Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/354

 

 

 

                                                 

                                  

      

   2021         03         17                                     2021/ШЦТ/354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

          иргэдийн төлөөлөгч Г.Оюунхишиг

          улсын яллагч Э.Ариунболд,

          хохирогч Д.Отгонжаргал,

          хохирогч Д.Ганчимэгийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв,

          шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий
ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн 2006 1777 1146 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 45/2 байрны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

 Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар нээлттэй дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ000000, Х овогт Г.М.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.М нь “Төрийн өмчийн орон сууцны корпорацийн байранд хямдхан хамруулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Отгонжаргал, Г.Гантөгс нараас өөрийн “Хаан” банкин дахь 5007973443 дугаартай дансаар дамжуулан нийт 12.300.000 төгрөгийг хуурч авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Энхгэрэлийг “манай авга ах Боловсролын яаманд ажилладаг юм, засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах 1 орон тоо гарсан, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалтанд хамруулна, 12 сая төгрөг байвал болох юм байна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 61 тоот гэрээс нь банкны харилцах дансаар нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15-50 тоотод оршин суугч М.Эрдэнэчимэгтэй утсаар холбогдон “ах нийслэлийн орон сууцны корпорацид албаны дарга хийдэг, “Буян-Ухаа” хороололд нэг давхарт 3 өрөө байр, 2 давхарт 2 өрөө байр зарна, эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч байрны урьдчилгаа мөнгө гэж 4.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр П.Алтангэрэлийг “нийслэлийн орон сууц корпорациас зарласан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэр, Чингис хааны нэрэмжит талбай орчмоос 1.537.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр А.Оюунцэцэгийг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Д.Ганчимэгээс түүний хүү Б.Чинзоригийг “Австрали улс руу тэтгэлэгтэй сургуульд зуучилж виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 44.801.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Наранцэнгэлийг “гадаадад тэтгэлэгтэй сургалтанд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хаан” банкны 5007973343 дугаартай дансаар 8.207.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мөнхбаярыг “хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.698.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         Иргэн Б.Цогмаагийн хүү болох Дөлгөөнийг нь “Австрали улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө, яаралтай хоол, байр, тийзний мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.228.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 685.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.913.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн Б.Болормааг “Австрали улсад төрийн сангийн тэтгэлгээр хүүхдийг нь суралцуулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-өөс 8 дугаар сарын 23-ны хооронд нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Т.Анхбаярыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Байгальмааг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мөнхжаргал, Ц.Мөнхцэцэг нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Ц.Мөнхжаргалаас 1.387.000 төгрөг, Ц.Мөнхцэцэгээс 1.567.000 төгрөг,

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Б.Дагиддулам, Ч.Баасанжав нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Б.Дагиддуламаас 1.904.000 төгрөг, Ч.Баасанжаваас 1.567.000 төгрөг буюу нийт 6.425.500 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрийн хооронд Б.Оюунтогост “хүүхдийг чинь Солонгос улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2 удаагийн гүйлгээгээр 5.825.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Зултуяад “хүүхдийг чинь Австрали улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнхтунгалагт “түрээсийн байрны квот авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.226.100 төгрөгийг “Хаан” банкны 5007973443 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “....Би бүх хохироосон хохирогч нараас уучлалт гуймаар байна. Би 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээр тасарсан. Тэгээд ялын хугацаа маань зогссон. Тэгээд энэ хэрэг дээр хохирол ярихаар урьд шүүхээр тасарсан хэрэг холбоотой болоод байгаа юм. Яагаад гэхээр би энэ хэргийн хохирогч нараас мөнгө аваад урьд шүүхээр тасарсан хэргийн хохирогч нарын хохирлыг төлсөн. Би тухайн үед надад өөр үйлдсэн хэрэг байгаа талаар анхан шатны хэлэлцүүлгийн хурлаас эхлээд энэ хэргийн 16 хүний хохирол дунд 2018 оны Б.Цогмаа гэдэг хүний үйлдэл хүртэл явж байгаа. Би анхнаасаа бүх хэрэг дээрээ Н.Намжилцогт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа аваад явж байсан. Би анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс “Улсын Дээд шүүх хүртэл үргэлжилсэн үйлдэл байгаа хэргийг минь нэгтгэж шийдвэрлэж өгөөч” гэж хэлж байсан. Би прокурорын шатанд хүртэл Б.Цогмаа гэх хүний үйлдэл үлдсэн гэж хэлсэн. Би эхний нэг хохирогчоос авсан мөнгө нөгөө хохирогчид нь өгсөөр байгаад үргэлжилсэн үйлдэлтэй болсон. Урьд үйлдсэн хэрэг дээр шүүхийн шатанд гурвуулаа байсан. Надтай яг ижилхэн үйлдэлтэй хоёр хүн хэрэгсэхгүй болсон учир би Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгээд одоо би дахин нэг хүнд зүйл ангиар ял шийтгэгдэх гэж байгаа минь надад маш хэцүү байна. Урьд хэргийг нэгтгээд нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэж болох байсан. Гэтэл өнөөдөр дахин нэг хүнд зүйл ангиар ял авах гээд зогсож байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бүх шатны шүүхэд гэм буруугаа хүлээж орж байсан. Энэ байдлыг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонжаргал мэдүүлэхдээ: “....Надаас анх “НОСК”-н байранд оруулж өгнө” гээд утсаар яриад мөнгө авсан. Хохирогч Гантөгсийг таньдаг гээд Гантөгстэй байнга ярьж байгаад “НОСК”-н байранд оруулж өгнө” гээд мөнгө авсан. Хохирогч Гантөгс бид хоёр нийлээд 12.300.000 гаран сая төгрөг өгсөн. Тэгээд цувуулж мөнгө авсаар байгаад байранд орсон зүйл байхгүй. Би Г.М-д мөнгө өгөхдөө хүнээс хүүтэй мөнгө авч өгдөг байсан. Тэгээд ээмэг, бөгж хүртэл тавиулаад надаас мөнгө авч байсан. Би хохирлоо хурдан барагдуулмаар байна.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас иргэн Г.Санчирбаяраас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-2/, хохирогч Г.Гантөгсийн өгсөн мэдүүлэг, /1хх-10-11/, хохирогч Д.Отгонжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-12-13/, хохирогч Б.Цогмаагийн өгсөн мэдүүлэг /1хх-161-165/, хохирогч Т.Анхбаярын өгсөн мэдүүлэг /2хх-54-55/, хохирогч Б.Наранцэнгэлийн өгсөн мэдүүлэг /2хх-220-221/, хохирогч Ч.Мөнхбаярын өгсөн мэдүүлэг /3хх-23-25/, хохирогч Б.Болормаагийн өгсөн мэдүүлэг /1хх-134-135/, хохирогч Б.Энхгэрэлийн өгсөн мэдүүлэг /3хх-97-98/, хохирогч М.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /3хх-132-133/, хохирогч П.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /3хх-234-235/, хохирогч А.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /4хх-4-5/, хохирогч Д.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /4хх-67-68/, хохирогч Ц.Байгальмаагийн өгсөн мэдүүлэг /5хх-76-77/, хохирогч Ц.Мөнхжаргалын өгсөн мэдүүлэг /5хх-188-189/, хохирогч Ц.Мөнхцэцэгийн өгсөн мэдүүлэг /5хх-183, 192-193/, хохирогч Б.Оюунтогосын өгсөн мэдүүлэг /6хх-54-55/, хохирогч Ц.Зултуяагийн өгсөн мэдүүлэг /6хх-58-59/, хохирогч Т.Мөнхтунгалагийн өгсөн мэдүүлэг /6хх-223-234/, хохирогч Д.Ганчимэгийн өгсөн мэдүүлэг /4хх-66/, гэрч Б.Чинзоригийн өгсөн мэдүүлэг /4хх-72-73/, Г.М-ын “Хаан” банкны дансны хуулга /4хх-76-88/, Г.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-150-154/, Г.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-79/, шинээр 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

  

Шүүгдэгч Г.М нь “Төрийн өмчийн орон сууцны корпорацийн байранд хямдхан хамруулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Отгонжаргал, Г.Гантөгс нараас өөрийн “Хаан” банкин дахь 5007973443 дугаартай дансаар дамжуулан нийт 12.300.000 төгрөгийг хуурч авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гантөгсийн өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Г.М нь над руу 99147599 дугаарын утсаар залгаад “Төрийн орон сууцны корпорациас түрээсийн байр хямдхан гарч ирж байна урьдчилгаа 3.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөг өгөөд цааш үргэлжлүүлэн түрээсийг нь 3 жил төлөөд байртай болох боломжтой өнөөдрийн дотор урьдчилгаа мөнгийг нь 10 хувиар нь өгчихвөл болно, одоо мөнгө өгөхгүй бол өөр хүмүүс авах гээд байна” гэхэд нь би өөрийн алтан ээмэг 2 хос, 5 ширхэг алтан бөгжийг найз Д.Отгонжаргалын эд зүйлийг хамт Кино үйлдвэрийн автобусны хойд талд байрлах “Сайн” ломбарданд 3.500.000 төгрөгөнд тавьсан байгаа. Би энэхүү мөнгийг Д.Отгонжаргалын эзэмшдэг “Хаан” банкны 5039022402 дугаарын данснаас шилжүүлэн өгсөн байгаа. Би Г.М-аас 2020 оны 2 дугаар сард 50.000 төгрөг хүлээн авсан байгаа.” гэх мэдүүлэг /1хх-10-11/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонжаргалын өгсөн: “...Миний танил Гантөгсийн таньдаг хүн гэх Г.М нь Г.Гантөгс рүү 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр бид хоёр хамт явж байхад залгаад “Төрийн орон сууцны корпорацид 2 хямдхан байр гарлаа, урьдчилгаа 3.500.000-4.500.000 төгрөг болно, авахаар бол мөнгөө яаралтай өг нэрийг нь оруулах гээд байна” гэсэн. Тухайн үед би байрыг нь сонирхоод урьдчилгаа мөнгө нийт 10.300.000 төгрөгийг Г.Гантөгсийн 2.000.000 төгрөгийг нийлүүлээд 12.300.000 төгрөг болсон. Энэ мөнгөөр байр авч өгнө гэсэн Г.М-ын өгсөн 5007973443 дугаарын дансанд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2.800.000 төгрөгийг би өөрийн 2039022402 данснаасаа гэрээсээ шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 7.700.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 800.000 төгрөг, нийт 11.700.000 төгрөгийг би гэртээ байхдаа интернэт банк ашиглаж Отгоо гэсэн утгаар шилжүүлсэн. Би “болохгүй бол эргүүлээд мөнгөө авъя” гээд 980.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Би одоо 10.720.000 төгрөгийг Г.М-аас авах ёстой.” гэх мэдүүлэг /1хх-12-13, 16-18/,

Иргэн Г.Гантөгс, Д.Отгонжаргал нарын гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-6/,

“Хаан” банкны дансны хуулга /1хх-19-35, 38-54/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь иргэн Б.Болормааг “Австрали улсад төрийн сангийн тэтгэлгээр хүүхдийг нь суралцуулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-өөс 8 дугаар сарын 23-ны хооронд нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болормаагийн өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд Г.М-д нийт 8 удаагийн “Хаан” банкны гүйлгээгээр 23.902.500 төгрөгийг шилжүүлсэн юм. Миний хувьд М-д мөнгө шилжүүлэх болсон шалтгаан гэвэл “М нь надад боловсролын яаманд таньдаг том ажил хийдэг ах байна, таны хүүхдийг Австрали улс руу төрийн сангийн 100 хувийн тэтгэлэгтэй зээлээр суралцуулж өгнө” гэж ам гаргаж ярьсан учраас би маш их итгэж найдаад өөрийн “Хаан” банкны 5094506088 данснаасаа Г.М-ын хаан банкны 5007973443 гэсэн данс руу нийт 23.905.500 төгрөг шилжүүлсэн. Г.М надад 3.100.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хооронд над руу шилжүүлсэн. Би одоо Г.М гэх эмэгтэйгээс 20.802.500 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэлтэй байна.” гэх мэдүүлэг /1хх-133-135/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Мөнгө авах нь авсан, тэр үеийн цаг хугацааг би санахад 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 52 минутад миний “Хаан” банкны 5094516994 дугаарын дансанд Г.М-аас шагнал гэсэн утгатай 500.000 төгрөг орж ирсэн.” гэх мэдүүлэг /1хх-149-150/, 

“Хаан” банкны дансны хуулга /1хх-151-152, 165-167/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /1хх-153-160/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Т.Анхбаярыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Анхбаярын өгсөн: “...Манай эхнэрийн үеэл болох Х.Цэенхүү гэдэг хүүхэн байдаг. 2019 оны 12 сард Х.Цэенхүү надад хандан “Солонгос улс руу маш найдвартай гаргадаг Г.М гэдэг хүн байна. Тэр хүн өмнө нь Солонгос улс руу нэг хүний 5.000.000 төгрөгөөр гаргана гэж байна гэж надад хэлсэн. Тухайн үед би үнэхээр тийм юм бол гадагшаа гарч ажил хийе гэж бодоод Г.М гэдэг эмэгтэйтэй 99147599 гэсэн дугаараар холбогдоход “би виз гаргадаг, визийг чинь удахгүй гаргаж өгнө, таны зардалд нийт 5.000.000 төгрөг болно” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр визний үнэ гэж 2.218.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэлний сургалтын төлбөр гэж 225.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр олон улсын жолооны үнэмлэхний мөнгө гэж 205.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр виз зуучилсны хөлс гэж 2.352.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд би түүнтэй удаа дараа уулзах гэсэн боловч худлаа хэлээд уулздаггүй байсан. 4 удаагийн гүйлгээгээр 5.000.000 шилжүүлсэн. Г.М надад 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны хооронд 5 удаагийн гүйлгээгээр 1.300.000 буцааж өгсөн. Цэенхүүгээс 1.500.000 төгрөг буцааж авсан.” гэх мэдүүлэг /2хх-54-55/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төгөлдөрийн өгсөн: “...Анхбаяр ахыг би Г.М-тай холбож өгөөд тэр 2 хоорондоо явах тухай ярьсан байх.” /2хх-56-57/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Цэенхүүгийн өгсөн: “...Улмаар Тунгалаг нь цаашаа Г.М руу шилжүүлсэн байх. Ингээд тухайн үед Тунгалаг надад Г.М-тай харьц гээд түүний дугаарыг өгсөн. Тэгээд мөнгө өгсөнөөс хойш Г.М-тай байнга болон манай хүү утсаар холбоотой байсан.” гэх мэдүүлэг /2хх-58-59/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Тунгалагийн өгсөн: “...Ингээд Г.М гэдэг хүнтэй түүний 99147599 гэсэн дугаараар анх холбогдож сүүлдээ холбогдох боломжгүй болох хүртэл холбоотой байсан. Энэ мэтчилэн би өөрийнхөө төрсөн дүүг хүртэл гадагшаа явуулах гэж Г.М-д мөнгө өгсөн. Гэхдээ манай дүүгийн асуудал тусдаа.” гэх мэдүүлэг /2хх-60-61/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ариунаагийн өгсөн: “...Тухайн үед надтай утсаар ярихдаа өөрийнхөө нэрийг Г.М гээд надтай маш итгэлтэй утсаар яриад байсан. Ингэхээр нь би тухайн үед санаанд ороогүй манай үйлчлүүлэгч байна гэж бодсон. Надад тухайн үед өөрийнхөө талын хүмүүсээс Г.М гэгчийн хэлээд байсан Австрали улс руу явуулах хүн байхгүй байсан учраас манай эмнэлгийн нягтлан Тунгалаг эгчид дээрхи зүйлийг ярьсан.” гэх мэдүүлэг /2хх-62-63/,

Гар утаснаас банкны гүйлгээг зургаар баталгаажуулсан баримт /2хх-66/,

“Хаан” банкны дансны хуулга /2хх-73-78, 80-88/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь иргэн Б.Цогмаагийн хүү болох Дөлгөөнийг нь “Австрали улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө, яаралтай хоол, байр, тийзний мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.228.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 685.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.913.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Цогмаагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр байж байхад манай эмнэлгээр үйлчлүүлдэг Г.М гэх эмэгтэй залгаад “манай ах боловсролын яаманд ажилладаг юм, тэгээд Австрали улсын Сиднейн их сургуульд нуг хуваарь гаралаа их боломж байгаа юм, та өөрийн хүүгээ явуулах уу” гэхээр “явуулья” гэж хэлсэн. Тэгэхэд Г.М “та бичиг баримт бүрдүүлж аваад баталгаа болгож 5.000.000 төгрөг байршуулна, үүнээс 2.228.000 төгрөг нь тань руу буцааж орно” гээд 3.000.000 төгрөг, дараа нь 2.228.000 төгрөг, билетний мөнгө 1.685.000 төгрөг тус тус авсан. Ингээд нийт 6.913.000 төгрөг авсан. Г.М-аас мөнгөө авмаар байна. Ямар нэгэн байдлаар надад мөнгө буцааж өгөөгүй.” гэх мэдүүлэг /2хх-161-165/,

“Хас” банкны орлогын маягт /2хх-182-184/,

“Төрийн банк”-ны дансны хуулга /2хх-188-191/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Наранцэнгэлийг “гадаадад тэтгэлэгтэй сургалтанд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хаан” банкны 5007973343 дугаартай дансаар 8.207.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Наранцэнгэлийн өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 99147599 дугаараас залгаад “Мөөгий эгч нь байна, манай ах засгийн газрын боловсролын хэлтэст ажилладаг юм, тэгээд гадаад руу тэтгэлэгтэй, байртай хөтөлбөр байна” гэсэн. Тэгэхэд би дүү Баярцэнгэлийг гадагшаа Австрали улс руу сургах бодолтой байгаа талаар хэлсэн. Г.М нь надад хэлэхдээ “15 сая төгрөг байдаг, өмнө нь шалгалт өгөөд тэнцсэн байсан хүүхдүүдээс нэг нь жирэмсэн болсон гэнэ, тэр хүүхэд нь явах боломжгүй болсон байна” гэж хэлсэн. Надаас нийт 8.207.000 төгрөг авсан. 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр “Хаан” банкны 5007973443 дугаартай данс руу Баярцэнгэл тэтгэлэг гэсэн утгатай 2.000.000 төгрөг, мөн адил өдөр татвар гэсэн утгатайгаар 1.207.000 төгрөг, “Голомт” банкны мобайл банк ашиглан “Хаан” банкны данс руу нь 5,.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /2хх-220-221/,

“Голомт” банкны дансны хуулга /2хх-235-236/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мөнхбаярыг “хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.698.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Мөнхбаярын өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 22б-148 тоот гэртээ байж байхад манай эхнэр “Пүрэвсүрэнгийн найз байгаа гэнэ, Бямбасүрэн гээд манай ажлын хүн Буянт-Ухаа цогцолборт хөнгөлөлттэй байр авч байгаа гэнэ, чи яриадах” гэхээр нь 99147599 дугаартай залгаж ярьсан. “Надад хямдхан байр байна, 5 сая төгрөгний урьдчилгаа миний дансанд шилжүүлвэл 500.000 төгрөгөөр гэрээ хийх эрхийг нь зарья” гэж хэлсэн. Бас 198.500 төгрөгийн татварын хураамж бас төлөх ёстой гэсэн. Тус мөнгөнүүдийг миний 5007973443 дугаарын данс болох Г.М-ын дансанд хийгээрэй гэсэн. Тэгээд би 1 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг 5007973443 гэсэн данс руу интернет банкаар шилжүүлсэн. Маргааш нь үлдэгдэл 698.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сараас хойш цувуулсаар байгаад 5.698.500 төгрөгнөөс 2.400.000 төгрөгийг миний данс руу явуулсан. Одоо 3.300.000 төгрөг өгөх ёстой.” гэх мэдүүлэг /3хх-23-25/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Дүү Бямбасүрэн маань аль хэдийн Г.М гэх хүн рүү найз Отгончимэгийн хамт урьдчилгааны мөнгөө шилжүүлсэн байсан. Тэгээд Г.М-ыг худлаа гэдгийг мэдээд Бямбасүрэн, Ш.Отгончимэг нар хайж мөнгөө буцааж авахаар хөөцөлдөж байгаа.” гэх мэдүүлэг /3хх-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Отгончимэгийн өгсөн: “...Тэгээд би 2020 оны 1 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22б-148 тоот гэртээ байхдаа нөхрийнхөө данснаас 5 сая төгрөгийг Г.М-ын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /3хх-27/,

“Төрийн банк”-ны дансны хуулга /3хх-49-54/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /3хх-73-77/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Энхгэрэлийг “манай авга ах Боловсролын яаманд ажилладаг юм, засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах 1 орон тоо гарсан, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалтанд хамруулна, 12 сая төгрөг байвал болох юм байна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 61 тоот гэрээс нь банкны харилцах дансаар нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Энхгэрэлийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын эхээр 99147599 дугаарын утсаар “Энхгэрэл эмч мөн үү би Мөөгий байна, манай авга ах нар боловсролын яаманд ажилладаг юм, Засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах нэг орон тоо гарлаа, танд явуулах хүн байна уу” гэхээр нь “манай охин байна” гэхэд “тэрийгээ явуулахгүй юу даа, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалт” гэж хэлсэн. 12.000.000 төгрөг байвал болох юм байна гэсэн. Тэгэхээр нь “надад 12.000.000 төгрөг байхгүй” гэсэн чинь “хагас сайн өдрөөс өмнө 9.000.000 төгрөг бүрдүүлчихвэл би яриад болгочихье” гэсэн. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 9.200.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд тэр цагаас хойш удаашруулсаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын 6-наас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны хооронд нийт 2.250.000 төгрөг буцааж өгсөн.” гэх мэдүүлэг /3хх-97-98/  зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15-50 тоотод оршин суугч М.Эрдэнэчимэгтэй утсаар холбогдон “ах нийслэлийн орон сууцны корпорацид албаны дарга хийдэг, “Буян-Ухаа” хороололд нэг давхарт 3 өрөө байр, 2 давхарт 2 өрөө байр зарна, эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа” хэмээн бодит байдыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч байрны урьдчилгаа мөнгө гэж 4.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Эрдэнэчимэгийн өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 99147599 дугаарын утаснаас “Мөөгий сэтгүүлч байнаа, манай нэг ах нийслэлийн орон сууц корпорацийн албаны дарга хийдэг юм, тэгээд “Буян-Ухаа” хороололд нэг давхарт 3 өрөө байр, 3 давхарт 2 өрөө байр байна авах эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа юм аа түрээсээр орох боломжтой юм, та энэ байрнуудаас сонирхох уу эсвэл та энэ байрнаас найдвартай хүн байвал олоод өгөөч хамаагүй хүмүүсээс асуухаар ахыг ажилгүй болгочих байх” гэсэн. Би тэр нэг давхрын 3 өрөө байрыг нь эгч нь авъя 2 өрөө байрыг нь ойр дотны хүмүүсээс асууж өгье гэсэн. Тэгсэн чинь та 16:00 цагаас өмнө урьдчилгаа болох 3.600.000 төгрөг хийчих нэг сарын түрээс нь 600.000 төгрөгөөр бодоод 6 сарын төлбөр хийх ёстой юм гэсэн. Тэгээд би  шилжүүлчихсэн юм.” гэх мэдүүлэг /3хх-132-133/,

Хохирогч М.Эрдэнэчимэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /3хх-119/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /3хх-120-122/,

“Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга /3хх-123-126/,

“Хаан” банкны дансны хуулга /3хх-138-139/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр П.Алтангэрэлийг “нийслэлийн орон сууц корпорациас зарласан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэр, Чингис хааны нэрэмжит талбай орчмоос 1.537.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Алтангэрэлийн өгсөн: “...Г.М гэх эмэгтэй над руу залгасан дугаар руу эргэж залгаад “манай охинд байр хэрэгтэй байна” гэж лавлатал Г.Мөнжаргал “таны хувьд ёстой зүгээр шүү” гэж хэлээд “тэгвэл та 30 минутын дотор байрны эхний 3 сарын түрээс 1.440.000 төгрөг, татварын 97,800 төгрөг шилжүүлэхгүй бол болохоо байлаа, цаад байгууллага нь шаардаад байна бүртгэлээ аваад дуусаж байгаа юм, би таныг яаралтай бүртгүүлээд оруулаад өгье” гэсэн. Тэгээд хүн амьтнаас зээлээд Г.М-ын хаан банкны 5007973443 дугаарын данс руу 1.440.000 төгрөгийг, дараа нь 97.800 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би Г.М гэх эмэгтэйгээс надаас залилж авсан 1.537.800 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3хх-234-235/,

Хохирогч П.Алтангэрэлийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /3хх-210/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /3хх-213-230/,

“Хаан” банкны шилжүүлгийн хуулга /3хх-231/

“Төрийн банк”-ны дансны хуулга /3хх-250/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр А.Оюунцэцэгийг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Оюунцэцэгийн өгсөн: “...Г.М гэх эмэгтэй нь 2017-2018 оны үед шиг санагдаж байна. Таньдаг болсон. Тухайн үед Г.М нь телевизэд ажилладаг гээд манай үйлдвэр дээр ирж мэдээлэл авч байсан. 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Г.М над руу утсаар яриад “та хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр НОСК-ийн байранд бүртгүүлсэн байгаа юм байна, таны нэр 241 дүгээрт явж байна” гэж хэлсэн. “Манай найз НОСК-д ажилладаг юм, тэгээд би таньдаг хүмүүсийнхээ нэрийг тухайн жагсаалтанд нь урагшлуулж өгч байгаа юм, тэгээд би таньдаг хүмүүсийнхээ нэрийг нь тухайн жагсаалтанд нь урагшлуулж өгч байгаа юм та хамрагдах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл Г.М “эхний ээлжинд яаралтай 6.000.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна, танил талаараа зохицуулна” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Төрийн банкны данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 6.000.000 төгрөгийг Г.М-ын “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Тэгтэл Г.М нь ахиж яриад ахиад “2.000.000 төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахиад 2.000.,000 төгрөгийг Г.М-ын “Хаан” банкны данс руу нь шилжүүлсэн. Ахиж над руу утсаар яриад “байрныхаа метр квадратыг томруулах уу” гээд “томруулж байгаа юм чинь 2.000.000 төгрөг хэрэгтэй” гээд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг юм.” гэх мэдүүлэг /4хх-4-5/,

“Төрийн банк”-ны дансны хуулга /4хх-2/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд 23 удаагийн үргэжилсэн үйлдлээр Д.Ганчимэгээс түүний хүү Б.Чинзоригийг “Австрали улс руу тэтгэлэгтэй сургуульд зуучилж виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 44.801.100 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганчимэгийн өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн эгч Ганхуяг залгаад “над руу өөрийгөө Г.М гэдэг хүн яриад байна, би таниар эмчлүүлж байсан хүн байна, танд Австрали улс руу явах мэддэг хүн байна уу” гэж ярилаа гээд надад хэлсэн бөгөөд манай эгч миний утасны дугаарыг өгсөн байсан. Учир нь би эгчдээ урьд нь хүүхдээ Австрали улсад явуулах санаатай байгаа гэдгээ хальт хэлж байсан юм. Түүний маргааш өдөр нь буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр над руу 99147599 дугаараас Г.М гэх эмэгтэй залгаад “хүүгээ Австрали улсад сургуульд суралцуулах хүсэлтэй байгааг мэдлээ, манай ахын компани Австрали улс руу сургуульд зуучилж виз гаргаж өгдөг” гэж хэлсэн. “Авсрали улсын сургуульд суралцах нэг хүний материал яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна, та хурдан урьдчилгаа болох мөнгийг шилжүүлэх юм бол хурдан сургуульд сурах тэтгэлэг нь батлагдаад визийг нь гаргана” гэж хэлсэн. Тэгээд ятгаад байсан учраас түүний хэлснээр хамгийн анхны урьдчилгаа мөнгө гэх 12.000.000 төгрөгийг Г.М гэх хүний “Хаан” банкны 5007973443 дугаарын дансанд шилжүүлсэн. Түүний дараа 22 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Ингээд миний зүгээс 23 удаагийн гүйлгээгээр 44.801.100 төгрөгийг шилжүүлж залилуулсан юм. Г.М надад нийт 15 удаагийн жижиг жижиг бага дүнтэй гүйлгээгээр 4.200.000 төгрөгийг буцааж өгсөн. Би нийт 40.600.100 төгрөгийг Г.М-аас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4хх-67-68/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чинзоригийн өгсөн: “...Би өөрийн ээж Д.Ганчимэгтэй Австрали улс руу явж суралцахаар ярилцаж байсан. Тэгээд байж байтал 2019 оны 6 дугаар сарын үед манай ээжийн эгч Ганхуяг нь манай ээжид Австрали улс руу гаргадаг, сургуульд зуучилдаг хүн байна гэж хэлсэн байсан. Түүний дагуу манай ээж Г.М гэдэг эмэгтэйтэй холбогдож намайг Австрали улс руу явуулахаар ярилцсан байсан бөгөөд тухайн Г.М гэдэг хүн нь надтай мессежээр харилцаж байсан ба надаас миний овог нэр, төгссөн сургууль, цусны бүлэг зэргийн мэдээллийг надаас авч байсан.” гэх мэдүүлэг /4хх-72-73/

Хохирогч Д.Ганчимэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /4хх-36/,

“Хаан” банкны шилжүүлгийн хуулга /4хх-37-64, 77-89/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Байгальмааг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Байгальмаагийн өгсөн: “...Би төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн зөвлөх эмчээр ажиллаж байх үед 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн үед 99147599 дугаарын утаснаас залгаад “Мөөгий байна, та намайг таниж байна уу, би таныг засаг даргын тамгын газарт ажиллаж байх үед татварт ажиллаж байсан хүн байна, би таниас нэг юм асууя, та түрээсийн орон сууцанд хамрагдах уу, манай хамаатны ах түрээсийн орон сууц корпорацид албан тушаал эрхэлдэг юм, та материалаа бүрдүүлээд өг, 11 цагаас хурал болох гээд байгаа юм, тэрнээс өмнө амжуулаад өгчихвөл сайн байна” гэж хэлээд “метр квадрат нь 1.050.000 төгрөг ба 3 жилийн дараа таны өмчлөлд шилжинэ, та байрнаасаа хамаарч 500.000-600.000 төгрөг төлнө” гэж хэлсэн. Тэгээд би “Хаан” банк руу яваад тэр эмэгтэйн өгсөн 5007973443 дугаарын дансанд 3.200.000, 3.600.000, 37.500 төгрөгөөр 2 удаагийн татварын төлөлт гээд нийт 7.550.000 төгрөгийг хийсэн.” гэх мэдүүлэг /5хх-76-77/,

Хохирогч Ц.Байгальмаагийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /5хх-71/,

“Хаан” банкны шилжүүлгийн хуулга /5хх-72-73/ зэрэг болно.   

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мөнхжаргал, Ц.Мөнхцэцэг нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Ц.Мөнхжаргалаас 1.387.000 төгрөг, Ц.Мөнхцэцэгээс 1.567.000 төгрөг буюу нийт 2.954.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мөнхжаргалын өгсөн: “...99147599 дугаар утсаар эмэгтэй хүн залгаад “Нийслэлийн орон сууц корпорацийн түрээсийн байр байна, сар бүр түрээсээ төлөөд байртай болно” гэхээр нь 5007973443 гэсэн данс руу 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 1.260.000 төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн утган дээрээ “КИ77052112 Үүрцайхаас” гэж шилжүүлээд 2-3 минутын дараа уг данс руу 127.500 төгрөг шилжүүлсэн. Би энэ Г.М гэх хүнд залилуулсан 1.387.500 болон намайг 2 удаа Улаанбаатар хот руу дуудаж зардал чирэгдэл учруулсан. Мөнгө 300.000 төгрөг нийт 1.687.500 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5хх-188-189/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Мөнхцэцэгийн өгсөн: “...99147599 дугаар утсаар эмэгтэй хүн залгаад “Төрийн орон сууцны албанаас ярьж байна, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах материалтай танилцлаа, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна эхрний 3 сарын түрээсийн мөнгийн өнөөдөр 12 цагаас өмнө шилжүүлчих” гэхээр нь 2 өрөө байранд орохоор болж 480.000 төгрөгөөр бодож 1.440.000 төгрөг, хураамжийн мөнгө 127.000 төгрөг гээд нийт 1.567.000 төгрөг тэр хүнд өгсөн. Дагиддулам өөрөө 3 өрөө байранд, аав Баасанжавдаа 2 өрөө байрыг байрыг түрээсээр авч өгөхөөр болж мөнгийг нь тэр эмэгтэйд өгсөн. Ингээд бид нийт 6.425.000 төгрөгийг тэр эмэгдтэйд өгсөн. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн хувьд 6.425.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5хх-183, 192-193/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баасанжавын өгсөн: “...Би өөрөө тэр мөнгийг өгөөгүй. Манай охин Даваадулам өгсөн. Дансаар шилжүүлсэн гэсэн.” гэх мэдүүлэг /5хх-196/, 

 

Хохирогч Ц. Мөнхцэцэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /5хх-157-159/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /5хх-161-166/,

         “Хаан” банкны хуулга /5хх-201, 203, 216, 217-223/ зэрэг болно.   

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Б.Дагиддулам, Ч.Баасанжав нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Б.Дагиддуламаас 1.904.000 төгрөг, Ч.Баасанжаваас 1.567.000 төгрөг буюу нийт 3.471.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дагиддуламын өгсөн: “...Манай бэр болох Мөнхцэцэг 2020 оны 2 дугаар сарын үед над руу утсаар холбогдоод таньдаг хүн нь ОСК ажилладаг гэсэн ба тэр хүнийх нь хэлж байгаагаар Япон явсан хүний байр байгаа тэрний урьдчилгаа мөнгө төлөөд түрээсийн журмаар сар болгон мөнгө өгнө гэж хэлж байсан ба би үүнийг сонсоод 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр “Хаан” банкны өөрийн данснаас 5007973443 дугаарын данс руу байрны урьдчилгаа мөнгө гэж 1.117.000 төгрөг шилжүүлээд тэр өдрөө тухайн данс руу бичиг баримт бүрдүүлэлтийн мөнгө гэж 127.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба ингээд хэд хоногийн дараа орон сууц үзүүлнэ гэж хэлж байсан боловч Г.М гэдэг эмэгтэй нь манай бэр Мөнхцэцэгтэй уулзаагүй, гар утсаа салгаад алга болсон.” гэх мэдүүлэг /7хх-155-156/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Баасанжавын өгсөн: “...Манай бэр болох Мөнхцэцэг нь Г.М гэдэг эмэгтэй хүнтэй танилцсан гэсэн ба тэр хүн нь 2-3 өрөө орон сууцнууд байна, урьдчилгаа мөнгө өгөөд түрээсээр оршин суух нөхцөлтэй, хямдхан байр байна” гэсэн. Тэр дагуу манай бэр Мөнхцэцэг өөрөө захиалга өгсөн намайг бас захиалга өгвөл зүгээр юм байна гэхээр нь 2019 оны үед 1.500.000 төгрөгийг Г.М гэдэг хүний хувийн данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /7хх-160-161/ зэрэг болно.   

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрийн хооронд Б.Оюунтогост “хүүхдийг чинь Солонгос улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2 удаагийн гүйлгээгээр 5.825.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюунтогосын өгсөн: “...Хүүхэд Солонгос улс руу явуулах гэж байсан чинь “танхайн хэрэгт холбогдоод явуулах боломжгүй болчихлоо, тэр хүүхдийн оронд танай хүүхдийг явуулна” гэсэн. Тэгээд “цайны цагаас өмнө мөнгө шилжүүл” гээд яаруулаад байсан. Тэгээд би мөнгө хайгаад хүнээс зээлээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.000.000 төгрөгийг Г.М-ыг гэх хүний 5007973443 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь Г.М дахиж залгаад “тэтгэлэгт орох улсад мөнгө тушаадаг, тэр мөнгө 825.000 төгрөг болно” гэхээр нь шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сараас эхлээд 2020 оны 2 дугаар сард хүртэл цувуулж өгсөөр байгаад 5.825.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /6хх-54-55/,

Хохирогч Ц.Мөнхцэцэгийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /6хх-47/,

“Хаан” банкны хуулга /6хх-48-49/,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан: “...Б.Оюунтогос миний бие Г.М-д залилуулсан 5.825.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан тул гомдолгүй болно.” гэх хүсэлт /6хх-173/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Г.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Зултуяад “хүүхдийг чинь Австрали улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Зултуяагийн өгсөн: “...Г.М гэх хүн “надад Австрали улс руу явах бүх төлбөр мөнгө нь шийдэгдсэн  байгаа” гэсэн. Тэгээд би Г.М-ын 5007973443 дугаарын данс руу 1.750.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад Г.М бага багаа авсан мөнгийг цувуулаад өгч хохиролгүй болгосон.” гэх мэдүүлэг /6хх-58-59/,

“Голомт” банкны хуулга /5хх-75-87/ зэрэг болно.  

         Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан: “...Б.Оюунтогос миний бие Г.М-д залилуулсан 1.750.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан тул гомдолгүй болно.” гэх хүсэлт /6хх-175/ зэрэг болно.  

 

        Шүүгдэгч Г.М нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнхтунгалагт “түрээсийн байрны квот авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.226.100 төгрөгийг “Хаан” банкны 5007973443 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Мөнхтунгалагийн өгсөн: “...Орон сууцны квот авч өгнө” гэж хэлэхээр нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 4.127.000 төгрөг, мөн хүргэн ахын мобайл банкийг ашиглаж 2.195.000 төгрөг шилжүүлсэн юм. Надад надад нийт 6.322.000 төгрөгийн хохирол учирсан. Би уулзаж ямар нэгэн байдлаар утсаар дүрс харж ярьж байгаагүй. Над руу байнга л 99147599 дугаараас холбогдож ярьж байсан.” гэх мэдүүлэг /6хх-223-224/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Нямсүхийн өгсөн: “...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Харин манай дүү болох Мөнхтунгалаг их хэмжээний мөнгөөр хохирсон байгаа.” гэх мэдүүлэг /6хх-227-228/,

Хохирогч Т.Мөнхтунгалагийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /6хх-240/,

“Хаан” банкны хуулга /6хх-209/,

Гар утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан үзүүлэлт /6хх-212-216/

Шүүгдэгч Г.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-79/,

Хорих 407 дугаар ангийн хоригдол Г.М-ын ялын тооцоо 9 жил 4 сар 6 хоног /4хх-174/,

Шүүгдэгч Г.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5хх-79/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М-ын зүгээс: “...Хохирогч Д.Ганчимэгийн мөнгийг нь шилжүүлэх гэхээр өөрөө дандаа гадагшаа явчихдаг байсан. Би их хэмжээгээр мөнгө бол огт хийж байгаагүй. Би 200.000 төгрөг, 300.000 төгрөг гээд нэг хүнээс мөнгө аваад л хэдэн хүн рүү хуваагаад шилжүүлдэг байсан. Иймд олон удаагийн гүйлгээгээр 5.985.000 төгрөгийг шилжүүлсэн.” гэх тайлбарыг гаргах боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганчимэгийн өгсөн: “...Г.М надад нийт 15 удаагийн жижиг жижиг бага дүнтэй гүйлгээгээр 4.200.000 төгрөгийг буцааж өгсөн. Би нийт 40.600.100 төгрөгийг Г.М-аас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4хх-67-68/, мөн гэрч Б.Чинзоригийн өгсөн: “...Манай ээж Г.М гэдэг эмэгтэйтэй холбогдож намайг Австрали улс руу явуулахаар ярилцсан байсан бөгөөд тухайн Г.М гэдэг хүн нь надтай мессежээр харилцаж байсан ба надаас миний овог нэр, төгссөн сургууль, цусны бүлэг зэргийн мэдээллийг надаас авч байсан.” гэх мэдүүлэг /4хх-72-73/, “Хаан” банкны шилжүүлгийн хуулга /4хх-37-64, 77-89/ зэргээр хохирогч Д.Ганчимэг нь 23 удаагийн гүйлгээгээр нийт 44.801.100 төгрөгийг “Хаан” банкны 5020197610 дугаартай данснаас Г.М-д шилжүүлсэн. Мөн буцаагаад шүүгдэгч Г.М нь “Хаан” банкны 5020197610 дугаартай Д.Ганчимэг гэсэн данс руу 4.200.000 төгрөг буцаагаад хийсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч Г.М нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 16 үйлдлээр бусдад нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэргийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгч нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгож хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр түүний эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Залилах гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн хувийн хэрэгцээг өөрөө шударгаар орлого олж хангаж чадахгүй байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэж байгаагаар илэрхийлэгддэг.

Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Г.М нь хохирогч нарын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч шүүгдэгч Г.М нь “Төрийн өмчийн орон сууцны корпорацийн байранд хямдхан хамруулна” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Отгонжаргал, Г.Гантөгс нараас өөрийн “Хаан” банкин дахь 5007973443 дугаартай дансаар дамжуулан нийт 12.300.000 төгрөгийг хуурч авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Энхгэрэлийг “манай авга ах Боловсролын яаманд ажилладаг юм, засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах 1 орон тоо гарсан, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалтанд хамруулна, 12 сая төгрөг байвал болох юм байна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 15 дугаар байрны 61 тоот гэрээс нь банкны харилцах дансаар нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15-50 тоотод оршин суугч М.Эрдэнэчимэгтэй утсаар холбогдон “ах нийслэлийн орон сууцны корпорацид албаны дарга хийдэг, “Буян-Ухаа” хороололд нэг давхарт 3 өрөө байр, 2 давхарт 2 өрөө байр зарна, эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа” хэмээн бодит байдыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч байрны урьдчилгаа мөнгө гэж 4.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр П.Алтангэрэлийг “нийслэлийн орон сууц корпорациас зарласан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо нутаг дэвсгэр, Чингис хааны нэрэмжит талбай орчмоос 1.537.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр А.Оюунцэцэгийг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд 23 удаагийн үргэжилсэн үйлдлээр Д.Ганчимэгээс түүний хүү Б.Чинзоригийг “Австрали улс руу тэтгэлэгтэй сургуульд зуучилж виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 44.801.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Б.Наранцэнгэлийг “гадаадад тэтгэлэгтэй сургалтанд хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хаан” банкны 5007973343 дугаартай дансаар 8.207.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мөнхбаярыг “хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.698.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         Иргэн Б.Цогмаагийн хүү болох Дөлгөөнийг нь “Австрали улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө, яаралтай хоол, байр, тийзний мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.228.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 685.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.913.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         Иргэн Б.Болормааг “Австрали улсад төрийн сангийн тэтгэлгээр хүүхдийг нь суралцуулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-өөс 8 дугаар сарын 23-ны хооронд нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Т.Анхбаярыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

         2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.Байгальмааг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ц.Мөнхжаргал, Ц.Мөнхцэцэг нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Ц.Мөнхжаргалаас 1.387.000 төгрөг, Ц.Мөнхцэцэгээс 1.567.000 төгрөг,

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Б.Дагиддулам, Ч.Баасанжав нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Б.Дагиддуламаас 1.904.000 төгрөг, Ч.Баасанжаваас 1.567.000 төгрөг буюу нийт 6.425.500 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

         2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрийн хооронд Б.Оюунтогост “хүүхдийг чинь Солонгос улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2 удаагийн гүйлгээгээр 5.825.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

         2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Зултуяад “хүүхдийг чинь Австрали улс руу  сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнхтунгалагт “түрээсийн байрны квот авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.226.100 төгрөгийг “Хаан” банкны 5007973443 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч бусдад нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдыг залилсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

       Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.М-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Г.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М-аас хохирогч Г.Гантөгсөд 1.950.000 төгрөг, хохирогч Д.Отгонжаргалд 6.640.000 төгрөг, хохирогч Б.Болормаад 14.352.000 төгрөг, хохирогч Т.Анхбаярт 780.000 төгрөг, хохирогч Б.Цогмаад 6.913.000 төгрөг, хохирогч Б.Наранцэнгэлд 8.207.000 төгрөг, хохирогч Ч.Мөнхбаярт 3.300.000 төгрөг, хохирогч Б.Энхгэрэлд 6.590.000 төгрөг, хохирогч М.Эрдэнэчимэгт 4.100.000 төгрөг, хохирогч П.Алтангэрэлд 1.537.800 төгрөг, хохирогч А.Оюунцэцэгт 10.000.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 40.601.100, хохирогч Ц.Байгальмаад 6.875.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхжаргалд 1.387.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхцэцэгт 1.567.000 төгрөг, хохирогч Б.Дагиддуламд 1.904.000 төгрөг, хохирогч Ч.Баасанжавд 1.567.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтунгалагт 4.016.100 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “...эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.М-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 4 сар 6 хоног /4хх-174/ хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон 217 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


          1. Шүүгдэгч Х овогт Г.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                                                        

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д 6 жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.М-д оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон 217 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М-аас хохирогч Г.Гантөгсөд 1.950.000 төгрөг, хохирогч Д.Отгонжаргалд 6.640.000 төгрөг, хохирогч Б.Болормаад 14.352.000 төгрөг, хохирогч Т.Анхбаярт 780.000 төгрөг, хохирогч Б.Цогмаад 6.913.000 төгрөг, хохирогч Б.Наранцэнгэлд 8.207.000 төгрөг, хохирогч Ч.Мөнхбаярт 3.300.000 төгрөг, хохирогч Б.Энхгэрэлд 6.590.000 төгрөг, хохирогч М.Эрдэнэчимэгт 4.100.000 төгрөг, хохирогч П.Алтангэрэлд 1.537.800 төгрөг, хохирогч А.Оюунцэцэгт 10.000.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 40.601.100, хохирогч Ц.Байгальмаад 6.875.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхжаргалд 1.387.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхцэцэгт 1.567.000 төгрөг, хохирогч Б.Дагиддуламд 1.904.000 төгрөг, хохирогч Ч.Баасанжавд 1.567.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтунгалагт 4.016.100 төгрөгийг тус тус олгосугай.

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                       ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС

 

                                    ШҮҮГЧИД                               Н.БААСАНБАТ

 

                                                                                   Д.МӨНХТУЯА