| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2021/0192/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/206 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/206
2021 03 29 2021/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, шүүгдэгч Б.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Б-ны Д-т холбогдох эрүүгийн 20100 0000 1127 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ү овогт Б-ны Д- /РД:хххх/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс эргэх уулзвар дээр хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг хуурамчаар үйлдэж ашиглан замын хөдөлгөөнд оролцож “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай ах Б.Ө-ийн нэр дээр байсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Тухайн үед хатуу хөл хорио тогтоосон байсныг мэдэж байсан, тэгээд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгосон QR кодыг сканердаад, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бичиж оруулсан. Би “4 машин зарна” гэсэн зар тавьсан байсан. 4 машинаа гараажид оруулж тавихгүй бол хөлдөх гээд байсан учир хөдөлгөөнд оруулж асаах зорилгоор энэ үйлдлийг үйлдсэн. Гэм буруугаа зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 20100 0000 1127 дугаартай хэргээс:
1. “Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох 9128557 дугаар тусгай зөвшөөрөл” гэх хэвлэмэл баримтыг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 06х, 11х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бямбадагвын гэрчээр өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай. Корона вирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/1251 дугаартай захирамжийн хүрээнд хуваарийн дагуу замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож үүрэг гүйцэтгэсэн.
2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, тэмээтэй хөшөөний уулзвар дээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл болох QR кодыг шалгаж үүрэг гүйцэтгэж байх үед буюу 13:35 цагийн үед хххх улсын дугаартай, улаан өнгийн Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийн QR кодыг албан хэрэгцээнд ашигладаг Samsung X Pro маркийн шалгах төхөөрөмжөөр уншуулж шалгахад тус QR код нь 05-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй байсан.
хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсайханы Дэлгэрбаяр нь замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн замын хөдөлгөөнд оролцож явсныг илрүүлсэн. Тус тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээлгэн өгч, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар илтгэх хуудас бичсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Цэрэнчимэдийн гэрчээр өгсөн:
“...Би Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид Ерөнхий эмч ажилтай. Би Нийслэлийн Онцгой Комиссын штабт зохих журмын дагуу албан бичиг хүргүүлэн өөрийн эзэмшлийн 05-80 УБН улсын дугаартай, Toyota Crown маркийн автомашинд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан.
Нийт манай байгууллагаас 9 машинд зөвшөөрөл авсан. Уг авсан QR кодтой зөвшөөрлийг бусдад өгч хуулбарлуулсан зүйл байхгүй. хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэлд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
4. “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай А/1250, А/1251 дугаартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн хуулбар баримтууд /хэргийн 25-27х, 28х/,
5. “SmartCar” тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд үзлэг хийсэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 32-36х/,
6. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаар албан бичиг /хэргийн 56х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ын яллагдагчаар өгсөн:
“...Би 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 81-82 УБЕ улсын дугаартай Nissan Juke маркийн автомашинтайгаа замын хөдөлгөөнд оролцох гэхэд цагдаагийн алба хаагч нар “зөвхөн QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно” гэхээр нь буцаж гэртээ харих замд Баянбүрдийн тойргийн Засгийн газрын авто баазын хашааны урд зогсож байсан нэг тээврийн хэрэгслийн QR кодыг зургийг гар утсан дээрээ дарж авсан.
Ингээд гэртээ ирээд гар утсан дээрээ дарж авсан QR кодыг нөүтбүүк дээрээ шивж үзээд болохгүй болохоор нь скайнердаад, улсын дугаар дээр нь өөрийн тээврийн хэрэгслийн 81-82 УБЕ улсын дугаарыг бичиж оруулан хэвлээд гаргасан. Тэгээд тус хуурамчаар үйлдсэн QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг ашиглан, зайлшгүй шаардлагатай байсан учраас замын хөдөлгөөнд оролцсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/ баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 51х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс эргэх уулзвар дээр хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 05-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй QR код бүхий зөвшөөрлийн баримтад Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийн 81-82 УБЕ улсын дугаарыг бичиж, хэвлэх төхөөрөмж /скайнер/ ашиглан хуулбарлан, уг хуурамч баримтыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- “Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох 9128557 дугаар тусгай зөвшөөрөл” гэх хэвлэмэл баримтыг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол /хэргийн 06х, 11х/,
- гэрч Ч.Бямбадагвын: “...Би Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ажилтай. Корона вирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/1251 дугаартай захирамжийн хүрээнд хуваарийн дагуу замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, тэмээтэй хөшөөний уулзвар дээр хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл болох QR кодыг шалгаж үүрэг гүйцэтгэж байх үед буюу 13:35 цагийн үед хххх улсын дугаартай, улаан өнгийн Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийн QR кодыг албан хэрэгцээнд ашигладаг Samsung X Pro маркийн шалгах төхөөрөмжөөр уншуулж шалгахад тус QR код нь 05-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй байсан. хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсайханы Дэлгэрбаяр нь замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн замын хөдөлгөөнд оролцож явсныг илрүүлсэн. Тус тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээлгэн өгч, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар илтгэх хуудас бичсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 15х/,
- гэрч Ц.Цэрэнчимэдийн: “...Би Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид Ерөнхий эмч ажилтай. Би Нийслэлийн Онцгой Комиссын штабт зохих журмын дагуу албан бичиг хүргүүлэн өөрийн эзэмшлийн 05-80 УБН улсын дугаартай, Toyota Crown маркийн автомашинд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан. Нийт манай байгууллагаас 9 машинд зөвшөөрөл авсан. Уг авсан QR кодтой зөвшөөрлийг бусдад өгч хуулбарлуулсан зүйл байхгүй. хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэлд QR кодтой Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл аваагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
- “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай А/1250, А/1251 дугаартай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн хуулбар баримтууд /хэргийн 25-27х, 28х/,
- “SmartCar” тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний санд үзлэг хийсэн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 32-36х/,
- Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаар албан бичиг /хэргийн 56х/ болон шүүгдэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 23-24х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
“Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг болохоор заасан.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 37.2.1, 37.2.8 дахь заалт, Корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад тус тус зааснаар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаарх авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд нь “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталсан, гаргасан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмж шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй” байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль болон Корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль, Улсын Онцгой байдлын санал зэрэгт үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг тогтоолд заасан хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Засгийн газрын тогтоолоор 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан, дээрх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хязгаарлалт тогтоосон хугацаанд “...хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээд, тэдгээрийн ажилтан, алба хаагчид, эмнэлгийн зайлшгүй туслалцаа авах шаардлагатай иргэдийг QR код ашиглан замын хөдөлгөөнд оролцуулах” журмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/1251 дугаартай захирамжаар тогтоож, хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд энэ нь нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Б.Д-ыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буюу Бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвөөс эргэх уулзвар дээр хххх улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг хуурамчаар үйлдэж ашиглан замын хөдөлгөөнд оролцсон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба яллах дүгнэлтэд тодорхойлогдсон “тусгай зөвшөөрөл бүхий QR код”-ыг мөн зүйл, хэсэгт заасан “тусгай зөвшөөрөл” гэж үзэх боломжгүй бөгөөд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1, 3 дахь зүйлд “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг тусгай зөвшөөрөл” гэж ойлгохоор заасан юм.
Тухайн хэргийн нөхцөлд хэргийн шүүгдэгч Б.Д- нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хязгаарлалт тогтоосон онцгой нөхцөл байдлын үед эрх бүхий байгууллагаас замын хөдөлгөөнд оролцох эрх олгосон зөвшөөрлийн баримт /QR код бүхий/-ыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж үзэх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 42х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүх, шүүгдэгч Б.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн “Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох 9128557 дугаартай тусгай зөвшөөрөл” гэх хэвлэмэл хуудас баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,
- энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ү овогт Б-ны Д-ыг “...эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамж болохыг мэдсээр байж ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн “Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох 9128557 дугаар тусгай зөвшөөрөл” гэх хэвлэмэл хуудас баримтыг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт Б.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД