Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

 

 

 

 

 

 

 

   2021          03           29                                    2021/ШЦТ/208                                

                                                                                                                     

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт А-гийн А-ад холбогдох эрүүгийн 20020 0546 0021 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Баярхүү /томилолтоор/, шүүгдэгч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрчим” хамгаалалтын албанд харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, охин, зээ нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Нийслэлийн шүүхийн 1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн В-д зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг УДШ-ийн 57 дугаар магадлалаар 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилснийг биеэр эдэлж, 1985 онд суллагдсан,   

- Улаанбаатар хот, Ажилчны районы Ардын шүүхийн 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дугаар зүйлийн I-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ял, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 01 жил 06 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ял шийтгэсэн,

- Хан-Уул, Туул дүүргийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 334 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял, 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 247 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, эдлэх ялыг бүгд 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосныг биеэр эдэлж байгаад 1997 оны 12 дугаар сард суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт А-гийн А- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсад буцах зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “гадаад паспортаа гээсэн” гэсэн үндэслэлээр хандан Монгол Улсад буцах үнэмлэх олгох тухай хүсэлтээ гарган өөрийн төрсөн дүү болох А.Ам-ы иргэний үнэмлэхийг ашиглан өөрийн зургаа нааж, Т0034018 дугаартай хуурамч буцах үнэмлэхийг ашиглан 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай чиг үүргийн онгоцоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хилийн боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Би буцах үнэмлэхийг дүүгийнхээ регистрийн дугаарыг өгөөд захиалж авсан. Одоо хххх тоотод эхнэр, охин, 3 зээгийн хамт амьдарч байгаа. “Эрчим” хамгаалалтын албанд харуулын ажил хийдэг, сард 430.000 төгрөгийн цалин авдаг. Би Турк Улс руу 2012 онд яваад, Монгол Улсад 2020 оны 9 дүгээр сард буцаж ирсэн. Анх Турк Улс руу өөрийн бичиг баримтаар очоод, тэнд зам тээврийн осолд орсон ба уг аваарын үед миний бичиг баримт хаягдсан байсан.

Би Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрснээ ойлгож, гэмшиж байна. Шүүх цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа нь хэцүү байна. Амьдрал хэцүү байгаа учир бага хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20020 0546 0021 дугаартай хэргээс:

 

1. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хилийн 0342 дугаар ангийн салбарын баримт бичиг шалгагч, дэслэгч Д.Цэрэн-Одын тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тус салбарын захирагч, хошууч Д.Гэрэлт-Одын 20 дугаартай албан тоот /хэргийн 09х, 10х/,

 

2. Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1374 дугаартай албан бичиг /хэргийн 15х/,

 

3. Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2-5А/8723 дугаартай албан бичиг, лавлагааны хариу /хэргийн 33-34х/,

 

4. Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/4664 дугаар албан бичиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас А.Ам-д холбогдох мэдээллийг ирүүлсэн гэх холбогдох баримтууд /хэргийн 36х, 37-41х/,

 

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “Буцах үнэмлэх мэдүүлэх” тухай анкетын хуулбар /хэргийн 42х/,  

 

6. Т0034018 дугаартай буцах үнэмлэх баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-57х, 58х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цэрэн-Одонгийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 9 дүгээр сарын 19-ний 08 цаг 10 минутад Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат ОМ7162 дугаартай нислэгээр ирсэн зорчигчдын бичиг баримтыг онгоцноос тээврийн хэрэгсэл шалгах манаа ариутгал хийлгэж, баримт бичгийн шалгагч нарт тарааж өгсөн. Корона вирусын халдварын үед Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар улсын хил нэвтрэх хялбаршуулсан журмыг баталсан. Уг журмын хүрээнд хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг хөлгөөс буумагц тусгаарлалтад оруулж, зорчигчтой тулгалт хийхгүйгээр баримт бичгийг бүртгэлд авч байгаа.

Надад хуваарилагдсан хил нэвтрэх эрхийн баримт бичгүүдийг шалгаж байхад А-гийн А гэх хүний Т0034018 дугаартай буцах үнэмлэх гарч ирсэн. Тэгээд би уг үнэмлэхийг аваад иргэний бүртгэлийн сангаас үнэмлэх дээрх регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд гарч ирсэн зурган илэрц нь үнэмлэх дээрх зурагтай таарахгүй байсан. Тэгээд энэ асуудлын талаар тухайн өдрийн манааг ахалж байсан ахмад С.Дөлгөөнд мэдэгдсэн.

Буцах үнэмлэхийн хувьд хийсэн материал, тухайн үнэмлэх дээрх бичиглэл зэрэг зүйлс нь ямар нэгэн зөрчилгүй байсан. Бид нарын хувьд буцах үнэмлэхийн дугаарыг шүүдэг сан гэж байдаггүй. Буцах үнэмлэхээр ирж байгаа зорчигчдын үнэмлэх дээрх зураг болон улсын бүртгэлийн сангаас регистрийн дугаараар гарч ирсэн зургийг хооронд нь харьцуулж шалгалтыг явуулдаг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 73х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ам-ы гэрчээр өгсөн:

“...Амгалангийн Амарбат нь миний төрсөн ах байгаа юм. ...Миний мэдэж байгаагаар манай ах 2012 онд Турк Улс руу ажил хийх зорилгоор яваад саяхан ирсэн. Би нэг л удаа гадаад паспорт гаргуулан авсан, тэр гадаад паспорт одоо байхгүй. Би төрсөн дүү А.Алтансувдын гэрт 1997 оноос 2000 он хүртэл амьдарч байсан. Гэхдээ тэнд паспортоо үлдээгээгүй. Би 1990 онд гадаад паспорт аваад, тухайн ондоо Чех Улс руу ажлаар яваад 1997 онд Монголд буцаад ирсэн, ингэхдээ гадаад паспортоо алдчихсан. Тэрнээс хойш гадаад паспорт захиалж аваагүй бөгөөд миний иргэний үнэмлэх А.Алтансувдад байсан.

Би өөрийн ах А.Аад гадаад паспортоо ашиглуулсан зүйл байхгүй, сүүлд манай ах Турк Улсад оччихоод утсаар ярихдаа “ах нь чиний гадаад паспортыг ашиглаад гарчихсан шүү” гэж байсан. Тухайн үедээ би “бас тэгж болдог л юм байх даа” гэж бодож байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 77-78/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тунгалагийн гэрчээр өгсөн:

“...Би 1989 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын паспортын хэлтэст үйлчлэгчээр ороод ...2008 оны 3 дугаар сараас гадаад паспортын хэлтэст гадаад паспортын байцаагч, 2009 онд 3 бүртгэл нэгдээд улсын бүртгэлийн улсын бүртгэгчээр одоог хүртэл ажиллаж байна. А.А, А.Ам- нарын зургийг үзлээ, танихгүй хүмүүс байна. Е1067422, Е1067426 дугаартай гадаад паспортын лавлагааг харахаар 2012 онд материал бүрдүүлж өгсөн байна. Ямар ч байсан би уг 2 хүний нэр дээр гадаад паспорт гаргаж өгсөн байна. Миний гарын үсэг мөн байна.

...Гадаад паспорт хүсэгч нь өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ 3 хувь цээж зураг, төлбөр тушаасан баримтын хамт авч ирэх ёстой. Үүний дагуу тухайн материалыг нь авч биеийн тулгалт буюу мэдээллийн сан, зураг, өөрийг нь хардаг. Мэдээлэл үнэн зөв бол гадаад паспорт олгох ажиллагаа явагддаг. Паспортыг ажлын 5 хоногт багтаан гаргадаг журамтай.” гэсэн мэдүүлэг /хэргийн 80х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Алтансувдын гэрчээр өгсөн:

“...А.А, А.Ам- нар нь миний төрсөн ах нар байгаа юм. А.Ам- ах Чех Улсаас ирээд нэг хэсэг надтай хамт амьдарсан. Тухайн үед ээж маань манайд байдаг байсан юм, яг хэдэн онд бэ гэдгийг санахгүй байна. А.Ам- ах манайд амьдардаг байхдаа бичиг баримтаа ээжийн авдарт хийдэг байсан. А.А ах А.Ам-ы бичиг баримтыг авсан талаар надад мэдэх зүйл байхгүй.

...Би хөдөө кэмпээр их явдаг болохоор гэрт нэг их байгаад байдаггүй, сая А.А ах ярихдаа “танайд очиж А.Ам- ахын иргэний үнэмлэхийг авсан” гэж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 82х/,

 

11. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4412 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн А овогтой Ам гэх нэртэй Т0034018 дугаартай буцах үнэмлэх шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Амартайван гэх нэртэй Т0034018 дугаартай буцах үнэмлэх нь жинхэнэ буцах үнэмлэх байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 85-89х/,

 

12. ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4415 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн Т0034018 дугаартай буцах үнэмлэхийн зураг нь А.Ам-ы гэх зурагтай тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 91-97х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Аын гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...2012 онд охин маань Турк Улсад сурдаг байсан юм. Тэгээд охиндоо хань болох санаатай 2012 онд Турк Улс руу явсан. Тэнд очоод оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад баригдаад Монгол руу 2012 оны 5 дугаар сард хар тамга даруулаад буцаагдсан.

Тэгээд охиноо үлдээчихсэн байсан учраас ямар нэгэн аргаар явъя гэж бодоод, өөрийн төрсөн дүү А.Ам-ы иргэний үнэмлэх дүү А.Алтансувдын гэрт байхаар нь авчихсан. Тэгээд Улсын бүртгэл дээр очоод дүү болон өөрийн нэр дээр гадаад паспорт захиалж авсан.

Ямар нэгэн засаж янзалсан зүйл байхгүй, жинхэнэ гадаад паспорт авсан. Тэгээд Монголоос 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр яваад Турк Улсын хилээр орохдоо дүүгийнхээ паспортоор ороод, 2020 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллаж амьдарсан. Тэнд угаалгын газарт ажиллаж байсан, ер нь бол олдсон ажлаа л хийдэг байсан. Тэгээд сая корона вирус өвчин гарсантай холбоотой нутаг буцааж байгаа гэсэн.

Би Турк Улсад амьдарч байх хугацаандаа автомашины осолд ороод нэг хэсэг эмнэлэгт хэвтэхдээ дүүгийнхээ гадаад паспортыг гээгдүүлсэн юм шиг байгаа юм. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Истанбул хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээр очиж Монгол руу явах хүсэлтээ өгөөд А.Ам-ы гадаад паспортыг гээгдүүлсэн тул буцах үнэмлэх авахаар иргэний үнэмлэхийн хуулбар болон өөрийнхөө зургийг өгөөд, буцах үнэмлэх гаргуулж авсан. Ингээд Монголд 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х, 65х, 123х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 16х, 70х/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 67х/, гэрч А.Номин-Эрдэнэ /хэргийн 75х/, гэрч А.Ам- /хэргийн 77-78х/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 102х/, Улаанбаатар хотын Ажилчины районы Ардын шүүхийн 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул, Туул дүүргийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 334 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 105-107х, 108-109х, 110х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.А нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсад буцах зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “гадаад паспортаа гээсэн” гэсэн үндэслэлээр хандан Монгол Улсад буцах үнэмлэх олгох тухай хүсэлтээ гаргахдаа өөрийн төрсөн дүү болох А.Ам-ы иргэний үнэмлэхийг ашиглаж, буцах үнэмлэхэд өөрийн зургаа нааж, Т0034018 дугаартай хуурамч буцах үнэмлэхийг гаргуулсан авсан, улмаар Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр буюу Т0034018 дугаартай хуурамч буцах үнэмлэхийг ашиглан хуурамч баримт бичгээр 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хилийн 0342 дугаар ангийн салбарын баримт бичиг шалгагч, дэслэгч Д.Цэрэн-Одын тэмдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн тус салбарын захирагч, хошууч Д.Гэрэлт-Одын 20 дугаартай албан тоот /хэргийн 09х, 10х/,

- Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/1374 дугаартай албан тоот /хэргийн 15х/,

- Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2-5А/8723 дугаартай албан бичиг, лавлагааны хариу /хэргийн 33-34х/,

- Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/4664 дугаар албан бичиг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамнаас А.Ам-д холбогдох мэдээллийг ирүүлсэн гэх холбогдох баримтууд /хэргийн 36х, 37-41х/,

- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “Буцах үнэмлэх мэдүүлэх” тухай анкетын хуулбар /хэргийн 42х/, 

- Т0034018 дугаартай буцах үнэмлэх баримтыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, баримт бичигт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 54-57х, 58х/,

- гэрч Д.Цэрэн-Одон /хэргийн 73х/, гэрч А.Ам- /хэргийн 77-78/, гэрч Б.Тунгалаг /хэргийн 80х/, гэрч А.Алтансувд /хэргийн 82х/ нарын мэдүүлэг,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн А овогтой Ам гэх нэртэй Т0034018 дугаартай буцах үнэмлэх шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Амартайван гэх нэртэй Т0034018 дугаартай буцах үнэмлэх нь жинхэнэ буцах үнэмлэх байна.” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4412 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 85-89х/,

- ШШҮХ-ийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн Т0034018 дугаартай буцах үнэмлэхийн зураг нь А.Ам-ы гэх зурагтай тохирохгүй байна.” гэсэн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4415 дугаартай дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 91-97х/ болон шүүгдэгч А.Аын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдсон байна.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоосон.

 

“Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

 

Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан тул Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эрх бүхий байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр, мөн бусдын бичиг баримт буюу хуурамч баримт бичгээр Монгол улсын улсын хилээр орох, гарах үйлдэл нь Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт үйлдэл болно.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч А.А нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсад буцах зорилгоор Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт “гадаад паспортаа гээгдүүлсэн” гэх тайлбар хэлж, Монгол Улсад буцах үнэмлэх олгох тухай хүсэлт гаргахдаа өөрийн төрсөн дүү А.Ам-ы иргэний үнэмлэхийг ашиглан, буцах үнэмлэхэд өөрийнхөө зургаа нааж, Т0034018 дугаартай хуурамч буцах үнэмлэхийг гаргуулан авч,  

- улмаар дээрх Т0034018 дугаартай хуурамч буцах үнэмлэхийг ашиглан 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ-7162 дугаартай тусгай чиг үүргийн онгоцоор Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..., хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Хэргийн шүүгдэгч А.А нь Монгол Улсын хилийг хууль бусаар буюу Монгол улсад орох эрхийн бичиг баримтгүй, хуурамч баримт бичгээр нэвтрэн орж ирсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч А.Аыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.А нь урьд гэмт хэрэгт хэд хэдэн удаа холбогдож, ял шийтгүүлж байсан талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 102х/, Улаанбаатар хотын Ажилчны районы Ардын шүүхийн 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Хан-Уул, Туул дүүргийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 334 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 545 дугаар таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /хэргийн 105-107х, 108-109х, 110х/ баримтууд авагдсан ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүх, шүүгдэгч А.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монголиа трэйвл документ” гэсэн бичиглэл бүхийн ногоон өнгийн А-гийн Агийн Т0034018 дугаартай “Буцах үнэмлэх” баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- энэ хэрэгт А.А нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Г овогт А-гийн А-ыг “..., хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрч" Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аад 5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Монголиа трэйвл документ” гэсэн бичиглэл бүхийн ногоон өнгийн А-гийн Агийн нэр дээрх Т0034018 дугаартай “Буцах үнэмлэх” гэсэн баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт А.А нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        С.БАЗАРХАНД