Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/188

 

2021        03            15                                         2021/ШЦТ/188                                  

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2021/0172/Э/Т

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Иргэдийн төлөөлөгч: Г.Дуламсүрэн,

Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Ганболд, Б.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 180.... дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.Н

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Н  нь бусадтай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-нд хүч хэрэглэж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 6.000.000 төгрөг, зөөврийн компьютер, гар, цэнэглэгч залгуур, үзэгний сав, 118В залгуур, хөгжим тоглуулагч, мемори карт, флаш 2ш зэргийг дээрэмдэн авч 6.951.600 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр,

- бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-ны хоолойг хутгаар зүсэж хүзүүний зүсэгдсэн шархууд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч Б.Н  нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-ны хоолойг хутгаар зүсэж хүзүүний зүсэгдсэн шархууд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл холбогдолыг энэхүү шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй талаар хуульчилсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн  3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь дээрх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зэрэг санал гаргасан.

 Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №12 дугаар дүгнэлтээр: Монгол улсын Их хурлаас 2020 оны 01 сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “....шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал....хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ Монгол улс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дахь хэсгийн “ Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дахь хэсгийн “Төрөөс хүний эрх эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дахь хэсгийн “Үндсэн хуульд хууль ....бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэн, уг хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4-т “..шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ...” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Н т нарт холбогдох Эрүүгийн 1809000001011 тоот хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-ны хоолойг хутгаар зүсэж хүзүүний зүсэгдсэн шархууд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгаарлаж,  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэгдтэл түдгэлзүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

1.2 Шүүгдэгч Б.Н  нь бусадтай 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч -нд хүч хэрэглэж, хоолойд нь хутга тулган, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 6.000.000 төгрөг, зөөврийн компьютер, гар, цэнэглэгч залгуур, үзэгний сав, 118В залгуур, хөгжим тоглуулагч, мемори карт, флаш 2ш зэргийг дээрэмдэн авч 6.951.600 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон болох нь:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 2 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-6 тал/

- Хохирогч С Ш Ч-ний бусдад дээрэмдүүлсэн гэх эд хөрөнгийг хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 23-29 тал/

- Хохирогч С Ш Ч мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр залуучууд араас гүйж ирээд намайг барьж аваад нэг нь миний хоолойд хутга тулгаад миний цүнхийг дээрэмдэж авсан. Тэгээд тэр 2 залуу миний цүнхийг аваад шууд доошоо шатаар зугтаагаад явчихсан. Үүргэвчин дотор зөөврийн компьютер, “Скайтовер” ХХК-ний бичиг баримтууд, компьютерын дагалдах хэрэгслүүд байсан. Мөн хэрэглээний 2.600.000 төгрөг, компаний 4.800.000 төгрөг байсан. Намайг яг цохиж зодсон асуудал байхгүй. Цүнхээ өгөхгүй гэхэд хоолойд хутга тулгасан. Миний хүзүүнд жижиг хэмжээтэй хутганы зүсэгдсэн сорвинууд байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт хохирлоо барагдуулж авсан учир гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй гэжээ. / хх-ийн 44-48 тал/

Гэрч А.Санжаажанчив мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Гармаа над руу залгаж С Ш Чг дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Ажилдаа байнга зөөврийн компьютертой явдаг бөгөөд гэртээ харихдаа аваад явдаг. Хэд хэдэн удаа боодолтой мөнгөтэй явж байхыг нь харсан гэжээ. / хх-ийн 51 тал/

- О.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: ...Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 35-1848 тоот хашаанд очиж мэдүүлгийг газар дээр шалгахад гэрээс ертөнцийн зүгээр 2-3 метр зайд цэнхэр өнгийн зүйлээр хучигдсан төмрийн баруун доод хэсэгт мөнгөн дэвсгэрт нуусан байсныг О.Нямдаваагаар заалгаж гэрэл зургийг бэхжүүлэн авав. Мөнгөн дэвсгэртийг шалгахад 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг буюу нийт 2.000.000 төгрөгийг хураан авч тэмдэглэлд тусгав гэжээ. / хх-ийн 30-33 тал/

- Б.Ганпүрэвийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ...Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 19-4а тоотод үзлэг хийж таазны уналттай гэрлийн завсраас нийт 490.000 төгрөг хураан авсан гэжээ.  / хх-ийн 38-40 тал/

- Хохирогч С Ш Ч-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  ... лифтний үүдэнд үл таних хоёр залуу зогсож байсан. ... уг 2 залуугийн нэг нь шууд миний үүргэвчийг булаах гэж оролдсон. Намайг дээрэмдэх гэж байна гэж ойлгоод цүнхээ өгөлгүй шууд доошоо гүйхэд тэр залуучууд араас гүйж ирээд намайг барьж аваад нэг нь миний хоолойд хутга тулгаад миний цүнхийг дээрэмдэж авсан. Тэгээд тэр 2 залуу миний цүнхийг аваад шууд доошоо шатаар зугтаагаад явчихсан. Үүргэвчин дотор зөөврийн компьютер, бэлэн 5 сая төгрөг, мөн “Скайтовер” ХХК-ны бичиг баримтууд байсан. ... Намайг цүнхээ өгөхгүй гэхэд хоолойд хутга тулгасан. Миний хүзүүнд жижиг хэмжээтэй хутганы зүсэгдсэн сорвинууд байна” гэх мэдүүлэг / 1хх-ийн 44-55 тал /

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 193-194-р хуудас/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Хятад Улсын иргэний биед үзлэг хийхэд хүзүүнд олон тооны 18 ширхэг хөндлөн, өнгөц зүсэгдсэн шархнууд байсан. Уг гэмтэл нь хурц үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь лууны дүрстэй бөгж болон хүний хумсаар үүсгэгдэх боломжгүй ...” гэх мэдүүлэг/хх-ийн 1- р хавтас 219-220 дугаар хуудас/

Яллагдагч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт нь хэвтэж байхад Ганпүрэв манай эхнэрийн ажлын газарт нэг хятад байнгын цүнхтэй мөнгө авч явдаг түүнийг дээрэмдье гэж хэлсэн. Хятад Улсын иргэний гэрийн гадна буюу хаягийг нь мэдэхгүй улаан өнгөтэй хоёр орцтой нэг байрны хоёр дахь орц руу Ганпүрэв бид хоёр ороод 4 давхар руу шатаар гараад намайг нэг хаалганы хажууд зогсоогоод өөрөө буугаад явчихсан. Ингээд би тэр хаалганы хажууд зогсож байхад Нямаа орж ирээд бид хоёр хүлээгээд байж байхад Нямаатай Ганпүрэв утсаар яриад нөгөө Хятад хүн 4 давхарт гараад ирэхээр нь бид хоёр тосож байгаад би куртикээр нь хоолойг нь боогоод хутга хүзүүнд тулгаад Нямаа түүнийг хоёр удаа өшиглөөд үүрч явсан цүнхийг нь Нямаа аваад бид хоёр шууд доошоо гүйгээд орцоор гарахад Ганпүрэв байж байгаад бид гурав шууд цаашаа гүйгээд хэдэн тийш тараад зугтаасан. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаачлагыг Ганпүрэв гаргасан бөгөөд урьд өмнө нь Ганпүрэв, Нямаа хоёр тэр Хятад иргэнийг дээрэмдэх гэж байгаад бүтээгүй гэж Ганпүрэв хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 101 дүгээр хуудас/,

            Яллагдагч О.Нямдаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ганпүрэв надруу 88868885 гэсэн дугаараас залгаад нөгөө Хятад хүн чинь мөнгөтэй болчихсон байна, яаж мөнгийг нь авах вэ гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй яаж авдаг юм байгаан гээд ярилцаад өнгөрсөн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ганпүрэв дахин залгаад байранд нь очиж үзэх үү гэхээр нь би зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... Ганпүрэвтэй уулзаад бид хоёр шууд Энхтайваны гүүрний доод талд байдаг нөгөө хүний гэрийх нь тэнд очиж байрыг нь харчихаад буцаад явсан. Өчигдөр 2018 оны 02 сарын 26-ны өдөр Ганпүрэв ... залгаад нөгөө Хятад хүн чинь мөнгөтэй болчихсон байна өнөөдөр очих уу гээд Энхтайвны гүүрний баруун талд байдаг улаан өнгийн 9 давхар байран дээр такси бариад очсон. Дараа нь Наранбаатар бид хоёр 20-25 минут хүлээгээд байж байхад Ганпүрэв гаднаас орж байна шүү нөгөө Хятад чинь гэж утсаар хэлсэн. Тэгээд дээрээс доошоо харахад нэг хүн лифт рүү орж байсан. Тэгээд лифт ирэхийг нь хүлээж байтал лифтнээс буугаад ирсэн. Тэгэхээр шат руу татаад Наранбаатар хоолой руу хутга тулгаад үүрсэн цүнхийг нь би аваад доошоо шатаар буугаад зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 102-103 дугаар хуудас/, болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Н ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 98 тал/
  • “ИЖ87111211 регистрийн дугаартай Ихмянган овогт Бат-Эрдэнэ-ны Наранбаатар нь Завхан Идэр 2-р баг, Цэцэрлэг, төвийн хэсэг 1 гудамж 29 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн шүүгдэгч Б.Н ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 97 тал/
  • Сүхбаатар дүүргийн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /2хх-ийн 66 тал/
  • Сүхбаатар дүүргийн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тухай тогтоол: яллагдагч Б.Н ыг эрэн сурвалжлан олох ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд болон гадаад улсад зохион байгуулахыг... даалгасугай /2хх-ийн 66 тал/
  • Сүхбаатар дүүргийн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол /2хх-ийн 93 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Н  нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-ийн эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 6.000.000 төгрөг, зөөврийн компьютер, гар, цэнэглэгч залгуур, үзэгний сав, 118В залгуур, хөгжим тоглуулагч, мемори карт, флаш 2ш зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг гүйцэтгэгчээр үйлдсэн болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 02 тал/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-6 тал/, Хохирогч С Ш Ч-ний бусдад дээрэмдүүлсэн гэх эд хөрөнгийг хураан авч, үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 23-29 тал/, Хохирогч С Ш Ч мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх-ийн 44-48 тал/, Гэрч А.Санжаажанчив мөрдөн шалгалтын явцад өгсөн мэдүүлэг / 1хх-ийн 51 тал/, О.Нямдаваагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 30-33 тал/ Б.Ганпүрэвийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 38-40 тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 193-194-р хуудас/, Шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг /1хх-ийн 219-220 тал/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Н  нь бусадтай бүлэглэн Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь хохирогчийн 6.000.000 төгрөг болон зөөврийн компьютер эд зүйлсийг буцаан өгсөн /1хх-ийн 35-37 тал/, хохирогч С Ш Ч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэгтээ / 1хх-ийн 44-48 тал/ дурдсан байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-т үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-ыг бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 19/а байрны 4 дүгээр давхарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С Ш Ч-ийн эсрэг амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн 6.000.000 төгрөг, зөөврийн компьютер, гар, цэнэглэгч залгуур, үзэгний сав, 118В залгуур, хөгжим тоглуулагч, мемори карт, флаш 2ш зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэн авахаар довтолж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”.  Иймд шүүгдэгч Б.Н-ыг бусадтай “Бусдын эд хөрөнгийг амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” Иймд шүүгдэгч Б.Н-ыг бусадтай бүлэглэн Бусдын эд хөрөнгийг амь биед аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон “хоолойг нь боож, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх,  хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувьд учруулсан хохирлыг төлсөн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч Б.Н-ыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулана” гэснийг журамлан шүүгдэгч Б.Н ын хувьд дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон” үйлдэлд нь шүүгдэгч Б.Н т 3 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Н т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Н ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн санал нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай тохирч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.Н ын баривчлагдаж, цагдан хоригдсон 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйдийн 1.5, 34.17 дугаар зүйлийн 4, 34.18, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн 180.... тоот хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг тусгаарлан, түдгэлзүүлсүгэй.

 

 2. Шүүгдэгч Б.Н-г бусадтай бүлэглэн зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэж, авахаар довтолон дээрэмдэх гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 03 /гурав/ жил 05 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Н т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Н ын 1 хоног баривчлагдсан хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

 

7.Шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Б.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧ                                      Б.ДУЛАМСҮРЭН

 

                                       ШҮҮГЧ                                      Д.ДАРЬСҮРЭН