| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0127/Э |
| Дугаар | 320 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 320
2021 03 11 2021/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Г.Б / шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Буурал овогт Гаахүүгийн Баярмөнхөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00139 0149 дугаартай 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч :Монгол улсын иргэн, Г.Б , 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46-б байр, 24 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90 г байрны 44 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уранчимэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодийн зовуурь үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “…Тухайн хэрэг гардаг өдрийн өглөө ажилдаа явах гээд шалаа угааж байсан. Надад хэлэхгүй байр худалдаж авсан байхаар нь надтай зөвлөлдөхгүй яасан юм гэснээс болж маргаан үүссэн. Тэгээд эхнэр янз бүрийн зүйл яриад байхаар нь шал угааж байсан шал угаагчаар цохисон. Мөн эхнэр миний цамцнаас зуураад байхаар нь холдуулах гээд ор руу шидсэн.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1-2/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Уранчимэгийн өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 90Г байрны 44 тоот гэртээ хамтран амьдрагч Г.Бийн хамт байсан. Бид 2 гэртээ ойр зуурын зүйл хийгээд байж байтал Г.Б над руу шалтгаангүй уурлаж, надтай хэрүүл хийж эхэлсэн, тэгээд би чи яагаад уурлаад байгаа юм вэ ойрд чи уурлаж байгаа шүү, би энэ уурлаж байгаагаас чинь залхаж байна шүү, ядаргаатай юм вэ, таалагдахгүй байвал чи яваач гэж Г.Бөд хэлсэн чинь Г.Б нь гартаа барьж байсан төмөр иштэй шал арчигчаар миний толгойны зүүн хэсэг, мөрний зүүн эгэмний яс руу тус тус нэг цохиод намайг өргөж байгаад шал руу шидсэн. Тэгээд би шалнаас боссон чинь миний толгой эргээд байхаар нь би жоохон сууж байгаад “би цагдаа дуудлаа, чи намайг алах” гэж хэлсэн чинь Ш.Баярмөнх чамаар цагдаа дуудуулахгүй гэж хэлээд миний утсыг хайж байх хойгуур нь гэрээсээ гараад гүйгээд хажуу байранд амьдардаг аав Баатарын утсаар цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-н 10-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 377-ны өдрийн 377 дугаартай:
1.Б.Уранчимэгийн биед зүүн эмэгний далд хугарал, дагзны хуйхны шарх, зүүн бугуй, баруун сарвууны эрхий хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бийн өгсөн: "...Би 2020 рны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 90г байрны 44 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Уранчимэгийн хамт байсан ба бид 2 гэртээ ойр зуурын ажил хийгээд байж байхад эхнэр Б.Уранчимэг нь надтай хэрүүл маргаан хийх гээд надтай маргалдаад байхаар нь би Б.Уранчимэгтэй маргалдаж байгаад намайг зайл гэж хэлээд байхаар нь би уурлаад гартаа барьсан шал угаагчаар Б.Уранчимэгийг 2 удаа цохиж, эхнэр Б.Уранчимэгийг өргөж байгаад шал руу шидсэн. Тэгээд эхнэр Б.Уранчимэг нь босож ирээд цагдаа дуудна гэж хэлээд гэрээс гарч гүйсэн. Би хамтран амьдрагч Б.Уранчимэгийн биед халдаж хүндэвтэр хохирол учруулсанд гэмшиж байгаа, эмчилгээний төлбөрийг яаралтай барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-н 34-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас Г.Бийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90 г байрны 44 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодийн зовуурь үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уранчимэг хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Бөд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90 г байрны 44 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шал угаагчаар цохиж өргөж байриад шал руу шидсэнээс биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан буюу “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Уранчимэгийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ хамтран амьдрагч Г.Бийн хамт ойр зуурын зүйл хийгээд байж байтал Г.Б над руу шалтгаангүй уурлаж, надтай хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би чи яагаад уурлаад байгаа юм вэ, ойрд чи их уурлаж байгаа шүү, би энэ уурлаж байгаагаас чинь залхаж байна, таалагдахгүй байвал чи яваач гэж хэлсэн чинь Г.Б гартаа барьж байсан төмөр иштэй шал арчигчаар миний толгойны зүүн хэсэг, мөрний зүүн эгэмний яс руу нэг удаа цохиод, намайг өргөж байгаад шал руу шидсэн.” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 377-ны өдрийн 377 дугаартай:
1.Б.Уранчимэгийн биед зүүн эмэгний далд хугарао, дагзны хуйхны шарх, зүүн бугуй, баруун сарвууны эрхий хурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Бийн өгсөн: "...Би 2020 рны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 90г байрны 44 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Уранчимэгийн хамт байсан ба бид 2 гэртээ ойр зуурын ажил хийгээд байж байхад эхнэр Б.Уранчимэг нь надтай хэрүүл маргаан хийх гээд надтай маргалдаад байхаар нь би Б.Уранчимэгтэй маргалдаж байгаад намайг зайл гэж хэлээд байхаар нь би уурлаад гартаа барьсан шал угаагчаар Б.Уранчимэгийг 2 удаа цохиж, эхнэр Б.Уранчимэгийг өргөж байгаад шал руу шидсэн. Тэгээд эхнэр Б.Уранчимэг нь босож ирээд цагдаа дуудна гэж хэлээд гэрээс гарч гүйсэн. Би хамтран амьдрагч Б.Уранчимэгийн биед халдаж хүндэвтэр хохирол учруулсанд гэмшиж байгаа, эмчилгээний төлбөрийг яаралтай барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Уранчимэг нь шүүгдэгч Г.Бийн хамтран амьдрагч байх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 57/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Уранчимэгийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Б.Уранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах бусад хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Бөд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Г.Бөд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бөд оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Хохирогч Б.Уранчимэг нь энэ гэмт хэргийн улмаас гарсан гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН