Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 52

 

 

 

 

2021         01         11                                2021/ШЦТ/52

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

          хохирогч Н.Ш,

         шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:

          шүүгдэгч Б.Лхагва-Юндэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Л-нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Л 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, овоот 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” голын орчим Н.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, дээд баруун 1, зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн 2 дугаар шүдний сулрал, уруул язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ш мэдүүлэхдээ: “...8 дугаар сарын 15-ны өдөр ажлын хамт олонтойгоо “***” голын эрэг рүү гарсан. Манай ажлын Л гэх залуу, Лх, дахиад 2 залуутай хүрж ирсэн. Лх найз охин нь ирсэн байсан. Тухайн үед бид нар хоол хийж идээд явъя гэсэн чинь манай ажлын залуу энэ хэдийг дагуулж ирэнгүүтээ архи дарс авчраад ирсэн. Би тэр үед ууж идээгүй. Согтолтын хэмжээ тодорхой хэмжээгээр гайгүй байсан. Бүгд хот руу орж явахад Лх бууя гээд байсан. Буугаад найз охинтойгоо маргалдсан. Найз охин нь цаашаагаа голын эрэг дээр очоод байж байсан чинь Лх очиж аргадсан. Би наана нь буруу хараад зогсож байтал ард хөлийн чимээ гарах шиг болсон. Тэгээд би эргээд харсан чинь Лх үгийн зөрүүгүй үүдэн шүд рүү цохисон. Гэтэл миний шүд шууд унасан. Тэрийг машин дотор сууж байсан М, Б 2 харсан. Би ямар нэгэн байдлаар энэ хүнтэй маргалдаж зодолдоогүй. Энэ хүн намайг нэг удаа цохисон. Чи яагаад намайг цохидог юм гэж хэлээд хоорондоо барьцалдаж авсан. Манай 2 найз салгаад аваад явсан. Хүн чанар зулгаагаад яаж согтуу хүн хаяад явах вэ гээд аваад Улаанбаатар хот руу орж ирсэн. Үүдэн шүдгүй болсон. 2 талын ёзоор хөдөлсөн байсан. Одоо гайгүй байгаа. 19.000 төгрөгөөр үүдэн шүд хийлгэхгүй. Миний өөрийн үүдэн шүд, 19.000 төгрөгөөр үүдэн шүд хаана ч янзлахгүй. Шүдний эмнэлгээр явж үзэхэд 40 жилийн баталгаатай шүд байдаг юм байна. Тэр нь 2.000.000-2.500.000 төгрөг, эмчилгээтэйгээ 3.000.000 төгрөг болдог гэсэн .” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Ш мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8-10, 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 53-54/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9472 дугаар дүгнэлт /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Л-гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, хохирлын баримт /хх-н 34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” голын орчим Н.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, дээд баруун 1, зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн 2 дугаар шүдний сулрал, уруул язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” голын орчим Н.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, дээд баруун 1, зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн 2 дугаар шүдний сулрал, уруул язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.Ш-н  өгсөн: Би наана нь буруу хараад зогсож байтал ард хөлийн чимээ гарах шиг болсон. Тэгээд би эргээд харсан чинь Лх үгийн зөрүүгүй үүдэн шүд рүү цохисон. Гэтэл миний шүд шууд унасан. Тэрийг машин дотор сууж байсан М, Б 2 харсан. Би ямар нэгэн байдлаар энэ хүнтэй маргалдаж зодолдоогүй. Энэ хүн намайг нэг удаа цохисон. Чи яагаад намайг цохидог юм гэж хэлээд хоорондоо барьцалдаж авсан. Манай 2 найз салгаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Ш мэдүүлэхдээ: “...Тэгсэн найз охин нь голын эрэг дээр суучихсан чинь Лх найз охиноо араас очсон. Тэр үед би найз Б-тайгаа машинхаа хаалгыг түшиж зогсоод юм яриад байж байтал хажуу талаас хөлийн чимээ гарсан. Тэгэхээр нь би эргээд хартал шууд нэг гар орж ирээд миний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгээд би дээшээ хартал Лх намайг цохисон байсан. Тэгсэн миний үүдэн 1 шүд уначихсан. Тэгээд Лх бид хоёр маргалдаж, бид хоёрыг  тэд нар салгаад тэндээс бид нар явсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9472 дугаартай:

1.2 Н.Ш-н биед дээд зүүн 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, дээд баруун 1, зүүн 2 дугаар шүдний сулрал, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 18-19/,

Яллагдагч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн би архи уугаад сууж байхдаа ухаан алдтлаа согтоод тасарчихсан байсан. Би нэг сэрээд ухаан ортол Л-О ахын найз охин болон үл таних ах Ш гэх ах намайг машиныхаа гадна талд, багажныхаа дэргэд намайг газар унагаачихсан. Намайг өшиглөж байсан манай найзууд намайг Ш-оос салгахаар нь би юу болсон тухай найзуудаасаа асуутал манай найзууд болон Ш нар нь надад хэлэхдээ чи миний нүүр лүү цохиод миний шүдийг унагаачихсан гэж хэлсэн. Тэгээд гар дээр өөрийн унасан шүдээ тавьчихсан надад харуулсан. Тэгээд манай найзууд намайг явъя гээд бид нар бөөндөө нэг машинд суугаад Ш 16 дугаар хороололд байрлах гэртээ буугаад бид нар тэндээсээ салаад гэр гэр лүүгээ явцгаасан.Тэгээд би маргааш өглөө нь найз Б, М-А хоёроос юу болсон талаар дахин асуухад М-А би яг юу болсныг хараагүй, мэдэхгүй, байна гэж хэлсэн. Харин Б надад хэлэхдээ чи их согтуу өөрийн ухаангүй байхдаа Ш-той юм яриад сууж байхдаа Ш-ын нүүрэн тус газар нь гараараа цохиод шүдийг нь унагаачихсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” голын орчим Н.Ш-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь дээд зүүн 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хугарал, дээд баруун 1, зүүн 2 дугаар шүдний сулрал, зүүн 2 дугаар шүдний сулрал, уруул язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Лд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч Н.Ш нь шүд хийлгэх зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар :

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Л-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

             1. Б.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг  6  сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Н.Ш нь шүд хийлгэх зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН