Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 31

 

П.С, Г.С-, С.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                  Я.Туул

Шүүгчид                                Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                             Н.Дуламсүрэн

Өсвөр насны шүүгдэгч С.О-ын

хууль ёсны төлөөлөгч        Г.Цолмонбаяр

Өсвөр насны шүүгдэгч

С.О-ын өмгөөлөгч              Л.Цуурай

Өсвөр насны шүүгдэгч П.С,

Г.С- нарын өмгөөлөгч        Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай, Н.Баярмаа нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-ын С, С-гийн О-, Г-ы С- нарт холбогдох эрүүгийн 1718003790143 тоот, 1 хавтастай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б- овогт П-ын С /РД: **********/, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 4 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,

2. Монгол улсын иргэн, Э- овогт С-гийн О- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол улсын иргэн, Т- овогт Г-ы С- /РД: **********/, урьд ял шийтгэлгүй

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Өсвөр насны шүүгдэгч П.С, С.О-, Г.С- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газрын цонхоор нэвтэрч бэлэн 413.300 төгрөг хулгайлсан /үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч/ гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 36 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Өсвөр насны шүүгдэгч Б- овогт П-ын С, Э- овогт С-гийн О-, Т- овогт Г-ы С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Өсвөр насны шүүгдэгч С.О-, П.С, Г.С- болон иргэний хариуцагч Д.Г-, Х.Гантөмөр, Г.Цолмонбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Сийг 3 жилийн хугацаагаар, С.О-, Г.С- нарыг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжпийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Сид оногдуулсан 3 жил, С.О-, Г.С- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, П.Сийн эдлэх ялыг 1 жил 6 сар, С.О-, Г.С- нарын эдлэх ялыг 1 жилээр тус тус тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С, С.О-, Г.С- нарын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч П.С, С.О-, Г.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүх ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж оногдуулсан хэдий ч С.О-ын гэмт үйлдэлд оролцсон эсэхэд дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг хамтран үйлдсэн эсэхэд анхаарсангүй.

С.О- нь одоо 14 настай, тухайн хэрэгт холбогдох үед аав ээж нь байгаагүй, хоёулаа ажил эрхэлдэггүй учир самранд явсан байсан тул орон гэртээ байлгүй танил найз Г.С-ийнд түр байсан юм. Энэ үед Г.С-, түүний найз П.С нартай хамт явж байгаад дээрх үйлдэлд холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотлоно гэж заажээ.

Тэгвэл С.О- уг гэмт хэрэгт ямар сэдэлт, ямар зорилгоор оролцсоныг нотлож чадаагүй гэж ойлгож байна.

Өсвөр насны шүүгдэгч П.С, Г.С- нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2 өөр зөрүүтэй мэдүүлдэг. П.С нь “...Г.С- бид 2 ороод мөнгөний гахайнаас мөнгө авсан... Г.С- надад мөнгө олъё, тоглоом тоглож хотод ээжтэйгээ уулзах хэрэгтэй байна” гэж ятгасан. С.О- “тэгье” гэсэн. Би цонхны хаалга хөлөөрөө жийж онгойлгоод Г.С- бид 2 хамт орсон. С.О- гадаа хүн харуулдаж байсан. Мөнгөний гахайнаас 70.000 төгрөг л авсан” гэж мэдүүлдэг. Гэтэл өсвөр насны шүүгдэгч Г.С- нь “анх хулгай хийх санааг би гаргасан, нөгөө 2-оосоо асуухад П.С “тэгье” гэсэн. С.О- юм дуугарахгүй байсан. Тэгээд зах орсон. П.С толгой багтах  газар байна уу гээд цонхыг онгойлгож намайг өргөөд би орсон. С.О-ыг хүн хараад зогсож бай гэж үлдээсэн” гэжээ.

С.О- мэдүүлэхдээ “би тухайн үед айгаад байсан болохоор жаахан цаана байсан. П.С мөнгийг тоол гэхээр нь 72.000 төгрөг байсан, тоолоод би буцааж өгсөн. Би мөнгөнөөс нь аваагүй. Харин байцаагч “та 3 наад мөнгийг хувааж төл” гэхээр нь манай гэрийхэн 137.000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлцгээжээ.

Үүнээс үзвэл С.О- нь хулгайн хэргийг үйлдэхэд ямар сэдэлтээр оролцсон бэ гэдэг нь бүрэн нотлогдоогүй. Өсвөр насны хүүхэд 2 найзыгаа дагаж яваад л уг хэрэгт холбогдсон. Түүнээс биш хулгайлж авах санаа зорилго илэрхий байгаагүй харагддаг. Түүнээс гадна шүүх С.Одгэрэлийг буруутгахдаа хүн хараад зогссон гэдэг ба сэтгэл санаагаараа дэмжсэн гэж үздэг.

Монгол Улсын Иргэний хуулийн 16.1-д насанд хүрээгүй буюу 14-18 насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байхаар хуульчилсан. Үүнээс үзвэл 14 настай хүүхэд “энэ 2 хулгайлах гээд байна” гэж цагдаа болон холбогдох байгууллагад мэдэгдье гэсэн санаа зорилго төрж түүнийгээ биелүүлэх ёстой гэсэн бүрэн ухамсар суусан эсэхэд эргэлзээтэй.

Ялангуяа С.Одгэрэлийн үйлдэлд оролцож байгаа байдлыг хархад ч гэсэн П.С “хүн харж бай” гээд үлдээхэд, хүн хараагүй цаана очоод айгаад сууж байсан байдал, “цонхоор ор” гэхэд татгалзсан байдал зэрэгт ч дүгнэлт хийх ёстой гэж үзнэ. Хэрэв бүлэглэсэн гэж үзэж буй бол ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлах байсан.

2. Хохирогчид учирсан хохирол нь 413.300 төгрөг эсвэл 70.000 төгрөг байсан уу гэдгийг тодорхой тогтоогдоогүй. С.О-ын ар гэр мөрдөгчийн шаардсанаар 137.000 төгрөгийг төлсөн. Нөгөө хоёр шүүгдэгч төлөөгүй байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд ...бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай гэжээ. Хохирогч 413.300 төгрөг алдсан юм бол яагаад хохиролгүй гэж үзэж байгаа юм бэ. 70.000 төгрөг алдсан юм бол яагаад зөвхөн шүүгдэгч С.О-аар 137.000 төгрөг төлүүлсэн бэ.

Иймд хохирлын тооцоо маш их зөрүүтэйгээс гадна хэн хэн нь хэдэн төгрөгийн хохирол төлөх ёстой бүрэн дүүрэн шийдвэрлэх ёстой.

Өсвөр насны шүүгдэгч С.О-ын хувьд 1 жил ч гэсэн нийгмээс тусгаарлагдан хорих ял эдлэх болж байгаа нь энэ хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцсэнгүй. Дагаж явсан хэдий ч хулгай хийхэд оролцоогүй, авсан мөнгөнөөс нь аваагүй атлаа 137.000 төгрөгийг үндэслэлгүй төлүүлсэн зэрэг нь бодит байдалтай тохирохгүй байгаа тул гомдолтой байна.

Хохиролтой холбоотой дээрх хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 2.1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн.

Мөн 36 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасантай нийцэхгүй. С.О-ын оролцоог нотлоогүй. Иймд холбогдох хуулийн заалтуудыг зөвтгөн С.О- уг хэрэгт ямар оролцоотой нь нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Өсвөр насны хүн нь үйлдсэн хэргийн учир холбогдол, нийгмийн аюулыг бүрэн ухамсарлаж ойлгох чадваргүй гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрсөн байдаг. Эдгээр хүүхдүүд нь эцэг эхийн хараа хяналт халамж анхаарал /төрсөн ээжүүд нь хаяад явсан/ дутсан нөхцөлд өсөж хүмүүжиж амьдарч ирсэн. П.С, Г.С- нар нь сургуульд сурч байх хугацаандаа хичээлээс гадуур зохиогдож байгаа ажил, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг.

Өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 дахин багасгаж эдлэх ялыг оногдуулж байгаа нь хөнгөрүүлсэн нөхцөл биш бөгөөд энэ ял нь өсвөр насны шүүгдэгчийн хувьд үндсэн ял юм.

Иймээс оногдуулсан үндсэн ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж болно гэснийг үндэслэж ялыг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Л.Цуурай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна... С.О-ыг гэм буруугүйд тооцож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Өсвөр насны шүүгдэгч П.С, Г.С- нарын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Өсвөр насны шүүгдэгч С.О-ын хууль ёсны төлөөлөгч Г.Цолмонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

Прокурор Н.Дуламсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч П.С, С.О-, Г.С- нарыг бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 22 цаг 58 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг Шинэ зах дотор байрлах Оргил цайны газрын цонхоор нэвтэрч бэлэн 413.300 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд П.С, С.О-, Г.С- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Сийг 3 жилийн хугацаагаар, С.О-, Г.С- нарыг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжпийн тусгай байгууллагад хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Сид оногдуулсан 3 жил, С.О-, Г.С- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, П.Сийн эдлэх ялыг 1 жил 6 сар, С.О-, Г.С- нарын эдлэх ялыг 1 жилээр тус тус тогтоож шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгч С.О-ын өмгөөлөгч Л.Цуурайгийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэх, өсвөр насны шүүгдэгч П.С, Г.С- нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж болно гэснийг үндэслэж ялыг хөнгөлж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал:

Өсвөр насны шүүгдэгч  П.С, С.О-, Г.С- нар нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны орой шинэ захад байрлах цайны газар руу орж /хулгай хийж/  мөнгөтэй болж хот явахаар тохиролцсон болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр ярилцан тохиролцож, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн санаа зорилготой байж, нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсч байсан байна. Тухайлбал: -Мөнгө олж хот явъяа, захын цайны газар руу оръё” гэж ярилцаад гэрээсээ гарцгаасан ба П.С, Г.С- нар цайны газрын цонхоор орж, С.О- нь гадаа хүн харахаар үлдсэн, хулгайлж авсан мөнгөө хамтран зарцуулсан байна.

Өмгөөлөгч Л.Цуурайгаас гаргасан давж заалдах гомдолд: “...шүүгдэгч С.О- цайны газрын цонхоор орохоос татгалзсан, хүн хараад байж бай гэхэд нь хүн хараагүй, цаана очоод зогсож байсан тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байхаас гадна давж заалдах гомдолд “...шүүгдэгч нарын хэн нь хулгай хийх санаачлага эхлэж гаргасныг бүрэн тогтоож чадаагүй” гэсэн нь шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлөхгүй тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Гэхдээ өсвөр насны шүүгдэгч С.О-, Г.С- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ бага насны буюу өсвөр насны хүн байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, хөдөлмөрлөх зөв арга барилд сургах зорилгоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж нийтэд тустай ажил хийлгэх ялаар солих нь зохимжтой гэж үзлээ.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангах үүднээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 413.300 төгрөгийг хохирогчид олгох, хохирогч нэхэмжлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч П.С, Г.С- нараас тус бүр 137.766 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтуудыг :

“2. Өсвөр насны шүүгдэгч С.О- нь хохирол 137.766 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.С-, П.С нарын хууль ёсны төлөөлөгч иргэний хариуцагч Д.Г-, Х.Гантөмөр нараас тус бүр 137.766 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж,

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Сийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.О-, Г.С- нарыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч П.Сид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сар болгож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Өсвөр насны шүүгдэгч С.О-, Г.С- нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                   ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Б.МАНЛАЙБААТАР