Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 319

 

 

 

   2021        03          11                                  2021/ШЦТ/319

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 04119 2759 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын автобусны буудлын ойролцоо иргэн Ч.Тогтохын эзэмшлийн Эл Жи загварын гар утас 1 ширхэг, иргэний үнэмлэх, Төрийн банк, Хаан банк, Голомт банкны карт, хуучны Монгол банкны хадгаламжийн дэвтэр, бор өнгийн хэтэвч, 65.500 төгрөг, 70 доллар, 20 доллар 1 ширхэг, 50 рубль, 50 юань, автобусны карт 1 ширхэг бүхий гар цүнхийг хүч хэрэглэж, дээрэмдэн 618.890 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын автобусны буудлын ойролцоо иргэн Ч.Тогтохыг явж байх үед нь эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа духны зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна салстад зулгаралт, эрүү, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын автобусны буудлын ойролцоо иргэн Ч.Тогтохын эзэмшлийн Эл Жи загварын гар утас, гар цүнхийг хүч хэрэглэж, дээрэмдсэн,

мөн хохирогчийн эд зүйлийг авахаар довтлон хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2020 оны 10 сарын 25-ны өдөр хашаа байшиндаа очиж паарны ус асагчхаад хажуу айлын хөгшинтэй 1 шил архи хувааж уугаад орой 20 цагийн үед харихаар гарсан. Төв зам уруудаад явж байхад улаан дээлтэй хөгшин хүн ирээд чи харанхуй шөнө ингэж явах аюултай, манай гэрт хоночих гэхээр нь үгүй би гэртээ очиж хононо гэж хэлээд Дарь-Эхийн шинэ эцсийн автобусны буудал арай ороогүй байхад нэг залуу хажуугаас ирж байхаар нь зөрөөд өнгөрөх нь гэж бодсон чинь намайг цохиод, замын боржур дээр түлхэж газар унагаад миний үүрч байсан жижиг цүнхтэй эд зүйлсийг аваад явчихсан. Цүнх авахдаа нуруу руу 1 удаа өшиглөх шиг болсон. Түлхэж унагаахад нь би замын боржур дээр нүүрээрээ уначихсан.” гэх мэдүүлэг /хх 14-18/,

 

Гэрч Ц.Баасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... тэгээд түүнтэй хамт нэлээн урагшаа алхаад явж байсан чинь хар өнгийн хувцастай хүн ирээд намайг түлхчхээд тэр авгайн цүнхийг булаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх 25-26/,

 

Шүүх хуралдааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг үзэхэд замын хажууд явж байсан хохирогч болон хамт явсан хүн дээр бараан өнгийн хувцастай хүн очиж хохирогчийн үүрч явсан цүнхийг татаж мулталж авахад хохирогч барьж явсан цагаан өнгийн ууттай зүйлээр цохих мэт үйлдэл хийв. Улмаар хохирогч замын боржур хэсэг рүү биеийн зүүн талаараа газарт унаж байгаа нь харагдаж байв, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 30-ы өдрийн 12407 дугаартай:

Ч.Тогтохын биед духны зүүн нүдний зовхи, хамрын нурууны зүүн хэсэг, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна салстад зулгаралт, эрүү, баруун бугалга, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх 29/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-20-1504 дугаартай:

“ЛЖ загварын гар утас 108.000 төгрөг, coach брендийн гар цүнх 137.400 төгрөг, coach брендийн түрийвч 87.000 төгрөгийн үнэтэй” гэх тайлан /хх 38/,

 

-гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, /хх 02-03/,

-хохирогчийн нүүрний зүүн талд учирсан гэмтлийн гэрэл зураг /хх 04/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн “Т.Гаас гаргаж өгсөн хохирогч Ч.Тогтохын coach брендийн цүнх, хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, гар ариутгагч санитол 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, улаан өнгөтэй сам 1 ширхэг, мезим форте эм 10 ширхэг, даралтын эм 6 ширхэг, жижиг савлагаатай тосон үнэртэй ус 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, хэлхээтэй 3 ширхэг түлхүүр, уруулын будаг 1 ширхэг, coach брендийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, Голомт банкны виза карт 2 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Улаанбаатар банкны виза карт 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэг, Номин, И март, Экстра зэрэг худалдааны төвийн хөнгөлөлтийн картууд тус бүр 1 ширхэг нийт 9 карт болон үнэмлэх, ЛЖ Жи-4 стайл 2 маркийн гар утас зэрэг эд зүйлс байсныг хүлээж авлаа” гэх тэмдэглэл /хх 05-06/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт /хх 8-9/,

-мөрдөгчийн магадалгаа

 /хх 104-106/,

-зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоол /хх 117-118/,

 

Шүүгдэгч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 17-18 цагийн үед Мөнхжаргал бид хоёр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич буудалд 1 өрөө аваад хоёулаа орсон. Тэр дотор бид хоёр 1 шил архи хувааж уусан. Тэгээд хоёулаа орой унтахдаа ганц юм яаж олж уух уу гээд буцаад хоёулаа гарсан. Гадаа гараад хойшоо алхаад явж байгаад Алтай гэх дэлгүүрийн цаад талын шатан дээр суусан. Тэгээд хоёулаа буцаад өрөө рүүгээ оръё дөө гээд алхаж байсан чинь замын эсрэг талаар буюу баруун талаар нь 2 согтуу маягтай эмэгтэй хүн байсан. Замын эсрэг талаас Мөнхжаргал бид хоёр ажиглаж байгаад тэр xoёрыг “Rich” “Очир” буудлуудын хооронд алхаад явж байхад би зам гарч очоод нэг эмэгтэйнх нь цүнхийг булааж аваад буцаад зам хөндлөн гараад Мөнхжаргал дээр очоод Мөнхжаргалд цүнхээ өгөөд “Rich” зочид буудлын урд талаар нь дээшээ өгсөөд алхсан. Тэгээд тэр цүнхийг онгойлгоод Мөнхжаргал бүгдийг нь үзээд байсан. Юу байна гэж хэлсэн чинь Мөнхжаргал нь гар утас байсан гэж хэлсэн. Тэгээд буцаж уруудаад нэг дэлгүүр ороод 1 шил архи авч буцаж буудлынхаа өрөөндөө орсон. Тэр архийг ямар мөнгөөр авсныг би мэдэхгүй. Мөнхжаргал л цүнхийг нь ухаад байснаараа архийг авсан. Архиа ууж байгаад би тэндээ унтаад өгсөн. Нэг сэрэхэд Мөнхжаргал байхгүй, гараад явчихсан байсан. Тэгээд буцаж унтаад маргааш өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сэрэхэд Мөнхжаргал ирчихсэн хажуугаар ороод унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх 82-83/,

 

 Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 65-76/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.  

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь 2020 оны 10 сарын 29-ний өдрийн тогтоолоор шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Улмаар 2020 оны 12 сарын 22-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор шүүгдэгч Т.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж өөрчлөлт оруулжээ.  

2021 оны 02 сарын 01-ний өдрийн 04 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Ч.Мөнхжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Харин 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 156 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Гт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилжээ.

 

Прокурор нь тус хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол түүнд өөрчлөлт оруулах тогтоол, яллах дүгнэлтийн дүгнэх хэсэгт шүүгдэгч Т.Гыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж буруу дүгнэсэн хэдий ч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дээрх үйлдлээ зөвтгөж зүйлчилжээ.

 

Энэ байдал нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй учир Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нь архины мөнгө олох зорилгоор гудамжинд гарснаар хохирогчийг олж харан түүний эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго үүсэж, улмаар гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх боломжтой хэмээн тооцож уг зорилгоо бүрэн хэрэгжүүлж хүч хэрэглэж  довтолсон үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй тохиолдолд хохирогч газарт унахгүй байх байсан бөгөөд хохирогч Ч.Тогтохын эд зүйлийг дээрэмдэх явцад шүүгдэгчийн үйлдлээс хамаарч хохирогч газарт унаж эрүүл мэндэд нь хохирол учирсан нь камерын бичлэгт бүрэн тусгагдсан байна.

 

Шүүгдэгч нь өөрийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч дүгнэсэн болно.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авахаар довтолгоон эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь түүний хохирогчийн бие махбодод халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаахаар хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодод хүч хэрэглэн халдаж, өөрийнх нь үйлдлийн улмаас хохирол учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд санаатайгаар үйлдсэн байна.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн болох нь түүний мэдүүлгээр, гэмт хэрэг үйлдэж байгаа нь камерын бичлэгээр тус тус хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэрч Ц.Баасан нь хохирогчтой анх тааралдахад биед нь гэмтэл үүссэн байсан, нүүр нь цус болсон байсан талаар мэдүүлсэн. Тийм болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасан.

Өмгөөлөгчийн уг дүгнэлтийг шүүх хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь гэрч Ц.Баасан нь хохирогчтой анх тааралдахад гудамжинд хэвтэж байсан, ингэж тааралдахад хохирогчийн эд зүйл газар тарсан байсан, өмдөндөө шээсэн байсан, нүүр нь битүү цус болсон байсан тухай мэдүүлсэн байх хэдий ч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судалж үзэхэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас замын хажуу боржур дээрээс хохирогч биеийн зүүн талаараа газарт унаж байгаа нь бичигдсэн байна. Энэ үйлдэл нь хохирогчийн нүүрний зүүн хэсэгт үүссэн гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Тогтохын эд зүйлийг шүүгдэгчээс хураан авч хүлээлгэн өгсөн, мөн шүүгдэгч Т.Гын зүгээс 280.000 төгрөгийг хохиролд төлсөн байх ба хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэд хэдэн гэмт хэрэгт өөр өөр төрлийн ял оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэргийн үйл явдлыг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Тийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Т.Гыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 1 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ