| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0210/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/199 |
| Огноо | 2021-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мажигсүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/199
2021 03 23 2021/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Хохирогч Г.Төгөлдөр,
Шүүгдэгч Б.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 2009027570071 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсэг 228 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 404 дүгээр байрны 41 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нордик” гэх ресторанд хамт ажилладаг Г.Төгөлдөрийг “хийсэн хоол чинь амт чанаргүй байна” гэж шаардлага тавихад дургүйцэн улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас “урхархайн дотор ба доод хана, хамрын ясны хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өглөөний 11:00-12:00 цагийн хооронд үйл явдал болсон. Би ахлах тогоочийн хэлсэн зааврын дагуу хоолоо хийж байхад Төгөлдөр орж ирээд хоол нь хоцроод байна гэсэн. Ачаалал ихтэй ажиллаж байхад Төгөлдөр орж ирээд гуанзны хоол хийлээ гэж хэлэхэд нь бачуурсандаа Төгөлдөрийг зүүн нүдэнд нь нэг удаа цохисон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Төгөлдөр мэдүүлэхдээ “...Тухайн өглөө миний хувьд хоцорсон нь үнэн 10 цагт ажил эхлээд 12 цагт болох үйл ажиллагаанд хоолыг гаргах цаг хангалттай байсан. Гэвч хоол удаан гарч байсан. Захиралд орж хоол удаан гарж байгаа талаар хэлж гомдлоо хэлээд буцаж орж ирээд Золбоод зохих ёсоор шаардлага тавьсан. Шаардлага тавихдаа муухайгаар дахиж битгий гуанзны хоол хийгээрэй гэж хэлсэн нь үнэн. Золбоог намайг арай ч цохино гэж бодоогүй. Гэтэл Золбоод туслаад хоол таваглаад зогсож байхад зүүн нүд рүү цохисон. Миний зүүн нүдэнд өөрчлөлт орж давхраа орсон. Анивчихад хүндрэлтэй. Эмнэлэгт үзүүлэхэд энэ жилдээ багтаж хагалгаанд орох шаардлагатай тэгэхгүй бол хараагүй болох эрсдэлтэй гэж хэлсэн. Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг мөн тэр үед хичээлдээ явж чадалгүй нэг хичээлд унасан, ажилд явж чадаагүй сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Мөн томографын зураг авхуулсан эдгээр нь 1.500.000 төгрөг нэгтгэвэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэв.
Эрүүгийн 2009027570071 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Төгөлдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Миний бие “Нордик” ресторанд менежер хийдэг. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай ресторанд хүлээн авалт зохион байгуулж байсан. Уг үйлчлүүлэгчдийн зүгээс хоолтой холбоотой “хоол хоцорч ирсэн, хоолны амт муу байна” гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу миний бие тогооч Золбоотод “хоолоо цагт нь гаргаач, дахиж ийм асуудал бүү гаргаарай” гэсэн шаардлага тавьтал Золбоо нь ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж гэмтээсэн. Үйл явдал гал тогооны өрөөнд болсон. Уг асуудлаас болж зүүн нүдэндээ хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Мөн 1 сар ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвар алдаж орлогогүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Төгөлдөр гал тогоонд орж ирээд захирлыг юм ярьж байхад “хурдал, хоол чинь удаад байна” гээд захиралтай нийлээд юм яриад байхаар нь би Төгөлдөрт “чи хоцорч ирээгүй бол ийм юм болохгүй, чи өглөө 09 цагт ирэхээр байхад чи ирж хаалга онгойлгоогүй болохоор ажил хойшилсон, надад хамаагүй, би хийдэг юмаа хийж байна” гэж хэлсэн. Төгөлдөр хэлэх үггүй болсноо надад хандаж “чи хурдан хоолоо хийгээч, хурдлаач чи ч гэсэн хоцорч ирсэн, гуанзны хоол хийлээ, чи ер нь тогооч мөн юм уу, иргэд амт муутай хоол хийлээ гээд гомдол гаргаад байна” гэж захирлын хажууд хэлсэн. Төгөлдөр хоол аягалж байхад хоолноос идээд “зүгээр байна, хурдлаарай” гэж хэлж байсан. Гэнэт захирлын хажууд худлаа яриад над руу дайраад байхаар нь миний уур хүрээд баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Төгөлдөр нүдээ дараад хэсэг байж байгаад Амарбаясгалантай хамт гарсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Т.Амарбаясгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...тухайн өдөр хүлээн авалттай байсан. Золбоо бид 2 хоолнуудаа гаргаад бэлдчихсэн байсан. Тэгээд байж байтал Төгөлдөр гүйцэтгэх захиралтай хамт орж ирээд Золбоогийн хийсэн хоолонд “удаад байна, салаад чинь амт муутай болсон байна, яаж ийм хоол хүмүүст өгөх юм, дахиж ийм хоол битгий хий” гэх мэт шаардлага тавьсан. Би хоолоо таваглаж байхад Золбоо Төгөлдөрийг “ямар олон юм ярьдаг юм бэ” гээд цохиод авсан. Тухайн үед зөөгч Учрал, гүйцэтгэх захирал Одгэрэл бид нар байсан. Төгөлдөрийн толгой эргээд алхаж чадахгүй байхаар нь би гэмтэл хүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “... “Нордик” рестораны хяналтын камерын видео бичлэг бүхий 1 ширхэг цагаан өнгийн CD-ийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...тухайн рестораны хоол бэлтгэх өрөөнд цагаан цамцтай, хөх цамцтай 2, улаан цамцтай нэг хүн гээд 4 хүн байх бөгөөд уг бичлэгийн 6 дахь секундэд улаан цамцтай эрэгтэй хүн цагаан цамцтай эрэгтэй хүний нүүрэн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж байгаа дүрсийг үзлэгийн тэмдэглэлд хуулбарлан оруулав...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13069 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
1. Г.Төгөлдөрийн биед зүүн ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй...” гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас хуудас/,
Шүүгдэгч Б.Згийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудасны ар тал/, гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.З нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нордик” гэх ресторанд хамт ажилладаг Г.Төгөлдөрийг “хийсэн хоол чинь амт чанаргүй байна” гэж шаардлага тавихад дургүйцэн улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус харвалт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Төгөлдөрийн мэдүүлэг, гэрч Т.Амарбаясгалангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13069 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.З нь хохирогч Г.Төгөлдөрийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Төгөлдөрөөс “Хагалгааны зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, томограф шинжилгээ, эм гээд нийт 1.500.000 төгрөг болсон. Нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс хэрэгт энэ талаар баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасны дагуу хохирогч Г.Төгөлдөр нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Згоос гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Зг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Г.Төгөлдөрийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Згоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН