Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/353

 

 

 

 

 

 

 

 

   2021        03         17                                   2021/ШЦТ/353

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

            иргэдийн төлөөлөгч А.Батдорж,

             улсын яллагч Б.Тулга,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарбаясгалан, З.Цэцэгмаа, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,

            иргэний нэхэмжлэгч Д.Болортуяа,

            өсвөр насны шүүгдэгч Н.М., түүний хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэчимэг, өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            шүүгдэгч Г.Н., түүний өмгөөлөгч Ө.Болормаа,

            шүүгдэгч А.О., түүний өмгөөлөгч Н.Ганбат,

            шүүгдэгч М.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан С. овогт Н.гийн М.,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан А. овогт Г.гийн Н., Б. овогт А.гийн О., Ч. овогт М.ын Б. нарт холбогдох эрүүгийн 2006 02803 1739 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух,  С. овогт Н.гийн М..

            Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, урьд

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1520 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сарын 6 хоногийн ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хугацааны өмнө суллагдсан,

            А. овогт Г.гийн Н..

            Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Улиастайн махны үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, ээж, ах нарын хамт оршин суух, Б. овогт А.гийн О..

            Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтийн аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Улаанбаатар” дээд сургуулийн программ хангамжийн ангийн 1 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, Ч. овогт М.ын Б..

            Холбогдсон хэргийн талаар:

  Өсвөр насны шүүгдэгч Н.М. нь 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын орчимд отвёркийг зэвсгийн чанартайгаар ашиглан Б.Амаржаргалын шилэн хүзүүн тус газарт 2, баруун даланд 1, зүүн мөрний хойд булчинд 1, цээжний зүүн тал буюу эгэмний ясны доод хэсэгт 1 удаа хатгаж, хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 мөн өсвөр насны шүүгдэгч Н.М., шүүгдэгч А.О., Г.Н. нар нь бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын орчимд Б.Амаржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн өсвөр насны шүүгдэгч Н.М., шүүгдэгч М.Б. нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Наран амгалан” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд иргэн Х.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Н.М. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Г.Н. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч А.О. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” нэв.

ШҮүгдэгч М.Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэцэгмаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би амь хохирогчийн эх З.Цэцэгмаа байна. Миний хувьд гомдолтой байна. Миний хүүгийн 1 ой сартайгаас 6 нас хүртэлх настай 3 хүүхэд өнчин үлдсэн. Миний эрүүл саруул хүүхэд хүнээр алуулаад нас барчихаар надад үнэхээр хохиролтой байна. Би эхний удаад оршуулгын зардал болох 16.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс Н.М. 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хүүхдийн банкны зээл нэхэгдээд байгаа. Прокурорын ярьж байгааг сонсохоор миний хүү тухайн үед биеэ хамгаалах чадваргүй байсан гэдэг нь нотлогдож байна. Тэгэхэд шүүгдэгч нар миний хүүг босоод явж байсан, хүмүүстэй зодолдож байсан гэж яриад байна. Яагаад миний хүүг нэг удаа цохиод яваагүй юм бол, зүгээр босоод явж байхад нь ухаан алдаж унатал нь цохиод, 5, 6 удаа хатгасан байна. Миний хүүг яагаад ядаж нэг удаа хатгаж болоогүй юм бэ. Харилцан зодоон үүсгэсэн гэх юм. Хэрэв санаатайгаар биш байсан бол яагаад нэг удаа цохичихоод буцаад явж болоогүй юм бэ.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би амь хохирогчийн төрсөн ах нь байна. Шүүгдэгч нар хэрэг учрал болсон газар луу А.О.ын машинаар Г.Н.ын санаачилгаар явсан гэж харагдаж байна. Би гомдол, саналын хувьд ээжийн хэлсэнтэй адилхан байр суурьтай байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Болортуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд нөхөртэйгөө байр түрээслэж амьдардаг байсан. Би одоо хадам аавындаа амьдарч байна. Би гурван хүүхэдтэйгээ, орон гэргүй, ганцаараа үлдсэн учир хохирол төлбөр нэхэмжилж байгаа. Хэрэв миний нөхөр амьд байсан бол миний хүүхдүүдийг 18 насанд хүртэл эцэг нь юу хийж өгөх байсан, тэр бүхнийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна.” гэв.

Иргэдийн төлөөлөгч А.БатБ. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.М., Г.Н., А.О., М.Б. нарыг гэм буруутай гэж үзэж байна.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-11/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-17/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/,

- Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-25/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 27-37/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 38-40/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Бэрээнинжалбуугийн Амаржаргалын төрсөн ах бөгөөд миний төрсөн дүү 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд айлын 2 дахь хүү болж төрсөн. Миний дүү Б.Амаржаргал нь хүүхэд бага насаа цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн ба 2003 онд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуульд элсэн орж, 2013 онд төгссөн. 2014 онд Монголын Үндэсний Их Сургуульд суралцаж, 2015 онд сургуулиа орхиж, Чингэлтэй дүүргийн хот тохижуулах компанид ажилд орж, саяхныг хүртэл ажиллаж байсан. Миний дүү Б.Амаржаргал 2014 онд эхнэр Болортуяатай танилцаж, гэр бүл болж байсан. Одоо дундаасаа 3 хүүхэдтэй. Эхнэр нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байдаг. Хүүхдүүд нь Ирмүүн 6 настай, эрэгтэй, Тэлмүүн 3  настай, эрэгтэй, Тэнгис 1 настай, эрэгтэй. Манай дүү Б.Амаржаргал 2020 оны 06 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед манайд байж байгаад эхнэр хүүхдээ үлдээгээд найзуудтайгаа уулзчихаад ирье гээд Бат-Эрдэнэтэй хамт гарсан. Тухайн оройноо гадуур Бат-Эрдэнэтэй хамт хоноод маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ ирээд  гарсан ба ажлаа хийж байгаад 17 цагийн үед ажлаасаа буугаад дахин Бат-Эрдэнэтэй хамт хэсэг хүмүүстэй Өгөөмөр захын тэнд байх зочид буудалд орж архи уугаад хоносон байсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр холбоо бариагүй, утас нь холбогдохгүй байсан ба Бат-Эрдэнэтэй орой 19 цагийн үед утсаар яриад хүрээд ирээч гэж хэлсэн байсан. Тэр үед нь би Бат-Эрдэнэтэй уулзсан ба надад тэгж хэлсэн юм. Тэгээд Улиастайгаас очиж авах гэхэд гар утас нь холбогдохгүй байсан учир очиж авч чадаагүй. Тэгээд л өнөөдөр ийм явдал болсон байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/,

- Гэрч С.Гантөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний орой 23:00 цаг өнгөрөөд найз Жамъянпүрэв, Мөнгөнцэцэг, Түмээ бид дөрөв Баянзүрхийн товчооны гүүрнээс зүүн хойшоо буугаад 2 км орчим яваад гол дагуу амарсан. Бид нарын буудалласан газраас урагшаа, голын эргээс жаахан зайтай газарт 8-10 орчим залуучууд хэрэлдээд, маргалдаад, дуу нь хадаад байсан. “Чи хүний охиноор оролддог хэн бэ” гэсэн чинь дахиад нэг нь “адилхан ууж идэж байж тайван бай” гээд зодоон цохионы дуу чимээ сонсогдсон. Тэр зодоон нээх удаан болоогүй байх, бид нар сайн анзаараагүй. Бид дөрвийг анх Туул голын эрэг дээр буудаллах газраа хайж байхад зодоон хийсэн гэх хүмүүс зам дагуу 1 майхан барьчихсан, 1 бил үү 2 машин зогсож байсан. Нэг Чейзер байсан, сайн анзаарч хараагүй. Тэнд маргаан болж, хүмүүс хэрэлдэж байхад тэр хэдийн байгаа газарт машины гэрэл гараад тэр машин буцаж эргээд яваад өгсөн. Тэр машин эргээд яваад өгөх үед тэр хэдийн зодоон үргэлжилж байсан. Бид хэд шөнийн 01:30 цагийн орчим унтацгаасан. Тэр үед ямар нэгэн чимээ анир байхгүй, сонсогдохгүй, гэрэл гэгээ байгаагүй. Хэрүүл эхлээд нээх удаагүй 5 орчим минутын дотор чимээ намжсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/,

- Гэрч Ж.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо дуу дуулцгаагаад сайхан найрлаж байсан боловч гэнэт 01 цагийн үед гэнэт шуугилдаад, зодолдоод нэг нэгийгээ нүдээд явчихсан. Тэгсэн нэг эмэгтэй “яанаа тэрийг алчихлаа шүү дээ” гэж хэлээд нэрийг нь хэлсэн, би тогтоож чадаагүй. Тэрний дараа хэсэг чимээгүй болсон. Гэтэл майхны урд зүгээс хоёр эрэгтэй хоорондоо “дүрчихдэг байж” гэж хэлээд өнгөрсөн. Тэр хоёр залууг манай майхны хойшоо өнгөрөөд бужигналдаж, зодолдож байсан хүмүүс рүү очиход алга ташиж байгаа юм шиг сонсогдсон. Тэгсэн хоорондоо “ухаан орохгүй байна, өргө л дөө, өргөөдөхье” гээд хоорондоо ярьцгааж байгаа нь сонсогдоод байсан. Тэрнээс хойш 2 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй хүүхэд ирээд “хүн байна уу” гэж хэлээд 103 дуудаад өгөөч, манай нэг хүний бие нь муудчихлаа, тусламж дуудаад өгөөч гэхээр нь би 02 цаг 39 минутанд өөрийн дугаараар 103-т дуудлага өгсөн. Миний бодлоор 20 гаран насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд байсан. Хоорондоо нэгийгээ Дээгий, Дариа, Учрал, Энхээ гээд дуудаад байсан. Би бодохдоо тэр хэдийг ухаан алдсан залууг өөрсдийнхөө машинд суулгаад авч явсан болов уу гэж бодсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/,

- Гэрч С.ТөрБ.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Өнгөрсөн шөнө 02 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Товчооны гүүрнээс зүүн тийш Туул голын урд талаар 51-79 УНМ улсын дугаартай өөрийн Приус 20 машинаар найз Ичкагийн хамт ирсэн. Би найзын хамт гол дагаж явж байгаад зүүн тийш хараад нэг газар зогсож байтал модон дотроос маркийг нь сайн санахгүй байна, хар өнгийн машин гарч ирсэн. Тэгээд араас нь хэдэн залуучууд гарч ирээд хоорондоо муудалцаад байсан. Тэр хэдэн залуучууд муудалцаад, нэгнийгээ модоор цохиод байсан. Тэгээд бид хоёрын машины хажуугаар нөгөө хар машин зөрөөд өнгөрсөн. Тэгээд манай Ичко “энд хүмүүс гүйлдээд унтуулахгүй юм байна, хоёулаа эндээс холдож өөр газар очъё” гэсэн. Машинтай залуучууд болон голын эрэг дээр байсан залуучууд 02:30-03:00 цагийн хооронд зодолдсон байх. Тэр машин явснаас хойш хоорондоо зодолдоогүй байх. Хоорондоо чанга чанга яриад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-54/,

- Гэрч Ж.Бат-Энхлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд би Дарь гэх охинтой Очирбатын машинд хоёр биедээ таалагддаг гээд яриад сууж байсан чинь нэг машин бид нарын урд ирээд маниавр хийгээд эргэж байгаа харагдсан. Тэгэхээр нь би нээх тоогоогүй юм. Тэгсэн манайхны нэг нь хөөе гэж орилсноос болж нөгөө залуустай маргаж эхлэхэд Очирбат тэр залуучуудтай уулзаад зогсож байсан. Тэгсэн хажуугаас нь нэг нь орилоод муудалцаад байсан. Тэгсэн Амаржаргал юм ярихгүй мөртлөө уурлаад шууд зодолдох гээд дайраад байхаар нь би яах юм бэ гэж хэлээд бариад авсан чинь Амаржаргал намайг түлхээд хажуугаар гараад явсан. Дээгий гэдэг охин гэнэт орилоод энэ хүн чинь болохоо байсан юм биш үү, энэ хүнийг чинь яах юм бэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь Очирбат бид хоёр яваад очиход хажууд нь Баатарманчир зогсож байсан. Тэгээд юу болсон юм бэ гэж асуухад Баатарманчир ухаан алдсан юм шиг байна гэж хэлээд Баатарманчир Амаржаргалыг нуруундаа үүрээд босох гэж байгаад чадалгүй алдсан. Тэгэхээр нь би яах юм, би үүрье гээд нуруундаа үүрээд Амаржаргалын өөрийнх нь машинд жолоочийн суудал дээр хэвтүүлсэн. Зодоон болж байхад Дариа байж байснаа зодоон дуусах үед Дариа байхгүй байсан. Тэгсэн Дээгий гэдэг найз охин нь надаас асуухаар нь би аль түрүүн надтай байхад хүнтэй утсаар яриад 10, 20 минутын дараа хүн ирж авна гэж байхаар нь бид нар шууд эмнэлэг авч явъя гээд Баатарманчир Амаржаргалыг хойд суудал дээр хэвтүүлээд өөрөө жолооны ард суусан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-58/,

- Гэрч О.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгсэн Учрал Энхүүлээ гээд дуудахаар нь би хэнийг дуудаад байгаа юм бэ гэхэд чамайг дуудаж байна гэж хэлэхээр нь гүйгээд очиход Амаржаргал бид нарын сууж байсан газраас урагш 4-5 метрийн зайд тэрийгээд дээшээ хараад 5 хошуу хэлбэртэй хэвтэж байсан ба би очоод яасан бэ, юу болсон бэ гэхэд Учрал сая Амарааг нэг залуу нь цохих шиг болсон чинь уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Амараа хөгшөөн босооч ээ” гээд сэгсэрсэн чинь хурхираад байгаа юм шиг сонин дуу дуугараад байсан. Тухайн үед Дариа алга болсон байсан ба бид нар бүгдээрээ 02 цаг хүртэл  Дариаг хайж байгаад буцаж ирсэн ба тэр залуучуудтай  хамт явчихсан юм байх даа гээд яриад өнгөрсөн ба шууд Амаржаргалыг очиж шалгахад их сул амьсгалтай болсон байхаар нь Очирбат утсаараа 103 түргэн тусламж дуудахад цаанаас нь өөр дугаар хэлсэн ба харьяа дүүргийнх нь 103 дугаарыг хэлсэн байсан. Тэгсэн Очирбатын гар утас нь унтарсан ба Бат-Энхлэнгийн утсаар дахин залгаж ярихад 103 дуудлага өгсөн хүн утсаа тасалсан ба би ганцаараа цаашаа яваад Тоёота Спасио маркийн автомашинтай майхантай настай ах, эгч хоёр дээр очоод та түргэн дуудаад өгөөч, манай найз хүнд цохиулаад сэрдэггүй гэж хэлэхэд эхлээд чадахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-61/,

- Гэрч Б.Очирбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ямар ч байсан нэг хүн талийгаачийг цохиж унагаагаад зугатаасан. Надаас 3, 4 метрийн зайтай талийгаачийг цохиж унагасан, би согтуу байсан болохоор барьж авч чадаагүй, тэр зодооныг эхнээс нь дуустал голоор нь ороод боль гээд салгаад байсан, намайг хэн ч цохиогүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-69/,

- Насанд хүрээгүй гэрч Д.Учралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид нарын сууж байсан газраас урагшаа зэлүүд талбай дээр зогсож байсан. Тэгээд би нэг харахад Амаржаргал газар унасан хэвтэж байсан. Би гүйгээд очиход Амаржаргал цээжээ гараараа дараад хэвтсэн байсан. Бид нар дээр ирж зодолдсон залуучууд Дариаг авах гэж ирсэн залуучууд байсан. Амаржаргалыг өдөөд хойшоо гүйгээд байсан тэр автомашинтай залуучууд бүгд жигд намхан нуруутай байсан ба 20 гаран насны юм шиг харагдаж байсан”. гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,

- Насанд хүрээгүй гэрч О.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Ногоондарь дөнгөж очингуутаа Учрал бид хоёрыг дуудаад хотоос би автомашинтай хүн дуудсан ирж авна гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн юм гэхэд зүгээр чатладаг Н. гэх залуу байгаа гэж хэлсэн. Тэгсэн гэнэт хурц гэрэлтэй жижиг суудлын автомашин ирээд гэрлээ тэд нар луу тусгасан ба Ногоондарийн дуудсан Н. гэх залуу нь хайгаад олоод ирсэн байх шиг байсан. Тэгээд нэгэндээ гар хүрэхгүй байж байснаа гэнэт хоёр талаасаа зодолдсон. Тэр үед гэнэт Учрал намайг хойд талд дуудахаар нь яваад очиход Амаржаргал дээшээ хараад газар хэвтсэн байсан. Нэг нь ямар ч байсан буржгар үстэй, хар футболктой 18-20 орчим насны банди нар байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80/,

- Насанд хүрээгүй гэрч Г.Ногоондарийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Оройн 23 цаг 21 минутанд Н. над руу залгаад байхаар нь би аваагүй ба Бат-Энхлэнд хэлээд манай найз залгаад байна, би явлаа шүү гэж хэлэхэд Бат-Энхлэн чи явчих юм бол уур амьсгал эвдэрнэ, битгий яв л даа гээд байсан. Тэгээд байж байхад 23 цаг 23 минутанд Н. дахин над руу залгахаар нь би утсаа аваад Баянзүрх дүүргийн товчоон дээр хүрээд ирээч гэж хэлээд тасалсан. Тэгээд би түүдэг галын хажууд очоод суусан. Удалгүй 23 цаг 57 минутанд Н. би товчоон дээр ирсэн байна, хаана байна гэж ярихаар нь мэдэхгүй, энэ голын ойролцоо байна, явуулахгүй шинжтэй байна, нүдийг нь хариулж байгаад яваад очъё гэж хэлсэн. Тухайн үедээ найз Дэлгэрмаа, Учрал хоёрыг дуудаад та хоёр надтай хамт явах уу, Н. ирсэн байна гэж хэлэхэд тэр хоёр явахгүй, бид хоёр 01 цаг хүртэл байна, хүн ирж авна гэж хэлсэн. Тэгээд байж байхад Н. дахин залгаад яг хаана байгаа юм бэ, наад автомашиныхаа дугаарыг хэлчих, олоод очъё гэж хэлэхээр нь Тоёота Чейзерийн улсын дугаарыг хэлсэн. Тэгээд Амаржаргал, Баатармандшир, Очирбат, Эрхэмбаяр, Учрал, Дэлгэрмаа, Ундармаа гээд бүгдээрээ түүдэг асаасан байсныхаа тойроод сууцгаагаад гахайн махаа идээд байж байхад Ундармаа гэнэт яваад өгсөн байсан. Тэгсэн шөнө 01 цагийн үед Н. хар өнгийн автомашинтай ирсэн байсан. Тухайн үед тэр хар өнгийн автомашиныг дээгүүрээ цагаан хар өнгийн оруулгатай срочкон маягийн цамцтай, шулуун, үзүүр нь бондгор хамартай залуу жолоодож байсан. Тухайн автомашинаас Н.аас гадна 4 залуу бууж ирсэн ба нөгөө талаас нь Баатармандшир, Очирбат, Эрхэмбаяр, Бат-Энхлэн нар байсан ба хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн хойноос Амаржаргал хүрч ирээд биеэрээ Н.ын найзуудыг түрээд та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд нөгөө 2-3 залуу нь айгаад хойшоо ухраад байсан. Тэгсэн Н. Амаржаргалтай маргалдаж байсан ба Н.ын хоёр гурван найз бас хамт байж байсан. Тэгээд л нэг харахад Амаржаргал газар унасан байсан ба Учрал ирээд босгох гээд гараас нь татахад дийлэхгүй байсан. Тэгсэн Н. намайг чи гялс хувцсаа аваад ир, явъя гэж хэлэхээр нь Тоёота Чейзер маркийн автомашинаас гар утас, бусад эд зүйлсээ аваад буцаад гүйсэн ба Н. автомашиндаа суугаад гүүр чиглэлтэй явсан байсан ба би араас нь очиж суусан. Би бүдэрч унаад байсан болохоор тухайн үед зодоон болж байгааг мэдээгүй. Тухайн үед автомашин дотор Н. болон түүний 5 найз байсан ба хоорондоо гайгүй биз дээ гэж ярилцаж байсан. Тэгсэн бор өнгийн цамцтай залуу нь би хамар луугаа цохиулчихлаа гэж хэлсэн ба харахад цус гарч байсан. Харин Н. болон тэд нараас насаар хамгийн бага нь гэх тухайн үед дээгүүрээ улаан цагаан өнгөтэй цамц өмссөн байсан залуу хоёр л ихэвчлэн зодолдсон гэж ярьж байсан. Н. Баатармандширыг модоор цохисон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/,

- Гэрч А.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Талийгаач Б.Амаржаргал гэх залуу нь согтуу байсан ба бид нар дээр хүрч ирээд яах гээд байна лалрууд аа, муу бацаанууд гээд олон удаа хэл амаар доромжлоод онгироод байсан ба их том биетэй ах байсан. Бид нар түүнд хандаж иймээ тиймээ зодоон цохион хийхгүй, уучлаарай гэж хэлсэн. Тэгэхэд найз М.ын урд очоод гараараа цохих гээд далайх үед найз М. хойшоо ухарсан. Тэгсэн хажууд нь зогсож байсан Н.ыг цаашаа түлхээд “бацаан минь” гэж хэлсэн. Тэр үед найз Н. уурлаад түүн рүү тулаад очиход нь би хөлийн хойд хэсэг рүү нь нэг удаа амбаардаж өшиглөөд, эргээд над руу харахаар нь цаашаа зугатсан. Талийгаач Амаржаргал гэх залуу миний араас хөөж гүйгээгүй, шууд Н.ыг алгадаад хавирч унагасан ба тэр үед М. түүн дээр очоод ноцолдож байх шиг харагдсан. Харин Н. босож ирээд хажууханд нь ойрхон байсан хэсэг моднуудаас тусдаа урд талд ганцаараа ургасан модны мөчрийг хугалаад урдаа бариад талийгаач болсон залуугийн хамт явж байсан 2-3 залуучуудыг зодох гээд ирэхэд нь цохих гэж айлгаад модны мөчрөө хоёр тийшээ саваад байсан ба тэр үед нь талийгаач Амаржаргал түүний араас тэврээд хойшоо авч шидэх гэж байгаад өөр дээрээ унасан. Н. талийгаачаас түрүүлж босоод модоороо талийгаачийн найзуудыг айлгаж байгаа харагдсан. Би талийгаач залууг босож ирсэн үгүйг хараагүй, зөвхөн найз Н.ыг босож ирээд талийгаачийн найз нарыг модоороо цохих гээд айлгаж байсныг харсан. Тэр үед талийгаач Амаржаргалын хажууд найз М. байж байхыг харсан. Цолмонбаяр, Сээтэн, Н., М. бид тав буугаад тамхи татаж байхад Н.М. би өндөр махлаг биетэй ахыг отверкаар хатгачихлаа гэж хэлэхэд Сээтэн уурлаад эргүүтээд байгаарай муу бацаан минь гэж хэлээд отверка яасан юм гэхэд сандраад байсан ба санаа нь зовсон байдалтай байсан. Буцаад очиж харах уу яасан бол гээд байсан. Би тухайн үед М.аас холгүй 2 метр орчим зайд зогсож байсан ба М. гартаа отверка барьсан Г.Н.ын хажууд зогсож байсан. Н.М. отверка зүүн гартаа бариад дээшээ зүүн мөрөн дээрээ тохой хэсгээрээ нугалад далайж хатгах гэж байгаа юм шиг байрлал аваад зогсож байсан. Н.М. угаасаа зүүн гараараа бүх зүйлийг хийдэг. Н.М. хэрэг учрал болохоос өмнө тухайн отверкийг 14 хэмжээтэй түлхүүрийн хамт гэрээсээ гаргаж ирж байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 29-ний 14 цагийн үед Цолмонбаярын гэрийн хашааны гадна Н.М.ын хамт байж байхдаа өөрийн тээврийн хэрэгслийн урд талын улсын дугаарыг доош унжсан байхаар нь тэрийгээ янзалж боолтуудыг нь чангалах үед Н.М. өөрийнхөө отверкийг тээврийн хэрэгсэл дотроос авч гарч ирж байсан. Тухайн отверка минийх биш ба отверкийг жолооч талын хавтасны халаасанд хийсэн байсан. Н.М. миний тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгасан хавтасны халаасанд хийсэн гэдгийг мэдэж байсан, учир нь тэр өөрөө отверкийг тэр хавтсанд хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89, 2-р хх-ийн 170-171/,

- Гэрч Б.Цолмонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд тэндээс машиндаа суугаад явж байх үед М. болохоор биерхүү том биетэй, дээгүүрээ фитнест өмсдөг бараан өнгийн футболка өмссөн байсан залууг ар нуруу хэсэг рүү нь 1-2 удаа отверкаар хатгачихлаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 90-92/,

- Гэрч Б.Сээтэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М. нааш ир, юм ярья гэсэн. Тэгээд ШТС-ын замын эсрэг талд гараад М. би сая зодооны үеэр нэг залууг нь отверкдчихлаа гэж хэлсэн. М. би тэр залуугийн хааш нь отверкадсанаа мэдэхгүй байна, замдаа отверка машины цонхоор хаячихлаа гэж хэлсэн. М. хаана хатгаснаа мэдэхгүй байна, юу болоод байгаа ч ойлгохгүй байна гэсэн. Одоо тэр залуучууд яаж байгаа бол, буцаж очоод харах уу гэж М. асуугаад санаа нь зовоод байсан. Тэгэхээр нь би яав л гэж гайгүй байлгүй, зүгээр харья гэж хэлсэн. Талийгаач Амаржаргал гэх залуу нь их биерхүү залуу байсан ба эхлээд М. луу гараа далайсан, тэгсэн М. хойшоо ухраад зугатсан, тэгснээ хүн болгон луу очоод онгироод байсан ба найз Цолмонбаяр дээр очоод зайл муу бацаан минь гэхэд нь найз О. гүйж очоод араас нь өшиглөөд зугатсан. Талийгаач Амаржаргал гэх залуу нь эргэж харснаа О.ын араас гүйгээгүй орхисон, тэгээд эргээд Н. луу очоод яасан айн, муу бацаан минь гээд гараараа нүүр лүү нь түлхсэн чинь Н. хойшоо болсноо буцаагаад түүний цээж рүү нь хоёр гараараа түлхсэн. Тэгсэн Н.ыг гараараа алгадах шиг болоод хавираад унагасан. Н. газар унаад буцаж босож ирээд ямар овоо гөлөг вэ гээд цаахан талд байсан ганц модны мөчрийг хугалаад хоёр тийшээ савж байсан ба нөгөө хоёр залуу ойртож чадахгүй байсан. Б.Амаржаргал ирээд Н.ыг тэвэрч өргөөд унагах гэж байгаад хий гишгээд өөр дээрээ унагасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94, 95-96/,

- Гэрч Г.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгсэн өндөр нуруутай махлаг биетэй залуу хүрч ирээд яасан муу лалрууд минь яагаад байгаа юм гээд намайг чиглээд алхаад ирэхээр нь би цээж рүү нь түлхээд иймээ тиймээ юм байхгүй шүү, зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэр залуу тэгсэн чи миний биед хүрээд байна гэсэн ба тэр залуу намайг хавирч унагасан, хажуунаас О. орж ирээд тэр махлаг биетэй өндөр залууг цохиж байх шиг байсан. Тэгэхээр нь би цаашаа мод руу гүйгээд тэд нарын сууж байсан газраас баруун урагш ганц модон дотор очоод мөчрийг нь хугалсан, эргээд харахад М., О. хоёр махлаг биетэй, өндөр нуруутай залуутай зодолдож байх шиг харагдсан. М. бид нарт хандаж би тэр махлаг залууг отверкаар 3-4 удаа хатгачихлаа гэж хэлсэн ба тэр отверка чинь цус болсон байсан уу гэхэд болоогүй байсан, би арчаад хаячихсан гэж хэлсэн. Биеийнх нь дээд хэсэг рүү дал руу хатгасан гэж байсан. Тухайн үед М. буцаж очоод харъя, гайгүй байгаа, санаа зовоод байна гэхэд Сээтэн эргэж очиж болохгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-99/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1381 тоот: “Зүүн сарвуу, баруун тохой, шуу, өвдөгний зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Хүзүү, хоёр мөрний шарх нь үзүүртэй зүйлийн таван удаагийн үйлдлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Зүүн цээжний хөндий нэвтэрч уушгины оройг гэмтээсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад шарх, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн хүзүүний ард үүссэн шарх нь аман хүзүү, хатан хүзүүний завсраар орж уртавтар тархины аалзан бүрхүүл дор цус харвалт үүсгэн үхэлд хүргэжээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 109-113/,

- Шүүх Сэтгэц, Эмгэг Судлалын дүгнэлт №720 /1-р хх-ийн 120-122/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн биологийн ахлах шинжээч Ж.Оюунаагийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 02/697, 02/698 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 170, 177/,

- Өсвөр насны яллагдагч Н.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Талийгаач Амаржаргал найз Н.ыг цохих гэж байгаад хий савж цохиод өөрөө газар унасан. Би харин түүний баруун хойно зогсож байсан болохоор отверкаараа хатгасан. Би хэрэг учрал болсны дараа отверкийг өөрөө аваад машин дотор хийгээд явсан. Харин Н. миний өмдний халааснаас авсан зүйл байхгүй. Би Сод Монгол ШТС дээр очоод отверкийг гаргаж ирээд найзууддаа талийгаач Амаржаргалын нуруу руу отверкаа хатгасан гэж хэлсэн ба тэр үед Н. чи яаж байгаа юм бэ, наадахаа хаяхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд уг шатахуун түгээх станцын хашааны завсраар хаясан. Бид нарын энэ зодооны явцад хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, манай найзууд дотроос хэн нь ч намайг энэ хэргийг хийгээдэх, эсхүл чи миний өмнөөс хэргийг даагаарай гэж дарамталсан, шахсан, айлган сүрдүүлсэн, гуйсан зүйл байхгүй. Би яллагдагчар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би нэмж сонсгож буй ялыг буюу уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-8, 3-р хх-ийн 189-191/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан болохоор талийгаачийн ажил хөдөлмөр эрхэлсэн цалингаар манай гэр бүл амьжиргаагаа залгуулдаг байсан. Талийгаач нь Чингэлтэй дүүргийн хот тохижилт, үйлчилгээний газарт жолоочоор ажиллаад сард үндсэн цалин 1.200.000 төгрөгийг авдаг байсан. Үүн дээрээ талийгаач нь ачигчаа давхар хийдэг болохоор дунджаар 1.000.000 төгрөгийн цалин нэмэлтээр авдаг. Манай гэр бүлийн сарын орлого 2.200.000 орчим төгрөг байсан. Талийгаач нас барахаасаа өмнө Хас банкинд цалингийн зээлтэй байсан. Одоо миний мэдэж байгаагаар 19.000.000 төгрөгийн цалингийн зээлтэй, мөн зэс картанд 2.500.000 төгрөгийн зээлтэй, хувь хүнээс 2.000.000 төгрөг зээлчихсэн байсан. Одоо эдгээр мөнгийг миний хувьд төлөх ямар ч чадваргүй байна. Иймд нэн түрүүнд зээлийн мөнгө болох 23.500.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 159-161/,

- Шинжээч эмч Ц.ГанБ.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хэсэгт уг хоёр ойлголтыг тус тусад нь салгаж бичсэн байна. Тус тусдаа өөр өөр ойлголт бөгөөд шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтийн гэрэл зургийн хавсралтад аман хүзүү, хатан хүзүүний завсраар орсон шарх, аман хүзүү, хатан хүзүүний мултрал зэргийг үзүүлсэн байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош хэсэгт талийгаачид учирсан бүх гэмтлүүдийг дурдсан. Харин эдгээр дурдсан гэмтлүүдээс талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлийн задлан шинжилгээний 1381 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт тодорхой бичсэн байна. Талийгаачийн хүзүүний арын хэсэгт хатгагдсан шарх байна гэж тодорхой бичсэн байна. Үүнээс өөрөөр хүч үйлчилсэн механизм, чиглэл байрлалыг яаж заах ёстой юм бэ. Хатгагдсан гэх зүйл нь зөвхөн хүний үйлдлээр үүсдэг юм. Дүгнэлтэнд талийгаачийн цогцост биеийн янз бүрийн байрлалд хэд хэдэн тооны гэмтэл учирсан байгаа талаар тодорхой дурдсан байна. Эдгээр талийгаачид үүссэн гэмтлүүдийн байрлалаас дүгнэхэд зарим гэмтлүүд нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүссэн байна. Жишээлбэл аман хүзүү, хатан хүзүүний мултрал, аман хүзүү, хатан хүзүүний завсраар орсон шархууд нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүснэ. Эдгээр гэмтлийг дүгнэлтэнд нэг цаг хугацаанд үүснэ гэж дүгнэсэн юм. Гэмтлүүд нь отверкаар хатгахад үүсэх боломжтой. Миний гаргасан дүгнэлтийн дагуу удаа дараа мэдүүлэг авч байгаад их гайхаж байна. Дүгнэлтэнд тодорхойлсон зүүн цээжний хөндий нэвтэрч, уушгины оройг гэмтээсэн шарх болон хүзүүний шарх гэмтэл нь модны мөчрөөр үүсгэгдэх боломжгүй. Задлан шинжилгээгээр хүзүүний ард үүссэн шарх хэсэгт үзэгний үзүүр хийж үзэхэд отверкний үзүүрийн диаметртэй адил хэмжээтэй байна. Тэгэхээр миний харсан гэх отверкаар үүссэн байх боломжтой. Зүүн цээжний хөндий нэвтэрсэн уушгины оройг гэмтээсэн шарх нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй. Уг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд хамаарч байгаа бөгөөд үхлийн шалтгааныг хүзүүний ард үүссэн шарх нь аман хүзүү, хатан хүзүүний завсраар орж уртавтар тархины аалзан бүрхүүл дор цус харвалт үүсгэж үхэлд хүргэсэн. Хүний хүзүүний ард хэсэгт байдаг ба аман хүзүү нь дээрээ, хатан хүзүү нь доор нь байдаг ба отверка уг аман хүзүү, хатан хүзүүний завсраар нэвтэрч уртавтар тархины аалзан бүрхүүлд хатгалт өгч цус харвалтыг үүсгэж байгаа юм. Уртавтар тархинд мэдрэлийн чухал төвүүд байдаг ба амьсгал, зүрх судасны төвүүд байдаг учраас уг цус харвалт нь үхэлд хүргэхэд нөлөөлсөн. Тэгэхээр амь хохирогч бол удаан хугацаагаар амьд байх боломжгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 180-182, 3-р хх-ийн 183-184/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарбаясгалангаас гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтууд /2-р хх-ийн 214-245/,

- Г.Н.ын яллагдагчаар өгсөн: “Би талийгаач Б.Амаржаргалын бие рүү ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй, бид хоёр зууралдаад унах үед зүүн сарвуу, тохой, шуу зэрэг гэмтлүүд үүссэн байх. О. эхлээд талийгаач Амаржаргалын хөл хэсэгт буюу өвдөг рүү өшиглөж байх шиг харагдсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 197-200/,

- А.О.ын яллагдагчаар өгсөн: “Би араас нь өшиглөсөн. Тэр үед Н.М. талийгаач Б.Амаржаргалын араас очиж зодолдоод байх шиг байсан. Ингээд би гүйгээд очиход талийгаач Б.Амаржаргал, Г.Н.ыг хойноос нь өргөөд шидэх гэж байгаад өөрөө газар унасан. Би талийгаач Б.Амаржаргалын биеийн өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхэд тэр гэмтлийг учруулсан байх. Г.Н.ыг эхлээд талийгаач алгадаад хавирч унагасан. Тэгсэн Г.Н. босч ирээд модны мөчир хугалаад бариад авсан тэгээд цохих гээд хоёр тийшээ савлаад байсан ба талийгаач бариад авсан, өргөж шидэх гэж байгаад өөрөө доор нь ороод унаад өгсөн. Г.Н., Н.М. хоёртой зодолдож ноцолдож байхдаа зүүн сарвуу, шуу, тохойн зулгаралт болон бусад гэмтлүүдийг авсан байх. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 211-213/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 69/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 70/,

- Хохирогч Х.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Халиунаа нь миний найз байгаа юм. Би Халиунааг таньдаг болоод 5 жил болж байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран амгалан” хотхоны тоглоомын талбай дээр найз Хишигдалайн хамт очиж өөрийн найз Халиунаа гэх охинтой тоглоомын талбайн сүүдрэвчинд уулзсан. Тэгсэн гэнэт үл таних 17-18 орчим насны хоёр залуу хүрч ирээд Б.оо гэх өндөр залуу нь шууд үгийн зөрүүгүй миний баруун талын шанаан тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Б.оотой хамт явж байсан М. гэх залуу нь миний баруун талын шанаан тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгсэн М. гэх намхан залуу нь миний зүүн талын хөлийн шагайн тус газар хөлөөрөө хавирч өшиглөөд намайг газар унагаасан. Намайг газар унахад М., Б. гэх хоёр залуу шууд л хамтдаа, зэрэг миний толгойн тус газар гараараа нэлээн олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тэгснээ М., Б.оо хоёр намайг цохиж, өшиглөхөө болихоор нь би газраас босч явган суутал М. миний зүүн талын шанаан тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгснээ миний толгойн дагзан тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн би газар унатал өнөөх М. гэх залуу миний толгойн тус газар хөлөөрөө дахин өшиглөсөн. Тэгсэн үл таних ах, эгч хоёр хүрч ирээд намайг тэд нараас салгасан. Сүүлд сонсоход намайг ирж зодсон үл таних 2 залуугийн нэг нь Халиунаагийн найз залуу байгаад, намайг Халиунаатай хардсаны улмаас зодсон юм байна лээ. Би гомдолтой байна. Би хүсэлтээр гаргаж өгсөн 1.568.855 төгрөгийг намайг зодож, миний эрүүл мэндэд хохирол учруулсан Б., М. гэх хүмүүсээс гаргуулан авах хүсэлтэй байна. Мөн тухайн хүмүүст хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-80, 81-83/,

- Гэрч И.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Наран амгалан” хотхоны тоглоомын талбайн сүүдрэвчин дотор найз Эрдэнэ-Очир болон түүний найз гэх үл таних 1 залуу нартай уулзаад юм яриад сууж байтал миний үерхдэг залуу Б.оо найз М.ын хамт бид гурав дээр гэнэт хүрээд ирсэн. Тэгээд Б.оо надаас юу хийж байгаа юм гэж асуунгуутаа Эрдэнэ-Очирын нүүрэн тус газар нь гараараар 1 удаа цохисон. Тэгсэн хажуу талаас нь М. нь Эрдэнэ-Очир луу дайрч хөлөөрөө хөл рүү нь хавсарч газар унагаангуутаа нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед Б.оо хажуу талаас нь Эрдэнэ-Очирын гэдсэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгсэн Эрдэнэ-Очирын хамт явж байсан найз нь сандал дээр сууж байснаа босоод ирсэн чинь Б.оо тэр залуугийн шанаан тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн цаанаас нь үл таних нэг ах эгч хоёр хүрч ирээд Б.оо, М. хоёрыг Эрдэнэ-Очир болон түүний найзаас салгаад цагдаад дуудлага өгсөн. Б.оо, Эрдэнэ-Очир, М. нар нь урьд өмнө нь уулзаж байгагүй. Гэхдээ Б.оо Эрдэнэ-Очирыг миний найз гэдгийг мэддэг. Харин Эрдэнэ-Очир нь Б.оог миний үерхдэг залуу гэдгийг мэддэг байсан. Бие биеийнхээ талаар надаас мэддэх болсон байх. Тэр үед Эрдэнэ-Очирыг Б.оо, М. хоёр нийлж байгаад зодсон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 95-97/,

- Гэрч О.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай охин Нандин-Эрдэнэ надад Б.ыг найз охинтой байсан, тэр охиноосоо болоод Б., М. хоёр хүн зодоод биед нь гэмтэл учруулаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар хэлсэн. Харин М.ын хувьд намайг зуны цагт ажлаа хийгээд хөдөө явсан үед Б.од хань болоод л байж байдаг. Миний бодлоор М. бусдад их дээрэлхэнгүй хандаж хүнтэй гар зөрүүлчих гээд л байдаг санагддаг. Гэхдээ надтай бол байнга л мэндтэй явдаг  хүүхэд байгаа юм.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 98-100/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 839 тоот: “Х.Эрдэнэ-Очирын биед учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 114-116/,

- Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын тооцооны баримтууд /3-р хх-ийн 148-152/,

- Өсвөр насны яллагдагч Н.М.ын өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран амгалан” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд байрлах сүүдрэвчин дотор өөрийн найз болох Б.ын хамт үл таних Эрдэнэ-Очир гэх залуутай Б. найз охиноо хардсаны улмаас маргалдаж, улмаар Б. бид хоёр нийлж байгаад Эрдэнэ-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 165-168/,

- Яллагдагч М.Б.ын “Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би буруу юм хийснээ ойлгож байна.” гэх мэдүүлэг /3-р  хх-ийн 172-173/,

- Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн зарлагын баримтууд,

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1853 дугаар шийдвэр,

- Хохирол 5.000.000 төгрөг төлсөн,  хүлээн авсан баримт,

- “Хас банк” ХХК-ийн тодорхойлолт,

- “Голомт банк” ХХК-ийн кредит картын хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Өсвөр насны шүүгдэгч Н.М. нь 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын орчимд отвёркийг зэвсгийн чанартайгаар ашиглан Б.Амаржаргалын шилэн хүзүүн тус газарт 2, баруун даланд 1, зүүн мөрний хойд булчинд 1, цээжний зүүн тал буюу эгэмний ясны доод хэсэгт 1 удаа хатгаж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн,

 мөн өсвөр насны шүүгдэгч А.О., Г.Н. нар нь бүлэглэж 2020 оны 06 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын орчимд Б.Амаржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй гэрч Г.Ногоондарийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тухайн автомашинаас Н.аас гадна 4 залуу бууж ирсэн ба нөгөө талаас нь Баатармандшир, Очирбат, Эрхэмбаяр, Бат-Энхлэн нар байсан ба хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн хойноос Амаржаргал хүрч ирээд биеэрээ Н.ын найзуудыг түрээд та нар яах гээд байгаа юм бэ гэж хэлээд нөгөө 2-3 залуу нь айгаад хойшоо ухраад байсан. Тэгсэн Н. Амаржаргалтай маргалдаж байсан ба Н.ын хоёр гурван найз бас хамт байж байсан. Тэгээд л нэг харахад Амаржаргал газар унасан байсан ба Учрал ирээд босгох гээд гараас нь татахад дийлэхгүй байсан. Тэгсэн Н. намайг чи гялс хувцсаа аваад ир, явъя гэж хэлэхээр нь Тоёота Чейзер маркийн автомашинаас гар утас, бусад эд зүйлсээ аваад буцаад гүйсэн ба Н. автомашиндаа суугаад гүүр чиглэлтэй явсан байсан ба би араас нь очиж суусан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/,

- Гэрч А.О.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Талийгаач Б.Амаржаргал гэх залуу нь согтуу байсан ба бид нар дээр хүрч ирээд яах гээд байна лалрууд аа, муу бацаанууд гээд олон удаа хэл амаар доромжлоод онгироод байсан ба их том биетэй ах байсан. Бид нар түүнд хандаж иймээ тиймээ зодоон цохион хийхгүй, уучлаарай гэж хэлсэн. Тэгэхэд найз М.ын урд очоод гараараа цохих гээд далайх үед найз М. хойшоо ухарсан. Тэгсэн хажууд нь зогсож байсан Н.ыг цаашаа түлхээд “бацаан минь” гэж хэлсэн. Тэр үед найз Н. уурлаад түүн рүү тулаад очиход нь би хөлийн хойд хэсэг рүү нь нэг удаа амбаардаж өшиглөөд, эргээд над руу харахаар нь цаашаа зугатсан. Талийгаач Амаржаргал гэх залуу миний араас хөөж гүйгээгүй, шууд Н.ыг алгадаад хавирч унагасан ба тэр үед М. түүн дээр очоод ноцолдож байх шиг харагдсан. Харин Н. босож ирээд хажууханд нь ойрхон байсан хэсэг моднуудаас тусдаа урд талд ганцаараа ургасан модны мөчрийг хугалаад урдаа бариад талийгаач болсон залуугийн хамт явж байсан 2-3 залуучуудыг зодох гээд ирэхэд нь цохих гэж айлгаад модны мөчрөө хоёр тийшээ саваад байсан ба тэр үед нь талийгаач Амаржаргал түүний араас тэврээд хойшоо авч шидэх гэж байгаад өөр дээрээ унасан. Н. талийгаачаас түрүүлж босоод модоороо талийгаачийн найзуудыг айлгаж байгаа харагдсан. Би талийгаач залууг босож ирсэн үгүйг хараагүй, зөвхөн найз Н.ыг босож ирээд талийгаачийн найз нарыг модоороо цохих гээд айлгаж байсныг харсан. Тэр үед талийгаач Амаржаргалын хажууд найз М. байж байхыг харсан. Цолмонбаяр, Сээтэн, Н., М. бид тав буугаад тамхи татаж байхад Н.М. би өндөр махлаг биетэй ахыг отверкаар хатгачихлаа гэж хэлэхэд Сээтэн уурлаад эргүүтээд байгаарай муу бацаан минь гэж хэлээд отверка яасан юм гэхэд сандраад байсан ба санаа нь зовсон байдалтай байсан. Буцаад очиж харах уу яасан бол гээд байсан. Би тухайн үед М.аас холгүй 2 метр орчим зайд зогсож байсан ба М. гартаа отверка барьсан Г.Н.ын хажууд зогсож байсан. Н.М. отверка зүүн гартаа бариад дээшээ зүүн мөрөн дээрээ тохой хэсгээрээ нугалад далайж хатгах гэж байгаа юм шиг байрлал аваад зогсож байсан. Н.М. угаасаа зүүн гараараа бүх зүйлийг хийдэг. Н.М. хэрэг учрал болохоос өмнө тухайн отверкийг 14 хэмжээтэй түлхүүрийн хамт гэрээсээ гаргаж ирж байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 29-ний 14 цагийн үед Цолмонбаярын гэрийн хашааны гадна Н.М.ын хамт байж байхдаа өөрийн тээврийн хэрэгслийн урд талын улсын дугаарыг доош унжсан байхаар нь тэрийгээ янзалж боолтуудыг нь чангалах үед Н.М. өөрийнхөө отверкийг тээврийн хэрэгсэл дотроос авч гарч ирж байсан. Тухайн отверка минийх биш ба отверкийг жолооч талын хавтасны халаасанд хийсэн байсан. Н.М. миний тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгасан хавтасны халаасанд хийсэн гэдгийг мэдэж байсан, учир нь тэр өөрөө отверкийг тэр хавтсанд хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89, 2-р хх-ийн 170-171/,

- Гэрч Б.Цолмонбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгээд тэндээс машиндаа суугаад явж байх үед М. болохоор биерхүү том биетэй, дээгүүрээ фитнест өмсдөг бараан өнгийн футболка өмссөн байсан залууг ар нуруу хэсэг рүү нь 1-2 удаа отверкаар хатгачихлаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 90-92/,

- Гэрч Б.Сээтэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “М. нааш ир, юм ярья гэсэн. Тэгээд ШТС-ын замын эсрэг талд гараад М. би сая зодооны үеэр нэг залууг нь отверкдчихлаа гэж хэлсэн. М. “би тэр залуугийн хааш нь отверкадсанаа мэдэхгүй байна, замдаа отверка машины цонхоор хаячихлаа гэж хэлсэн. М. хаана хатгаснаа мэдэхгүй байна, юу болоод байгаа ч ойлгохгүй байна гэсэн. Одоо тэр залуучууд яаж байгаа бол, буцаж очоод харах уу гэж М. асуугаад санаа нь зовоод байсан. Тэгэхээр нь би яав л гэж гайгүй байлгүй, зүгээр харья гэж хэлсэн. Талийгаач Амаржаргал гэх залуу нь их биерхүү залуу байсан ба эхлээд М. луу гараа далайсан, тэгсэн М. хойшоо ухраад зугатсан, тэгснээ хүн болгон луу очоод онгироод байсан ба найз Цолмонбаяр дээр очоод зайл муу бацаан минь гэхэд нь найз О. гүйж очоод араас нь өшиглөөд зугатсан. Талийгаач Амаржаргал гэх залуу нь эргэж харснаа О.ын араас гүйгээгүй орхисон, тэгээд эргээд Н. луу очоод яасан айн, муу бацаан минь гээд гараараа нүүр лүү нь түлхсэн чинь Н. хойшоо болсноо буцаагаад түүний цээж рүү нь хоёр гараараа түлхсэн. Тэгсэн Н.ыг гараараа алгадах шиг болоод хавираад унагасан. Н. газар унаад буцаж босож ирээд ямар овоо гөлөг вэ гээд цаахан талд байсан ганц модны мөчрийг хугалаад хоёр тийшээ савж байсан ба нөгөө хоёр залуу ойртож чадахгүй байсан. Б.Амаржаргал ирээд Н.ыг тэвэрч өргөөд унагах гэж байгаад хий гишгээд өөр дээрээ унагасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-94, 95-96/,

- Гэрч Г.Н.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэгсэн өндөр нуруутай махлаг биетэй залуу хүрч ирээд яасан муу лалрууд минь яагаад байгаа юм гээд намайг чиглээд алхаад ирэхээр нь би цээж рүү нь түлхээд иймээ тиймээ юм байхгүй шүү, зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэр залуу тэгсэн чи миний биед хүрээд байна гэсэн ба тэр залуу намайг хавирч унагасан, хажуунаас О. орж ирээд тэр махлаг биетэй өндөр залууг цохиж байх шиг байсан. Тэгэхээр нь би цаашаа мод руу гүйгээд тэд нарын сууж байсан газраас баруун урагш ганц модон дотор очоод мөчрийг нь хугалсан, эргээд харахад М., О. хоёр махлаг биетэй, өндөр нуруутай залуутай зодолдож байх шиг харагдсан. М. бид нарт хандаж би тэр махлаг залууг отверкаар 3-4 удаа хатгачихлаа гэж хэлсэн ба тэр отверка чинь цус болсон байсан уу гэхэд болоогүй байсан, би арчаад хаячихсан гэж хэлсэн. Биеийнх нь дээд хэсэг рүү дал руу хатгасан гэж байсан. Тухайн үед М. буцаж очоод харъя, гайгүй байгаа, санаа зовоод байна гэхэд Сээтэн эргэж очиж болохгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-99/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1381 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 109-113/,

- Өсвөр насны яллагдагч Н.М.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Талийгаач Амаржаргал найз Н.ыг цохих гэж байгаад хий савж цохиод өөрөө газар унасан. Би харин түүний баруун хойно зогсож байсан болохоор отверкаараа хатгасан. Би хэрэг учрал болсны дараа отверкийг өөрөө аваад машин дотор хийгээд явсан. Харин Н. миний өмдний халааснаас авсан зүйл байхгүй. Би Сод Монгол ШТС дээр очоод отверкийг гаргаж ирээд найзууддаа талийгаач Амаржаргалын нуруу руу отверкаа хатгасан гэж хэлсэн ба тэр үед Н. чи яаж байгаа юм бэ наадахаа хаяхгүй юу даа гэж хэлсэн. Тэгээд уг шатахуун түгээх станцын хашааны завсраар хаясан. Бид нарын энэ зодооны явцад хүний амь нас хохирсон явдалд маш их харамсаж байна. Миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, манай найзууд дотроос хэн нь ч намайг энэ хэргийг хийгээдэх, эсхүл чи миний өмнөөс хэргийг даагаарай гэж дарамталсан, шахсан, айлган сүрдүүлсэн, гуйсан зүйл байхгүй. Би яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Би нэмж сонсгож буй ялыг буюу уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би одоо мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-8, 3-р хх-ийн 189-191/,

- Г.Н.ын яллагдагчаар өгсөн: “Би талийгаач Б.Амаржаргалын бие рүү ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй, бид хоёр зууралдаад унах үед зүүн сарвуу, тохой, шуу зэрэг гэмтлүүд үүссэн байх. О. эхлээд талийгаач Амаржаргалын хөл хэсэгт буюу өвдөг рүү өшиглөж байх шиг харагдсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 197-200/,

- А.О.ын яллагдагчаар өгсөн: “Би араас нь өшиглөсөн. Тэр үед Н.М. талийгаач Б.Амаржаргалын араас очиж зодолдоод байх шиг байсан. Ингээд би гүйгээд очиход талийгаач Б.Амаржаргал, Г.Н.ыг хойноос нь өргөөд шидэх гэж байгаад өөрөө газар унасан. Би талийгаач Б.Амаржаргалын биеийн өвдөг рүү өшиглөсөн. Тэгэхэд тэр гэмтлийг учруулсан байх. Г.Н.ыг эхлээд талийгаач алгадаад хавирч унагасан. Тэгсэн Г.Н. босч ирээд модны мөчир хугалаад бариад авсан тэгээд цохих гээд хоёр тийшээ савлаад байсан ба талийгаач бариад авсан, өргөж шидэх гэж байгаад өөрөө доор нь ороод унаад өгсөн. Г.Н., Н.М. хоёртой зодолдож ноцолдож байхдаа зүүн сарвуу, шуу, тохойн зулгаралт болон бусад гэмтлүүдийг авсан байх. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 211-213/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд

өсвөр насны шүүгдэгч Н.М., шүүгдэгч М.Б. нар нь бүлэглэж, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “Наран амгалан” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд иргэн Х.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Х.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... гэнэт үл таних 17-18 орчим насны хоёр залуу хүрч ирээд Б.оо гэх өндөр залуу нь шууд үгийн зөрүүгүй миний баруун талын шанаан тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгсэн Б.оотой хамт явж байсан М. гэх залуу нь миний баруун талын шанаан тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгсэн М. гэх намхан залуу нь миний зүүн талын хөлийн шагайн тус газар хөлөөрөө хавирч өшиглөөд намайг газар унагаасан. Намайг газар унахад М., Б. гэх хоёр залуу шууд л хамтдаа, зэрэг миний толгойн тус газар гараараа нэлээн олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тэгснээ М., Б.оо хоёр намайг цохиж, өшиглөхөө болихоор нь би газраас босч явган суутал М. миний зүүн талын шанаан тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгснээ миний толгойн дагзан тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн би газар унатал өнөөх М. гэх залуу миний толгойн тус газар хөлөөрөө дахин өшиглөсөн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-80, 81-83/,

- Гэрч И.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... миний үерхдэг залуу Б.оо найз М.ын хамт бид гурав дээр гэнэт хүрээд ирсэн. Тэгээд Б.оо надаас юу хийж байгаа юм гэж асуунгуутаа Эрдэнэ-Очирын нүүрэн тус газар нь гараараар 1 удаа цохисон. Тэгсэн хажуу талаас нь М. нь Эрдэнэ-Очир луу дайрч хөлөөрөө хөл рүү нь хавсарч газар унагаангуутаа нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед Б.оо хажуу талаас нь Эрдэнэ-Очирын гэдсэн тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгсэн Эрдэнэ-Очирын хамт явж байсан найз нь сандал дээр сууж байснаа босоод ирсэн чинь Б.оо тэр залуугийн шанаан тус газар нь гараараа 1 удаа цохисон.... Тэр үед Эрдэнэ-Очирыг Б.оо, М. хоёр нийлж байгаад зодсон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 95-97/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 839 тоот: “Х.Эрдэнэ-Очирын биед учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 114-116/,

- Өсвөр насны яллагдагч Н.М.ын өгсөн: “Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран амгалан” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд байрлах сүүдрэвчин дотор өөрийн найз болох Б.ын хамт үл таних Эрдэнэ-Очир гэх залуутай Б. найз охиноо хардсаны улмаас маргалдаж, улмаар Б. бид хоёр нийлж байгаад Эрдэнэ-Очирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 165-168/,

- Яллагдагч М.Б.ын “Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би цаашид дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би буруу юм хийснээ ойлгож байна.” гэх мэдүүлэг /3-р  хх-ийн 172-173/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Н.М.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч М.Б.той бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,

мөн шүүгдэгч А.О.ыг шүүгдэгч Г.Н.тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Н.ыг шүүгдэгч А.О.тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Б.ыг өсвөр насны шүүгдэгч Н.М.тай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Н.М.ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...Н.М. нь амь хохирогчийн биед ил харагдах шарх, сорви буюу хөнгөн хохирол учруулаагүй, амь хохирогчийг 5 удаа хатгахдаа онц харгис хэрцгийгээр үйлдэх санаа зорилгыг агуулаагүй, хэдийгээр амь хохирогч нь согтуу байсан хэдий ч бусадтай ярилцаад, харилцан зодолдоод байсан тул биеэ хамгаалах чадваргүй гэж үзэхгүй...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...А.О., Г.Н. нар нь мөн адил хүнийг алах гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой...” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэцэгмаагаас “...талийгаачийн цалингийн зээл, зээлийн картын зээл, иргэний шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөрийг тус тус гаргуулах үндэслэлтэй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алах гэмт хэрэгт гэмт этгээд хүнийг алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх замаар хохирогчийг өвтгөн шаналгаж, тарчилган зовоохыг зорьсон санаа зорилго, үйлдлийн нэгдлийг хамааруулан авч үздэг. Өөрөөр хэлбэл, хохирогчид зөвхөн олон тооны шарх учруулаад зогсохгүй тухайн гэмтлээс шалтгаалан хохирогчид тодорхой хугацаанд бие махбодийн, сэтгэлзүйн шаналлыг бий болгож, гэмт этгээд энэ нөхцөл байдлыг урьдаас, эсхүл гэмт хэрэг үйлдэж байх явцдаа төлөвлөсөн, сэдсэн, хүссэн байх гэмт үйлийн илрэл нь дээрх хуулийн урьдач нөхцөл болж байна.  

Шинжээч эмч Ц.ГанБ.ын мэдүүлэгт “...зарим гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг талийгаачийн биед үүссэн байна. Жишээлбэл, аман хүзүү, хатан хүзүүний мултрал, аман хүзүү, хатан хүзүүний завсраар орсон шархууд нэг удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүснэ. Эдгээр гэмтлийг дүгнэлтэд нэг цаг хугацаанд үүснэ гэж дүгнэсэн юм. ...Хүзүүний ард үүссэн шарх нь аман хүзүү, хатан хүзүүний завсраар орж, уртавтар тархины аалзан бүрхүүл дор цус харвалт үүсгэж үхэлд хүргэсэн.” гэсэн байхаас гадна хэрэг учрал болох цаг хугацаанд болсон үйл явдал буюу цаг хугацаа, орчны нөхцөл байдал, хүн бүрийн оролцоо зэргээс үзвэл Н.М. нь хохирогчийн биед шарх гэмтэл учруулахдаа онц харгис хэрцгийгээр буюу хохирогчид тодорхой цаг хугацаанд биеийн өвчин, зовиур эдлүүлж, үүнээс сэтгэлзүйн ханамжтай, давуу байдал бий болгосон гэх субъектив санаа зорилго үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх нөхцөл нь гэмт этгээд хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарласан, мөн хүчтэй согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байх зэрэг гэмт этгээд, хохирогчийн биеийн харьцангуй адилгүй хэв шинж, нөхцөл байдлуудаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хүчтэй согтолттой байгаа нь илэрхий байж, үүнээс улбаалан гэмт этгээдэд биеийн тодорхой хариу үйлдэл үзүүлэх чадваргүй буюу тухайн цаг хугацаанд өөрийгөө тодорхой хэмжээнд удирдан жолоодох, болж буй үйл явдлыг эргэцүүлэх, ухамсартайгаар хандах чадваргүй байх бие махбодийн онцлогийг ойлгох юм.

Шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна тухайн мөчид амь хохирогчтой хамт голын эрэг дээр байсан Ж.Бат-Энхлэнгийн мэдүүлэгт “...Амаржаргал юм ярихгүй мөртлөө уурлаад шууд зодолдох гээд дайраад байхаар нь би “яах юм бэ” гэж хэлээд бариад авсан чинь Амаржаргал намайг түлхээд, хажуугаар гараад явсан.” гэж, насанд хүрээгүй гэрч Г.Ногоондарийн мэдүүлэгт “...тэгсэн хойноос Амаржаргал хүрч ирээд биеэрээ Н.ын найзуудыг түрээд, “та нар яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд нөгөө 2-3 залуу нь айгаад хойшоо ухраад байсан.” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл амь хохирогчийг хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд хүнд зэргийн согтолттой гэсэн байх боловч бие, эрх чөлөөнд нь халдан довтлох довтолгооны эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан, эсхүл болж буй үйл явдлыг ухамсарлах чадваргүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, насанд хүрээгүй гэрч Д.Учралын өгсөн мэдүүлэгт “...Амаржаргал, Эрхэмбаяр хоёр түүдэг галын хажууд сууж байсан ба араас нь гүйж очсон.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэгт “...тэгээд байж байхад Баатармандшир, Очирбат, Бат-Энхлэн, Амаржаргал нар нөгөө залуучуудтай маргалдаад, зодолдох гээд байсан.” гэсэн байгаа нь амь хохирогч хэрэг учрал болох цаг мөчид шүүгдэгч нартай харилцан зодолдож, болсон үйл явдлыг хянах чадвартай байсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн тусгай 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт үйлдэл, хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо, мөн гэмт этгээд хохирогчийн амь насыг хохироохын тулд түүний эрх чөлөө, эрүүл мэндэд тодорхой гэмтэл учруулсан байх үйлдлээр илэрдэг тул Н.М.ыг Б.Амаржаргалын амь насанд хохирол учруулахын өмнө түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх бие даасан гэмт хэргийн шинжийг давхардуулан зүйлчлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.М.ын хохирогчийн биед хөнгөн хохирол учруулж байгаа нь амь насанд нь халдсан үйлдлийн урьдач нөхцөл болж байх тул гэмт хэргүүдийг салган авч үзэх шаардлагагүй юм.

Иймд прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.М.т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу Н.М.ыг шүүгдэгч А.О., Г.Н.т нартай бүлэглэн Б.Амаржаргалын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.”, 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй. гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзвэл амь хохирогч, шүүгдэгч нар харилцан маргалдаж, амь хохирогч шүүгдэгч А.О., Г.Н. нартай харилцан зодолдсон үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар тухайн цаг хугацаанд хохирогч Б.Амаржаргалын амь насыг хохироохын тулд санаа зорилгоороо нэгдсэн, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тухайлбал, шүүгдэгч А.О.ын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...бид нар тэр залуучуудтай муудалцаад зогсож байхад манай найз Н.М. миний машинд байсан улаан өнгийн бариултай отвёрка бариад А.Н.ын хажууд зогсож байсан...” гэж, Г.Н.ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “...ингээд бүгдээрээ автомашиндаа суугаад “Сод монгол” ШТС дээр очоод зогссон ба Н.М. бид нарт хандаж “би тэр махлаг залууг отвёркаар 3-4 удаа хатгачихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг болон гэрч Б.Сээтэн, Б.Цолмонбаяр нарын мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгч А.Н., Г.О. нар нь хохирогч Б.Амаржаргалын амь насыг хохироох гэмт хэрэгт нэгдсэн, учрах саадыг арилгасан, эсхүл урьдаас зохион байгуулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн эксцесс буюу зөрж гүйцэтгэх гэмт хэрэг нь тодорхой нэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн нэг нь тухайн цаг мөчид бусад этгээдэд мэдэгдэлгүйгээр буюу бусдын дэмжлэггүйгээр, урьдчилан төлөвлөгөөгүй гэмт хэргийг өөрийн хүсэл, санаа зорилгоор бие даан үйлдэх хэв шинжээр илэрдэг бөгөөд үүнд оролцоогүй, үр дагаврыг тооцоолоогүй этгээдүүдийг хэрэг учрал болох цаг хугацаанд байсан гэх үндэслэлээр буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”, 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж тус тус заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн баримтаас үзвэл өсвөр насны шүүгдэгчийн ар гэрээс амь хохирогчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн нийт 16.830.718 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нотлогдож, үүнээс үлдэх 11.830.718 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд тийнхүү нөхөн төлөхөө илэрхийлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ талийгаач Б.Амаржаргалын кредит картын зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл 3.118.437,58 төгрөг, “Хас банк” ХХК-иас авсан зээлийн төлвөл зохих төлбөрийн үлдэглэл 18.902.908 төгрөг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1853 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Амаржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1.750.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 42.950 төгрөг, нийт 1.792.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгохоор шийдвэрлэсэн зэрэг гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэр, иргэний эрх зүйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийг өсвөр насны шүүгдэгч Н.М.аас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шаардсанчлан талийгаачийн амь нас хохирсноор түүний бусдад хууль болон гэрээгээр төлбөр төлөх үүрэг үүссэн байдал зэргийг талийгаачийн амь нас насыг хохироох гэмт хэргийн тухайд шууд учирсан хохиролд хамааруулан авч үзэх нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй. Нөгөө талаас, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэцэгмаагийн “...Б.Амаржаргал  нь цалингийн зээлийг байр авахад зарцуулж, улмаар тухайн байрыг бусдад худалдаж, байрны мөнгийг худалдан авагчаас аваагүй байгаа” гэж тайлбарласнаас үзвэл нэгэнт тухайн зээлийг амь хохирогч, түүний гэр бүлийн гишүүд амин хувийн хэрэгцээнд зарцуулж, тодорхой үр шимийг нь хүртсэн байх тул энэ гэмт хэргийн хохиролд хамаатуулан нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Харин амь хохирогчийн 49 хоногт зориулан тодорхой хүнс, ахуйн эд зүйлийг худалдан авсан нь холбогдох зарлагын баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул үүний тухайд нийт 396.900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардлын төлөгдөөгүй үлдэгдэл нийт 12.227.618 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчээс, гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа хэмжээгээр түүний хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэчимэгээс гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт зэргийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Н.М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд, шүүгдэгч Г.Н., А.О., М.Б. нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна

Шүүгдэгч Г.Н., А.О., М.Б. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Х.Эрдэнэ-Очир, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Орхонтуул нараас баримтаар 163.855 төгрөгийн хохирол нэхэмжилж, хохирол төлөгдсөн байх тул өсвөр насны шүүгдэгч Н.М., шүүгдэгч М.Б. нар нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй болно.

Мөн амь хохирогч Б.Амаржаргалын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд өмгөөлөгч нар нь шүүгдэгч Г.Н., А.О. нараас “хохирол, төлбөр төлөх үү, төлөхийг зөвшөөрч байна уу” гэх зэргээр асууж, шүүгдэгч нар нь “хэдэн төгрөг, яаж төлөхөө мэдэхгүй байна” гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Г.Н., А.О. нарын тухайд хохирогч Б.Амаржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотойгоор ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, зардал гарсан зүйл байхгүй тул шүүгдэгч Г.Н., А.О. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Өсвөр насны шүүгдэгч Н.М.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг хэсэгчлэн төлсөн, үлдэгдэл төлбөрийг цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өсвөр насны шүүгдэгч Н.М.ын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, мэдүүлж байгаа, спортын төрлөөр тодорхой амжилт гаргаж, спортын аваргаар шалгарч байсан, анги хамт олны дурсамж өргөмжлөл хүртэж, уралдаант тэмцээнүүдэд тэргүүн байр эзэлж байсан, Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн анги удирдсан багш Т.Батчимэгийн Н.М.ын талаарх гаргасан тодорхойлолт, Н.М.ын ээж Ангираагийн Эрдэнэчимэг нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр 60 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь тогтоогдсон, мөн Ц.ГанБ., А.Эрдэнэчимэг нарын хооронд байнгын асаргааны гэрээ байгуулагдсан, тэрээр тодорхой өвчний учир эмчлүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж:

            Н.М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Н.М. нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон хэргийг хянан шийдвэрлэх үед насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж, 6 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоож, мөн шүүгдэгч М.Б.той бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Х.Эрдэнэ-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт гурваас дээшгүй цагаар нийт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Н.М.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 6 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

            мөн шүүгдэгч М.Б.од насанд хүрээгүй хохирогч Х.Эрдэнэ-Очирт учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч Г.Н.т ял оногдуулахад эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            шүүгдэгч А.О.т ял оногдуулахад эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Н., А.О., М.Б. нар нь бусдад төлөх төлбөргүй, Г.Н. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 30 хоног, Н.М. нь нийт 183 хоног цагдан хоригдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С. овогт Н.гийн М.т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу шүүгдэгч Г.Н., А.О. нартай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Өсвөр насны шүүгдэгч С. овогт Н.гийн М.ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

                мөн шүүгдэгч М.Б.той бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                шүүгдэгч Ч. овогт М.ын Б.ыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

                шүүгдэгч А. овогт Г.гийн Н.ыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                шүүгдэгч Б. овогт А.гийн О.ыг бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М.ыг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг /хоёр зуун дөч/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

               Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.ыг 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.М.т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай. 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Н.М.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийг 1 хоногоор дүйцүүлж 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, Н.М.ын нийт эдлэх ялыг 6 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Н.т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 30 хоногийг 1 хоногийг 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч, Г.Н.ын нийт эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М.ын урьд цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б.од оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,  Г.Н.т оногдуулсан 480 цаг, А.О.т оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

            8. Өсвөр насны шүүгдэгч Н.М.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М., түүний хууль ёсны төлөөлөгч С. овогт Ангираагийн Эрдэнэчимэг /РД:ИЮ68030601/ нараас 12.227.618 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цагаан гэртэн овогт Бэрээнинжалбуугийн Амарбаясгалан /РД:МЛ93072115/, Эмч овогт Зурманхүүгийн Цэцэгмаа /РД:МЛ72061801/, иргэний нэхэмжлэгч Халх овогт Доржбатын Болортуяа /РД:ВЮ95102404/ нарт тус тус олгосугай.

            10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэцэгмаа, Б.Амарбаясгалан, иргэний нэхэмжлэгч Д.Болортуяа нар нь амь хохирогч Б.Амаржаргалд холбогдох гэмт хэргийн тухайд цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О., М.Б.  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Н., А.О., М.Б.  нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

   13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлд холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.М.т авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Н., А.О., М.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                                                    

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНХТУЯА

                       

                                            ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА                                         

                                            ШҮҮГЧ                                  М.ТҮМЭННАСТ