Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.А-ийн  нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын Аудитын менежер Д.Э, ******* Г.Ц нарт   холбогдох тус аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар актын тогтоох хэсгийн 3 дахь заалт, 4 дэх хэсгийн тэмдэгтийн хураамж 0.233 сая төгрөгийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын  25-ны  өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,  хариуцагч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.                                                    

                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Радио телевизийн Үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2018 оны 01 дүгэээр сарын 11-ний өдрийн Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах тухай А/03 дугаар тушаалын дагуу бүх аймгуудаас шалгалтыг зохион байгуулж авсан. Ц.Б, Х.Д нар нь уг тушаалын дагуу авсан шалгалтаар 2 удаа тэнцээгүй унасан. Радио телевизийн Үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын А/03 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “ Албан хаагчдын мэдлэгийг дээшлүүлэх, ур чадварын түвшин тогтоох шалгалт явуулах журам”-ын 5.3.5-д зааснаар дахин тэнцээгүй тохиолдолд ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болно гэсэн  заалт болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн дээд газраас шалгалтанд тэнцээгүй 2 албан хаагчийг ажлаас чөлөөл гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Гэвч Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 399 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар магадлалаар тус тус Ц.Б-ийг, 2015 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Х.Д нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон холбогдох тооцоог Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газраас олгохоор тогтоосны дагуу байгууллагын төсвөөс цалингийн нөхөн олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн.

         Гэтэл 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар нярав Х.Д, инженер Ц.Б нарт Шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 7.0 сая төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 0.478 сая төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тэмдэгтийн хураамж 0.233 сая төгрөг, нийт 7.711 сая төгрөгийг төлүүлэх төлбөрийн акт тогтоосон. Шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор дээд албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газарт Говь-Алтай аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 01/111 дугаар актын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалт буруутай этгээдээс төлсөн 7,5 сая төгрөг, 4 дэх заалтын тэмдэгтийн хураамжийн 0,233 сая төгрөгийн төлбөрийн актыг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн.  Тус газраас 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 315 тоот албан бичгээр хариу ирсэн. Мөн 2019 оны 04 сарын 16-нд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 112/ш32019/0062 дугаар "урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, нэхэмжлэгч хэрэглэх боломжтой байна" нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна гэсэн захирамж гарсан.

        Манай байгууллагын хувьд энэ 2 албан хаагчийн оронд хүн авч ажиллуулаагүй бөгөөд төсөв хохироогүй болно.  Мөн тушаал гаргасан байгууллагын даргын зүгээс 7.711 сая төгрөгийг төлөх чадваргүй болно.

         Ийм учраас Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар зарын 13-ны өдрийн № 01/111 дугаар актын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалт буруутай этгээдийн өмнөөс төлсөн 7.478 сая төгрөг, /нярав Х.Д, инженер Ц.Б нарт шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 7,0 сая төгрөг.ндш 0,478 сая төгрөгийг байгууллагаас төлсөн/, 4 дэх заалтын тэмдэгтийн хураамжийн 0.233 сая -төгрөгийн төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Төрийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар актын  үндэслэх хэсэг нь захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт мөн хуулийн 498 дугаар зүйлийн 1.2.4 дахь хэсэгт  зааснаар хуульд заасан этгээд өөрөө санаандгүй болон илтэд болгоомжгүй үйлдлээр  гэм хор учруулсан бол  гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлоо  тухайн гэм хор учруулсан этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэсэн заалт мөн буруутай этгээдийн өмнөөс төсвөөс төлсөн төгрөгийг гаруулсугай гэсэн актыг гаргасан байдаг. Энэ дээр буруутай этгээд гэхээр ажил олгогч буюу тухайн хоёр хүнийг ажлаас чөлөөлсөн А юм. Тухайн заалт нь энэ хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас уг нэхэмжлэлийг гаргасан. Б-ийг 2018 оны 12 сарын 07-ны өдөр ажилд томилсон. Д-г 2018 оны 09 сарын 05-ны өдөр ажилд томилсон. ХХ-ийн 28-р хуудсан анхан шатны шүүхийн шийдвэр байна. Уг шийдвэрт хариуцагчийг Радио телевизийн сүлжээ улсын төсөв газраар тогтоож нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой ажилгүй байсан хугацааны  цалинг гаргуулах заалт дээр Радио телевизийн сүлжээний газраас гаруулан улсын орлогод оруулсугай гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг дээр дурдсан. Мөн Д-гийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт Радио телевизийн сүлжээний газрыг хариуцагчаар тогтоогоод ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг олгохыг даалгасан шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрийг хариуцагч нь хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан гэж тайлбар  гаргаж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлийн талаар ярьж байгаа болохоос хууль бус үйлдлээр ажилтныг ажлаас чөлөөлж  байгаа асуудал биш юм. Үүний зааг ялгааг ойлгож хэлэхгүй байна. Д-г ажлаас чөлөөлсөн холбогдох баримтууд нь байна. Үүнийг А нь ажлаас чөлөөлж ажилд авсан. 2018 оны 09 сарын 10-ны өдөр холбогдох ажилгүй байсан хугацааны цалинг Д, Б нарт олгосон болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн холбогдох баримтууд нь хавтаст хэргийг материалд нотлох баримтаар бэхжигдсэн. 2017 оны 01 сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай ажилд томилох тухай тушаал  байна. Б.А-г Радио телевизийн сүлжээний газрын даргаар томилсугай гэсэн шийдвэр байна. Б.А нь тухайн албан байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг  болох нь харагдаж байна. Ажлын байрны тодорхойлолтоос нь харах юм бол ТҮ-10, 11-р цалинждаг албан тушаалтан. Радио телевизийн сүлжээ улсын төсөвт газрын дотоод журам байна. Уг журмын 2.1 дэх хэсэгт захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтан томилж чөлөөлөх эрх нь олгогдсон нь хавтаст хэргийн материалд харагдаж байна. Радио телевизийн сүлжээ улсын үйлдвэрийн газрын харьяа аймгуудын үйл ажиллагааны журам байна. Тухайн журмын 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн газрын даргын хяналтын ажил нь тухайн ажилчдыг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд томилж чөлөөлөх, шагнал урамшуулал олгох сахилгын шийтгэл оногдуулах эрх үүргийг зааж өгсөн байдаг. Энэ нотлох баримтыг ямар үндэслэлээр уншиж танилцуулж байгаа юм бэ? гэхээр тухайн албан тушаалтан нь журамд заасан дагуу ажил олгогчийг шалгалтад удаа дараа тэнцээгүй гэж хоёр удаа ажлаас нь чөлөөлж байсан. Ажил үүргийн харьяаллын хувьд тухай харьяа байгуулахынхаа албан тушаалтанг ажлаас чөлөөлөх эрх бүхий субъект болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримаар бэхжигдэж байна гэв. Анхан шатны шүүх нь  хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байна гэж үзээд ажилд эргүүлэн тогтоодог. Тухайн аудитын хууль зүйн үндэслэл  нь юу юм бэ? гэдгийг хариуцагч тал тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан өөрийн шууд санаатай буюу илтэд санаатай үйлдлээр гэм хор уруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь гэм хорын хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлж гаргуулах эрхтэй гэж заасан дагуу актыг тавьсан гэж тайлбар хэлж байна. Өмгөөлөгчийн хувьд тухайн хууль зүйн үндэслэл нь буруу байна гэж үзэж байна. Тухайн аудитын газар нь иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 1,2, 4 дэх хэсэгт заасныг буруу ойлгож тайлбарлаад байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт нэхэмжлэл гаргасан хүний нэхэмжлэгч гэнэ гэж заасан. Тухайн захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй субъектийг нэхэмжлэгч гэнэ. Б.А-ийн хувьд  тухайн заалтууд нь ажил олгогч байсан гэдэг үүднээсээ өөрийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа субеъкт юм. Хариуцагчийн гаргасан актын хууль зүйн үндэслэлийг тайлбарлах юм бол бусдын эрх ашиг амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг нөхөн төлнө гэж заасан. 498 дугаар зүйлийн 1.2,4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Харин эсрэгээрээ 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм хорын асуудлыг хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хохирлыг ажиллуулж байгаа ажил олгогч нь хүлээдэг. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд төр хариуцахаар заасан байдаг. Б.А-ийн хувьд тухайн газрын даргаар ажиллаж байсан. Ажил  олгогчийг төлөөж шийдвэр гаргах эрхтэй. Хавтаст хэргийн материалд авагдсан дотоод журам ажлын хуваарь, ажлын байрны тодорхойлолт зэргээс харах юм бол ажилтнуудыг ажилд авах ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрх нь олгогдсон. Хариуцагч талаас тайлбарлаж байна. Жирэмсэн хүнийг санаатай ажлаас халсан, Бадарчийг ажлаас халсан үндэслэлийг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн гэх тайлбарыг хийсэн урчаас энэ хүн санаатай үйлдлээр болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр ажлаас халсан гэж энэ хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэм буруугийн тодорхойлолтыг буруу ойлгож тайлбарлаад байна. Үүн дээр юу гэж үздэг юм бэ? гэхээр өнөөдөр  ажлаас чөлөөлөгдсөн хүн, ажил олгогчийн хувьд ялгаагүй хөдөлмөрийн гэрээгээ ажил үүргийн дагуу  ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн хувьд алдаатай байсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэдэг дээр дүгнэлт хийж ажилд эргүүлэн тогтоож байгаа болохоос хууль бусаар санаатайгаар болгоомжгүй гэм буруутай   үйлдлээр тэдгээр хүмүүст гэм хор учруулсан гэсэн хууль бус үйлдлийг тогтоож байгаа шийдвэр биш. Үүний аудитын газар мэдэж байх ёстой. Ийм асуудлууд нь иргэний хэргээр удаа дараа орж байсан. Иргэн Б.А-ийн тухайд бол өөрийн хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн хуваарийн дагуу ажилтныг ажлаас нь чөлөөлсөн асуудал яригдаж байна. Түүнээс биш ажилтанг санаатай ажлаас нь халсан асуудал биш юм. Тэгэхээр хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт эд хөрөнгөд учруулсан хохирлын талаар заасан байдаг. Энэ эд хөрөнгийг бүрэн хариуцах гэрээ хэлэлцээр байгуулсан зүйл байхгүй. Тиймээс аудитын газрын гаргасан  акт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд тус аймгийн Төрийн Аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар актын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

         Хариуцагч Г.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манай байгууллага нь Төсвийн тухай хууль болон Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэсэн. Аудит хийх явцад Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 133/шш2018/00399, 133/шш/2018/00400 дугаартай шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Б, Х.Д нарт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 7,5 сая төгрөгийг олгосон бодит хохирол байгууллагад учирсан байсан. Уг 2 албан тушаалтан нь тус хугацаанд ажиллаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" гэж заасантай зөрчилдсөн. Мөн тус шүүхийн шийдвэрүүдээр Ц.Б, Х.Д нарыг ажлаас чөлөөлөхдөө байгууллагын удирдлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана", 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй", Захиргааны ерөнхий хуулийн 103 дугааар зүйлийн 103.1-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасан бөгөөд Төрийн аудитын байгууллага болон дотоод аудитын нэгж төлүүлэх үүргийг тусгасан тул  байгууллагаас төлбөрийн актыг тогтоосон. Иймд удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн   төлүүлэх   нь   зүйтэй   байх  тул   нэхэмжлэлийн   шаардлагыг  хүлээн   авах боломжгүй байна.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Радио Телевизийн сүлжээний 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэсэн. Төрийн Аудитын тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн заасны дагуу санхүү тайлангийн Аудит нь Аудит хийсэн байгууллагын санхүүгийн тайлан, санхүүгийн байдал үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээний, нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон түүний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулах гэж заасан байгаа

Төрийн Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д заасны дагуу санхүүгийн тайланд Аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий ******* батлаад Монгол Улсын хэмжээнд дагаж мөрддөг. Монгол улсны Ерөнхий *******ын 2018 оны А/124 дүгээр тушаал гарсан үүний дагуу Радио Телевизийн сүлжээний газрын 2018 оны санхүүгийн тайланд Аудит хийсэн. Аудитаар хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд энэ дээр нэхэмжлэлийн шаардлагаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тэмдэгтийн хураамж 233000 мянган төгрөгийг төсвөөс төлсөн зөрчил байсан. Энэ дээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд төлбөрийн актыг төлүүлэхээр тогтоосон. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дахь заалтаар тавьсан. Татварын хэлтэст Б-ийн тэмдэгтийн хураамж төлсөн 120733 /зуун хорин мянга долоон зуун гучин гурван/ төгрөг 2018 оны 09 сарын 07-ний өдөр, Х. Д-д 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 112687 төгрөгийг тус тус тэмдэгтийн хураамж төлсөн байдаг.  Сангийн сайдын 2015 оны 07 дугаар тушаал төсвийн ангилал шинэчлэн батлах тухай, Сангийн сайдын 2014 оны 05 дугаар тушаалын 6 дугаар хавсралтад бусдаар гүйцэтгүүлэхээс ямар зардал, юунд зарцуулах зардал нэг бүрчлэн нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэ дээр тэмдэгтийн хураамжид төлөх ямар ч боломжгүй нөхцөл байдал байгаа. Ийм учраас төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна төсвийн хөрөнгийг үр ашиггүй, арвилан хэмнэлтгүй зарцуулсан гэж акт тавьсан. Нярав Х.Д, Инженер З.Б нарт шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 7000000 /долоон сая/ төгрөг нийгмийн даатгалын шимтгэлийн 478000 төгрөгийг байгууллагын төсвөөр төлж төсөвт хохирол учруулсан үйлдэл нь Төрийн аудитын байгууллага, Санхүү тайлангийн Аудитыг хийхдээ тухайн байгууллага үйл ажиллагааны үр дүнг зөвхөн санхүүгийн хүрээнд үзэхгүйгээр тухайн байгууллагын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгдөг учраас асуудлыг авч үзсэн байгаа энэ нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна арилгана. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэ хуулийн 1, 2, 4-т заасны дагуу өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорийг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулахын улмаар  өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасны дагуу гэм  буруутай албан тушаалтнаар  буцаан төлүүлнэ гэж заасан байна. Үүний дагуу төрийн аудитын байгууллага чиг үүргийнхээ хүрээнд төлбөрийн актыг тогтоосон. Үүн дээр нэхэмжлэгч санаатай үйлдлээр ажлаас халаагүй гэж ярьж байна. Хуульд бол санаатай болон болгоомжгүй гэдэг үйлдлээр гэм хор учруулсан бол гэж заасан. Төрийн аудитын газрын тухай хууль болон бусад хууль олон улсын стандартыг  баримтлан гаргасан

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын дарга Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Радио телевизийн сүлжээний газрын Цахилгааны /ХАБЭА-г хавсарсан/ инженер Ц.Б-ийг мөн өдрийн Б/10 дугаар тушаалаар Радио телевизийн сүлжээний газрын нярав Х.Д нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иргэн Ц.Б, Х.Д нар нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Сум   дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 399 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар магадлалаар тус тус Ц.Б-ийг, 2015 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 400 дугаар шийдвэрээр Х.Д нарыг  ажилд нь эгүүлэн тогтоож, Ц.Б-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2.223.927 төгрөг, тэмдэгтийн хураамж 120.733 төгрөг, Х.Д-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.721.089 төгрөг, тэмдэгтийн хураамж 112.687 төгрөгийг тус тус  Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн  газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас гаргуулахаар шийдвэрлэжээ. Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газар нь 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  Х.Д-гийн 5315111357 тоот дансанд 1.721.089 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.Б-ийн 5315216101 тоот дансанд 5.314.753 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэмдэгтийн хураамж 120.733 төгрөг, тэмдэгтийн хураамж 112.687 төгрөгийг Хаан банкны 5315640052 тоот дансанд тус тус төвлөрүүлсэн байгаа нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн төлбөрийн хүсэлтийн маягтуудаар нотлогдож байна.

Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын Аудитын менежер Д.Э, ******* Г.Ц нар нь Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Аудит хийх бүрэн эрхийхээ хүрээнд Радио телевизийн үндэсний сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газрын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын 3 дахь заалтаар буруутай этгээдийн өмнөөс төсвөөс төлсөн 7.5 сая төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор байгууллагын 2323005246 тоот дансанд төвлөрүүлэх, 4 дэх заалтаар тэмдэгтийн хураамж 0.233 сая мянган төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор аймгийн төсвийн орлогын 100050000982 тоот дансанд төвлөрүүлэхийг Радио телевизийн сүлжээний газрын дарга Б.А, нягтлан бодогч Х.Б нарт хариуцуулсан байна.

        Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин болон тэмдэгтийн хураамжийг Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газраас олгосон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн

шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж зааснаар тухайн байгууллага өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр шаардах эрхтэй байхаар зохицуулсан байна.

         Харин захиргааны байгууллага болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт “...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж зааснаар төрийн аудитын байгууллага  хэрэгжүүлэх бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын Аудитын менежер Д.Э, аудитор Г.Ц нар Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар Төлбөр барагдуулах тухай акт тогтоосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.       

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, хуулийн 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3 дахь хэсэгт заасныг баримтлан тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.А-ийн  нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитын менежер Д.Э, аудитор Г.Ц нарт холбогдох  Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/111 дугаар актын тогтоох хэсгийн 3 дахь заалт, 4 дэх хэсгийн тэмдэгтийн хураамж 0.233 сая төгрөгийг хүчингүй болгуулах  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЗОЛБАДРАХ