Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/209

 

2021        3            25                                   2021/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2021/0218/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Л.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.А-д холбогдох эрүүгийн 1809039570356 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймаг Жаргалант сум, 9-р баг, Рашаант ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Ховд аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан Л.А /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Х.Наранбаатартай 8524 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хүүхдийн 100-ийн ХААН банкнаас шилжүүлэн авч үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 0.25 хувийн хүүтэй зээлээр харилцан тохиролцож хэлцэл хийж хуурч 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А: “мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Наранбаатарын өгсөн: "...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Үнэгүй.мн зар дээрээс тээврийн хэрэгсэл харж байгаад “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсэн зарын дагуу Л.А гэх хүнтэй хорооллын Өргөө кино театрын урд уулзсан. Л.А нь надад хэлэхдээ тээврийн хэрэгсэл нь ББСБ-ын барьцаанд байгаа, бага зэрэг мөнгөний үлдэгдлийг танаас урьдчилж мөнгө аваад ББСБ-аас чөлөөлж өгөөд танд шилжүүлээд өгье гэж надтай гэрээ хийж 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хүүхдийн 100-н ХААН банк дээр 4.900.000 төгрөгийг дансаар шилжүүлж 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад тээврийн хэрэгсэл болон мөнгийг минь өгөөгүй өдөр болгон өнөөдөр болгоно гэх нэрийдлээр худал хэлсээр өдийг хүрсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

Гэрч Г.Батсүхийн өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ нь 12.000.000 төгрөг байсан ба урьдчилгаа 20 хувь буюу 2.400.000 төгрөг урьдчилгаа өгч үлдэгдэл зээл 9.600.000 төгрөг төлөхөөр тохиролцож сард 407.600 төгрөг төлөхөөр 36 сарын зээл хийсэн. Л.А гэх залуу нь 6 сард 400.000 төгрөг, 7 сард 95.000 төгрөг, нэг удаагийн зээл төлөлт хийсэн ба 5 сарын зээл огт төлөгдөөгүй, 6 сарын зээл дутуу төлсөн байсан учраас зээлийн гэрээний дагуу автомашиныг хураан авч, 2018 оны 8 дугаар сарын 20-ны дотор өмнөх дутуу зээл төлөхгүй бол тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулах талаар танилцуулж, Л.Агаар гарын үсэг зуруулж авсан. Тухайн үед өөр хүнд зээлээр худалдсан ба тухайн хүн нь төлөх ёстой зээлээ төлж дуусаад өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

“ХААН” банкны 5029750319 дугаартай дансны хуулга /хх-ийн 27 тал/,

Хэлцэл хийсэн баримт, Тэнгэрлэг авто финанс ББСБ-ын зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /хх-ийн 28, 75-79 тал/,

Л.А-н яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 8 сарын орчим Үнэгүй.мн гэх зарын сайт дээр Акуа машин зарна урьдчилгаа авч, лизинг хийнэ гэж зар тавьсан. Үүнийг дагуу 10 орчим хүн холбогдсоноос Наранбаатар гэх хүнтэй тохиролцож гэрээг хийсэн. 2018 оны 8 сарын 16-ны өдөр Наранбаатараас 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5862072467 гэх данс руу аваад өөрийн машиныг Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан авсан байсан учир банк бусаасаа чөлөөлөх гэтэл Наранбаатар гэх хүн орлогогүй тул болоогүй. Тэгээд 3 хоног өөр банк бус санхүүгийн байгууллага хайгаад олоогүй бас миний машин найдваргүй зээлдэгч, зээлийн хугацаа хэтэрсэн гээд хураагдсан. Үүнээс хойш би Наранбаатар гэх хүнээс авсан мөнгөө үрсэн. 2018 оны 8 сарын 16-ны өдрөөс хойш 2 сар орчим холбоотой байж байгаад түүнээс хойш холбоо тасарсан. 2019 оны 3 сар орчим ирж уулзахад надаа мөнгөний боломжгүй байсан тул хувааж төлье гэхэд үгүй гэсэн. Үүнээс хойш холбоогүй байж байгаад 2021 оны 3 сарын 10-ны өдөр уулзсан. 2021 оны 3 сарын 10-ны өдөр уулзаад дансаар 2.000.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг сард 500.000 төгрөгийг төлөхөөр нотариатын гэрээг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нотариатад хийсэн. Энэ үйлдэл нь миний буруутай үйл ажиллагаа болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Л.А нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Х.Наранбаатартай 8524 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, хүүхдийн 100-ийн ХААН банкнаас шилжүүлэн авч үлдэгдэл 6.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай 0.25 хувийн хүүтэй зээлээр харилцан тохиролцож хэлцэл хийж хуурч 5.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Л.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Л.А нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Л.А-н хувьд амар хялбар аргаар бусдаас мөнгө төгрөг олж амьдрах, хувьдаа ашиг хонжоо олох гэсэн шууд санаатай шунахай зан байдал нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Х.Наранбаатар нь шүүгдэгч Л.А-тай “төлбөр барагдуулах тухай” хэлцлийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн /хх-ийн 81 тал/ байх бөгөөд хавтаст хэргийн 102 дугаар талд “гэрээний дагуу үлдсэн мөнгөө авна, ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Аг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Л.А-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Л.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР