Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 213/МА2017/00013

 

*******ийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/00277 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн *******ийн хүсэлттэй

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны гражийн баруун талын хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэрэгт хүсэлт гаргагч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 10-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Хүсэлт гаргагч *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

Б.Жаргалсайхан бид нар 1993 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тухайн үеийн Жаргалант хоршооны өмч байсан авто гражийн баруун талын хэсгийг өөрсдийн ах, дүү нарын 40 ширхэг ягаан тасалбар буюу 40.000 төгрөгийн хувьцаагаар Жаргалант хоршооны бүх гишүүдийн өмч хувьчлалын журмаар худалдан авсан. Энэ үед бидэнд албан ёсны гэрчилгээ бичиж өгсөн. Бид хоорондоо тохиролцон мал, бэлэн мөнгө өгч албан ёсоор өөрсдийн эзэмшилд авсан. Одоо бид үл хөдлөхийн гэрчилгээ авах гэтэл гэрчилгээний эх хувийг шаардаад байна.Уг гэрчилгээ олдохгүй үрэгдүүлсэн бөгөөд канондсон хувь нь байгаа.

Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны гражийн баруун талын хэсгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч *******гийн ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны авто гражийн баруун талын хэсгийг худалдан авч гэрчилгээ бичүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэхэд үндсэн гэрчилгээ байхгүй гээд өгөөгүй. Энэ асуудлаар 2013 онд хөөцөлдөхөд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүй байсан. Би Б.Батжаргал гэж хүнтэй худалдах худалдан авах гэрээ хийсэн байгаа. Бид нар хамтарч үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны гражийн баруун талын хэсгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Хүсэлт гаргагч *******ийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны гражийн баруун талын хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, Хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан Лхаасүрэн *******, хамтран эзэмшигч Б.Жаргалсайхан нарын эрхийн гэрчилгээ болон үг, үсэг уншигдах боломжгүй өмч хувьчлалаар авсан жагсаалтыг нотлох баримтаас хассан болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч *******гийн ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би ах дүү нарынхаа хамт 1993 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрдэнэцогт сумын Жаргалант хоршооны өмч байсан авто гражийн баруун хэсгийг өөрсдийн ах дүү нарын хамт 40х1000 ширхэг ягаан тасалбар буюу 40.000 төгрөг бүхий үнээр худалдан авсан юм. Тухайн үед хоршооны өмчийг хувьчлахдаа хоршооны гишүүдийн хурал хийж, өмчлөх хөрөнгийн жагсаалтыг гарган сумын иргэдийн хурлаар хэлэлцсэний дараа хувьчилдаг нарийн журамтай байсан. Бидний авсан өмч бол энэ журмын дагуу явагдсан болохоос бид дураараа хоршооны өмчийг авчихсан юм биш. Бидэнд энэ хөрөнгийн эзэмшигч нь мөн гэсэн гэрчилгээ бичиж өгсөн боловч эх хувиа алга болгочихоод шүүхэд өргөдөл гаргаж, энэ хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор өргөдөл гаргасан чинь шүүгч Л.Нарангэрэл миний гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн гомдол гаргаж байна. Би шүүхэд хувьчилж авсан гэрчилгээний хуулбар, хувьчилж авсан иргэдийн жагсаалт, кадастрын зураг, тамгын газрын бүртгэлд энэ хөрөнгө байхгүй гэсэн 2013 оны албан бичиг зэрэг баримтыг шүүхэд өгсөн чинь үг үсэг нь гаргагдахгүй байна гэсэн шалтаг зааж хэрэгсэхгүй болгосон. Бидний хувьчилж авсан хөрөнгийг сумын тамгын газар авах гэж хөөцөлдөж байгаа юм.

Аймгийн өмчийн харилцааны газарт манай сумаас өмч хувьчилсан материал байгаа шүүх энэ газраас холбогдох баримтуудыг авч болох байсан. Надтай хамт өмч хувьчлан авсан хүмүүс ч гэрчилж өгнө. Ганц надаас болон олон хүний эрх ашиг хохирох ёсгүй. Бид энэ хөрөнгийг хувьчилж авсан болохоор Тамгын газрын дансанд огт бүртгэгдээгүй. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******ээс шүүхэд гаргасан хүсэлтэндээ бидний өмчлөх эрхийг болон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхээр баталгаажуулж шинэчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

******* нь “..хэрэгт байгаа жагсаалтанд бичигдсэн нэр бүхий хүмүүстэй хамтарч тус хоршооны гражийг хувьчилж авсан гэж, мөн бидний өмчлөх эрхийг баталгаажуулж өгнө үү..” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа дурьдаж байгаа боловч хүсэлтийг ганцхан ******* гэдэг хүн гаргасан байна. Тухайлбал хамтран хүсэлт гаргах эрхтэй бусад хүмүүсээ орхигдуулж зөвхөн ******* гэдэг хүн өмчлөх эрхээ баталгаажуулж өгнө үү гэж шийдвэрлүүлж байгаа шалтгаан нь тодорхойгүй.

Тус хоршооны гражийг хувьчилж авсан гэх бусад хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөх эсэх нь тодорхойгүй, ******* нь бусад хувьчилж авсан хүмүүсээ төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчсөн байна.

******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ “..өмчлөх эрхийн гэрчилгээг баталгаажуулж өгнө үү..” гэсэн хүсэлт гаргасан нь шүүхээр шийдвэрлүүлэх гэж байгаа хүсэлтийн эрх зүйн үр дагавар нь, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, нэхэмжилж байгаа тухайн гражийн үнэ тодорхойгүй байгаа зэрэг нь зөрчилтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2017/000277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                    ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                  Г.УЛАМБАЯР