Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0212

 

  

 

 

2021         03             26                                     2021/ШЦТ/0212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0229/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Л-т холбогдох 210.... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.Л

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Л  нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 23-28 тоотод согтуурсан байх үедээ зүс таних Б.Д-той харилцан маргалдаж улмаар түүний толгой нүүр тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас тархи доргилт зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлен эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн хацар, цээж, хоёр тохой, нуруу, баруун өвдөгт зулгаралт, дээд уруул, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 23-28 тоотод согтуурсан байх үедээ зүс таних Б.Д-той харилцан маргалдаж улмаар түүний толгой нүүр тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас “тархи доргилт зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлен эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн хацар, цээж, хоёр тохой, нуруу, баруун өвдөгт зулгаралт, дээд уруул, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/

Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хохирогч Б.Д-ийн...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед найз Жавхлантөгсийн гэрт очсон чинь Жавлантөгс нэг найзтайгаа архи ууж байсан.Тэгээд би тэдэнтэй хамт архи уугаад сууж байтал зүс таних залуу орж ирсэн /одоо мэдсэнээр Ч.Л /, мэнд мэдэлцээд хамт сууж архи уусан. Тэгээд архи ууж байгаад намайг барилдах уу хөгшөөн гэхээр нь би жаахан согтуу байна, дараа болох уу гэхэд гараад ир гээд байхаар нь араас нь дагаад гарсан чинь хоёулаа зодолдох уу гэхээр нь дараа эрүүл дээ болох уу, согтуу байна гэсэн чинь намайг шууд хавсарч унагаагаад нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд ухаан орсон чинь Жавхлантөгсийн хажууд байх зүс таних айлын гэрт хэвтэж байсан. Би зодуулах хүртлээ бүх зүйлийг санаж байна, миний толгой зүүн талаараа зүүн нүд хавдсан баруун гарын шуу, зүүн гарын шуу, бугалга хэсэг тус хавдсан, шалбарсан байгаа. Би Ч.Л-ыг хэл амаар доромжилж зодож цохисон асуудал байхгүй гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 47-48 тал/

Гэрч Мөнхтамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 23-28 тоотод найзындаа хадам ах Дэлгэрдоржийн хамт ирээд хамт архи уугааа сууж байтал хажуу талын айлын залуу орж ирээд Дэлгэрдоржийг “барилдъя” гэхэд нь ах би согтуу байна, гэхдээ чамд бол унахгүй л гээд маргалдаад гадаа гарсан. Тэгсэн тэр залуугийн эхнэр маргалдаад байсан чинь ахыг цохиод авсан эхлээд хавирч унагаагаад дээрээс нь 2-3 удаа цохисон. Дэлгэрдорж хажуу айлын залууг баруун гараараа нүүр , мөр рүү нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

Томографийн шинжилгээ оношилгооны хуудас /хх-ийн 24 тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №981 дугаартай... Б.Д-ийн биед тархи доргилт зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлвн эдийн няцрал, цус xуралтхамар, зүүн хацар, цээж, хоёр тохой, нуруу, баруун өвдөгт зулгаралт, дээд уруул хүзүү, цээж, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлий хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээч дүгнэлт /хх-ийн 19 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ч.Л-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 тал /,
  • Шүүгдэгч Ч.Л-ын гэрлэлтийн бүртгэлгүй талаарх Улсын бүртгэлийн газрын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 54 тал/
  • Шүүгдэгч Ч.Л-ын нэр дээр тээврийн хэрэгсэл бий эсэх талаарх Авто тээврийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 58 тал/,
  • Шүүгдэгч Ч.Л-ын үл хөдлөх эд хөрөнгийн талаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн газрын алба тоот /хх-ийн 60 тал /,
  • Шүүгдэгч Ч.Л-ын тэтгэвэр, тэтгэмж халамж авдаг эсэх талаарх Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлгээний хэлтсийн лавлагаа /хх-ийн 62 тал/
  • Урьд ял шийтгүүлж байсан талаарх Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/ зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Ч.Л нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Д-той харилцан маргалдаж улмаар түүний толгой нүүр тус газарт гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас “тархи доргилт зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлен эдийн няцрал, цус хуралт, хамар, зүүн хацар, цээж, хоёр тохой, нуруу, баруун өвдөгт зулгаралт, дээд уруул, хүзүү, цээж, зүүн бугалга, баруун мөр, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.Л-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Б.Д- нь шүүгдэгч Ч.Л-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан... гэсэн хүсэлтээ /хх-ийн 72 тал/ прокурорт өгч хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ч.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэххэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Л  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.Л-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л нь шүүхээс тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шүүгдэгч Ч.Л-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ