Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0783

 

      

 

 

                        Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү би “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн захирал Б.С шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн 02/418 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 199/ШШ2022/0030 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн гомдолтой танилцсан болно. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж ажиллагааг үргэлжлүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тайлбар хүргүүлэх явцдаа цаашид үүсэх нөхцөл байдал, өмнөх түүхэн судалгаа хийх зэрэг ажиллагааны дүнд “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээс татгалзах тухай” хавсралтаар тайлбар шийдвэрийг хүргүүлж байна” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ. “...Анхан шатны шүүхийн шийдвэр болон хариуцагчийн шүүх хурлын үеэр хуулийн зөвлөхийн аман тайлбарт үндэслэн судалгаа хийсний үндсэнд бид нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.  Учир нь: 1. Хариуцагчийн хуулийн зөвлөхөөс анхан шатны шүүх хурлын үеэр өгч байсан тайлбарт Тендер захиалагчийн шийдвэр гаргалт, гэрээ баталгаажуулах зэрэг үйлдэл хуулиар зохицуулагдаагүй тул анхан шатны шүүх болон захиргааны хэргийн давж заалдах шатын шүүх зэрэг байгууллагын үйл ажиллагаа нь цаг алдсан эсхүл тухайн төрлийн тендер зарлагдахгүй байх боломжтойг тайлбарлан өгч байсан. Энэхүү мэдүүлгээр бид анхан болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн сан (http://new.shuukh.mn/zahirgaadavah)-аас захиалагчтай тендерийн асуудлаар холбогдуулах гарсан шүүхийн шийдвэрийн судалгаа хийсэн болно. Судалгааны үр дүнд нийт 6 нэхэмжлэлийн Тендерийн гомдол Захиалагчид анхан шатны шүүхэд хандсан дийлэнх нь (50%) нэхэмжлэгчийн талд гарсан байгаагийн 1 нэхэмжлэл нь нэхэмжлэгч бидний нөхцөл байдалтай ижил буюу Гэрээ байгуулах шийдвэрийг сэргээсэн тухай шийдвэр гарсан ч 2019 онд зарлагдсан тухайн тендер одоог гэрээ байгуулах, дахин зарлагдах зэргээр үйлдэл https://www.tender.gov.mn) хийгдээгүй зогссон байгааг олж мэдсэн болно. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БД-112-15/2797 дугаартай албан мэдэгдлийг Захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн тайлбарт: Захиалагчаас ирүүлсэн аливаа албан тоотыг бид тухайн үйл ажиллагаатай холбоотой албан болон эцсийн хариулт гэж хүлээн авч байдаг. Эдгээр нөхцөл байдлын улмаас бид Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хариуцагчтай “Рфайд системс” ХХК-ийнхаа нэхэмжлэлээ бүрэн хэмжээгээр татаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Р ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазарт холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/27 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах гомдол гаргаснаар тус хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүргэгдэн ирсэн байна.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-тнэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж хуульчилжээ.

2.1. Нэхэмжлэгч “Р ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/355 дугаар “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичгээр С.Э хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийг олгож, “... компанийн нэрийн өмнөөс тайлбар өгөх, албан бичиг явуулах, ... шүүхээс гарах шийдвэр болон явц дунд нэхэмжлэлтэй холбоотой гарах үйл ажиллагаа, бичиг баримт зэрэг холбоотой бүх материалд гарын үсэг зураг эрхтэй” гэснээс үзвэл нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон гэж үзэхэд учир дутагдалтай байх боловч тус компанийн захирал Б.С 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тайлбар хүргүүлэх явцдаа цаашид үүсэх нөхцөл байдал, өмнөх түүхэн судалгаа хийх зэрэг ажиллагааны дүнд “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээс татгалзах тухай” хавсралтаар тайлбар шийдвэрийг хүргүүлж байна ...” гэх 02/418 дугаар албан бичгээр нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлд дурдсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 116 дугаар зүйлийн 116.3-д тус тус заасныг баримтлан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчР ХХК-аас гаргасан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2022 оны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг /захиргааны акт/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    

ШҮҮГЧ                                    Н.ХОНИНХҮҮ