Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1101

 

Б.Солонгын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ- т холбогдох      

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ахлах нягтлан бодогчийн орон тоотой дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөр, Б.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Улаанбаатар зам, засвар арчлалтын компанид 2013 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж, ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, ямар нэг байдлаар сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. 2013 оны 9 дүгээр сард Улаанбаатар зам засвар, арчлалтын компани татан буугдаж “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ бож, тус байгууллагад тооцооны нягтлангаар 6 сар ажиллаад ахлах нягтлан бодогчоор дэвшсэн. 2016 оны 9 дүгээр сард байгууллагын удирдлагаас манай байгууллага татан буугдах гэж байгаа талаар хэлсэн бөгөөд ажилчдыг ажилгүй болгохгүй 3 хэсэг хуваагдах гэж байгаа гэсэн. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа иртэл байгууллага татан буугдаж байна бичиг баримтаа цэгцэл гэсэн. Үүний дагуу хариуцсан бичиг баримтаа янзалж төв байранд очоод ажлаа хийж байтал 9 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Ганзориг, захиргаа санхүүгийн хэлтсийн дарга н.Ариунболд, хуулийн зөвлөх А.Буяндэлгэр, хүний нөөцийн мэргэжилтэн н.Тогтохбаяр нар ажилчидтай уулзсан. Намайг ороход “манай байгууллагад ахлах нягтлангийн орон тоо байхгүй болсон учраас тантай хамтран ажиллах боломжгүй байна” гэснээс хойш миний бие ажлаа хийж байсан бөгөөд 11 дүгээр сарын 07-ны өдөр хүний нөөцийн ажилтан ажлаас халагдсан тушаал өгснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бичилт хийж өгнө үү. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын бүтэц орон тоонд ахлах нягтлан бодогчийн орон тоо байхгүй тул ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай” 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр татан буулгаж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”, “Хот тохижилтын газар”, “Геодези, усны барилга байгууламж” ОНӨААТҮГ гэсэн 3 байгууллага болгон хувааж зохион байгуулсан. Энэ өдрөөс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал байгууллагын нийт ажилтанд татан буугдаж байгаа, ажилтнуудыг мэргэжил, мэргэшлийн дагуу харьяалагдах байгууллагад шилжүүлнэ гэж сонсгол хийсэн. Б.Солонго “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр шинээр зохион байгуулагдсан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын орон тоогоор ахлах нягтлан бодогчийн ажлын байргүйгээр батлагдаж Нийслэлийн Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгаврын дагуу хүмүүсийг ажилд томилсон. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Солонготой уулзаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу орон тоо нь хасагдсан тухай мэдэгдсэн ба асуух зүйл байна уу гэхэд Б.Солонго алга байна гэснээр тэмдэглэлд тусгагдсан нь шинэ бүтцээр орон тоо хасагдсныг зөвшөөрч байна гэж үзсэн. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Б.Солонготой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч татан буулгах комиссын зохион байгуулснаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хуучин цалингийн хэмжээгээр нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжийн дагуу орон тоо хасагдсан тухай мэдэгдэж, нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-т холбогдуулан гаргасан ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Б.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Солонго “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГазрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/250 тоот ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/638 дугаар захирамжийг тус тус үндэслэн ахлах нягтлан бодогчийн орон тоог хассан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллгаанд тайлбар гаргахдаа нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын гол үндэслэл нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/638 дугаар захирамж гэх бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт "Нийслэлийн Засаг даргын захирамжаар өгсөн үүрэг даалгаврын дагуу хүмүүсийг ажилд томилсон" гэж дурдсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/638 тоот захирамжид хэнийг ямар ажил, албан тушаалд томилох талаар дурдаагүй бөгөөд бүтэц орон тоог ерөнхийд нь баталсан болохоос ямар нэг ажил, албан тушаалыг хасах, цөөрүүлэх талаар дурдаагүй гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагчийн тайлбарласнаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл“ 1000 гаруй ажилтантай байсан гэдгийг ямар баримтаар нотолж байгаа нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй. Хариуцагч үгүйсгэсэн тайлбараа нотлох үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчийн амаар тайлбарласан зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь хэргийг нотлох баримтын хүрээнд тал бүрээс судалж, үнэн бодитоор хянан хэлэлцээгүй гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчид ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан талаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр урьдчилан мэдэгдсэн, Б.Солонгыг оролцсон гэх хурлын тэмдэглэл, мэдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн хурлын тэмдэглэл, мэдэгдэх хуудсан дээр нэхэмжлэгч гарын үсэг зураагүй нь нотлох баримтыг нөхөж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэйг шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид "...хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ" гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид мэдэгдлийг бичгээр мэдэгдсэн гэх боловч хариуцагчаас шүүхэд ирүүлсэн мэдэгдэх хуудсанд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байх тул нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” компаний Улаанбаатар зам засвар, арчлалтын компанид хэдэн ажилтан шилжин ирсэн талаар асуухад 208 ажилтан ирсэн гэж тайлбарладаг. Гэтэл тухайн байгууллагын шинэ бүтэц, орон тоо 232 болж нэмэгдэн батлагдсанаас үзэхэд олон жил ажиллаж байгаа мэргэжлийн нягтлан бодогч нэхэмжлэгч Б.Солонгыг ажлын байраар хангах бүрэн боломжтой байсан нь харагдаж байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Солонго хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ахлах нягтлан бодогчийн орон тоотой дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Солонго 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ТӨААТҮГазрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/250 дугаар тушаалаар  ажлаас чөлөөлөгджээ. /х.х-ийн 3,8/

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг  “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТГазар болгон өөрчлөн байгуулж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГазрын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/76 дугаар захирлын тушаалаар ахлах нягтлан бодогч Б.Солонгыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. /хх 24, 82, 151/

Хариуцагч Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/1 дүгээр тушаалаар байгууллагын бүтэц орон тоог батлахдаа, Захиргаа, санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч 1, тооцооны нягтлан бодогч 2 байхаар тогтоож, ахлах нягтлан бодогчийн орон тоо хассан байна. Тэрээр нэхэмжлэгчид ажил олгогч нь орон тоо хасагдсан талаар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь тус газрын дарга Ж.Чинзориг, орлогч дарга Ё.Батболд, Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Д.Ариунболд, гэрээ эрх зүйн мэргэжилтэн А.Буяндэлгэр, хүний нөөцийн мэргэжилтэн Т.Тогтохбаяр нар оролцсон хурлын тэмдэглэл, нэхэмжлэгчийн “ажлаа хийж байтал 9 дүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Ганзориг, захиргаа санхүүгийн хэлтсийн дарга н.Ариунболд, хуулийн зөвлөх А.Буяндэлгэр, хүний нөөцийн мэргэжилтэн н.Тогтохбаяр нар ажилчидтай уулзсан. Намайг ороход “манай байгууллагад ахлах нягтлангийн орон тоо байхгүй болсон учраас тантай хамтран ажиллах боломжгүй байна” гэх тайлбараар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, хурлын тэмдэглэлийг нөхөн үйлдсэн нь баримтаар нотлогдоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах  боломжгүй.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/638 дугаар захирамжид хэнийг ямар ажил, албан тушаалд томилохоор заагаагүй, бүтэц орон тоог ерөнхийд нь баталснаас ямар нэг ажил, албан тушаалыг хасах, цөөрүүлэх талаар дурдаагүй гэх гомдол гаргасан бөгөөд уг захирамжаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгах комисс байгуулж, дээрх 3 байгууллагад зохион байгуулалтын бүтэц орон тоог өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийг үүрэг болгосон байх тул ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                                      ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА