Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/00677

 

    

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр

     

 

 

 

 

 

 

 

     Дугаар 182/ШШ2017/00677

 

           

 

 

 

 

 

 

 

          Улаанбаатар хот

 

 

               

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НДҮЗ-д холбогдох  

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишгмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн НДҮЗийн ажлын албаны жолоочоор ажиллах болсон юм. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр   дарга Б.Б нь “Скай Ресорт” цанын баазад гулгаж, дараа нь найзынхаа төрсөн  өдрийг тэмдэглэхээр Зоос гоёлын хажууд байрлах караокед хүргүүлсэн ба намайг  хүлээхийг шаардсан. Тухайн үед эхнэр байгууллагынхаа шинэ жилийн баярт оролцох, 2 хүүхэд харах хүнгүй байсан тул хүлээх боломжгүй байгаа тухайгаа хэлж бидний дунд үл ойлголцол үүссэн юм.

Гэтэл намайг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тушаал гарган ажлаас халсан. Миний бие нь ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, үндэслэлгүй халсан хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна. Ажлаас халсан тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, НДҮЗийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.12 дах заалтуудыг үндэслэсэн байна. Миний бие нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь дарга Б.Болормаа нь ажлын цаг дууссанаас хойш хувийн ажилдаа явуулах гэснийг зөвшөөрөхүй улмаас намайг ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Бидний байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5-т хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг заасан. Миний хувьд хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан зөрчлийг болон хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил огт гаргаагүй. Бидний байгуулсан гэрээнд ажлын бус цагаар, хувийн ажилд явах тухай огт дурдаагүй. Мөн гэрээнд талууд харилцан тохиролцож ажил амралтын цагийг тусгах ёстой байтал энэ талаар огт тусгаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсанд гомдолтой байгаа тул  урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөслийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч НДҮЗийн ажлын албаны дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.А нь  НДҮЗийн ажлын албанд жолоочоор ажиллаж байх хугацаандаа хариуцлагагүй үйлдэл гаргаж, даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж байсныг сануулж улмаар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52 тоот тушаалаар хоёр сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. А.А нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн НДҮЗийн ажлын албанд жолоочоор ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцож  байж  дээр  ур чадварын нэмэгдэл 40 хувь, унаа хоолны нэмэгдэл авч байсан байхаар тохиролцож байсан.

А.Аыг ажлаас чөлөөлсөн хууль эрх зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн. А.А нь нийтийн спортын арга хэмжээний өдөрлөг болсны маргааш ажилдаа ирээгүй. А.А нь даргын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, давтан зөрчил гаргасны улмаас Б/56 тоот тушаал гарсан. Илүү цагийн цалин хөлс олгодоггүй гэсэн байсан ба энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар  ажил олгогчийн санаачлагаар А.Аыг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А.А нь хариуцагч  НДҮЗд  холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлгэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид нэхэмжлэгч А.Аыг эрхэлж байсан ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэстэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна.

            А.А нь НДҮЗийн ажлын албанд 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр жолоочоор ажилд орсон болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3-9, 23, 25-42, 55-56 тал/

Ажил олгогч НДҮЗийн ажлын албаны даргын  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар А.Аыг НДҮЗийн ажлын албаны жолоочийн үүрэгт ажлаас  чөлөөлөхдөө Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, НДҮЗийн ажлын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5, ... ажлын албаны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2, 2.3,  ... ажлын албаны  хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.11, 2.2.12 дах заалтыг үндэслэжээ.

 Ажил олгогчийн дээрх тушаалд нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан давтан зөрчлийн талаар нэрлэн заагаагүй байх ба “... А.Аыг  сахилгын шийтгэлтэй байх хугацаанд даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ...” гэж нэхэмжлэгчийг буруутган  тайлбарлаж байгаа болно.

Мөн Б/56 тоот тушаал гарахаас өмнө А.А нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, 2016 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр Б/52 тоот тушаалаар цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдаж байсан тухайд талууд маргахгүй байгаа.

            А.Аыг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагч НДҮЗ нь сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн агуулгаар тайлбарлаж байна. /х.х-ийн 47-48 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна тухайн зөрчил нь тус бүр тогтоогдсон байхыг шаардана.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  үзэхэд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр  дуусгавар болгосон байгаа боловч, нэхэмжлэгчийн хэдийд гаргасан ямар зөрчилд  ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь баримтаар нотлогдоогүй, тодорхой  бус байх ба улмаар ажилтны ажлаас халсан тушаалд бичигдээгүй, НДҮЗийн ажлын албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/56 тоот тушаалаас өөр баримтгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. 

 Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байх тул хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажилтанд олгох үүрэгтэй болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан байна.

Ажил олгогчийн зүгээс үндэслэлгүйгээр халаагүй бол ажилтны ажилласан хугацаа, цалин хэвээр үргэлжлэх байсан тул ажлаас үндэслэлгүйгээр халснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааг “ажилгүй байсан бүх хугацаа” гэж үзнэ.

Нэхэмжлэгч А.Аыг жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 783 957 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч  А.Аын сарын дундаж цалинг 633 017 /үндсэн цалин 452 155 төгрөг, ур чадварын нэмэгдэл 40 хувь буюу 180 862 төгрөг/ төгрөгөөр тооцов.

А.Аын ажилгүй бүх хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс  2017 оны 03 дугаар сарын 31-нийг хүртэл байна.

Хариуцагч НДҮЗ нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч  тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар  нэхэмжлэгч А.Аыг НДҮЗийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч  НДҮЗөөс 1 783 957 /нэг сая долоон зуун наян гурван мянгаесөн зуун тавин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ат олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч НДҮЗ нь нэхэмжлэгч А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар А.Аын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч НДҮЗөөс 43 493 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

 

                                       ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ