Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 32

 

Б.Ж-, О.Ч- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал                                   

Прокурор                                          О.Доржмаа

Шүүгдэгчийн М.Ж-ы

өмгөөлөгч                                         Н.Баярмаа

Шүүгдэгч О.Ч-ийн

өмгөөлөгч                                         Д.Номин-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч О.Ч-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ийн Ч-, Б-ын Ж- нарт холбогдох эрүүгийн 201609000350 тоот, 2 хавтастай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн О-ийн Ч- /РД:**********/

2.Монгол Улсын иргэн, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-ын Ж- /РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Ж-, О.Ч- нар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчидийн 7-95 тоотод Ч.Ч-ын гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн Ч.Ч-ын хоолны тогоог авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Ч.Ч-ын биед зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан довтолж 25.000 төгрөгийн үнэ бүхий тогоог нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 77 дугаартай шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан  Б- овгийн О-ийн Ч-, Б- овгийн Б-ын Ж- нарыг бусдын эд хөрөнгийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147-р зүйлийн 147.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч Б.Ж-, О.Ч- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Ч- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б- овгийн О-ийн Ч-, Б- овгийн Б-ын Ж- нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б- овгийн О-ийн Ч-, Б- овгийн Б-ын Ж- нарт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон Б.Ж-ы 56 хоног, О.Ч-ийн 57 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус эдлэх ялаас нь хасч тооцож,

-Энэ хэрэгт хураасан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5-д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, О.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Шүүгдэгч О.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Миний бие нь хохирогч Ч.Ч-ын халуун тогоог авсан нь үнэн, халуун тогоог нь авсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа тухайгаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ, мөн шүүхэд хэлж илэрхийлсэн.

Хохирогчид учирсан хохирол 28.000 төгрөгийг би төлж барагдуулсан. Хохирогчоос надаас нэхэмжилсэн зүйл байхгүй, гомдол саналгүй гэдгээ шүүх хуралдаан дээр хэлсэн.

Түүнчлэн хохирогч шүүх хуралдаан дээр "...Ч-той барьцалдсан, ноцолдсон асуудал байхгүй”, "... тогоог авахын тулд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байхад шүүх шийтгэх тогтоол гаргахдаа үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Мөн би шүүгдэгч Б.Ж-ыг хохирогч Ч.Ч-ыг хутгалсаныг огт мэдээгүй, маргааш нь Ч-ыг хэлэхэд нь л мэдсэн. Б.Ж- нь тогоог дээрэмдэх зорилгоор хутгалсан гэдэг нь тогтоогдохгүй байхад шүүх үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Надад 5 жил 1 хоногийн хорих ял оногдуулсан нь миний хийсэн хэрэгт тохироогүй, хүнд ял оногдуулсан гэж үзэж гомдолтой байна. Шүүгдэгч О.Ч- миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчоос нэхэмжилсэн 28.000 төгрөгийг сайн дураа төлж барагдуулсан, хохирогчоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хохирогчийн тогоог авч явсандаа маш их гэмшиж байгаа байдлыг болон өндөр настай ээжийн хамт амьдардаг, гэмт хэргийг улмаас учирсан гэм хор бүрэн арилсан зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж хэргийг үнэн зөв шийдвэрлэж, ялыг маань багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...О.Ч-ийн холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тухайд:

-Анхан шатны шүүх дүгнэхдээ: "...үйлдлээрээ нэгдэн О.Ч- нь цахилгаан тогоог авч гарах үед хохирогч өгөхгүй гэж булаацалдахад нь түлхэж унагаан ахин босч ирэх үед нь Ж- хутгаар хохирогчийн ташаан тус газар хутгалсан, хэн аль нь тогоогоо өгөхгүй гэж эсэргүүцлийг дарах зорилгоор түлхэж унагах, хутгаар хатгах зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон болох нь тогтоогдож байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д ‘‘Шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох браимтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан байхад хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь хэргийн газарт хохирогч Ч.Ч-, шүүгдэгч О.Ч-, Б.Ж- гурваас өөр гадны хүн огт байгаагүй.

Тиймээс хэрэг хянан шийдвэрлэхэд хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой шууд нотлох баримт болох учиртай. Хохирогч О.Ч- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ О.Ч-той тогоог булаацалдсан, шүүгдэгч О.Ч-ийг өөрийг нь түлхэж унагасан гэж мэдүүлэг өгөөгүй, энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх ямар үндэслэлээр харин ч эсрэгээр “О.Ч- тогоог авахын тулд хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байгаагүй, ...намайг хэн нь түлхсэнийг мэдэхгүй, ...О.Ч- тогоог авахын тулд надтай барьцалдсан, ноцолдсон асуудал байгаагүй” гэж мэдүүлэг өгсөөр байхад хохирогчийн ийнхүү өгсөн мэдүүлгийг үнэлэхгүйгээр шүүх ямар үндэслэлээр, аль нотлох баримтыг үндэслэн дээрх дүгнэлтийг хийж хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-г зөрчсөн гэж үзэж байна.

Ийнхүү хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүгдэгч О.Ч-ийн үйлдэлд хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй, үйлдсэн гэмт үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

-Шүүгдэгч нарыг үйлдлээрээ бүлэглэсэн гэж дүгнэсэн тухайд:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн долдугаар хэсэгт заасан Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгт багтах Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч Б.Ж- нь тогоог авахын тулд буюу өөртөө ашиг олох санаа зорилгоор хохирогчийг хутгалсан болох нь тогтоогдоогүй. Хамт байсан учраас үйлдлээрээ бүлэглэсэн гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлох баримтыг үндэслэн гарцаагүй байдлаар тогтоох ёстой. Гэтэл шүүгдэгч Б.Ж-ы гэмт хэрэг үйлдсэн субъектив санаа, гэмт хэргийн сэдэлт зэргийг нарийвчлан тогтоогоогүй нь 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1.3-т заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүйгээс үндэслэлгүйгээр бүлэглэсэн гэж дүгнэсэн нь шүүгдэгч О.Ч-ийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт болсон.

-Ял шийтгэл оногдуулсан тухайд:

Хохирогчийн зүгээс шүүгдэгч О.Ч-т холбогдуулан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

Шүүгдэгч О.Ч- нь хохирогчийн тогоог авсан үйлдэлдээ гэмшиж байгаагаа шүүхэд илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэнд болон эдийн засгийн гэм хор бүрэн арилсан, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн хутгалсан үйлдэлд нь хамтарч оролцсон, дэмжлэг туслалцаа үзүүлсэн үйлдэл байхгүй зэргийг харгалзаад шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551.1 -д зааснаар хөнгөрүүлж ял оногдуулах саналыг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд тавьсан боловч хангагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх чухам ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 .1-д заасан хуулийг хэрэглээгүй тухайгаа шийтгэх тогтоолдоо огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хохирогчоос авсан тогооны үнэ болох 28.000 төгрөг нь бага бус хэмжээний үнийн дүнд хүрэхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 болгож хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж, хэрэв зүйлчлэлийг хэвээр үлдээсэн тохиолдолд шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн улмаас хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тайлбар байхгүй” гэв.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Хохирогч намайг хэн түлхснийг хараагүй гэж хэлсэн болохоос түлхээгүй гэж мэдүүлэг өгөөгүй. Хохирогч мөрдөн байцаалтын явцад тогтвортой, дэс дараалалтай мэдүүлгүүдийг өгсөн. Тийм учраас хохирогчийн мэдүүлгийг бүрэн үнэлэх боломжтой. Шунахайн сэдлээр хүч хэрэглэхээр занал хийсэн буюу хүч хэрэглэсэн гэсэн үйлдэл тогтоогдож байгаа тул энэ гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг булаах биш дээрэмдэх гэмт хэрэг юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-, О.Ч- нарыг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчидийн 7-95 тоотод Ч.Ч-ын гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн Ч.Ч-ын хоолны тогоог авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж Ч.Ч-ын биед зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулан довтолж 25.000 төгрөгийн үнэ бүхий тогоог нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан О.Ч-, Б.Ж- нарыг бусдын эд хөрөнгийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Ч-, Б.Ж- нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр, Б.Ж-ы цагдан хоригдсон 56 хоног, О.Ч-ийн 57 хоногийг цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус эдлэх ялаас нь хасч тооцохоор, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Ч- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Б.Ж-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, О.Ч-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч О.Ч-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Ч-, Б.Ж- нар нь тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын зах дээр согтуу явж байгаад хохирогч Ч.Ч-той тааралдаж, улмаар дэлгүүрээс архи авч Ч.Ч-ын гэрт очиж хамтдаа ууж дуусгаад явахдаа О.Ч- нь хохирогчийн гэрт байсан хоолны халуун тогоог авч явах гэхэд нь хохирогч Ч.Ч- “өгөхгүй, чамд юу гэж өгөх юм, наадахыг чинь мөнгөөрөө авдаг юм” гэж хэлээд тогоогоо авах гэхэд нь О.Ч- түүнийг арагш түлхэн ор луу унагаж дахин босож ирэхэд нь Б.Ж- урдуур нь орж хохирогчийн зүүн гуяны дээд хэсэгт хутгалж гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар, өөрсдийн өмчлөлд авах санаагаа гүйцэлдүүлэхийн тулд шүүгдэгч О.Ч-, Б.Ж- нар нь хэн хэндээ тусалж, саад болж байгаа хохирогчийн “тогоогоо өгөхгүй” гэж булаацалдаж зууралдсан үйлдэл, эсэргүүцлийг дарахын тулд түүнийг О.Ч- арагш түлхэн ор луу унагаж, босоод ирэхэд нь Б.Ж- хутгалж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, хохирогчийн биед гэмтэл учруулж дээрэмдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогчийн тогоог хууль бусаар авах гээд О.Ч- зууралдаад, хохирогч өгөхгүй гээд булаацалдаад “наадахыг чинь мөнгөөрөө авдаг юм, чамд яахаараа өгдөг юм” гэж эсэргүүцээд маргалдаж байгааг хажууд нь хараад зогсож байсан Б.Ж- мэдэж байсан тул О.Ч-ийг дэмжиж, ширээн дээр байсан хутгыг нь авч хохирогч Ч.Ч-ыг хутгалж хохирогчийн эсэргүүцлийг дарж, хамтдаа тогоог аваад гарч явсан нь хохирогч Ч.Ч-ын “...тэр өдөр зах дээр явж байгаад Чинзоо гэж дууддаг залуутай таарсан. Тэр Жагсаа гэж дууддаг залуутай явж байсан. Чинзоо нь “ганц юм авчихъя, танайд очиж ууя” гэхэд нь “тэгье” гээд хамт явж дэлгүүрээс 1 шил архи аваад манайд очиж архиа уусан. Архиа ууж дуусаад тэр 2 явах болсон. Тэгтэл Чинзоо нь “тогоогоо өгчих, чи найзаасаа дахиад авчихгүй юу” гээд шууд халуун тогоог минь аваад гарах гэхээр нь би “чамд юу гэж өгөх юм, наадахыг чинь мөнгөөрөө авдаг юм” гээд тогоогоо авах гээд нөгөө талаас нь барьсан. Тогоог сугавчлаад гарах гэхэд би уурлаад маргалдаж тогоог булаацалдсан Чинзоо намайг арагш түлхэхэд би ор луу унасан. Тэгээд дахиад буцаж босож ирээд тогоогоо авах гэтэл хамт явж байсан Жагсаа нь урдуур нь ороод шууд зүүн өгзөг орчим хутгалчихсан. Тэгээд тэр 2 гэрээс гараад  явсан...гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Цэрэннадмидын “...хэрэг үйлддэг өдрөө манай хүү Ч- гэрээсээ ганцаараа гарч яваад эргээд Ж-тай хамт орж ирсэн. ...нэлээд согтуу нэг шуудайтай юм барьчихсан орж ирсэн. Шуудайнаас нь гаргахад жижиг халуун тогоо байсан. Хаанаас авсан, ямар учиртайг мэдэхгүй. Тэгээд би Ж-ыг “яв” гээд тэр тогоог нь өгөөд гаргасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн ...О.Ч- нь тогоог авахын тулд хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, шүүгдэгч нар нь бүлэглээгүй, харин булаах гэмт хэрэг үйлдсэн... гэж давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй байна.

“Булаах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авахдаа хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан холдож зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарахыг дурдах нь зүйтэй.    

Дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байсан үед үйлдэгдсэн тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөгдөж байсан хуулиар тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба мөн хуулинд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна. 

Иймд шүүгдэгч О.Ч-, Б.Ж- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар хэргийг зүйлчилсэн нь зөв, анхан шатны шүүхээс болсон үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Гэхдээ шүүгдэгч О.Ч- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг хувийн байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял хөнгөрүүлж оногдуулах боломжтой байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Ж- нь урьд 8 удаа ял шийтгүүлснээс хамгийн сүүлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар энэ хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэнээс хойш таван жил өнгөрөөгүй, ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарт тохирчээ.

Шүүгдэгч О.Ч-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гомдлоос...ял хөнгөрүүлж өгнө үү... гэснийг хүлээн авах боломжтой байна.  

Анхан шатны шүүх үйл баримтын талаар хийсэн дүгнэлтдээ шүүгдэгч нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “бүлэглэж” гэсэн үгийг орхигдуулсныг нэмж оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4 дэх заалтуудад:

“1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан  Б- овгийн О-ийн Ч-, Б- овгийн Б-ын Ж- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

“3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б- овгийн О-ийн Ч-т эд хөрөнгө хураахгүйгээр 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Б- овгийн Б-ын Ж-д эд хөрөнгө хураахгүйгээр 05 /тав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б- овгийн О-ийн Ч-т оногдуулсан 03 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Б- овгийн Б-ын Ж-д оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ