Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 426

 

2021         03         30                                   2021/ШЦТ/426

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч Л.Галав,

           шүүгдэгч С.Н /өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ёндон овогт Сандагжавын Нүрзэдэд холбогдох эрүүгийн 2106 00479 0448 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.    

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, С.Н, 1960 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, эмнэлэгийн 1 дүгээр гудамж, 26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Н нь орчиндоо аюул учруулж болох Ази үйлдвэрийн саарал зүсмийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нуурын 2-34 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаднаас орж ирсэн иргэн М.Бат-Амгалангийн зүүн шуу, зүүн шилбэнээс нь хазаж эрүүл мэндэд зүүн шууны хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн шууны шарх, сорви, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 03-05/, 

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Бат-Амгалан мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 04-нд Хонхор нуурын 13-1 тоотод буюу гэртээ байж байгаа хойд талынхаа айл руу юм асуух гэж хашаа руу нь очсон бөгөөд тэр айлын эхнэр нөхөр хоёр хашаа нь дотроо юм хийгээд байж байсан. Тэр үед нохойг нь уяатай байна гэж бодоод би байшин луу нь орох гээд явж байтал нохой нь байшингийнхаа араас гарч ирээд өөдөөс үсэрч дайраад зүүн гарын бугуйнаас хазан газар унагаасан газарт унасны дараа цаанаас эхнэр нөхөр хоёр ирээд нөхөр нь нохойгоо салгаж аваад эхнэр нь намайг гэр лүүгээ дагуулаад орсон. Гэрт ороход гараас их цус гарсан байдалтай байсан. Цусыг тогтоох гэж даавуугаар зүүн гарыг боон дараа нь налайх дүүргийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Налайх дүүргийн эмнэлэгээс гэртээ ирээд орой 23 цагийн алдад гэмтэл согогийн эмнэлэгт тухайн нохойны эзэн болох эхнэр нөхөр хоёроор хүргүүлж ирсэн бөгөөд эмчид үзүүлэн тус эмнэлэгт 14 хоногийн хугацаатай хэвтсэн.” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: “Би өөрийн нөхөр С.Нийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нуурын 2-34 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед өөрийн нөхрийн хамт гадаа хашаандаа амбаар дотроо үххийн нэмнээ хийхээр юм эрж хайгаад байж байсан. Тэр үед гаднаас хөрш айлын эмэгтэй М.Бат-Амгалан орж ирэхэд манай нөхөр С.Н харчихаад Бат-Амгалан орж ирж байна гэж хэлээд нээрээ нохой сул байгаа би яваад ирье гээд явах зуур манай саарал зүсмийн дундад ази үйлдвэрийн нохой сул тавьсан байсан учир Бат-Амгалан руу дайрч зүүн шуунаас хазсан. Манай нөхөр хөл муутай учир гүйж очсоор байх хооронд нохой түүнийг хазсан байсан. Нөхөр бид хоёр Бат-Амгаланг гэртээ оруулахад зүүн шуунаас цус гарч байхаар нь нүүр гарын алчуураар боогоод шууд Налайх дүүргийн эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэгт очоод гарыг нь цэвэрлээд боолгоод гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1071 дугаартай:

1.М.Бат-Амгалангийн биед зүүн шууны хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн шууны шарх, сорви, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна.

4.5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч С.Н мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор нуурын 2-34 тоотод оршин суудаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед эхнэр Эрдэнэцэцэгийн хамт гэрээсээ гарч хашаанд байх амбаараас үхрийн  нэмнээ хийх материал хайгаад байж байсан юм. Тэр үед танил М.Бат-Амгалан гэх эмэгтэй хашааны гүйдэг хаалгыг онгойлгож гаднаас орж ирээд 2 метр орчим алхаад ирж байх үед манай цайвар зүсмийн дундад ази үйлдвэрийн нохой маань сул байсан учир түүн рүү дайрч зүүн гарын бугалга хэсгээс хазсан. Би хурдан гүйж очоод нохойгоо салгаж татаж аваад байшингийн хойно аваачиж уячаад эргээд ирэхэд эхнэр Эрдэнэцэцэг Бат-Амгаланг Налайх дүүрэг рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Би уг нь нохойгоо Бат-Амгалан руу дайрч байхад нь хорих гээд очсон боловч амжаагүй юм. Эхнэр бид хоёр Налайх дүүргийн эмнэлэг дээр Бат-Амгаланг аваачиж гарт нь боолт хийлгэж тариа тариулчихаад 16 цагийн орчим гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 15-16, 39-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, хохирлын баримт /хх-н 46-50/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Нийг орчиндоо аюул учруулж болох Ази үйлдвэрийн саарал зүсмийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нуурын 2-34 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаднаас орж ирсэн иргэн М.Бат-Амгалангийн зүүн шуу, зүүн шилбэнээс нь хазаж эрүүл мэндэд зүүн шууны хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн шууны шарх, сорви, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.Нийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Нэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Н нь орчиндоо аюул учруулж болох Ази үйлдвэрийн саарал зүсмийн нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор нуурын 2-34 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаднаас орж ирсэн иргэн М.Бат-Амгалангийн зүүн шуу, зүүн шилбэнээс нь хазаж эрүүл мэндэд зүүн шууны хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн шууны шарх, сорви, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч М.Бат-Амгалангийн өгсөн: “...Тэр үед нохойг нь уяатай байна гэж бодоод би байшин луу нь орох гээд явж байтал нохой нь байшингийнхаа араас гарч ирээд өөдөө үсэрч дайраад зүүн гарын бугуйнаас хазан газар унагаасан газарт унасны дараа цаанаас эхнэр нөхөр хоёр ирээд нөхөр нь нохойгоо салгаж аваад эхнэр нь намайг гэр лүүгээ дагуулаад орсон. Гэрт ороход гараас их цус гарсан байдалтай байсан. Цусыг тогтоох гэж даавуугаар зүүн гарыг боон дараа нь налайх дүүргийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-13/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Эрдэнэцэцэгийн өгсөн ...Тэр үед гаднаас хөрш айлын эмэгтэй М.Бат-Амгалан орж ирэхэд манай нөхөр С.Н харчихаад Бат-Амгалан орж ирж байна гэж хэлээд нээрээ нохой сул байгаа би яваад ирье гээд явах зуур манай саарал зүсмийн дундад ази үйлдвэрийн нохой сул тавьсан байсан учир Бат-Амгалан руу дайрч зүүн шуунаас нь хазсан. Манай нөхөр хөл муутай учир гүйж очсоор байх хооронд нохой түүнийг хазсан байсан. Нөхөр бид хоёр Бат-Амгаланг гэртээ оруулахад зүүн шуунаас цус гарч байхаар нь нүүр гарын алчуураар боогоод шууд Налайх дүүргийн эмнэлэг рүү явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1071 дугаартай шинжээчийн дүгнэлтээр М.Бат-Амгалангийн биед зүүн шууны хөндлөн сэлтэрхийт хугарал, зүүн шууны шарх, сорви, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэж тогтоогджээ /хх-н 24-25/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч С.Нийн өгсөн...Тэр үед танил М.Бат-Амгалан гэх эмэгтэй хашааны гүйдэг хаалгыг онгойлгож гаднаас орж ирээд 2 метр орчим алхаад ирж байх үед манай цайвар зүсмийн дундад ази үйлдвэрийн нохой маань сул байсан учир түүн рүү дайрч зүүн гарын бугалга хэсгээс хазсан. Би хурдан гүйж очоод нохойгоо салгаж татаж аваад байшингийн хойно аваачиж уячихаад эргээд ирэхэд эхнэр Эрдэнэцэцэг Бат-Амгаланг Налайх дүүрэг рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд С.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг  тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчид эмч илгээний зардлын нөхөн төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Нийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч С.Нэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

    Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. С.Н-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг  тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН