Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 418

 

 

 

  2021        03         29                                  2021/ШЦТ/418 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00367 0314 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 20-1437 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Ч.Насанжаргалтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсаны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний үснээс зулгааж толгой, гар, хөл рүү нь өшиглөж Ч.Насанжаргалын биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулай дагзны хуйх, дух, зүүн гарын бугалга ба сарвуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний хазагдсан шарх, зүүн шуу, баруун мөр, баруун шуу, зүүн хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, нуруу, зүүн далны зулгаралт, цус хуралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2106 00367 0314 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч О.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.Насанжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Нөхөр Г нь гэртээ орж ирээд ганцаараа 0.5 литрийн Соёрхол нэртэй архинаас бага зэргийг уусан ба бэлэг эрхтэндээ бэлгэвч углаад надтай бэлгийн харилцаанд оръё гэхээр нь би “ядраад байна” гэж хэлсэн. Мөн надтай хамт архи уусангүй гэх шалтгаанаар миний үснээс зулгаасан. Мөн толгой руу өшиглөж, дэвссэн. Энэ асуудал шөнийн 00 цагаас 03 цагийн хооронд үргэлжилсэн. Миний үс маш их хэмжээгээр унаж, зүүн талын гарын булчингийн хэсэг, мөн талын гуяны булчингийн хэсэг хөхөрсөн байдалтай байсан.  

Г нь 2018 онд намайг зодож хавирганы толгойны хоёр яс мултарч, нурууны сэртэнгийн хоёр яс бүтэн хугаралтай, баруун талын 6, 7 дугаар хавирга бүтэн хугаралттай байсан. ...Мөн 2018 онд миний элэг рүү 2 удаа цохиход би амьсгалж чадахгүй болж байсан. Мөн 2020 оны 08 дугаар сарын дундуур Г бид хоёр маргалдаж  миний нүүр рүү нэг удаа өшиглөж, баруун нүдний арьс зулгарч, хөхөрч байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй. Би дээрх явдлаас болж 3 сарын хугацаанд гэрээсээ явж байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г надаас уучлалт гуйгаад “дахин зодохгүй” гэж хэлэхээр нь итгэсэн ба үр хүүхдүүдээ бодоод гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1252 дугаартай:

“Ч.Насанжаргалын биед тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулай, дагзны хуйх, дух, зүүн гарын бугалга ба сарвуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт,  хэлний хазагдсан шарх, зүүн шуу, баруун мөр, баруун шуу, зүүн хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, нуруу, зүүн далны зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

 

Шүүгдэгч О.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эхнэр хүүхдийн хамт хадам эгч Наранцацралтын төрсөн өдөрт очоод тэндээ архи ууж байгаад шөнийн 02 цагийн үед гэртээ ирсэн ба ганцаараа 0.5 литрийн архины талыг уусан. Тухайн үед ухаанаа алдсан байна. Юу болсон талаар санахгүй байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

 

- Прокурорын хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, БЗДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 01-05/,

- эрх бүхий албан тушаалтны 827 дугаартай санал /хх-ийн 06/

-  аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 07-09/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 32/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 35-38/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Гийн эхнэр хохирогч Ч.Насанжаргалын эрүүл мэндэд санаатайгаар гэм хор учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй болно.

 

Шүүгдэгч О.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Насанжаргалын бие махбодод тархи доргилт, баруун, зүүн чамархай, зулай, дагзны хуйх, дух, зүүн гарын бугалга ба сарвуу, зөөлөн эдийн няцрал, цус хуралт,  хэлний хазагдсан шарх, зүүн шуу, баруун мөр, баруун шуу, зүүн хөх, баруун, зүүн гуяны цус хуралт, нуруу, зүүн далны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ч.Насанжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч О.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч О.Гэд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Оийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ