Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0747

 

 

 

 

 

 

 

 

                                 Н.Ц нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 тоот албан бичгээр 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 673 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0254/З

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Ц Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 тоот албан бичгээр 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эгүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 673 дугаар шийдвэрээр:

2.1. “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 тоот албан бичгээр 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах шаардлагын хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Здараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох" агуулгатай энэ хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох байдлаар хангаж шийдвэрлэлээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэн ажиллуулах гэрээнд заасан 2 жилийн хугацаа дуусаагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гэрээнд заасан Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар гэсэн нэгж, газрын дарга гэсэн албан тушаалын орон тоо зохион байгуулалтын бүтцийн хувьд байгаа тул энэ албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй бөгөөд боломжтой байна. Нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлээ "Б/1001 дүгээр шилжүүлэн томилох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд эрх зүйн ур дагавар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох нөхцөл бүрдэнэ гэсэн үг тэгэхээр уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргах шаардлагагүй, нөгөө талаас эгүүлэн томилуулах шаардлагыг 2 албан тушаалд гаргах нь нэг нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болно. Тус албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр, шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэснээр өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоогдох буюу үргэлжлүүлэн ажиллах үр дагавар үүсэх ёстой." хэмээх Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаал дээр эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ тайлбарласныг буруутгах, үгүйсгэх боломжгүй юм. ..." гэж тус тус үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна.

Учир нь, Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох" гэж, харин хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах" гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлсон ба Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд тодруулахдаа яг энэ шаардлагаар тодруулан дэмжиж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухайгаа тайлбарласан байдаг.

Мөн нэхэмжлэгч Н.Ц 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд "... Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, Өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж өгч, миний нэр хүнд, эрхийг хамгаалж өгөхийг хүсэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт эргэн очиж ажиллах нь миний хувьд эрхээ дахин дордуулах асуудал болно гэж үзэж байна" гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ойлгомжтойгоор Тодорхойлсон байдаг.

Гэтэл шүүх "... Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож" гэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо нэхэмжлэлийн шаардлагад байхгүй шаардлагыг ".... нэхэмжлэгч Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж байна" гэж уншиж сонсгосон. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг шүүх зөрчсөн төдийгүй амаар сонсгосон шүүхийн шийдвэр бичгээр гаргахдаа арай зөөлрүүлэн өөрчилж бичсэн хэдий ч хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхийг зөрчсөөр л байна. Шүүхийн гаргаж байгаа шийдвэр өөрчлөгдөх ёсгүй.

Шүүх нэг шийдвэр гаргах ёстой, харин өөр, өөр шийдвэр гаргаж болохгүй. Гэтэл шүүхийн амаар гаргасан шийдвэр нэг өөр, бичгээр гаргасан шийдвэр бас арай өөр болсон байна. Гэхдээ шүүхийн амаар гаргасан шийдвэр, бичгээр гаргасан шийдвэр аль алин хууль зөрчсөн шийдвэр болсонд гомдолтой байна. Үүнийг тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны аудио бичлэгийг татан авч, сонсож үзэхийг та бүхнээс хүсч байна. ТЭР Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, түүний үндэслэлд тайлбар өгөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудалд шүүх шийдвэр гаргах боломжгүй. Нэг хариуцагчид гаргасан шаардлагыг нөгөө хариуцагчид хамааруулж тайлбарлан түүнд дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргаж, энэхүү үндэслэлээ өөрөө нэхэмжлэл гаргахдаа, харин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тус тус тайлбарласан байдаг. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага гаргаагүй /ажилд эгүүлэн тогтоохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад/ ба харин ч энэхүү албан тушаалд эргэн орохгүй тухайгаа илэрхийлсэн байдаг бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухайгаа тодорхой тайлбарласан байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хамааруулж дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэгч гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлдог. Тэрхүү тодорхойлсон шаардлагыг шүүх хянаж үзээд хэрэг үүсгэдэг. Үүсгэсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах, зарим хэсгийг хангах, хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагаас өөрөөр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэх ёстой, түүний үндэслэлд дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй асуудлыг шүүх дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. Гэтэл шүүх ... нэхэмжлэлийн шаардлагын "өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох" агуулгатай энэ хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох байдлаар хангаж, ... нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргах шаардлагагүй, нөгөө талаас эргүүлэн томилуулах шаардлагыг 2 албан тушаалд гаргах нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болно ... гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль бус шийдвэр гарган хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхийг ноцтой зөрчиж байна.

Шүүх нэг талд үйлчилж, нэхэмжлэлийн шаардлагаас давсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоохыг даалгах шаардлага гаргасан болохоос харин хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан энэхүү шаардлагыг гаргаагүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Н.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг гардаж авснаас хойш хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.

Учир нь, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2427 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч авснаас хойш хуульд заасан журмын дагуу 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаартай албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хариу хүргүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/2427 дугаартай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн байдаг бөгөөд үүнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол шууд шүүхэд хандахаар заасан байгаа. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/227 дугаартай албан бичгээр ирүүлж байгаа албан бичиг нь байгууллага. хооронд харилцаж байгаа албан бичгийн хариу болно. Нэхэмжлэгч Н.Ц энэ асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2022 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаартай албан бичгийг түүнд хүргүүлээгүй. оны Иймд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ               

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон нь үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

3.1. Нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 дугаар албан бичгээр 3 талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох”, “3 талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.2. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үлдэх “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/307 тоот албан бичгээр Гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгох, шаардлагыг хангаж, мөн Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас “Гурван талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх албан тушаалд нь эргүүлэн томилоогүй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэх нь ойлгомжгүй, тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

3.3. Нэхэмжлэгч анх “... Хууль, зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан 1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”, 2-т “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 113 дугаартай гурван талт гэрээг хүчингүй болгуулах, 3-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 13-ны әдрийн 01/307 дугаар албан бичгээр гурван талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох, 4-т “гурван талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”, 5-т “Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах”  гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Нэхэмжлэлийн зарим шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээж авахаас татгалзах тухай” 2255 дугаар шүүгчийн захирамж[1]-аар “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Н.Ц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад холбогдуулан гаргасан Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн байгууллага хооронд сэлгэн ажиллуулах тухай 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 113 дугаартай 3 талт гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/1001 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 13-ны әдрийн 01/307 дугаар албан бичгээр Гурван талт гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан, харин “Гураван талт гэрээний үүрэг зөрчигдсөн байхад өмнөх ажил, албан тушаалд эргүүлэн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцааж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

3.5. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар эргэлзээгүйгээр бүрэн гүйцэд тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байтал шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл “.... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй ... Б/1001 дүгээр шилжүүлэн томилох тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд эрх зүйн үр дагавар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоох нөхцөл бүрдэнэ гэсэн үг ...уг албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага тусад нь гаргах шаардлагагүй, ... эргүүлэн томилуулах шаардлагыг  хоёр албан тушаалд гаргах нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгатай болно ... албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлагагүйгээр, шилжүүлэн томилсон тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэснээр өмнөх албан тушаалд эгүүлэн тогтоогдох буюу үргэлжлүүлэн ажиллах үр дагавар үүсэх ёстой ...  Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаал дээр эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... гэх зэрэг агуулга бүхий тайлбар гаргаснаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгохоор маргаж байгаа эсэх, эсхүл Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга”-ын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн ажилд буцааж томилуулахтай холбоотой шаардлагын тухайд хариуцагчид ажилд эргүүлэн томилохыг шүүхээр даалгуулахаар маргаж байгаа эсэх эсхүл шүүхээр ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгуулахаар маргасан эсэх нь мөн ойлгомжгүй тодорхой бус байна.

3.6. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эргэлзээгүйгээр тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх, улмаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

[1] хх-ийн 22-26 дугаар хуудас