| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0390/Э |
| Дугаар | 425 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 425
2021 03 30 2021/ШЦТ/425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0420 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б, 1973 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, шинжлэх ухаан техникийн их сургуульд багш ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 74 байр, 13 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10б байрны 70 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү 16 настай Б.Пүрэвбатыг үгэнд орсонгүй хэмээн хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, толгой, гар хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “…ухайн үед ээж нь байхгүй байсан. Миний хүүхдийн гар гэмтэлтэй, 2-3 удаа алгадахад зүүн гараараа хамгаалах явцад гар руу нь цохисон. Би чанга гаргаар хүмүүжиж ирсэн. Би хүмүүжүүлэх арга барилаа тохируулаагүй нь миний буруу. Тэр үед өөрийнхөө уурыг барьж чадаагүй. Тэвчээргүй босож ирсэн нь миний буруу. Амандаа үглээд байхаар нь би хүүхдээ загнасан. Даалгавар хийж байгаа нэрийдлээр гэр орныхоо ажилд оролцохгүй, компьютер оролдоод байхаар нь би энэ болгоныг чамд яах гэж авч өгсөн юм гээд компьютерыг нь ор руу нь шидсэн. Ээж нь байгаагүй гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбатын өгсөн: “...би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байсан. Тэгээд би хичээлээ хийх гээд өрөөний хаалгаа хаах гэхэд аав хаалгаа нээ гээд байсан бөгөөд би хоёр түүнээс болж маргалдсан юм. Удалгүй аав миний гар толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиод байсан ба тэр үед нь би өвөөгийнх рүү явах гээд хувцас цүнхээ бариад гарах гэтэл аав замаас авч булаагаад намайг орон дээр түлхэж унагааж байгаад компьютер аваад шидэх гэж байхад дундуур ээж орж ирээд болиулсан. Тухайн үед ээжтэй маргалдаж хэрэлдээд цагдаад дуудлага өг гээд орилоод байхаар нь цагдаад дуудлага өгөх гэхэд гар утас өгөхгүй байж байгаад аав өөрөө цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1867 дугаартай:
1.Б.Пүрэвбатын зүүн бугуйн үений зөөлөн эд, ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Бын өгсөн: "...Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10/б-70 тоотод гэр бүлийнхэнтэйгээ байж байсан. Тэгээд том хүү болох Б.Пүрэвбат ариун цэврийн өрөөнд ороод бие засчихаад цэвэрлээгүй байсан бөгөөд манай эхнэр болох Бадамхүү нь хүүд хандан энийгээ цэвэрлэ гэхэд за гэж хэлээд цэвэрлэлгүй өөрийн өрөөнд орсон. Тэр үед би хүүдээ хандаад ээж чинь юм хэлээд байхад яагаад тоохгүй байгаа юм гэхэд хүү ариун цэврийн өрөөгөө цэвэрлэчихээд амандаа бувтанаад байхаар нь би босч очоод нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэр үед миний өөдөөс олон юм яриад байхаар нь толгой хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиод цааш ажлын өрөөндөө ороод ажлаа хийж байхад манай хүү өрөөнөөсөө гадур хувцасаа өмсөөд гараад ирэхээр нь яах гэж байгаа талаар асуухад нагацынхаа гэрт очно гэхээр нь хэн чамайг яв гэсэн юм вэ? гэхэд ээж яв гэсэн гэхээр нь хувцас цүнхийг нь тайлж аваад эхнэр лүү гээ шидээд энэ юу болж байгаа юм гээд бид хоёр маргалдаж байгаад ажлынхаа ширээн дээр очоод суусан. Тэр үед эхнэр над дээр ирээд хэрүүл хийгээд байхаар нь эхнэр лүү харандааны хайрцаг аваад толгой дээгүүр нь шидсэн. Тэгээд бид хоёр маргалдаж байхад том хүү өрөөнөөсөө гарч ирээд ус ууна гэчихээд хэрүүл сонсоод байгаад байхаар нь би дээшээ гар гэхэд усаа хийж байна гээд зөрүүдлээд байхаар нь аяганд халуун бүлээн ус хийж байгаад хүүгийнхээ цээж хэсэгт цацсан.” гэх мэдүүлэг /хх-н 17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, хохирогчийн хүсэлт /хх-н 45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10б байрны 70 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү 16 настай Б.Пүрэвбатыг үгэнд орсонгүй хэмээн хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, толгой, гар хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Яллагдагч Ц.Б нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 10б байрны 70 тоотод байх гэртээ өөрийн төрсөн хүү 16 настай Б.Пүрэвбатыг үгэнд орсонгүй хэмээн хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, толгой, гар хэсэгт цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Б.Пүрэвбатын хохирогчоор өгсөн: “...би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байсан. Тэгээд би хичээлээ хийх гээд өрөөний хаалгаа хаах гэхэд аав хаалгаа нээ гээд байсан бөгөөд би хоёр түүнээс болж маргалдсан юм. Удалгүй аав миний гар толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиод байсан ба тэр үед нь би өвөөгийнх рүү явах гээд хувцас цүнхээ бариад гарах гэтэл аав замаас авч булаагаад намайг орон дээр түлхэж унагааж байгаад компьютер аваад шидэх гэж байхад дундуур ээж орж ирээд болиулсан..” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Пүрэвбатын зүүн бугуйн үений зөөлөн эд, ясны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ /хх-н 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Бын өгсөн: "... Тэр үед би хүүдээ хандаад ээж чинь юм хэлээд байхад яагаад тоохгүй байгаа юм гэхэд хүү ариун цэврийн өрөөгөө цэвэрлэчихээд амандаа бувтанаад байхаар нь би босч очоод нүүрэн хэсэгт нь нэг удаа алгадсан. Тэр үед миний өөдөөс олон юм яриад байхаар нь толгой хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиод цааш ажлын өрөөндөө ороод ажлаа хийж байхад манай хүү өрөөнөөсөө гадур хувцасаа өмсөөд гараад ирэхээр нь яах гэж байгаа талаар асуухад нагацынхаа гэрт очно гэхээр нь хэн чамайг яв гэсэн юм вэ? гэхэд ээж яв гэсэн гэхээр нь хувцас цүнхийг нь тайлж аваад эхнэр лүү гээ шидээд энэ юу болж байгаа юм гээд бид хоёр маргалдаж байгаад ажлынхаа ширээн дээр очоод суусан.” гэх мэдүүлэг /хх-н 17/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Яллагдагч Ц.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүү Б.Пүрэвбатын толгой, гар хэсэгт цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Бын үйлдсэн гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбат түүний хүү буюу гэр бүлийн гишүүн байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг арилгасан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээд Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбат нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Ц.Быг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. / хх-45/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН