Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 322

 

 

2021        03         12                                    2021/ШЦТ/322  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

 улсын яллагч М.Оюунбат,

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

иргэдийн төлөөлөгч О.Чинзориг,

хохирогч П.Шүрэнчимэг,

шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Ч.Эрдэмболор нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Уг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04461 3003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.У нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18-аас 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 35-573 тоотод байрлах Э.Дарханбаярын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн бэр П.Шүрэнчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэвлийн тус газар нь хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Уг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 04461 3003 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлахад шүүгдэгч Д.У нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч П.Шүрэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай гэрт хадам ээж У, эгчийн хамт 21 цагийн орчим ирээд архи, пиво хэрэглэж хоносон. Маргааш өглөө нь босоод орондоо байхдаа манай нөхөр Дарханбаяраар архи, пиво зөөлгөөд уугаад байх шиг байсан. Тухайн өдөр манай найз Алтанцэцэг 2 ширхэг 2.5 литрийн пиво авч ирж бүгдээрээ хамт уусан. Орой нь нөхөр бид хоёр маргалдаад нөхөр намайг үсдэж чирээд гадаа гаргаад зодоход найз Алтанцэцэг, ах Баатархүү нар салгасан. Тухайн үед би зугтаагаад хашааны үүдэнд байх үед хадам ээж “хөөе” гэхээр нь харахад нэг юм гялс хийх шиг болсон ба миний хэвлий хэсэгт хутгаар дүрчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх 13- 14/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би нөхөртэйгөө маргалдсан. Би хоёр удаа наркозод орсон болохоор буруу ярьж магадгүй. Зарим зүйлийг мартаад байдаг болсон. Би нөхөртэйгөө муудалцаад хоёр хүүхдээ аваад гэрээс гараад явж байхад хадам ээж араас ирээд хутгалсан. Тэгээд тэрнээс цааш нь санахгүй байна. Нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж байсан гэв. Гэрт байхад би нөхөртэйгөө муудалцаж байхад хадам ээж голоор орж ирээд нөхөрт юм хэлээд байсан. Тухайн үед хадам ээжийн эгч нь байсан болохоор би санаа зовоод хоёр хүүхдээ аваад гарсан. Нөхөртэйгөө л тухайн үед таарамжгүй харилцаатай байсан. Манай хадам ээж бид хоёр бол хэвийн харилцаатай. Миний биеийн байдал өмнө байсан шигээ хэвийн хэмжээнд очиж эдгэрсэн. Надад учирсан хохирол төлбөрийг барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа зүйл, гомдол, санал байхгүй. Тэр үед би нөхөр рүүгээ аяга шидэхэд хадам ээжийг оносон байсан. Хутга орохдоо хавиргыг чинь хугалаад элгийг чинь гэмтээсэн байна гэж гэмтлийн эмч надад хэлсэн гэх мэдүүлэг,

 

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн “Хэрэг үйлдэгдсэн гэх газар нь хашаан дотор байх ба хашааны хаалганаас 10 метрийн зайд хар өнгийн ажлын хэсэг 15х2.4 см бариулын урт, 12.5х2.8 см хэмжээтэй хар өнгийн хутга байв. Уг хутгыг эд мөрийн баримтаар хурааж авав. Уг хутга байсан гэх газрын зүүн талд 40х20 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн шингэн зүйл байв. Криминалистик шинжээч хэрэгт ач холбогдол бүхий кадр зургийн бэхжүүлэн авав” тэмдэглэл, гэрэл зураг /хх 05-07/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13052 дугаартай:

“П.Шүрэнчимэгийн биед цээжний баруун талд 7-8 дугаар хавирганы түвшинд цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн элэгний 6 дугаар сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цээжний баруун хөндий дэх цус, хий хуралдалт, баруун 8 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх 19-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6310 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн 25.5 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн. Уг илэрсэн цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. 25.5 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-27/,

 

Шинжээч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:п

... 13052 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан 8-р хавирганы хугарал гэмтэл нь хохирогч хутгалуулах үед үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой манай хамаатан гэмтлийн эмнэлэг дээр дуудсан. Яаралтай хагалгаа хийх учир төрсөн дүүтэй нь уулзуулна гэхээр нь эгч Шүрэнчимэгтэй уулзахад “нөхөр Дарханбаяр зодоод байхаар нь ах Баатархүүтэй гарах гэхэд гаргахгүй үснээс нь зулгаагаад байсан. Тэр үед хадам ээж У гарч ирээд миний хэвлий хэсэгт хажуу талаас нь гэрт байдаг хар иштэй хутгаар хутгалсан” гэж хэлсэн. Мөн том хүү Хосбаяр нь надтай утсаар ярихдаа ээжийг эмээ хутгалсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 42-44/,

 

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...18-19 цагийн үед Дарханбаяр, Шүрэнчимэг нар хардалтаас болж муудалцаад гадаа гарсан. Тэр үед хадам ээж У нь гэрээс хутга барьж гарч ирсэн ба Шүрэнчимэг “яасан, ээж” гэж хэлээд урдаас нь очиход шууд хутгалсан. Тухайн үед би Шүрэнчимэгийн ард зогсож байх үед хутгалах гэж дайрахаар нь зугтаж хашаанаас гарсан.” гэх мэдүүлэг /хх 45/,

 

Гэрч П.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тухайн өдрийн орой эгчийнхээ хүүхэд П.Шүрэнчимэгийн гэрт очиход нөхөр, хүүхдээс нь гадна хадам ээж нь эгчийнхээ хамт ирсэн байсан ба бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би очихдоо 0.5 литрийн Хараа архи, сүүтэй орсон ба бид нар архиа ууж байх үед Дарханбаяр, П.Шүрэнчимэг нар муудалцсан ба сүүлдээ У нэмэгдээд маргаан үүссэн. Би гэртээ харих гээд хашаанаас гарах үед П.Шүрэнчимэг “Баатараа, ахаа” гэж орилохоор нь яваад очиход “хадам ээж хутга дүрчихлээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 46-47/

 - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ-ЦХ-1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 03- 04/,

-2020-11-09-ний өдөр Д.Угийн согтолтын хэмжээг шалгахад 1,49 хэмжээтэй байсан гэх согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх 53/,

- хохирлын талаарх баримт /хх 80-89/,

- эд мөрийн баримтаар “15х2.4 см ажлын хэсэгтэй хар өнгийн бариултай, ахуйн зориулалт бүхий хутга 1 ширхэг эд зүйлийг” тооцох тухай тогтоол /хх 96/,

 

Шүүгдэгч Д.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай бэр Шүрэнчимэг тухайн үед архи уучхаад өөрийнхөө найзтай муудалцаад байсан. Тэгэхээр нь би та нар одоо болно гэж хэлэхэд над руу уурлаад аяга авч шидсэн. Тэр нь миний толгойны зүүн хэсэгт оноод цус гарч байсан. Түргэн тусламж дуудаж үзүүлж байсан. Тэгээд л би уурандаа өөрийн бэр Шүрэнчимэгийг хутгалсан юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх 77/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 97/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлснийг нотлох баримт П.Шүрэнчимэгийн дансны хуулга 4 хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг ойлгодог.

 

Хохирогч П.Шүрэнчимэгийн цээжний баруун талд 7-8 дугаар хавирганы түвшинд цээж, хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн, нэвтэрсэн элэгний 6 дугаар сегментийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, цээжний баруун хөндий дэх цус, хий хуралдалт, баруун 8 дугаар хавирганы хугарал гэмтэл үүссэн нь биед учрах үедээ амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, ердийн явцаараа үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Д.У нь хохирогчийн биед дээрх гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.У нь хутгаар хүний биед гэмтэл учруулж болохыг лавтай сайн мэдэж байсан ба хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Уг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Уг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.795.891 төгрөгийн нотлох баримтыг хохирогч гаргаж хавтаст хэрэгт тусгуулсан байна. Харин шүүгдэгч Д.У нь сайн дураараа 2.540.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлж барагдуулжээ.

Хохирогч П.Шүрэнчимэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлж, тайлбарлаж байх тул шүүгдэгч Д.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ажлын хэсгийн урт нь 15х2.4 см, бариулын урт 12.5х2.8 см хэмжээтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруй устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бн овогт Дн Уг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Уг гурван жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ажлын хэсгийн урт нь 15х2.4 см, бариулын урт 12.5х2.8 см хэмжээтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.Шүрэнчимэг нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Угаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧИД                             С.ПҮРЭВСҮРЭН

 

   Д.МӨНХТУЯА