Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0189

 

  

 

  

2021         03             18                                     2021/ШЦТ/0189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0192/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Даваадорж,

Шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.Ч-д холбогдох 21... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Ч  нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 17 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А-тэй гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж хана мөргүүлэх, гуя хэсэг рүү нь өшиглөх болон бусад байдлаар биед нь халдаж хохирогчийн биед “тархи доргилт, толгойн оройн хэсэгт үсний халцрал, баруун чамархай, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугалганы урд дээд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, зүүн гуяны урд дээд гадна хэсэгт цус хуралт, зүүн далны дотор дээд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өвдөгний дор зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 45 дугаар байрны 17 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А-тэй гэр бүлийн харилцаанаас гадуурх харилцаанаас болж маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж хана мөргүүлэх, гуя хэсэг рүү нь өшиглөх болон бусад байдлаар биед нь халдаж хохирогчийн биед “тархи доргилт, толгойн оройн хэсэгт үсний халцрал, баруун чамархай, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугалганы урд дээд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, зүүн гуяны урд дээд гадна хэсэгт цус хуралт, зүүн далны дотор дээд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өвдөгний дор зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  1. Хохирогч Б.А-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 05 цагийн үед байх нөхөр бид хоёр гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод маргалдсан. Учир нь манай нөхөр өөр эмэгтэй хүнтэй гэр бүлээс гадуур харилцаанд орсныг нь би мэдээд хэрүүл маргаан болсон. Би тэр эмэгтэйг нь манай орцонд байдгийг мэдсэн болохоор гэрийнх нь хаалгыг нүдсэн. Тэгтэл манай нөхөр намайг болиулах гэж миний үснээс зулгааж, хэвлийн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд бид нарт зөвлөгөө өгөөд явсан. ...Намайг манай нөхөр тухайн үед гуяны хэсэг рүү нэг ууд өшиглөсөн, мөн үснээс зулгаасан байх үед нааш, цааш хөдөлгөх явцад орцны хана цохисон. Би тухайн үед буюу тэр шөнө 2.5 литрийн пиво уусан байсан. Харин манай нөхөр ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 13290 дугаартай “...1. Б.А-ийн биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт үсний халцрал, баруун чамархай, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугалганы урд дээд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, зүүн гуяны урд дээд гадна хэсэгт цус хуралт, зүүн далны дотор дээд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өвдөгний дор зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг цаг хугацаанд үүсэх боломжтой, 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, 4. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлехгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/

Яллагдагч С.Ч-ын “...Би өмнөх мэдүүлэгтээ прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн. Би дараа нь бодож үзсэн, миний буруутай зүйл байгаа, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 89 тал/ гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч С.Ч-ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 71 тал /,
  • Шүүгдэгч С.Ч-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72 тал /,
  • Шүүгдэгч С.Ч-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 тал/,
  • Шүүгдэгч С.Ч-ын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 74 тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон  ял шийтгэгдсэн эсэхийг эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал /
  • Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 41-47 тал /
  • Шүүгдэгч С.Ч-ын  нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх болон хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч эсэх талаарх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 54-69 тал /
  • Шүүгдэгч С.Ч-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаарх авто тээврийн газрын лавлагаа /хх-ийн 51 тал / зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч С.Ч нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч С.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.А тэй маргалдаж, улмаар түүний биед “тархи доргилт, толгойн оройн хэсэгт үсний халцрал, баруун чамархай, баруун бугалганы гадна дээд хэсэг, зүүн бугалганы урд дээд хэсэг, баруун далны дотор дээд хэсэг, зүүн гуяны урд дээд гадна хэсэгт цус хуралт, зүүн далны дотор дээд хэсэгт зулгаралт, баруун, зүүн өвдөгний дор зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Чын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.А  нь шүүгдэгч С.Ч-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ /хх-ийн 90 тал/ өгсөн байх тул шүүгдэгч С.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Ч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч С.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Ч  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд

мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Ч-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шүүгдэгч С.Ч-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ