| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2015/7746/и |
| Дугаар | 182/ШШ2017/00799 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2017/00799
|
2017 оны 04 сарын 17 өдөр |
Дугаар 182/ШШ2017/00799
|
Улаанбаатар хот
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Н нэхэмжлэлтэй
Хариуцагч: “У” ХХК /РД:5303818/-д холбогдох
Барьцааны эд хөрөнгийг хууль бусаар худалдан борлуулсныг тогтоолгох, барьцааны эд хөрөнгө болох 11 ширхэг мөнгөн аяга буюу 15 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагч “У” ХХК-ийн захирал Ж.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, гэрч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “У” ХХК-ийн ломбарданд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 ширхэг мөнгөн аяга барьцаалж 1 200 000 төгрөгийг зээлж авсан. Анх удаа ломбарданд мөнгөн аяга барьцаалж мөнгө зээлж авч байгаа юм. Би ойлгохдоо 3 сарын хугацаатай гэж бодсон. 1 сараар сунгадаг гэдгийг нь мэдээгүй. ... 3 сарын дараа буюу 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр очиход миний барьцаанд тавьсан мөнгөн аяганууд зарагдсан байсан. Надад мөнгөний хэрэгцээ гарсан учраас хамаатан энэ ломбардыг зааж өгсөн юм.
... Сар, сараар сунгадаг гэхээр нь автоматаар сунгагдах байх гэж бодож байсан. Дараа нь хүүг нь төлөх юм байна гэж бодсон. 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр очиход зарсан байсан. Уг ломбардынхан миний утас руу залгасан, намайг утсаа авахгүй байсан гэж хэлсэн. Надад энэ тухай мэдэгдээгүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д “... зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухайгаа зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байсан. Гэтэл надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй, заавал нэн даруй бичгээр мэдэгдэх ёстой гэсэн байсан. Маргааш нь очиж энэ тухай хэлэхэд заавал мэдэгдэх шаардлагагүй гэж хэлсэн. Миний эрх, ашиг сонирхол их зөрчигдөж байна. Аав, ээжийн үлдээсэн аяганууд юм. Эдгээр аягануудын зураг нь надад байхгүй болохоор ямар нэгэн байдлаар нотлож, тодорхойлох боломжгүй байна.
... Барьцааны эд хөрөнгийг худалдах талаар бичгээр мэдэгдээгүй, дур мэдэн худалдсан, хуульд заасан журмыг зөрчсөн “У” ХХК-ийн буруутай үйлдлийг тогтоож, барьцааны зүйл болох үе дамжсан 5 ширхэг, дунд үеийн 3 ширхэг, шинэ үеийн 3 ширхэг нийт 11 ширхэг мөнгө аяга буюу 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хууль бусаар худалдсаны улмаас учирсан хохиролд 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ... гэв.
Хариуцагч “У” ХХК хариу тайлбартаа болон тус компанийн захирал Ж.Галдан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Н нь 11 ширхэг мөнгөн аягыг барьцаалахаас өмнө “алтан аяга гаргаж ирсэн. Алтан аягыг үнэлэхээр шалгахад хуурамч байсан. Ингээд 11 ширхэг мөнгөн аягаа барьцаалан зээл авахыг хүссэн ба манай компанийн ажилтан мөнгөн аягуудыг шалган үзэж, 800 000 төгрөгөөр үнэлэхэд Б.Н нь “1 200 000 төгрөгийн хэрэг хэрэгтэй байна” гэж удаа дараа гуйгаад байхлаар нь бидний зүгээс 1 200 000 төгрөгөөр үнэлсэн юм. “Урчуудын эвлэлийн хороо” гэсэн бичигтэй нэг л аяга байсан. Тухайн үед Б.Нийн барьцаалан зээл авсан мөнгөн аяга нь бүгд нийлээд 800 000 төгрөгийн үнэ хүрэхгүйц мөнгөн аяга байсан. Иймд үе дамжсан, уран хийцтэй гээд байгаа нь үндэсгүй, худлаа учраас зөвшөөрөхгүй байна...
Б.Н нь манай ломбардаас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ирж, зээлийн хүүгээ төлөх ёстой байсан. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээсэн. Б.Н гэрээний хугацаандаа ирээгүй, ломбардны зүгээс удаа дараа мессеж явуулж байсан. Б.Нийн гэрээн дэх 99230777 утас руу залгахад утсаа авахгүй, мөн гэрийн хаягаар манай ажилтан очиж байсан.
Б.Нийг 3 сар гаруй хугацаанд хүлээж, барьцаанд тавьсан мөнгөн аяганууд манайд хураалгаастай байсан. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусаад зарах гэж 2-3 хүн хүмүүст үзүүлж байсан. Аягануудыг зөндөө удаан байлгаж хадгалж байгаад 2014 оны 08 дугаар сарын 17, 18-ны үеэр мөнгөн эдлэл зарж борлуулдаг н.Дөш гэх эмэгтэйд 1 200 000 төгрөгөөр зарсан. Иймд манай компани Иргэний хуулийн холбогдох заалт, болон гэрээний заалтыг зөрчөөгүй тул гэрээний нөхцөлд тулгуурласан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “У” ХХК-д холбогдуулан барьцааны эд хөрөнгийг хууль бусаар худалдан борлуулсныг тогтоолгон, барьцааны эд хөрөнгө буюу хохирол 15 000 000 төгрөг гаргуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... барьцааны эд хөрөнгийг худалдах талаар бичгээр мэдэгдээүй, дур мэдэн худалдсан, хуульд заасан журмыг зөрчсөн тул барьцааны зүйл болох хуучин /үе дамжсан/ 5 ширхэг мөнгөн аяга, дунд үеийн 3 ширхэг мөнгө аяга, шинэ үеийн 3 аяга нийт 11 мөнгөн аяга буюу 15 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ...” гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... Манай компанийн зүгээс хуульд заасан үндэслэл журам, гэрээний нөхцөлд тулгуурлан худалдан борлуулах ажиллагааг явуулсан. Хууль тогтоомж болон гэрээний агуулгыг зөрчөөгүй ...” гэж маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч өөрийн гаргасан шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтуудыг өөрсдөө шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргийг хуулиар хүлээжээ.
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “У” ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1 200 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй нэг сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 11 ширхэг мөнгөн аягыг барьцаалахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, “У” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, барьцаат зээлийн үйлчилгээний журам, гэрч Т.Аийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 12-14, 24-26 тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,
Мөн хуулийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
286.2-т “барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”, 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байгаа. /х.х-ийн 6 тал/
Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Н нь 1 200 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 7 хувь байхаар гэрээнд заажээ.
Б.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусаад зээлээ төлж, барьцааны зүйл болох мөнгө аягаа буцаан аваагүй, хариуцагч барьцаалдан зээлдүүлэх газар нь барьцааны зүйлийг худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Н нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл барьцааны зүйлээр бус барьцааны зүйлийн үнээс шаардлага хангагдана гэж ойлгоно.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.5-д “барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, үүнтэй холбоогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах эрхтэй.
Мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалдан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй “гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Б.Н нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хариуцагч “У” ХХК нь өөрийн шаардлагыг хангахаар Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-т зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй боловч, энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д заасан барьцааны зүйлийг худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д “Зээлдэгч зээлсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалдан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.
Хариуцагч “У” ХХК нь барьцаалагдсан эд хөрөнгө болох 11 ширхэг мөнгөн аягыг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухайгаа Б.Нт бичгээр мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх байдлаа баримтаар нотлож чадаагүй болно.
“У” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний журмын 4-т “тус компанийн зээлийн гэрээний 30 хоног дууссанаас хойш 7 хувийн хүүтэйгээр 60 хоног хадгалж хугацаа дууссан нөхцөлд тухайн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг тус компанид шилжүүлсэнд тооцно” гэх заалт нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.5, 158 дугаар зүйлийн 158.1, 286 дугаар зүйлийн 286.3, 286.4 дэх заалтуудтай нийцээгүй байна.
Иймд хариуцагч “У” ХХК нь барьцааны зүйлийг худалдан борлуулах хуульд заасан дээрх журмыг зөрчсөн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Б.Нт хохирол учруулсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Н нь “У” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээ 15 000 000 төгрөг гэж тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжид 233 000 төгрөг төлсөн байгаа боловч, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заажээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шинжээчээр “Итгэлт-Эстимэйнт” ХХК-ийг томилж, хохирлыг хэмжээг тогтоолгосон ба үнэлгээгээр 11 ширхэг мөнгөн аягыг 3 045 000 төгрөгөөр үнэлсэн. /х.х-ийн 95-100 тал/
Иймд хариуцагч “У” ХХК-иас 3 045 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 955 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Н нь нэхэмжлэлдээ “...“У” ХХК нь барьцааны эд хөрөнгийг хууль бусаар худалдан борлуулсныг тогтоолгох” тухай дурдсан байгаа нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш, харин өөрт учирсан хохирлоо шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч “У” ХХК-иас 3 045 000 /гурван сая дөчин таван мянган төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Нт олгож, нэхэмжлэлээс 11 955 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-иас 63 670 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23339 дүгээр захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ