч гэж захисан. Хүлээж байх зуураа уг хүмүүсийн хамтаар Дөлгөөн нуурын орчимд байрлах халуун тогооны газар руу орж хоол идсэн. Энэ үед тооцоо болох 225.000 төгрөгийг Мобайл банкаараа хийсэн учир нь картаа голоор нь нугалсан юм чинь ажиллахгүй гэж бодож байсан.. Ингээд архи ууж байх үед Мийгаа, Сүхээ нар архи уулгах гэж шахаж байсан боловч манай найз Д.Бат-Эрдэнэ архийг уугаагүй юм. ..2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн орчимд сэрэх үед Д.Бат-Эрдэнэ байсан бөгөөд би нэмж архи уугаад буцаж унтаад 17 цагийн орчимд сэрээд хамт архи ууж байсан Мийгаа, Сүхээ нарын талаар асуух үед өчигдөр үлдсэн архийг аваад хоорондоо муудалцаад гараад явсан тухай хэлсэн.. Ингээд ажлаас гарах үедээ Хаан банкны картаа биедээ байхгүй байгааг мэдээд Теди төв дээр орж өөрийн сим картыг сэргээх үед миний данснаас 6 удаагийн үйлдлээр 9.900.000 төгрөг алдагдсан байсан.. Миний Хаан банкны картны нууц үгийг надаас өөр хүн мэдэхгүй. Мийгаа гэх залуу мэдсэн байх боломжтой. Учир нь би худалдан авалт хийх, тооцоо хийх үедээ байнга Мийгаатай хамт явдаг байсан..” гэх мэдүүлэг /хх-8-9/,

 

Гэрч Г.Номингоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Танилцсанаасаа хойш бүх төлбөр тооцоог бүгдийг Мягмарбат хийж байсан. Нийтдээ хэдэн төгрөг би үрсэн эсэхийг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ 6 сая орчим төгрөг үрсэн байна гэж хэлсэн..өөрийгөө Тамсаг гэдэг газар том машин барьдаг гэж хэлсэн. Ямар учиртай мөнгө болохыг хэлээгүй.. Их мөнгөтэй байгаа талаар нь асуух үед ахын өв хөрөнгө өвлөгдөж ирсэн тухай Эрдэнэсүх хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-10-11/, болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-51-53х/, хохирогч Д.Гантулгын Хаан банкны 5003394664 дугаартай дансны хуулга /хх-54-55х/, шүүдэгч Э.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, шүүгдэгч С.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-91/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбог6долтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М, С.Э нар нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Гантулгын эзэмшлийн Хаан банкны картыг авч, улмаар уг картыг ашиглан Сүхбаатар дүүргийн 3, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-нээс бэлнээр нийт 9.900.000 төгрөгийг авсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрхи үйлдэл нь бусдын өмчийг буюу нууц кодыг нь мэдэж буй банкны картыг эзэмшигчээс нь нууцаар авч, автомат машинаас нууц кодыг нь хийж мөнгө авч буй нь Эрүүгийн хуулийн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг гэж үзээд бөгөөд шүүгдэгч нарын санаа зорилго үйлдлээрээ нэгдэж хохирогчийн мөнгийг авч, захиран зарцуулж буй үйлдэл нь ерөнхий ангид заасан дээрхи гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.М, С.Э нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  Э.М, С.Э нарын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд хохирогчид учирсан нийт 9.900.000 төгрөгөөс шүүгдэгч Э.М, С.Э нар 5.460.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд төлөгдөөгүй үлдсэн 4.440.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Д.Гантулгад олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.М, С.Э нарыг гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийг тус бүрийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.М, С.Э нарын нийт 1 хоног цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 292 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.М, С.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Шүүгдэгч Э.М, С.Э нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Э нарт тус тус 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Э нарын цагдан хоригдсон тус тус 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, шүүгдэгч нарын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг тус тус 292 цагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М, С.Э нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, С.Э нараас 4.440.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 32-02 тоотод оршин суух Боржигин овогт Дашдоржийн Гантулгад /РД:УС85110138/ олгосугай.

 

6. Шүүгдэгч Э.М, С.Э нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.М, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.МӨНХБАЯР