Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Б.Г, Д.Б нар /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б.Г, Д.Б нарт холбогдох эрүүгийн 2011018001175 дугаартай хэргийг 2021 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 79-1111 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ8302251,

 

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13-604а тоотод оршин суух хаягтай, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих шийтгүүлсэн, ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар АЯ81081778.

/яллах дүгнэлтэд тэмдгэлсэнээр/ Шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрдэнэ” караокед Н.Ганцэцэг, Д.Б нартай маргалдаж, улмаар Булгийн 13 дугаар гудамжинд Р.Бадамрэнцэнгийн толгой руу чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд шарх, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрдэнэ” караокед Б.Гтай маргалдаж, улмаар Булгийн 13 дугаар гудамжинд Б.Гантулгын хоолойг нь боож, нүд нүүр рүү нь гараараа, чулуугаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хэнгэрэгэн хальсны урагдал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Гас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Б.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 13 дугаар гудамжинд байрлах байранд ганцаараа орж шилтэй пиво 4-5 ширхгийг аваад ганцаараа сууж байсан. Гэхдээ тухайн үед би ширээний ард сууж байхдаа хөлөө сандал дээр жийгээд сууж байхад зөөгч над руу ирээд “хөлөө буулгачихаа” гэсэн гэхдээ тухайн үед над руу зөөгч загнах маягтай ширүүн харьцахаар нь юу хэлээгүй гэхдээ би тухайн үед удалгүй гарах гэж байсан болохоор удалгүй зөөгчийн араас очоод тооцоогоо хийчхээд зөөгч рүү хандаж “үйлчилгээний байгууллагын ажилтан байж ямар муухай ааштай юм бэ, хүнтэй ингэж харьцаж болохгүй ш дээ” гээд юм ярьж байхад хажуу талаас эхнэр нөхөр 2-н эхнэр нь босож ирээд “чи яасан олон үгтэй юм” гэхээр нь урдаас нь би хэдэн зүйл ярьсан одоо бол юу гэж ярьсныг санахгүй байна. Тэгээд мөн нөхөр нь босож ирж байсан тэгээд тухайн үед би тооцоогоо хийсэн байсан болохоор караокенаас гарсан чинь уг эхнэр, нөхөр 2 араас гарч ирээд гадаа үүдэн дээр маргалдаад, нөхөр нь миний цамцны энгэрээс боогоод түлхээд шатанд тээгэлдээд би хойшоогоо унах үед нөхрийнхөө гэдэс рүү нь хөлөө өшиглөсөн юмаа, тэгээд босоод дахиад л зууралдаад л байсан тэгээд эхнэр, нөхөр 2 намайг 2-лаа боогоод би ухаан алдсан тэгээд л хажуу тийшээ гээ эргээд босоод зугтсан чинь мөн нөхөр нь миний араас чулуу аваад шидсэн тэгээд толгойны зүүн талд оносон тэгээд толгойгоо бариад үзсэн чинь толгойноос цус гарчихсан байсан тэгэхээр доош тонгойгоод газарт байсан чулууг аваад уг эрэгтэйг цохисон гэхдээ хаана цохисон талаар бол мэдэхгүй байна. Тэгээд цохичхоод л цаашаагаа зугтаагаад гэр лүүгээ явсан. Би нөхрийг нь өшиглөсөн тэрнээс эхнэрт би гар хүрээгүй салгах гээд нөхөр бид 2-н дундуур ороод байхаар нь түлхсэн л байх тэрнээс эхнэрт нь гар хүрсэн зүйл байхгүй. Харин нөхөр лүү нь чулуу шидсэн л байх..” гэсэн мэдүүлэг /хх-91-92/,

 

Шүүгдэгч Д.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүгдэгч Д.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Ганцэцэгийн хамт дэнжийн мянгад байрлах нэг караокед ороод нэг цаг дуулахаар ороод 0.75 литрийн хараа аваад хувааж ууж дуусгачхаад ширээн дээр сууж байхад уг караокены зааланд байсан нэг эрэгтэй ганцаараа суучихсан суудаг сандал дээрээ хөлөө тавьчихсан нэг гараараа шанаагаа тулчихсан сууж байсан. Тэгээд эхнэр бид 2 мөн дахиад л дуу захиалаад сүүлийн дуу дуулж дуусчхаад л явах гээд байж байхад уг эрэгтэй нь зөөгч дээр очсон байсан тэгсэн зөөгч уг залууг зайл гээд байсан тэгээд уг эрэгтэй гарах гэж байхаар нь би араас нь “чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ” гэхэд уг залуу караокены зааланд “юу гээд байна” гэж эргэж хараад намайг нэг удаа гараарай шанаа руу цохиод би газарт унаад босож ирээд уг залууг бариад авахад манай эхнэр болон зөөгч нар салгаад караокены коридорт гараад уг залуутай коридор дотор хоорондоо зодолдсон хэн хэнийг яаж хэдэн удаа цохисон гэдгээ санахгүй байна тэгээд зодолдож дуусаад уг залуу нь түрүүлээд гараад яваад өгсөн харин эхнэр бид хоёр харих гээд такси барих гээд авто угаалгын гадаа зогсож байхад миний толгой руу тас хийгээд л яваад өгсөн тэгсэн эхнэр манай нөхрийн толгойг хагалчихлаа гэсэн чинь уг залуу нь мөн байсан тэгээд цаашаагаа зугтаад яваад өгсөн тухайн үед миний толгой руу юугаар цохисон талаар мэдээгүй тэгээд эмнэлэг дээр очоод толгой дээрээ оёдол хийлгэсэн..” гэсэн мэдүүлэг /хх-97-98/,

 

Хохирогч Б.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Эхнэр нөхөр хоёр хоёулаа миний хүзүүнээс боосон тэгээд би хариу бас нөхрийг/ нь боосон би нөхөртэй нь ноцолдоод эхнэр нь хажуугаас дайраад л байсан тухайн үед би нөхрийнх нь гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд караокеноос бүр гараад гадаа талбай дээр эхнэр нөхөр хоёр гарч ирээд намайг унагаасан хоёулаа зэрэг боосон тэгээд ухаан балартаад ухаан алдаад мөн нөхөр нь намайг 2 удаа миний нүд нүүр лүү цохисон юм аа. Тэгээд би босоод зугтаад яваад өгсөн тэсэн чинь араас нөхөр нь миний толгой руу чулуу авч шидээд миний толгойг цохисон тэгээд тухайн үед толгойгоо бариад үзсэн чинь цус гарсан байхаар нь би уг чулуугаар нь нөхрийг нь буцаагаад цохисон...” /хх-14/, Шүүхийн хэлэлцүүлэгт: “одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бадамрэнцэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Уг залуу зөөгч дээр очоод юм яриад л байсан, тэгээд эхнэр бид 2 гарахдаа би уг залууд чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэсэн чамд ямар хамаатай юм гээд гараараа миний шанаа руу цохиод, би газар унаад босож ирээд чи намайг яагаад цохидог юм гэж хэлээд би 2 үүдний коридорт гараад нэг нэгнээ заамдаад муудалцаж байгаад уг залуугийн хааш нь цохисон оо мэдэхгүй байна, харанхуй байсан болохоор, тэгээд муудалцаж байгаад босож ирээд уг залуу намайг өшиглөж байгаад яваад өгсөн.. Уг залуу араас ирээд миний толгой руу цохисон..”, Шүүхийн хэлэлцүүлэгт: “одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

 

 Гэрч Н.Ганцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Ард сууж байсан залуу зөөгчөөс архи нэхээд байхаар нь нөгөөдөх нь үгүй гэж хэлсэн тэгсэн чинь уг эрэгтэй нь зөөгч рүү “пизда” гэх зэргээр хараал хэлээд байхаар нь манай нөхөр сандал дээрээсээ уг эрэгтэйд хандаад “чи яагаад эмэгтэй хүнийг доромжлоод байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд манай нөхрийг түлхээд унагаасан. Тэгээд хоорондоо зууралдаж байгаад караокены гадаа гараад хоорондоо маргалдсан. Анх караоке дотор манай хүнийг уг залуу өшиглөөд байсан тэгээд гадаа гараад манай нөхөртэй зодолдоод байсан. Тэгээд уг караокены гадна талбай дээрээс салаад 2 тал руу яваад ойрхон угаалгын газрын гадаа очоод нөхөр бид хоёр сууж байхад манай нөхрийн араас ирээд дагз хэсэг рүү нь юугаар цохисныг хараагүй цохичхоод л зугтаад яваад өгсөн. Тэгээд л түргэн ирээд манай нөхрийг хараад эмнэлэгт аваачиж оёдол хийлгэсэн. Миний баруун шанаа хүзүүн дээр хөхөрсөн байсан энэ гэмтлийг уг залуу намайг нөхрөө салгах гэж байхад надад учруулсан юм аа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Гэрч Т.Бямбасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Гантулга нь тухайн эрэгтэйтэй зодолдоод унасан ба миний бие тэр хоёрыг салгаад караокеноосоо гаргасан. Тэгээд тэр хоёр гадаа гараад бас муудалцаад байх шиг байсан. Манай хяналтын камер ажиллахгүй байсан ба миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй ба манай байгууллагын эд зүйл эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. ..эхнэрийг нь Гантулга архичин энэ тэр гэснээс болоод тэр хоёр зодолдсон ба Гантулга түрүүлээд тухайн эрэгтэйн толгой хэсэг рүү нь цохисон байх тэгээд би очоод салгаад караокеноос гаргасан юм..” гэх мэдүүлэг /хх-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11516 дугаартай дүгнэлтэд: “..Р.Бадамрэнцэнгийн биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хх-33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12180 дугаартай дүгнэлтэд: /хх-26/ “..Б.Гантулгын биед зүүн хэнгэрэгэн хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт болон шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, шүүгдэгч Д.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрдэнэ” караокед шүүгдэгч Б.Г нь архи ууж согтуурсан үедээ тус караокед үйлчлүүлж байсан эхнэр нөхөр болох Н.Ганцэцэг, Д.Б нартай маргалдаж хохирогч Д.Бтэй харилцан зодолдсон бөгөөд уг зодоон дууссаны дараа гадаа сууж байсан Д.Бгийн толгойн тус газарт чулуугаар цохиж түүний биед “тархи доргилт, дагзны хуйханд шарх, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан, дээрхи харилцан зодооны улмаас шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Гантулгын биед “зүүн хэнгэрэгэн хальсны урагдал” бүхий гэмтэл тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч хохирогчоос өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт үүссэн дээрх гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас харилцан бие биедээ учруулсан гэмтлийг “хөнгөн хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь харилцан зодолдож үүний улмаас тэдгээрийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Б.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  Б.Г, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, маргаан зодооныг эхлүүлсэн, харилцан зодолсон, нэгэндээ учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, нэгнээсээ нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч  Б.Г, Д.Б нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч  Б.Г, Д.Б нар нь бие биедээ харилцан хохирогчийн хувьд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч  Д.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Г, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Б.Г, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР