| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/01022/и |
| Дугаар | 182/ШШ2017/00660 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2017/00660
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2017/00660 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЯИ” ХХК -д холбогдох
Гэрээний зүйл болох Навара маркийн авто машин болон 63 548 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ш, хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Ц.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, Д.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, гэрч Ц.С, Ц.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х болон түүний өмгөөлөгч Н.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Г.Х миний бие нь “ЯИ” ХХК-д холбогдуулан 63 548 500 төгрөг болон улсын дугаартай маркийн авто машин гаргуулах тухай иргэний хэрэгт талууд шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулснаа баталж байна.
Нэхэмжлэгч Г.Х миний бие нь хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Б.Ятай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 63 548 500 төгрөгөө 41 548 500 төгрөгөөр багасгаж, Ниссан Навара маркийн авто машин гаргуулах тухай шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул уг шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “ЯИ” ХХК нь үлдэх 22 000 000 төгрөг 2 хувааж буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Ц.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Хтой харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 63 548 500 төгрөгөө 41 548 500 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч Ниссан Навара маркийн авто машин гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, үлдэх 22 000 000 төгрөгийг 2 хувааж буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Г.Х хариуцагч “ЯИ” ХХК-ийн эвлэрэл нь манай компанийн ашиг сонирхлыг хөндөөгүй болно. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч “ЯИ” ХХК-д холбогдуулан гэрээний зүйл болох Навара маркийн авто машин болон 63 548 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г.Х, хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Ц.Я нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 63 548 500 төгрөгөө 41 548 500 төгрөгөөр багасгаж, Ниссан Навара маркийн авто машин гаргуулах тухай шаардлагыг хариуцагч “ЯИ” ХХК биелүүлснээр шаардлагаасаа татгалзан, хариуцагч “ЯИ” ХХК нь 22 000 000 төгрөгөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Ц.Я нар эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд талуудын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч “ЯИ” ХХК-ийн захирал Ц.Я нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 22 000 000 /хорин хоёр сая/ төгрөгийн 11 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, үлдэх 11 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дах заалтуудыг баримтлан Г.Хоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654 990 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “ЯИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 267 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Хт олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2016/04854 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ