| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2019/0002/з |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-02-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 01
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, иргэн О.Н-ийн ирүүлсэн “Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/02, 5/03 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулж, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох, захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тэс сумын иргэн О.Н миний бие 2016 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр багйуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хурлын даргаар сонгогдсон. Сумын ИТХ-ын 5 дугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өөр хуралдсан. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны 17 дугаар тогтоолоор тус хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцүүлэхээр баталсан ба сумын ИТХ-ын даргыг огцруулах асуудал тусгагдаагүй байсан. Гэтэл төлөөлөгч Р.Э нарын төлөөлөгчид ИТХ-ын 2018 оны ажлын тайланг хангалгүй гэж дүгнэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгадаагүй асуудлаар санал гаргаж намайг ИТХ-ын даргын ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар зохицуулсан байна. Иймд Тэс сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/01, 5/02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож О.Н намайг Тэс сумын ИТХ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тэс сумын 6 дугаар багийн иргэн О.Н-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажлыг О.Н-д хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь “Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/02, 5/03 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулж, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэл нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан байсан тул хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 5/02 тогтоолоор “О.Н-ийн ажлын тайланг хэлэлцээд хангалтгүй гэж үнэлгээ өгсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас огцруулсугай”, 5/03 тогтоолоор “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Р.Э-ийг сонгосугай” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагч захиргааны байгууллага болох Увс аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Э нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж хариу тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч О.Н нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс сумын иргэдийн Төлөлөгчдийн Хурлын даргын тамга тэмдгээ хүлээн авч ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн ажиллаж байна гэх тайлбар ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд байх бөгөөд хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна гэж шүүх дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэрлэв.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Тэс сумын 6-р багт оршин суух, иргэн Шангас овгийн О-н Н-н ирүүлсэн “Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5/02, 5/03 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулж, Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Э бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн О.Н-н нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох /124/2019/0002/з индекстэй/ хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ