| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0123/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/147 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч А.Нямсүрэн,
Хохирогч Б.Отгонсүх, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч О.Л, Б.М /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2011 01875 0004 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жонон мал эмнэлэгт үйлчлэгч ажилтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 46 дугаар гудамж 1010-д тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХА80060700,
Монгол Улсын иргэн, , 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Түнтгэр нөөлөгт ХХК-д цахилгаанчин ажилтай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 47 дугаар гудамж 1046 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ88061133.
Шүүгдэгч О.Л нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ дүү Б.Мтой бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-580 тоотод “манай гэр бүлийг байнга доромжилдог” гэх шалтгаанаар хадам дүү Б.Отгонсүхийг галын хайчаар толгой, нуруу, шилбэ рүү удаа дараа цохих, нүүр лүү нь өшиглөх, зүүн хацрыг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ эгч О.Лтай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-580 тоотод “манай гэр бүлийг байнга доромжилдог” гэх шалтгаанаар хадам ах Б.Отгонсүхийг заамдаж, зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа цохих, нүүр болон бие рүү нь удаа дараа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.Лаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оноож өгнө үү..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Лаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..гэрт нь очоод юм ярьж байгаад Отгонсүхтэй маргалдсан ба тэгсэн чинь гэрээсээ хөөгөөд байхаар нь би очоод алгадаад авсан чинь өөдөөс зөрүүлээд алгадсан юм тэгтэл манай дүү болох Мөнх-Очир хажуу талаас орж ирээд Отгонсүхийн нүүр лүү гараараа цохисон тэгээд тэр 2 барьцалдаад авахаар нь би хажуу талаас нь галын дэгээ төмрөөр бие рүү болон толгой хэсэг рүү нь цохисон. Отгонсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-11-12/,
Шүүгдэгч Б.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..Хүргэн ах Отгонсүх бид 2-ыг гаднаас орж ирэхэд ууртай байхаар нь манай эгч Лхам хүргэн ах, Зулаа эгч 2-ыг хоорондоо битгий муудаж бай, эвтэй найртай бай гэж хэлэхэд Отгонсүх эгчийн өөдөөс маргалдаж байгаад Лхам эгчийг хараалын үгээр доромжлохоор нь би болиоч гэж хэлэхэд намайг дуугүй бай гэсэн. Тэгээд Лхам эгч тэсэхгүй Отгонсүх ахыг очоод алгадахад зөрүүлээд алгадахаар нь би босож очоод болиоч гэхэд урдаас доромжлоод байхаар нь барьж аваад цохисон юм. Отгонсүх ах бид 2-ыг хоорондоо зодолдож байх хооронд Лхам эгч галын дэгээ төмрөөр цохисон. Би хүргэн ах Отгонсүхийн шанаа руу нь баруун гараараа 6-7 удаа цохисон байх сайн санахгүй байна. Гуя хэсэг рүү нь хөлөөрөө бас өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-7-8/,
Хохирогч Б.Отгонсүхээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө намайг унтаж байхад Лхам, Мөнх-Очир нар согтуу хүрч ирсэн. Миний хажууд суугаад надаас хэрүүл өдөөд байсан. Би согтуу хүмүүстэй хэл амаа ололцож чадахгүй гэтэл намайг заамдаад доош нь дарсан. Намайг хажуу ор руу үсдэж чирсэн. Тэгээд намайг толгой түрүүгүй цохиж, нүдсэн. Миний нулимсны сүв задарч нүдэндээ силикон суулгасан. Мөн миний нүүрэнд хумсны олон сорив, шарх байгаа. Би ажлаа хийх гэж үзсэн боловч хүзүү хөшөөд, хоёр гар сайн хөдлөхөө байсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд шүүгдэгч нар надтай нэг ч удаа холбоо бариагүй, уучлалт гуйгаагүй.. гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Отгонсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2020 оны 10 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-580 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэрийн хамт унтаж байсан чинь шөнийн 02 цагийн орчим манай хадам эгч Лхам, хадам дүү Мөнх-Очирийн хамт согтуу ирчихээд хэрүүл хийгээд байсан тэгээд би тоохгүй байсан чинь Мөнх-очир хүрч ирээд намайг заамдаж зүүн талын шанаа руу хэд хэдэн удаа цохисон, тэгсэн чинь араас нь эгч Лхам хүрч ирээд галын хайчаар толгой болон нуруу, шилбэ рүү удаа дараа цохисон бас нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн зүүн талын хацрыг хүнд харагдахааргүй болгоод өгье гээд маажсан ба Мөнх-Очир үргэлжлүүлэн миний нүүр болон бие рүү өшиглөж болон гараараа цохиод байсан.., ..Миний биений нүүрний хэсгүүд болох шүд, нүд, хацар, завьж, хамар, дээд доод уруул, баруун чамархай, хэлний 2 хажуу хэсэг, уруулын дотор салстын завьжинд учруулсан гэмтлүүдийг Мөнх-Очир надад учруулсан, харин түүний эгч Лхам нь галын дэгээ төмрөөр дагзны 2 талын хуйх, 2 чихний дэлбэн, 2 гарын шуу, шилбэ, зулай хуйхны зулгаралт, дал нурууны цус хуралт, зүүн хацар маажсан зэрэг гэмтлүүдийг учруулсан..” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,
Гэрч Б.Отгонтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24-25/ “..өнөөдөр шөнө 02 цагийн үед манай дүүг эхнэрийнх нь эгч дүүтэй нь ирээд зодсон байна. Эхнэр нь 04 цагийн орчимд залгаад би гэрт нь орсон чинь нүүр нүдгүй зодсон байсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12301 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “..2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 12301 дугаартай “..Б.Отгонсүхийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, 2 хацар, дээд, доод уруул, баруун чамархай, дагзны 2 талын хуйх, 2 чихний дэлбэн, 2 гарын шуу, шилбэ, баруун бугалга, зүүн гарын сарвуу, баруун дал, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шилбэ, 2 хацар, 2 гарын шуу, нурууны баруун хэсэг, зулайн хуйханд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хэлний 2 хажуу хэсэг, дээд, доод уруулын дотор салст, завьжинд язарсан шарх, дээд зүүн 2,3-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-31-33/,
Шинжээч С.Чулуунсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-38-39/ “..Б.Отгонсүхийн биед учирсан шүд, нүд, хацар, завьж, хамар, дээд, доод уруул, баруун чамархай, 2 гарын шуу, шилбэ, хэлний 2 хажуу хэсэг, дээд, доод уруулын дотор салст, завьжинд учирсан гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна, Дагзны 2 талын хуйх, 2 чихний дэлбэн, зулай хуйхны зулгаралт, дал, нурууны цус хуралт, зүүн хацарт үүссэн гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн мэдүүлэг болон Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-44/, шүүгдэгч О.Лын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60/, шүүгдэгч Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Л, Б.М нар нь архи ууж согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-580 тоот төрсөн дүүгийн нөхөр хохирогч Б.Отгонсүхийн гэрт очиж “манай гэр бүлийг байнга доромжилдог” гэсэн шалтгаанаар маргалдан шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Отгонсүхийг заамдаж, зүүн шанаа, толгой нүүрний хэсэгт болон бие рүү нь удаа дараа гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, шүүгдэгч О.Л нь галын хайчаар түүний толгой, нуруу, шилбэ рүү удаа дараа цохих, нүүр лүү нь өшиглөх, зүүн хацрыг нь маажих зэргээр хохирогчийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, 2 нүдний дээд доод зовхи, хамар, 2 хацар, дээд, доод уруул, баруун чамархай, дагзны 2 талын хуйх, 2 чихний дэлбэн, 2 гарын шуу, шилбэ, баруун бугалга, зүүн гарын сарвуу, баруун дал, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шилбэ, 2 хацар, 2 гарын шуу, нурууны баруун хэсэг, зулайн хуйханд зулгаралт, баруун нүдний доод зовхи, хэлний 2 хажуу хэсэг, дээд, доод уруулын дотор салст, завьжинд язарсан шарх, дээд зүүн 2,3-р шүдний ганхалт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж хохирогчийг галын хайчаар толгой, нуруу, шилбэ рүү удаа дараа цохих, нүүр лүү нь өшиглөх, зүүн хацрыг нь маажих, зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа цохих, нүүр болон бие рүү нь удаа дараа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бүлэглэж зодсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрт хамаарч байна. Шүүгдэгч нар бүлэглэж хохирогчийг зодсон, зодсоны улмаас хохирогчид дээрхи хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.Л, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Л, Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Л, Б.М нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Отгонсүхээс ажилгүй байсан хугацааны орлого, цаашид гарах эмчилгээний зардалд 9.600.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх холбогдох баримтаа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүссэн тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэм хорын талаарх холбогдох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Л, Б.М нар нь хэрэгт хохиролын баримт гэж хавсаргасан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч үүнийг зөвшөөрч байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгчдэгч О.Л, Б.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Лд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь шүүгдэгч О.Л, Б.М нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч О.Л, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Л, Б.М нарын үйлдсэн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонсүхэд учруулсан гэмтлийг цаашид эмчлэх зэрэг гэм хорын нэхэмжлэлээ цаашид хохирогч Б.Отгонсүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг сануулсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Л, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР