| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0079/Э |
| Дугаар | 274 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 274
2021 03 04 2021/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0257 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т.Э-т , 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймаг, Гучин-Ус суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Их Уул” ХХК-д барилгын инженер ажилтай, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамжны 540в тоотод бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо 33-490 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Т.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо 2-190 тоотод иргэн Л.Баярмандахын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “…Тухайн өдрийн 8 цагийн үед очсон. 0.5 литрийн архи хувааж уусан. Кино үзээд унтах суусан ба ах унтах гэж байхаар нь би явах гэж байсан. Ах дээшээ өрөө рүүгээ орсон. эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байсан ба тэр талаараа хүргэн ахын эхнэртэй нь яриад сууж байтал хүргэн ах дээрээс манай дүүг муулаад байна уу гээд бууж ирээд маргалдсан. Би нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Ахын хамраас цус гарсан ба би 102 руу залгаж цагдаа дуудаад гэр рүүгээ явсан.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Баярмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1145 дугаар дүгнэлт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 38-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо 2-190 тоотод иргэн Л.Баярмандахын нүүрэн тус газар нь гараараа цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны үед Л.Баярмандахын хохирогчоор өгсөн: “...би чи болиоч миний дүүг муулаад байх юм гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан тул бид хоорондоо маргалдаж манай хүргэн дүү С.Энхмягмар намайг нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба би газар унахдаа хажууд байсан модон орны толгой мөргөж унаад миний зүүн талын шанаа бага зэрэг халцарч шүд рүү хавдсан...манай хүргэн дүү намайг нэг удаа нүүр лүү цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1145 дугаартай: Баярмандахын биед зүүн шанаанд шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Т.Эын өгсөн: "...Би Баярмандах ахын нүүрэн тус газар нэг удаа цохисон ба бид хоёр хамт газар унасан...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа ба би өөрийн хадам ах Л.Баярмандахаас уучлалт гуйж бид хоёр одоо хоорондоо эвлэрч ямар нэг гомдолгүй болсон.” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Т.Э нь хадам ахтайгаа миний дүүг мууллаа гэсэн асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиход хохирогч унахдаа модон орны толгой мөргөж унасанаас зүүн шанаанд шарх, зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Эт ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгоч оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол санал байхгүй” /хх-н 48/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Эт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН