Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2017/00668

 

    

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

     

 

 

 

 

 

 

 

     Дугаар 182/ШШ2017/00668

 

           

 

 

 

 

 

 

 

          Улаанбаатар хот

 

 

               

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “УСК” ХХК -д холбогдох

Тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_20160818 тоот “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 тоот “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Г нь “УСК” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот албан тушаалд томилох тухай тушаалаар мэдээллийн технологийн хэлтсийн менежерийн албан тушаалд микро программ хангамжийн ажилтанаар ажилд орсон. Ажил олгогчийн зүгээс 2016 оны 10 дугаар сараас эхлэн захиргааны дарамт үзүүлэх болсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_20160818 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 тоот тушаалуудаар сануулах шийтгэл ногдуулж, дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн USCC_20160103 тоот тушаалаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж, баталгаажуулах, сануулах сахилгын шийтгэл ногдуулсан USCC_20160818 тоот, дахин сануулах сахилгын шийтгэл ногдуулсан USCC_20160103 тоот тушаалуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

... Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогч байгууллагад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагч “УСК” ХХК хариу тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 10 дугаар сард анх удаа хоцронгуут нь сануулга өгсөн зүйл биш. 2015 оны 06 дугаар сараас эхлэн компанийн үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн. Ажлаас хоцордог, даалгасан үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан учраас ажлын чанарыг сайжруулах зорилгоор 2016 оны 10, 11 сараас эхлэн цагийн бүртгэл хийдэг болсон. Үүнээс өмнө сануулгыг амаар өгдөг байсан ба бичгээр өгдөггүй байсан. 2016 оны 12 дугаар сараас эхлэн хурууны хээгээр бүртгэдэг болсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хуудсаар эхний удаа сануулга өгсөн.

... Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан ажил эхлэх цагаас 2 удаа хоцорсон тохиолдолд сануулга өгөхөөр заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу арга хэмжээ авагдсан. Хоёрдахь зөрчил нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сануулах арга хэмжээ авсан. Тус компанийн ажилтан Б.Г, н.З, н.Б нарыг 7 хоногт ээлжилж автобусны карт уншигчийг засварлах үүрэг өгсөн. Энэ үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн. Өөрийн засварлах ээлжин дээр үүргээ гүйцэтгэхгүй байсан тул сануулах арга хэмжээ авсан. Удирдлагаас тодорхой хугацаатай өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан. Ажилтны ажилдаа хандах хандлага өөрчлөгдөөгүй байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан байдаг.

... Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай хуульчилсан байдаг. Энэ дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд нийцсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн тайлбараар зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно гэж байгаа. Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халах арга хэмжээ авагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалд ажлын цагаасаа хоцорсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэдэг байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “УСК” ХХК-д холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн  тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийлгэх тухай, “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_20160818 тоот “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 тоот “сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

            Зохигчид нэхэмжлэгч Б.Гд сахилгын шийтгэл ногдуулсан болон эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн  маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ.

            Б.Г нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан  болон ажлаас  буруу халсан тухай гомдлоо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байна. /х.х-ийн 1-2 тал/     

  1. Ажлаас буруу халсан гомдлын талаар:

            Нэхэмжлэгч Б.Г нь “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 24 тоот тушаалаар тус компанийн мэдээллийн технологийн хэлтсийн микро программ хөгжүүлэгч менежерээр томилогдон ажилласан болох нь зохигчдын тайлбар, 24 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-13, 23-29 тал/

             Ажил олгогч “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_20160818 тоот тушаалаар Б.Гд  хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Компанийн дотоод журмын 9.1, хөдөлмөрийн гэрээний 7.3 дах заалтыг үндэслэсэн байх бөгөөд уг тушаалд Б.Гд 2016 оны 10 дугаар сарын 06, 24-ний өдрүүдэд ажил эхлэх цагаас хоцорч ирсэн тул сануулах сахилгын шийтгэлийг, 

             Тус компанийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160103 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Компанийн дотоод журмын 4.2а, 4.2б, 4.20, 9.1 дэх заалтуудыг үндэслэж, Б.Гд 2016 оны 01 дүгээр сараас эхлэн автобусны карт уншигч төхөөрөмжийн засварын ажлыг тоног төхөөрөмж хариуцсан менежер З.Сүмбэрэл, картын систем хариуцсан менежер Д.Отгонхишиг нартай ээлжлэн ажлын өдрүүдээр ажиллахыг даалгавар болгосон боловч, хуваарийн дагуу ажиллаагүй,

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ... хаалт сууриулах ажлыг даалгавар болгож өгсөн боловч, сууриулалтын талаарх мэдээ тайланг гаргаж өгөөгүй, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ... тестийн тоног төхөөрөмжийн бүтцийг хийх даалгаврыг өгсөн боловч дуусгаагүй, албан  үүргээ хангалгүй биелүүлж өгсөн үүрэг даалгаврыг  удаа дараа биелүүлээгүй гэж сануулах сахилгын шийтгэлийг,

            2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн USCC_20160103 тоот тушаалаар Б.Гд ажлын цагаас хоцорсон, удирдлагын өгсөн даалгаврыг биелүүлээгүй зэрэг сахилгын зөрчлийг давтан гаргаж сануулах арга хэмжээ оногдуулсан боловч ажилдаа хандах хандлага сайжраагүй гэж “ажлаас халах” сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-5, 48-50 тал/

            Шүүх хуралдаанд зохигчдын өгсөн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд Б.Гыг  ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх байдал тогтоогдоогүй байхад түүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

            Тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэ журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, эрхэлсэн ажлаа хангалгүй гүйцэтгэсэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг бүрэн буюу зохих ёсоор биелүүлээгүй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын шийтгэлийг ерөнхий захирлын тушаалаар ногдуулна” гэж, мөн 9.3-т ажилтны ажилд ирсэн, явсан бүх цагийг бүртгэх бөгөөд ажилтан сард 2 удаа ажлаас хоцорвол сануулга өгнө, сануулгыг 2 удаа авбал ажлаас хална. Хоцролт гэдэг нь ажил эхлэх цагаас хоцорсон тохиолдлыг хэлнэ” гэжээ.

            Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “хөдөлмөрийн сахилгын зөрчилд компанийн дотоод журамд заасан зөрчил, Монгол Улсад нийтээр дагаж хэвшсэн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргасан бол сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

7.1.2-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон зохих шаардлагыг биелүүлээгүй,

7.1.3-т “Ажлын байран дээр хэрүүл маргаан болон бусдыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргах” зэргийг сахилгын зөрчилд тооцохоор тохиролцжээ.

            “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн USCC_20160103 тоот тушаалаар Б.Гыг мэдээллийн технологийн хэлтсийн микро программ хөгжүүлэгч менежерийн ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.3, 8 дугаар зүйлийн 8.2.3 дах заалтыг  тус тус үндэслэжээ. /х.х-ийн 3, 6-12, 83-97 тал/

Ажил олгогчийн дээрх тушаалд “... Б.Гыг ажлын цагаас хоцорсон, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй, зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, USCC_20160818 тоот, USCC_20160103 тоот тушаалуудаар сануулах шийтгэл оногдуулсан боловч ажилдаа хандах хандлага сайжраагүй тул 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг тасалбар болгон цуцласан ...” гэжээ.

Б.Гыг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагч “УСК” ХХК нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх агуулгаар  тайлбарлаж байгаа боловч ажлаас халсан тушаалд давтан зөрчлийн талаар заагаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-8.1.3, 8.2-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг, мөн 7 дугаар зүйлийн 7.1-д “хөдөлмөрийн сахилгын зөрчилд компанийн дотоод журамд заасан зөрчлийг” мөн 7.1.2-т “удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон зохих шаардлагыг биелүүлээгүй, ажлын байранд хэрүүл маргаан болон бусдыг үл хүндэтгэн үйлдэл” гаргасан бол сахилгын зөрчилд тооцохоор тус тус тохиролцсон байна. /х.х-ийн 6-12 тал/

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна тухайн зөрчил нь тус бүр тогтоогдсон байхыг ойлгоно.

Хариуцагч “УСК” ХХК нь Б.Гыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгосон байгаа боловч, нэхэмжлэгчийн хэдийд гаргасан ямар зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байх ба улмаар ажилтны ажлаас халсан тушаалд бичигдээгүй, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн USCC_20160103 тоот тушаалаас өөр баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байх тул хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгох үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заажээ.

Иймд нэхэмжлэгч Б.Гыг “УСК” ХХК-ийн мэдээллийн хэлтсийн микро хөгжүүлэгч менежерийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 742 391 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Б.Гын сарын дундаж цалинг 1 243 432 төгрөгөөр тооцов. /х.х-ийн 13, 25 тал/

            Б.Гын ажилгүй байсан бүх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байна.

Иймд ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 742 391 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

2. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл буруу ногдуулсан гомдлын талаар:

            “УСК” ХХК-ийн микро программ хөгжүүлэгч менежерээр ажиллаж байсан Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журмаар зохицуулсан журмыг зөрчиж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд ажлын цагаас хоцорч ирсэн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь зохигчдын тайлбар, зөрчлийн хуудас, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-12, 48-50, 83-93 тал/

            Иймд “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  USCC_2016081 тоот “сануулах арга хэмжээ ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 тоот тушаалаар Б.Гыг 2016 оны 01 дүгээр сард өгсөн үүрэг даалгаврыг  автобусны карт уншигч төхөөрөмжийн засварын ажлыг хийж гүйцэтгээгүй” гэж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн ... хаалт сууриулах ажлын талаарх мэдээ тайланг гаргаж өгөөгүй, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ... тестийн тоног төхөөрөмжийн бүтцийг хийх даалгаврыг өгсөн боловч үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй тул сануулах арга хэмжээ ногдуулсанаа үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийг буруутган тайлбарлаж байгаа боловч, уг тушаалын үндэслэлийн талаарх холбогдох нотлох баримтуудыг гарган өгч мэтгэлцээгүй болно.

Дээрх тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн тухай баримтгүй, сахилгын зөрчил гаргасан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд 2016 оны 01, 06, 07 дугаар сарын зөрчилд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заалтуудыг зөрчсөн байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заагдсан сахилгын аль ч шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа мөн хуулийн 131.2, 131.3-т заасан журмыг баримтлах зайлшгүй шаардлагатай байдаг.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон нийцэх ба тухайн ажилтанд сахилгын шийтгэл гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.

Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан байх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасантай нийцэх ёстой.

Иймд “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 дугаартай тушаалаар тус компанийн мэдээллийн технологийн хэлтсийн микро программ хөгжүүлэгч менежер Б.Гд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгох зүйтэй.

Хариуцагч нотлох баримтаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон орчуулга, хуулбарын хамт гаргаж өгч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Мөн зохигчдын хүсэлтийн дагуу “УСК” ХХК-ийн мэдээллийн технологийн хэлтсийн ажилтнуудын 2016 оны 10, 11 дүгээр сарын цагийн бүртгэл, тэмдэглэлд шүүхийн журмаар үзлэг хийх явцад “цахимаар” бүртгэл хийгдээгүй байсан болно. /х.х-ийн 72-74 тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл болно.

Хариуцагч “УСК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 82 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                 ТОГТООХ нь:     

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.2-т зааснаар Б.Гын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “УСК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160101 тоот тушаалаар Б.Гд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, “УСК” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016081 дугаартай “сануулах арга хэмжээ ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар  нэхэмжлэгч Б.Гыг “УСК” ХХК-ийн  мэдээлэл  технологийн хэлтсийн программ хөгжүүлэгч менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “УСК” ХХК-иас 4 742 388 /дөрвөн сая долоон дөчин хоёр мянга гурван зуун наян найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “УСК” ХХК нь нэхэмжлэгч Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Б.Гын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “УСК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90 828 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     

 

               

                                ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ