| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0127/Э |
| Дугаар | 254 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 254
2021 03 03 2021/ШЦТ/254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Г.Хишигсүрэн,
шүүгдэгч Б.Б /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Батсуурийн Билгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0188 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн 148 дугаар дунд сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 41а гудамж, 770 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, зүүн 57-гийн задгай тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Хишигсүрэнтэй маргалдан улмаар толгой, гуя хэсэг рүү нь цохиж зодож биед нь зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хишигсүрэнгийн дүү Тэмүүжин над руу залгасан. Намайг хүрээд ир гэхээр нь би очиж чадахгүй гэж хэлэхэд миний гар утас руу өдөржингөө залгасан. Тэгээд орой 21:00 цаг өнгөр ч байхад Хишигсүрэнгийн дүү Тэмүүжин гадаа чинь ирчихлээ гэсэн. Тэгээд гарах гэтэл өөрөө орж ирсэн. Тэмүүжин пиво болон архи барьж орж ирсэн. Бид хоёр хамт авч ирсэн архи, пивыг нь хувааж уусан. Манай хүүхэд дүүгийнд байгаа найз нь гэртээ хонохгүй. Гэтэл Тэмүүжин гарахгүй байсан. Тэг үед хашааны хаалга цохиход манай дүү хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн, тэгээд Тэмүүжин гараад явчихсан. Тэмүүжин куртикээ хаяад гараад явсан байсан ба дүү куртикийг нь аваачаад өг гэж хэлсэн. Тэгээд би санаа зовоод Хишигсүрэнгийн гэр рүү куртикийг нь оруулж өгтөл Хишигсүрэнд куртикээ хаясан байна гэтэл Хишигсүрэн мэдэж байсан. Тэгээд Хишигсүрэнгийн нөхөр нь гэртээ байхаар нь юу байна, хэзээ ирсэн юм гэх зэрэг яриа яриад Бороог хоёулаа гарч юм ярья гэсэн чинь Хишигсүрэн нууц биш юм бол гэрт яриач гэхээр нь би Хишигсүрэнд нуух юм байлгүй яах вэ дээ найз нь ганц хоёрхон зүйл нөхөрт чинь хэлээд буцаагаад оруулна гэж хэлээд гадаа гарсан. Гадаа Бороо бид 2 юм ярьж байхад Хишигсүрэн гарч ирээд пизда минь утас гээд маргалдаад байсан. Билгүүнээ чи миний амьдралд гай болж ханахгүй байна уу гэж гэнэт Хишигсүрэн над руу дайрахад Бороо намайг өмөөрөөд Хишигсүрэн чи намайг хардах хүнтэйгээ хардаарай гэж хэлээд Хишигсүрэнг түлхээд гэртээ орсон. Би Хишигсүрэнг яагаад намайг ингээд байгаа юм бэ гэж асуухад намайг үсдэж аваад, миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Манай дүү гарч ирээд бид хоёрыг салгасан. Би Хишигсүрэнгээс яагаад ингээд байгаа юм бэ гэж асуухад дахин намайг үсдэхээр нь Би Хишигсүрэнгийн үснээс нь зулгаасан. Тэгээд Бороо гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед бороо эхнэрийгээ чи болиоч гэсэн чинь Хишигсүрэн дахиад намайг толгой руу мөргөж өшиглөсөн. Хишигсүрэн чи энийгээ өмөөрлөө гээд цагдаа дуудаад өгсөн. Бид 2 хамар хашааны хүмүүс, хүүхэд нь манай охинтой нэг анги. Хишигсүрэн шүүх эмнэлэгт үзүүлж, намайг цагдаад өгнө гэж бодоогүй. Намайг мэдээгүй байхад цагдаа дуудаад Хишигсүрэнд гэмтэл гарсан гэж хэлсэн. Би Хишигсүрэнтэй сайн найзууд, өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байхад ах дүү нар нь чамайг заавал шоронд хийнэ гээд чичлээд байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Хишигсүрэнгийн өгсөн: “2021 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө Билгүүн гэгч эмэгтэй хаалга балбасаар байгаад орж ирсэн. Нөхрийнхөө араас очоод ярьж болсон уу гэхэд болсон гэсэн. Тэгээд Билгүүн чи намайг нөхөртэйгөө хардаад байгаа юм уу гэсэн. Намайг учиргүй биеэрээ түлхсэн. Тэгээд би Билгүүнийг түлхсэн, цасан дээр унасан. Миний толгой орой болгон байнга өвддөг. Надад шүүх эмнэлгийн дүгнэлтээс өөр учирсан гэмтэл байхгүй. Цагдаа мэдүүлэг өгч байхад цагдаагийн хажууд байнга дарамталдаг. Газар гишгүүлэхгүй ална гээд байдаг. Маш их айдастай байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна, энэ хүнд ямар нэгэн арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-5/,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Хишигсүрэнгийн өгсөн: “Би нөхөр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ унтах гээд орондоо орчихсон хэвтэж байтал гэрийн хаалга цоожтой галын дэгээ төмрөөр цоожилсон байхаар нааш цааш хөдөлгөж байгаад хөрш айлын Билгүүн гэх эмэгтэй согтуу орж ирээд манай нөхрийг гадаа гараад ярих юм байна гэхээр нь би нуух юм байхгүй бол энд ярьчих гэтэл нөхрийн хажуугаас нь хатгасаар байгаад аваад гарсан хэсэг байж байгаад би араас гараад нөхрөө оруулсан тэгээд нөгөө эмэгтэй одоо гэртээ харь дараа ярих юм байвал ярилцъя гэхэд би яах гээд байгаа юм вэ би ямар танай нөхөртэй явалдах гэсэн юм уу? гээд над руу дайраад байхаар нь би зайгаа аваад цааш түлхсэн чинь өөрөө халтирч уначихаад уурлаж босож ирээд намайг үсдээд үснээс зулгаасан тэр үед дүү нь хажууд ирчихсэн байсан салгах гэж байгаа юм болов уу гэтэл хамт үснээс зулгаасан тэгээд жалганд нүүр лүү гараараа цохисон тэгээд гэртээ орж ирээд эгчдээ хэлээд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 06-07/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батчимэгийн өгсөн: “ Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 52-8 тоотод нөхөр нэг хүүхдийн хамтаар оршин суудаг. 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай төрсөн эгч Б.Б манай гэрт байж байхад өдрөөс хойш Тэмүүжин цайзад хүрээд ир гээд дуудаад байсан би тэгэхээр нь эгчийгээ явуулаагүй. Оройн 19 цагийн орчимд манай эгч Б.Б нь гэр лүүгээ явж гал түлнэ гэж хэлээд гараад яваад өгсөн. 21 цагийн орчимд би эгчийн 89970813 гэх дугаар луу залгаад хаана байна гэж асуухад Тэмүүжин манайд ирээд архи ууж байна удахгүй очлоо гэж хэлсэн. Би хариуд нь ямар нэгэн зүйл болох бий гээд загнаад утсаа салгасан. 23 цагийн үед Б.Б эгч над руу залгаад хэлэхдээ Тэмүүжин гэрээс гарахгүй манайд хононо гээд байна чи ирээд гаргаад өгөөч гэж хэлсэн. Би Б.Бий гэрт ороход манай цэцэрлэгт хамт ажилладаг эгч Дэлгэрцэцэг Б.Б нар пиво уусан байдалтай байсан. Би тэр хоёрт уурлаад Дэлгэрцэцэгийг гэр лүү нь явуулсан. Тэгээд Б.Б эгчийн гэрт Тэмүүжиний ногоон өнгийн куртик байсан би Билгүүн эгчийг куртикийг оруулж өг гэж хэлээд явуулсан. Би эгч Билгүүн орж ирэхгүй удаад байхаар нь би цэцэрлэгийн манаач ахад хүүхдээ орхиод араас нь очтол Хишигсүрэнгийн хашаан дотор бие биенээ үсдэж газарт сууж байсан. Би явж очоод юу болоод байгаа юм вэ гээд асуухад Хишигсүрэн, Б.Б нар нь хариулахгүй байсан. Тэгэхээр нь би Хишигсүрэнгийн гэр лүү орж Хишигсүрэнгийн дүү Баярцэцэг, нөхөр Амарбаясгалан дуудсан. Ингээд Амарбаясгалан, Баярцэцэг бид гурав гэрээс гарч ирээд Б.Б, Хишигсүрэн хоёрыг салгасан. Ингээд салгаад байж байтал Хишигсүрэн, Билгүүн эгч рүү дахин дайраад хоёр гараараа барьж байгаад толгойгоороо толгой руу нь мөргөсөн бас өшиглөөд байсан. Би тэр хоёрыг салгах гэсэн намайг бас Хишигсүрэн түлхсэн. Хишигсүрэн Билгүүн нар дахин барьцалдах гэж байхад Хишигсүрэнгийн нөхөр Амарбаясгалан Хишигсүрэнг татахад Хишигсүрэн өөрөө газар унасан. Би эгч Билгүүнийг гэртээ аваад орсон” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11229 дугаар дүгнэлтээр
1.Г.Хишигсүрэнгийн биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэлт /хх-н 26-27/,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Бий өгсөн: Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо цайзын 42а-770 тоотод нөхөр Баттулга болон 2 хүүхдийн хамтаар оршин суудаг. Манай хашааны эсрэг талд байдаг нөхөр Үнэнбаяр, эхнэр Сувдаа, Сувдаагийн эгч Хишигсүрэн нар нь нэг хашаанд амьдардаг. Бид нарыг хүүхдүүд нэг ангид сурдаг ба бид бие биеээ таньдаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөөний 10 цаг болж байхад Хишигсүрэнгийн төрсөн дүү Тэмүүжин над руу залгаад хэлэхдээ чи цайз 16-д хүрээд ир энд Хишгээгийн нөхөр самраас ирсэн байна бид бүгдээрээ байна хүрээд ир архи пиво ууя гэж хэлсэн. Тэгээд Тэмүүжин Хишигсүрэнгийн нөхөр Амарбаясгалан хүртэл намайг дуудаад байсан. Оройн 21 цагийн орчимд манай ажлын эмэгтэй болох Дэлгэрцэцэгийн гэрт байхад Тэмүүжин над руу залгаад хэлэхдээ би гадаа чинь ирчихлээ гараад ир гэж хэлсэн. Би Дэлгэрцэцэгийн гэрээс гараад гэртээ 21 цаг өнгөрч байхад ороод галаа түлж байсан. Тэгтэл Тэмүүжин гаднаас 2.5 литрийн савлагаатай нийслэл гэх нэртэй пиво, 0.5 савлагаатай нэг шил архитай орж ирсэн. Тэмүүжин бид хоёр архи пивоо ууж байтал Дэлгэрцэцэг над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би гэртээ Тэмүүжинтэй байна бид хоёр чамайг очиж авий гэж хэлээд Дэлгэрцэцэгийг гэрээс нь аваад манай гэрт буцаж ирсэн. Тэгээд бид гурав архиа хувааж уугаад сууж байтал Тэмүүжин согтоод газарт унасан. Ингээд би өөрийн дүү Батчимэг рүү залгаад хэлэхдээ Тэмүүжин гэрээс гарахгүй байна хүрээд ир гэж хэлэхэд Батчимэг за гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Батчимэг хүүхдээ болон цэцэрлэгийн манаач Мөнхбаатар нар гадаа манай хашааны хаалгыг тогшиж байгаад Тэмүүжин сэрээд шууд гэрээс гараад яваад өгсөн. Тухайн үед Тэмүүжин өөрийн ногоон өнгийн куртикээ гэрт үлдээсэн байсан. Тэгээд Батчимэг гэрт орж ирээд Дэлгэрцэцэг бид хоёрыг айл эзгүйчлээд яваад байна уу гээд уурлаж байгаад Тэмүүжингийн үлдээсэн ногоон куртикийг хараад куртикийг нь гэрт нь оруулж өг дараа нь ийм тийм зүйл байсан гээд таныг цагдаад өгвөл яах юм бэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь нөгөө куртикийг аваад Үнэнбаярын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Хишигсүрэнд өгсөн. Тухайн үед Үнэнбаярын гэрт Хишигсүрэнгийн нөхөр Амарбаясгалан, Хишигсүрэн, Тэмүүжин, Баярцэцэг 2 хүүхдийн хамтаар байсан. Би Хишигсүрэнд хэлэхдээ Тэмүүжин манай гэрт архи авч ирээд бид хоёр хувааж уусан юм гэж хэлсэн. Хишигсүрэн хариуд нь мэдэж байна гэж хэлсэн. Амарбаясгалан нь галын хажууд бага зэрэг архи уусан байдалтай сууж байхад нь би юу байна хэзээ ирсэн юм бэ гэж асуухад Амарбаясгалан хөгшин нь өчигдөр ирсэн гэж хариулсан. Би Амарбаясгаланд ярих зүйл байна гарах уу гэж асуухад Хишигсүрэн нууц биш бол миний хажууд ярь гэж хэлсэн. Би Хишигсүрэнд хэлэхдээ Амарбаясгалангийн найз надад нэг зүйл уламжлуулан хэлсэн юм би гараад хэлий гэж хэлээд бид хоёр гэрээс нь гарсан. Бид хоёр гадаа гараад Багабанди чамайг холбоо бариарай гэж хэлсэн шүү холбоо бариарай гээд өөр сонин сайхан ярьж байхад Хишигсүрэн гэрээсээ гараад ирсэн. Хишигсүрэн Амарбаясгалангаас утсаа өгөөч пиздаа минь гэж хэлсэн. Амарбаясгалан гар утас гэрт байгаа ш дээ ямар хаашаа юм бэ гэж хэлсэн. Хишигсүрэн Амарбаясгаланг гэртээ ор гээд загнаад байсан. Удалгүй Хишигсүрэн надад хэлэхдээ чи миний амьдралд гай болж ханахгүй байна уу гэж хэлсэн би хариуд нь чиний амьдралд ямар гай болсон юм бэ гэж хэлээд байж байтал Амарбаясгалан бид хоёрыг хэрүүл хийж байхыг хараад Хишигсүрэн гуай хардах хүнээ хардаарай гэж хэлээд гэртээ орсон. Хишигсүрэн дахин чи миний амьдралд гай болж ханахгүй байна уу гээд намайг үсдэж доошоо дарсан. Би болиоч ээ гэж хэлэхэд Хишигсүрэн намайг нэг гараараа үсдэж байгаад баруун гараараа нүүр лүү 2 удаа цохисон. Батчимэг манай гэрээс гарч ирээд Хишигсүрэнг хараад чи болиоч ээ гэж хэлэхэд Хишигсүрэн чамд ямар хамаатай юм бэ гээд Батчимэгийг цааш нь түлхсэн. Батчимэг Амарбаясгалангийн гэр лүү орсон. Би Хишигсүрэнг үснээсээ гарыг нь салгаад хашаанаас нь гарах гэж байтал Амарбаясгалан чи болиоч ээ гэхэд Хишигсүрэн намайг дахин үсдэж авсан. Би хариуд нь үсдэж ноцолдож байхад Амарбаясгалан Хишигсүрэнг татаж газарт унагасан. Хишигсүрэн босож ирээд Амарбаясгалан руу чи намайг өмөөрөхгүй байгаа биз дээ гэж хэлээд над руу гүйж ирээд миний толгой руу мөргөсөн. Амарбаясгалан болиоч гэж дахин хэлэхэд Хишигсүрэн надтай дахин хэрүүл хийж байгаад миний гэдэс рүү өшиглөөд чамайг өмөөрөх нэг ч хүн байхгүй чи тэр янхан дүүгээ дуудаад өмөөрүүлээч гээд орилоод байсан. Хишигсүрэн надад хэлэхдээ намайг өмөөрөх хүн байгаа би эгчийгээ болон цагдаа дуудна гэж хэлэхэд Амарбаясгалан, Хишигсүрэнг аваад гэртээ орсон. Би хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг /хх-н 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, хохирлын баримт /хх-н 25-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, зүүн 57-гийн задгай тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Хишигсүрэнтэй нөхрөө хардсанаас болж маргалдан улмаар толгой, гуя хэсэг рүү нь цохиж өшиглөж биед нь зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хишигсүрэнгийн хохирогчоор өгсөн: “...би зайгаа аваад цааш түлхсэн чинь өөрөө халтирч уначхаад уурлаж босож ирээд намайг үсдээд үснээс зулгаасан тэр үед дүү нь хажууд ирчихсэн байсан салгах гэж байгаа юм болов уу гэтэл хамт үснээс зулгаасан тэгээд жалганд нүүр лүү гараараа цохисон тэгээд гэртээ орж ирээд эгчдээ хэлээд цагдаа дуудсан.”
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Батчимэгийн гэрчээр өгсөн: “...Хишигсүрэнгийн гэр лүү орж Хишигсүрэнгийн дүү Баярцэцэг, нөхөр Амарбаясгалан дуудсан. Ингээд Амарбаясгалан, Баярцэцэг бид гурав гэрээс гарч ирээд Б.Б, Хишигсүрэн хоёрыг салгасан. Ингээд салгаад байж байтал Хишигсүрэн, Билгүүн эгч рүү дахин дайраад хоёр гараараа барьж байгаад толгойгоороо толгой руу нь мөргөсөн бас өшиглөөд байсан. Би тэр хоёрыг салгах гэсэн намайг бас Хишигсүрэн түлхсэн. Хишигсүрэн Билгүүн нар дахин барьцалдах гэж байхад Хишигсүрэнгийн нөхөр Амарбаясгалан Хишигсүрэнг татахад Хишигсүрэн өөрөө газар унасан. Би эгч Билгүүнийг гэртээ аваад орсон” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11229 дугаар дүгнэлтээр Г.Хишигсүрэнгийн биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг гэж тогтоогдсон Б.Б, Хишигсүрэн нарын харилцан бие биеэ цохисноос үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна./хх-н 26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бий өгсөн: "...Би Хишигсүрэнг үснээсээ гарыг нь салгаад хашаанаас нь гарах гэж байтал Амарбаясгалан чи болиоч ээ гэхэд Хишигсүрэн намайг дахин үсдэж авсан. Би хариуд нь үсдэж ноцолдож байхад Амарбаясгалан Хишигсүрэнг татаж газарт унагасан. Хишигсүрэн босож ирээд Амарбаясгалан руу чи намайг өмөөрөхгүй байгаа биз дээ гэж хэлээд над руу гүйж ирээд миний толгой руу мөргөсөн. Амарбаясгалан болиоч гэж дахин хэлэхэд Хишигсүрэн надтай дахин хэрүүл хийж байгаад миний гэдэс рүү өшиглөөд чамайг өмөөрөх нэг ч хүн байхгүй чи тэр янхан дүүгээ дуудаад өмөөрүүлээч гээд орилоод байсан. Хишигсүрэн надад хэлэхдээ намайг өмөөрөх хүн байгаа би эгчийгээ болон цагдаа дуудна гэж хэлэхэд Амарбаясгалан, Хишигсүрэнг аваад гэртээ орсон. Би хохирлыг бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН