Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 213/МА2017/00012

 

*******гийн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 131/ШШ2017/00268 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 10-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

Нэхэмжлэгч *******ийн *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад шүүхийн тамгын газрын дарга ******* удаа дараа өрөөндөө дуудаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичиж өг гэж шаардаж байсан. Тамгын газрын шахалт байсан учраас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичсэн. Уг хүсэлтийг Тамгын газрын дарга уншиж танилцаад ийм хүсэлт бичихгүй, хүн ажлаас чөлөөлөгдөхөөр ийм өргөдөл бичдэг юм байна гэж урьд нь ажлаас халагдсан *******ийн бичиж өгсөн өргөдлийг дуурайгаад биччих гэсэн. Би уг өргөдлийг хуулан бичиж өгсөн. Мөн намайг халсан тушаалын эх хувийг аваагүй тул шүүхийн тамгын газраас гаргуулах шаардлагатай байна. Иймд Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******гээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2014 онд Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орсон. Тамгын дарга өрөөндөө дуудаж, ажлаас гарах өргөдлөө өг гэж шаарддаг байсан. Мөн удаа дараа надад сануулах сахилгын арга хэмжээ авсан. Уг сануулах арга хэмжээ авсан тушаалуудад гомдол гаргаж, Говь-Алтай аймгийн шүүхээс сануулах арга хэмжээ авсан тушаалуудыг үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан.

Намайг чи төрийн үйлчилгээний албан хаагч болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримтлах ёстой гэхэд уг зүйлийг бичиж өгсөн. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, тамгын даргын тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дэргэдэх салбар архивт хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгжийг цахим архив руу шилжүүлэх ажилтай холбогдуулан архив, бичиг хэргийн эрхлэгч *******д үүрэг даалгавар өгсөн боловч үр дүн муутай байсан. Архивын ажлыг сайжруулахаар Төрийн архивын тасагтай хамтарч арга зүйн зөвлөгөө авч ажиллахад илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай зөвлөмжийг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт ирүүлсэн. ******* нь энэхүү зөвлөмжийн дагуу ямар нэгэн ажлыг эхлүүлээгүй ба үл тоомсорлож байсан. Зөрчлийг арилгах талаар *******д үүрэг, даалгавар, шаардлага тавихад уйлдаг, “юу хийхээ мэдэхгүй байна" гэх хариултыг үргэлж хэлдэг байсан. ******* өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн болно. ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах үед тус шүүхийн шүүгчийн туслах Х.Дорждэрэм байсан болно. ******* миний бие *******г өөрийн зүгээс байж болох бүхий л арга замаар дэмжиж ажилласан ба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ******* нь удаа дараа илэрхийлж байсан тул түүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. ******* намайг *******г шаардаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичүүлсэн гэж үзэж байгаа бол хуульд заасны дагуу нотлох шаардлагатай үзэж байна гэжээ.

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******ын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан хүсэлт зэргээр *******г ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхой байгаа, мөн ******* нь хүүхдээ 3 сартай байхад ажилдаа орсон, ажлаас гарах хүсэлтээ бичиж өгөх талаар дарамталж байсан талаар ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хүүхдээ үргэлжлүүлж асрах боломж *******д байсан. Хүсэлтийн хувьд дарамт, шахалтаар буюу хүчээр бичүүлсэн нь ямар ч боломжгүй тул *******г өөрөө хүсэлтээ өгсөн гэж үзэж байна гэв.

Шүүх: Нэхэмжлэгч *******гийн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга *******д холбогдох Б/127 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэмэгдүүлсэн шаардлага, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 3.703.787 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******г Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын санхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Нэхэмжлэгч ******* буруу халсан үеийн, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс *******г Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхээс надад хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулах тухай хүсэлтээ шүүх хуралдааны үед гаргасан. Уг хуралдаанаас өмнө шүүхээс нөлөөллийн мэдүүлэг болон эрх үүрэг танилцуулсан тухай баримтыг шүүхийн цахим шуудангаар ирүүлж, гарын үсэг зураад буцаан хүргүүл гэсний дагуу дээрхи баримтуудад гарын үсэг зурж хүргүүлсэн.

Энэ талаар анхны шүүх хурал дээр тайлбараа хэлэхэд шүүхээс шүүх хуралдааныг хойшлуулж, хойшлуулсан хугацаанд дээрхи ажиллагаануудыг хийхийг шүүгчийн туслахдаа даалгах тухай захирамж гарсан бөгөөд уг захирамжийн хувийг явуулаагүй.

Шүүх нь дээрхи процессыг Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан гүйцэтгэсэний дараа шүүх хуралдааныг хийх ёстой байсан.

Мөн шүүхээс нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн талаараа тайлбарлаагүй.

Зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлсэн бөгөөд эдгээр хүмүүст Тамгын газрын дарга байсан ******* нь сахилгын шийтгэл ногдуулж байсан. Иймээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн дээрхи гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргасаныг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурьдаагүй.

*******гийн өөрийнх нь бичиж өгсөн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан хэрхэн үнэлсэн тухай дурьдаагүй байна. Уг тайлбарыг эх хувиар нь гаргаж өгсөн болно.

Дээрхи нөхцөл байдлаас үзэхэд шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийг хэрэг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж гомдол гаргажээ. Энэ нь бас үндэслэлгүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Говь- Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг дурьдсан нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудал юм гэж хариуцагч талаас гомдолдоо дурьдсан байна. Энэ шийдвэр нь намайг ажлаас халахын тулд үндэслэлгүй арга хэмжээ авсан тухай нөхцөл байдлыг тогтоосон чухал ач холбогдолтой баримт тул анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ дурьдсан гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 131 тоот шийдвэрийг нь хууль зүйн үндэстэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч байгууллагын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд “...нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.703.787 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заасан атал 3 дахь заалтад “... дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын санхүүд даалгаж..”, 5 дугаар заалтанд “...*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нотлох баримтаа бүрдүүлж шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж шийдвэрлүүлэхийг дурьдсан...” нь нэхэмжлэгч цалин хөлстэй тэнцэх олговрын талаар дахиж нэхэмжлэл гаргах боломжгүй, тогтоох хэсгийн заалтууд хоорондоо зөрчилтэй болжээ.

Хариуцагч талаас гаргаж өгсөн, хэргийн гол нотлох баримт гэж тайлбарлаад байгаа *******гийн ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт /хх-ийн 16 дугаар тал/ болон бусад нотлох баримтууд нь хуулбар үнэн гэж тэмдэг дарсан, нотариатын баталгаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрхэн үнэлж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч *******гаас анхан шатны шүүх хуралдаан дээр “...Тамгын газрын дарга байсан ******* нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Ганзориг, О.Түвшинжаргал нарт сахилгын шийтгэл ногдуулж байсан тул энэ гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул дээрхи гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчиж, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй байна.

Хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******г 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр томилжээ. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр анхан шатны шүүх хуралдааныг хийсэн тул итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэргийн материалтай танилцах, эрх үүрэгтэйгээ танилцах хугацаа гаргаагүй байна. Анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр /хх-ийн 134-138 дугаар тал/ цахимаар хэргийн материалтай болон цахимаар зохигчийн эрх үүрэг танилцуулсан баримтууд дээр гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч *******гаас /хх-ийн 139 дүгээр тал/ миний бие хэргийн материалтай танилцаагүй, эрх үүрэг танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан тул энэ хүсэлтийг хангахаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 00783 дугаартай шүүгчийн захирамж гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэтэл шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд шүүгчийн захирамжийг биелүүлээгүй, захирамжийг хариуцагч талд хүргүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч *******гийн хүсэлтийг хангаагүй, хариуцагчид зохигчийн эдлэх эрх үүрэгтэй танилцуулаагүй, мөн хэргийн материалтай танилцуулаагүй байна.              

Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 131/ШШ2017/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                     ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                   Г.УЛАМБАЯР