Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/197

 

2021        3            22                                   2021/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2021/0176/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: П.Бямбасүрэн,

шүүгдэгч Р.С, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.С-д холбогдох эрүүгийн 2009003870184 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Мөнх өргөө ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 2013 онд шагнагдаж байсан гэх, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан Р.С /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Р.С нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъяан Гүний гудамжинд байрлах “Алтайн Их Уулс” ХХК-ийн “Elegance” нэртэй ресторанд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус газарт үйлчлүүлсэн хүмүүсийн төлсөн төлбөр, худалдан борлуулсан барааны үнэ зэрэгт тооцон авсан 2.083.710 төгрөгийг байгууллагад тушаахаас өөр хэлбэрээр буюу өөрийнхөө эзэмшлийн дансаар хувьдаа шилжүүлэн авч завшсан,

мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд 2018 оны 01 дүгээр сараас хохирогч Э.Энхрийцэцэгээс н.Нарандэлгэр, Н.Наранжав нарыг Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулна, нилээдгүй хүмүүсийг компаниар дамжуулан явсан хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, тус компани албан ёсны зөвшөөрөлтэй, гэрчилгээтэй хэмээн баримт бичиг үзүүлэн итгэлийг ашиглан хуурах аргаар зуучлалын мөнгө хэмжээн удаа дараа мөнгө шилжүүлэн авч, нийт 10.000.000 төгрөгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилгоор залилан авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.С-н өгсөн: “...Би “Алтайн Их Уулс” ХХК-ийн зохион байгуулагчаар ажиллаж байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би 10.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан нь үнэн. Мөн Түмэннаст гэж хүнтэй хамтран ажиллаж байсан нь үнэн. Энхрийцэцэгтэй би өөрийн биеэр уулзсан. Уулзахдаа Түмэннастын өгсөн тусгай зөвшөөрлийг үзүүлсэн. Өөрийнх нь тайлбарласан аргаар хүмүүст тайлбар хийсэн. Үйлдэлдээ буруугаа хүлээж байна. Мөн би хоригдож байх хугацаандаа эхнэрээрээ дамжуулж Энхрийцэцэгт 600.000 төгрөгийг өгсөн. Хоригдож гарч ирээд үлдсэн мөнгөө төлнө гэж хэлсэн. Манай компани тендерээр барилга барьдаг. Оны сүүлээр мөнгө орж ирдэг. Тэгээд 1 сард үлдсэн мөнгийг Энхрийцэцэгт өгсөн.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Энхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын дундуур урьд нь манай ресторанд ажиллаж байсан Р.С гэх залуу надтай ирж уулзаад танайд ажилд ормоор байна гэхээр нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж 1 сарын хугацаатай, рестораны зохион байгуулагчаар ажилд авсан. Туршилтын хугацаагаар ажиллуулж байсан бөгөөд зохион байгуулагч хийж байх хугацаандаа 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 113.500 төгрөг, 9 дүгээр сарын 28-ны өдөр 8480 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 301730 төгрөг, 10 дугаар сарын 25-ны өдөр 10.000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр манай ресторанд хүүхдийнхээ дайх үргээх ёслолын ажиллагааг хийхээр захиалга өгөхөөр ирсэн хүмүүстэй уулзаж урьдчилгаа төлбөр болох 900.000 төгрөгийг өөрийнхөө “Голомт” банкны 3000005325 тоот данс руу авсан, маргааш нь уг ёслолын арга хэмжээ хийх гэж байсан хүмүүс рүү утсаар ярьж 100.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж авсан, мөн 10 сарын эхээр цалингаасаа төлчихье гэж хэлээд 650.000 төгрөг эхнэрийнхээ дансаар шилжүүлж авсан, нийт 2.083.710 төгрөгийн хохирол учруулсан, үүнээс 1.650.000 төгрөг буцааж өгсөн, одоо 433.710 төгрөгийн хохиролтой байна, барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 23 тал/,

Хохирогч Э.Энхрийцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хоёр ахад Р.С гэх хүн тухайн компанийн бичиг баримттай танилцсан, танилцахад компанийн баримтуудыг үзүүлээд нэлээдгүй олон хүний гэрээг манай компаниар дамжуулан явсан гээд үзүүлээд одоо төлбөрөө төлөөд сургалтад сууна гэж хэлээд суулгасан. Р.С-н ХААН банкны дансанд Н.Нарандэлгэр, Н.Наранжав нарын тус бүр 5 сая  төгрөг нийт, 10 сая төгрөгийг шилжүүлсэн. Р.С нь 2018 оны 11 дүгээр сард шоронгоос гараад өөрөө над руу яриад таныг мөнгийг удахгүй төлнө гээд 2019 оны 02 дугаар сараас утас нь холбогдохоо байсан. ...Эхнэр нь надад 6.000.000 төгрөг шилжүүлсэн, үүний дараа өөрөө миний данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 70 тал/,

Гэрч М.Түмэннастын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхрийцэцэг гэх хүн Р.С-д 2 дүүгээ манай шугамаар гаргана гээд мөнгө авсан байсан. Р.С гэх хүн манай компанид ажил хийдэггүй байсан, надтай ирж уулзахаасаа өмнө Р.С гэх хүнтэй уулзаж мөнгөө өгсөн гэж ярьж байсан. Би тийм юм байхгүй, гэрээ хийхээр болбол зөвхөн надтай хийгээрэй гэж хэлсэн. ...Р.С нь Э.Энхрийцэцэг гэх хүнээс 10 сая төгрөг авсан байсан, энэ талаар сүүлд мэдсэн. Тэр мөнгийг манай байгууллагын болон хувийн данс руу шилжүүлээгүй, Р.С “Грийн Леобур” ХХК-д албан ёсны ажилтан биш, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ хүн бие даан ажиллах хүч гаргах эрх мэдэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 68 тал/,

Гэрч Э.Нарандэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Грийн Леобур гэх компани дээр очиж уулзсан, Р.С нь мөнгөө яаралтай шилжүүл, эхний ээлжинд явуулаад өгье, оройтлоо гэхэд мартаар явуулах юм байна гэхэд дүүгийн хамтаар очиж уулзсан. Дүү Энхрийцэцэг рүү утсаар яриад чи мөнгөө шилжүүлчих, бараг цагаан сарын дараа явчих юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь за одоо дансыг нь аваад мөнгийг нь шилжүүлчихье гэж хэлсэн. Тэр шилжүүлсэн гэх 10 сая төгрөг манай дүү Э.Энхрийцэцэгийн мөнгө байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/,

“ХААН” банкны Р.С харилцагчтай 5720991212 дугаартай дансаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Наранжаваас, Нарандэлгэрээс Японы гэрээт ажил визний мөнгө” гэсэн гүйлгээний утгаар нийт 10.000.000 төгрөгийн орлого орсон талаарх дансны хуулга /хх-ийн 75 тал/,

“ХААН” банкны Д.Солонго харилцагчтай 5058348738 дугаарын данснаас 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийн “soronzonboldoos” гэсэн утгатай зарлага хийгдэж 5007330117 дансанд шилжигдсэн талаарх дансны хуулга /хх-ийн 20 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Р.С нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Жамъяан Гүний гудамжинд байрлаж үйл ажиллагаа явуулах Алтайн Их Уулс ХХК-ийн Elegance ресторанд 2019.09.20-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны хооронд рестораны зохион байгуулагчаар ажиллаж байхдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус ресторанаар үйлчлүүлсэн хүмүүсийн төлсөн төлбөр тооцоо болон худалдан борлуулсан барааны үнэ зэрэгт тооцон авсан 2.083.710 /хоёр сая наян гурван мянга долоон зуун арав/ төгрөгийг компанидаа тушаахгүйгээр өөрийн эзэмшлийн банкны дансаар хувьдаа шилжүүлэн авч завшсан,

мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн байранд 2018 оны 01 дүгээр сараас хохирогч Энэбишийн Энхрийцэцэгээс түүний төрсөн ах Э.Нарандэлгэр, Э.Наранжав нарыг Япон улс руу дадлагажигч ажилтан илгээх албан ёсны зөвшөөрөл гэрчилгээтэй Грийн Лебоур ХХК-ийн шугамаар ажилд зуучлан Япон явуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүнээс зуучлалын мөнгө хэмээн шаардаж удаа дараа мөнгө шилжүүлэн авч нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Р.С-н дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах”, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Р.С нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Р.С-н хувьд амар хялбар аргаар мөнгө төгрөг, ашиг хонжоо олж хүмүүсийг хуурч мэхлэн хохироож амьдрах гэсэн явуургүй, шунахай, гэмт  зан байдал нь шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Р.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Э.Энхрийцэцэг, Б.Энхзаяа нар нь “хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” талаар хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох, нийт 3.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан торгуулийн ялыг багаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлжээ.

Шүүгдэгч Р.С-н хувьд энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин орлого, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл эдэлж байсан бөгөөд өмнө нь бусдын эд хөрөнгийг завших, залилах төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийлгүй, дахин дээрх төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Р.С-г хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-д 3300 /гурван мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1,  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Р.С-д оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг  10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Р.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

6. Шүүгдэгч Р.С нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Р.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР