Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 02

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: , У овогт Э.Б нэхэмжлэлтэй

                Хариуцагч: Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдох,

               Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ад овогт С.Д,

              Бие даасан шаардлагад холбогдох хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдох,

            Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018.12.05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилохыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гуравдагч этгээдийн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь  салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох  тухай бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Д, үндсэн нэхэмжлэлд холбогдох хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сарангэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээд С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байрны сул орон тоонд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж миний бие 2 дугаар байранд орсон. 1-р байранд орсон Н.Г нь ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй болох нь 3 шатны шүүлтээр тогтоогдсон. Иймд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу онооны дарааллаар миний биеийг нэр дэвшүүлэх ёстой байсан. Гэвч Төрийн албаны салбар зөвлөл нэр дэвшүүлсэн тогтоол гаргаагүй учир миний бие Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          Төрийн албаны салбар зөвлөл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 тоот захирамж гарч миний нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдсан. Төрийн албаны салбар зөвлөл 46 тоот захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хандсанаар холбогдох газруудаас зохих хариуг ирүүлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл 35 тоот тогтоол гаргаж миний биеийг Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Мөн өдрийн хуралдааны 34 тоот тогтоолоор Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Б-г Түргэн сумын засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эргүүлэн томилуулахаар нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан С.Д-ыг тус сумын ЗДТГ-н даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34-р тогтоолын 2-р заалтыг хүчингүйд тооцсон. Төрийн албаны салбар зөвлөлийн 35-р тогтоолыг хэрэгжүүлж хариу ирүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36 тоот албан бичгийг сумын Засаг дарга Л.Буянжаргалд хүргүүлсэн. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичгийг Увс аймаг дахь ШШГГ-аас 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1/53, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/807, 2018 оны 12 дугаар сарын 10/1151, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1178 тоот албан бичгүүдээр удаа дараа сумын засаг даргад хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна. Э.Б миний бие 32 жил төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны хуулинд заасан шатлан дэвших /мерит/ зарчмын дагуу сумын Засаг даргаар 3 удаа, сумын ИТХ-ын даргаар 1 удаа сонгогдон ажилласан. Би өөрийгөө сумын ЗДТГ-ыг удирдан явах чадвар, туршлага, мэдлэгтэй гэж үзэж байна. Би хуулинд заасан бүх шаардлага, нөхцөлийг хангасан гэтэл намайг зохих албан тушаалд томилохгүй байгаа нь сумын Засаг даргын хувь хүний эрх ямба, үзэл бодолд төрийн хууль сөхөрч байгаагийн нэг жишээ болж байна. Иймд миний гаргасан Увс аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга өндөр настны тэтгэвэрт гарч ажлын байрны сул орон тоо гарсан. Тухайн үед би Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаар ажиллаж байсан тул Увс аймгийн Засаг даргатай уулзаж, төрийн захиргааны тодорхой салбарт орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн. Одоо ажиллаж байгаа боловч төрийн албаны шалгалтад орж болох уу? гэж асуухад “Та өөрөө тийм бодолтой байгаа бол төрийн албаны шалгалтад орж болно” гэж хэлсний дагуу 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрийн албаны шалгалтад орж миний бие 2 дугаар байранд жагссан. Нийт 6 хүн шалгалтад орсноос бүгд тэнцэж, 1 дүгээр байранд Н.Г гэж залуу орсон. Н.Г-н материалыг харахад төрийн албанд ажилласан жил нь хүрэхгүй байсан тул тухайн ажлын байрны шаардлага хангаагүй хүн төрийн албан шалгалтад орсон гэж үзсэн.

             Н.Г нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явсан боловч Г-ийн буруу гэдэг нь тогтоогдсон. Миний бие Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд хандаж “Төрийн албаны шалгалтын онооны дарааллаар 2 дугаар байранд орсон намайг тухайн албан тушаалд томилж өгнө үү” гэсэн хүсэлтээ тавихад Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Тамгын газрын дарга нар “Та Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшсэн тогтоолоо аваад ирээрэй. Одоогийн байдлаар орон нутгийн сонгууль болох гэж байгаа тул сонгуулийн дараа таныг томилно” гэсэн хариуг өгсөн. Би тухайн үед сонгуульд нэр дэвшихгүйгээр өөрийн ажлаа Буянжаргал гэх залууд хүлээлгэн өгсөн. Дараа нь ажилд томилогдох асуудлаар Увс аймгийн ЗДТГ-ын даргатай удаа дараа уулзсан боловч Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлаар ажиллах санал тавихад нь би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл таныг заавал Тамгын газрын дарга болох алба байхгүй гэсэн хариуг өгсөн.

           Тэр хооронд Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол гаргахгүй 1 жил болсон. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Засаг дарга дуудаж Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж гардуулсан. Тухайн үед Түргэн сумын дунд  сургуулийн захирал С.Б нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж шүүхэд хандсан байсан гэж хэлэхэд “тэр асуудлыг бид хариуцна” гэсэн хариуг өгсөн. Миний бие цалингийн зээлтэй байсан учир амьдралын эрхээр сургуулийн захирлын түр албан тушаалд томилогдож ажилласан. Энэ хугацаанд Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалтад ор гэсэн үүрэг даалгавар өгснөөр би шалгалтад орсон. Тэр үед өмнөх сургуулийн захирал С.Б Захиргааны хэргийн  3 шатны шүүхийн шийдвэрээр буцаад сургуулийн захирлын ажил албан тушаалдаа томилогдохоор болсон тухайгаа надад утсаар мэдэгдсэн. Ингээд би Увс аймгийн Засаг даргад хандаж өмнөх сургуулийн захирал С.Б ажилдаа эргэн орохоор болсон шүүхийн шийдвэр гарсан байна гэхэд “Та тэгвэл Төрийн албаны салбар зөвлөлийн асуудлаараа шүүхэд ханд”  гэж хэлсэн. Би анх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 4 үндсэн шаардлага тавьж хандахад хариуцагч уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

             Уг захирамж гарсны дараа би Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Б-д хандаж “Шүүгчийн захирамж гарсан байгаа. Та бүхэн намайг томилж болохгүй байгаа бол миний доор жагссан дараагийн хүнийг томилох хэрэгтэй гэдгээ хэлсэн. Бид Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн хурлаар шийдвэр гаргана. Одоогийн байдлаар ирц бүрдэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаал дээр дахин сонгон шалгаруулалт зарласан байсан тул би 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж хууль бусаар сонгон шалгаруулалт зарласан байна гэсэн агууллагатай өргөдөл гаргасан.

                 Миний орсон төрийн албаны шалгалтыг хүчингүй болгож байж дараагийн сонгон шалгаруулалтаа зарласан уу? Хүчингүй болгосон тогтоол шийдвэр байна уу? гэж Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Лх-ээс асуухад Төрийн албаны салбар зөвлөл хуралдаж хүчингүй болгосон тогтоол шийдвэр байхгүй гэж хэлсэн. Шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  байхад энэ асуудлыг зохицуулаагүй байж дахин төрийн албаны шалгалт зарласан байгаа нь үндэслэлгүй байна гэдгээ хэлсэн. Улмаар би Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт миний өргөдлийг шилжүүлсэн байсан. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Э.Б-н шийдвэр гүйцэтгэлийн хэргийг дахин сэргээж, Түргэн сумын Засаг даргад ажил албан тушаалд нь томилохыг мэдэгдсэн боловч Түргэн сумын Засаг дарга Л.  намайг зөвхөн Увс аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол аваад ирвэл би таныг томилж өгнө гэсэн хариуг өгсөн. С.Д даргыг нэр дэвшүүлсэн байсан тогтоолыг хүчингүй болгож намайг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүргүүлж очиход Л.Б дарга намайг томилоогүй. Тамгын газрын дарга С.Д гомдол гаргасан байгаа гэж хэлсэн. Ингээд шударга бус сонгон шалгаруулалтын улмаас хохирч байна.

          Би 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссд өргөдөл гаргасан. 2018 оны 10 дугаар сард Хүний эрхийн үндэсний комиссоос Э.Б-ийн эрх ашиг нь ийм үндэслэлүүдээр хөндөгдсөн байна гэсэн албан шаардлагыг Увс аймгийн Засаг даргад хариу хүргүүлсэн. Энэ асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцүүлээд хариу хүргүүлэхийг шаардсан боловч Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын ирц бүрдэхгүй байна гэх үндэслэлээр 2 сар хуралдаагүй байж байгаад 2018 оны 12 дугаар сард Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар миний нэрийг олонхийн саналаар дэмжиж, С.Д даргын нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон. Би олон жил С.Д даргатай хамтарч ажиллаж ирсэн тул бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Би 35 жил төрд ажилласнаас 22 жил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд, 12 жил аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр ажиллаж байсан. Насаараа төрийн төлөө зүтгэсэн боловч одоогийн байдлаар цалингийн зээлээс өөр зүйл байхгүй. Өөрийн хичээл зүтгэлээр төрийн ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга өндөр настны тэтгэвэрт гарсны дараа 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явагдсан. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 38 дугаар тогтоолоор 1-р байранд Н.Г, 2-р байранд Э.Б, 3-р байранд А, 4-р байранд С.Д гэсэн хүмүүсийг нөөцөд бүртгэсэн. 2016 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 39 тоот тогтоолоор Н.Г-ийг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн. Нэхэмжлэгч Э.Б нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Б нь Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргад Ганхөлөгийг нэр дэвшүүлсэн нь хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул ийм захирамж гарсан. Уг захирамж гараад 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр мөн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд Төрийн албаны салбар зөвлөлд Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.Б-г Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар албан бичгүүдийг явуулж байсан.

           2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Увс аймгийн Засаг даргын Б/31 тоот захирамжаар Э.Б-г Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Удалгүй Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн дарга С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захиралаар ажиллаж байсан С.Б-н асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа тул Э.Б-г Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилох асуудлыг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн гэсэн утгатай тоотыг явуулсан байсан. Э.Б-г сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсны дараа 3 сар өнгөрөөд Увс аймгийн ЗДТГ-аас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дахин Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалт зарласан. Э.Б нь уг сонгон шалгаруулалтад ороогүй. Яагаад ороогүй талаараа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан өргөдөлдөө тодорхой дурдсан байгаа.

           Энэ хугацаанд миний үйлчлүүлэгч Э.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд 2/22 тоот Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага гарсан. Уг шаардлагад: “Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж иргэн Э.Б-г хөдөлмөрлөх эрхээр хангах, цаашид энэ төрлийн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх” гэсэн албан шаардлагыг Увс аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Энэ хугацаанд Э.Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаал биш боловч Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлаар томилогдож шүүгчийн захирамжаар ажилд оруулах шаардлага нь биелэгдсэн байна гэж үзээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 25 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байна гэж үзээд сэргээсэн. Төрийн албаны зөвлөлийн  Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 34 тоот “тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг гаргасан. Уг тогтоолд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 тоот захирамжаар Э.Б –г Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан С.Д-ыг тус сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгосон.

            Төрийн албаны салбар зөвлөлийн 35 дугаар тогтоолоор Э.Б -г Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол гарч Түргэн сумын Засаг дарга Л.Б-д хүргүүлсэн. Тогтоол гарснаас хойш 26 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1/154 тоот албан бичгээр Засаг дарга С.Б “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй” гэсэн албан бичгийг Увс аймаг дахь ШШГГ-т хүргүүлсэн байсан.

            Одоо хүртэл Засаг дарга С.Б Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл цаг хугацаа алдаж буруу шийдвэр гаргасан боловч өөрийн эрх мэдлийн хүрээнд 2017 онд С.Д даргыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-г Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлээд байхад биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм. Шүүхийн тухайн хуульд зааснаар Монгол Улсын шүүхийн шийдвэрийг бүгд биелүүлэх ёстой байтал биелүүлэх боломжгүй гэх хариу өгч байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Д-ыг нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан. Тухайн үед С.Д нь Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан тул Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн шийдвэр хууль бус байсныг мэдсэн даруйдаа Төрийн албаны зөвлөл болон шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэл гаргах хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр дуусах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

          Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Л. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь нэхэмжлэгч Э. Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Учир нь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоолыг биелүүлж Э.Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилох хуульзүйн үндэслэлгүй юм. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 33 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн зайн хангаж байгаа иргэнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхээр заасан байдаг. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн Э.Б нь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Түргэн сумын ЗДТГ-ын даргын сул орон тоон дээр зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор "Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалт"-д бүртгэгдсэн боловч уг тогтоол нь "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 39 дүгээр зүйлд заасны дагуу 2 жилийн хугацаанд хүчин төлдөр байх бөгөөд хүчин төгөлдөр байх хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дууссанаар Э.Б нь Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтанд бүртгэлгүй болсон. Ийнхүү удирдах ажилтны нөөцийн жагсаалтанд бүртгэлгүй иргэнийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн 35 дугаар тогтоол нь "Төрийн жинхэнэ албаны удирдах г_сан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 33 дүгээр зүйлийг зөрчсөн хууль бус тогтоол байх тул биелүүлэх боломжгүй буюу нэр дэвшүүлсэн Э.Б-г ЗДТГ-ын даргаар томилохоос татгалзсан тухай Засаг даргын 1/143 дугаар хариу албан бичгийг "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 37 дугаар зүйлд зааснаар ажпын 7 өдрийн дотор буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн.

           Түүнчлэн Э.Б-ийн хувьд Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад байх шийдвэрийн хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалдсан гэж маргадаг боловч уг журамд заасан хугацаа нь хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалдах хугацаанд хамаарахгүй мөн сэргээн тогтоох боломжгүй хатуу тогтоосон хугацаа юм.

             Түүнээс гадна Э.Б нь өөрийгөө нөөцийн жагсаалтад бүртгэсэн Төрийн албаны салбар зөвлөлийн 38 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус болох хүртэлх 2 жилийн хугацаанд буюу Э.Б-г нэр дэвшүүлэхийг даалгасан шүүгчийн 46 дугаар захирамж гарсан байхад уг шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 1 жил 11 сарын хугацаанд өөрийн эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаалаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

  1. 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дараагийн хүнийг Түргэн сумын ЗДТГ-н даргаар томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны салбар зөвлөлд даалгах нэхэмжпэлийг Увс аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гаргаж 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлүүлсэн байдаг. Уг захирамжийн биөлэлтийг хангуулах арга хэмжээ авч Засаг дарга надад Төрийн албаны салбар зөвлөлөөс Э.Б-г ЗДТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл огт ирүүлээгүй.
  2. Э.Б нь 46 дугаар захирамжийг биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгүүлсэн боловч 46 дугаар захирамжийн хариуцагч болох Төрийн албаны зөвлөлөөс өөрийг нь нэр дэвшүүлсэн тогтоол ирүүлээгүй байхад өөрийн сонголтоор аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Түргэн сумын Дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Түргэн сумын Дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэн онооны дарааллаар 1-ээр жагсаж аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дүгээр захирамжаар жинхлэн томилогдон ажилласан байдаг.
  3. Түргэн сумын ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дахин зохион байгуулсан. Хэрэв Э.Б нь үнэхээр ЗДТГ-ын даргаар ажиллах хүсэл сонирхолтой байгаад өөрийгөө ЗДТГ-ын даргаар томилуулахахаар нэр дэвшигдэх эрхээ хэрэгжүүлэхийг хүссэн бол тухайн үед дахин зарлагдсан Түргэн сумын ЗДТГ-ын даргын сонгон шалтгалтанд оролцох эсвэл "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдон ажиллах ажилтныг сонгон ажиллуулах журам"-ын 40 дүгээр зүйлд заасан шууд нэр дэвших эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ч хэрэгжүүлээгүй.
  4. Э.Б нь 46 дугаар захирамжийг биелүүлүүлэхээр "Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" эхлүүлсэн боловч уг ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн тогтоолоор дуусгаж Шийдвэр гүйцэтгэлийн хэргийг хаасан байхад өдийг хүртэл буюу 2018 оны 12 сар хүртэл эрхээ хамгаалуулахаар холбогдох газарт нь хандаагүй байгаа бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дунд сургуулийн захиралын албан тушаалаас чөлөөлөгдснийхөө дараа сая л дөнгөж хэрэгжүүлж эхэлж байгаа юм.

            Дээр бичсэнчлэн Э.Б-г ЗДТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол нь хэрэгжүүлэх боломжгүй хууль зүйн үндэслэлгүй хууль бус тогтоол байхаас гадна Э. Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэстэй юм.

          Учир нь Э.Б нь өөрөө Түргэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа томилох эрх бүхий этгээд гэдгээ ашиглан Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай давхцуулан уг албан тушаалд ажиллах хувийн ашиг сонирхлоор энэхүү ЗДТГ-ын даргын Ажпын байрны тодорхойлолтыг боловсруулж албан тушаалын захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж уг шалгалтанд орсон байдаг. Шалгалтын дүн гарч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоол гаргаж томилох эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга Э.Б-д хүргүүлсэн боловч Засаг дарга Э.Б нь Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн Н.Г-г Тамгын даргын албан тушаалд томилохгүй байсан учир Н. Г Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засаг дарга Э.Б-г хариуцагчаар татаж түүний ажилд томилохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах нэхэмжпэлийг гаргасан. Н. Г-н нэхэмжпэлтэй Э.Б-д холбогдох Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд буюу Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараа Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэр гаргуулсан хэдий ч, уг шийдвэрээ хангуулахгүйгээр өөрийн сонголтоор Дунд сургуулийн захиралын албан тушаалд томилогдон 1.5 жил ажиллаж чөлөөлөгдсөнийхөө дараа буюу ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдох хууль зүйн боломжоо алдаж, хугацаа хэтрүүлснийхээ хойно, одоо би Тамгын газрын даргаар томилогдоно, 2016 оны шүүгчийн 46 дугаар захирамжийг биелүүлэх шаардлагатай гэж нэхэмжпэл гаргаж байгаа нь Төрийн албан тушаалыг өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн, заавал өөрөө Тамгын даргаар томилогдох ёстой мэтээр аашилсан ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гэж үзэж байна.

         Мөн Э.Б-н нэхэмжпэлд дурьдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгүүдийн тухайд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 46 дугаар зхирамжийн хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл байж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч буюу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байгаад үүргээ биелүүлж Э.Б-г ЗДТГ-ын даргаар томилуухаар нэр дэвшүүлсэн тогтоол ирүүлээгүй байхад хэргийн оролцогч биш Засаг дарга миний биеийг уг захирамжийг биелүүлэх үүрэгтэй мэтээр Шүүгчийн захирамжийг биелүүлэх агуулгатай бичгийг хувийн нөлөөллөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа дараа ирүүлсэн. Энэ тухайгаа гаргасан нэхэмжпэлдээ Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах тухай албан бичгийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/53, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/807, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10/1151, 2018  оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/1178 тоот албан бичгүүд явуулсан гэж дурдсан байна. Гэвч бодит байдал дээрээ Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоол 2018 оны 12 дугаар сарын 05-ны 35 дугаар тогтоолоос өмнө ирээгүй бөгөөд энэ тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй талаарх хариуг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн тухайгаа дээр дурьдсан.

           Ийнхүү Э.Б-ийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоол нь нөөцөд авсан тогтоолын хугацаа нь дуусч нөөцөөс хасагдсан хүнийг буюу нэр дэвшүүлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй хүнийг нэр дэвшүүлсэн хууль зүйн үндэслэлгүй тогтоол байх тул биелүүлэх боломжгүй учир уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Э.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү “гэжээ.

Хариуцагч Түргэн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Б нь “Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-г Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэр дэвшүүлсэн тогтоолыг биелүүлэх боломжгүй байгааг хууль зүйн үндэслэлтэй тайлбарласан. Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалгын дагуу томилох эрх бүхий этгээд нь тухайн үеийн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаар ажиллаж байсан Э.Б байсан.

Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1/71 дугаартай албан бичгээр Э.Б хүргүүлсэн. Улмаар тухайн сонгон шалгаруулалт явагдаад Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тогтоол гарсан. Уг тогтоолын 1 дэх заалтаар нэр бүхий 6 иргэнийг удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн. 2 дахь заалтаар Г-г нэр дэвшүүлсэн. 3 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу эрх бүхий этгээдээс дүгнэлт гаргуулж, тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга Э.Б-д даалгасан.

Э.Б нь Увс аймгийн Түргэн сумын Засаг даргаар ажиллаж байх явцад Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байрны сул орон тоо гарсан учир тус орон тоонд захиалга өгсөн хүн нь өөрөө сонгон шалгаруулалтад орсон учир ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Э.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд

1. Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад Г-г бүртгэж оролцуулсан бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох,

2. Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын Ганхүлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

3. Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын албан тушаалд нэр дэвшүүлж, нөөцөд бүртгүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн Г-г нэр дэвшүүлсэн 38 дугаар тогтоолын Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

4. Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны салбар зөвлөлд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гарсан байсан.

Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэр дэвшигчдээс Г-г хасаад 5 нэр дэвшигч байгаа ба энэ 5 нэр дэвшигчээс тухайн ажлын байранд хэн нь хамгийн илүү тэнцэж байгааг харгалзан үзэж хэнийг нэр дэвшүүлэх нь Төрийн албаны салбар зөвлөлийн эрх мэдлийн асуудал гэж үзэж байгаа. Э.Б-ийн шүүхэд гаргасан үндсэн 4 нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул намайг нэр дэвшүүлэх ёстой гэдэг байдлаар шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс Э.Б-г нэр дэвшүүлэхийг даалгах шийдвэр гаргаагүй.

 Монгол Улсын Их хурлаас баталсан Төрийн жинхэнэ албан тушаалтны удирдах албан тушаалтныг томилох журам гэж байгаа. Уг журмын 33.б дэх хэсэгт “Энэ журмын 9 Б, Г, 10-т заасан албан тушаалд 2-оос доошгүй иргэнийг нэр дэвшүүлнэ” гэж заасан байгаа тул Э.Б-г нэр дэвшүүлэх ёстой байсан мэтээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэж үзэх боломжгүй. Э.Б-г нэр дэвшүүлсэн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжгүй байгаа үндэслэлийг Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын зүгээс тайлбарласан. Уг тогтоолд Төрийн жинхэнэ албан тушаалтны удирдах албан тушаалт томилох журмын 39 дүгээр заалтыг баримталсан байсан. Э.Б-г 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэсэн. Гэтэл Э.Б-г нэр дэвшүүлсэн тогтоол нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэх нөхцөл байдал харагдаж байгаа тул нөөцөд бүртгэлтэй байх хугацаа дууссан иргэнийг нөөцөд бүртгэлгүй иргэнтэй адилтгаж үзэх боломжтой. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нэр дэвшүүлсэн тогтоолд Төрийн жинхэнэ албан тушаалтны удирдах албан тушаалд томилох журмын 39 дүгээр заалтыг удирдлага болгож нэр дэвшүүлсэн байсан. Уг заалтад: “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцөд оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан тул 2 жилийн хугацаа өнгөрсөн иргэнийг нэр дэвшүүлсэн үйлдэл нь хууль бус учир Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын зүгээс Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжгүй байгаа.

Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байрны сонгон шалгаруулалт 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан. Энэ сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд С.Д нь орж тэнцсэн тул Төрийн албаны салбар зөвлөлөөс журамд заасны дагуу нэр дэвшүүлсэн. Бие даасан шаардлагатай гуравдагч этгээд С.Д нь одоо Увс аймгийн Түргэн сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байна. Энэ сонгон шалгаруулалт нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул хууль бус сонгон шалгаруулалт явагдаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа “гуравдагч этгээд С.Д 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан талаар дурдсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэсэн хуулийн зохицуулалттай. Гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлага нь “Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэж бие даасан шаардлага гаргасан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар С.Д-ын бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй байгаа.

Нэхэмжлэгч Э.Б нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төрийн үйлчилгээний албан тушаалтны нөөцөд бүртгэгдсэн төрийн албан хаагч байсан тул Увс аймгийн Түргэн сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд 80.23 хувийн оноогоор тэнцсэнээр нэр дэвшигдэж, тухайн ажил албан тушаалд томилогдсон. Увс аймгийн ЗДТГ-ын сонгон шалгаруулалт дахин явагдсан асуудлаар Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гомдол гаргасан гэх зүйлийг нэхэмжлэгч тал тайлбартаа дурдсан. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтын үед Э.Б нь нөөцөд бүртгэлтэй байсан тул нөөцөөс нэр дэвших боломж байсан боловч нэр дэвшиж сонгон шалгаруулалтад ороогүй. Мөн тухайн сонгон шалгаруулалт хууль бус байна гэж эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч эрхээ эдлээгүй тул Э.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэв.

Бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээд С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие нь Төр, захиргааны байгууллагад 1984 оноос хойш тасралтгүй 35 жил ажиллаж байгаа бөгөөд тус суманд 1992 оноос эхлэн Б ХК-ийн захирал, Зоо Мал эмнэлэгийн тасагт мэргэжилтэн, эрхлэгч, Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн, ЗДТГ-ын дарга зэрэг ажлыг хийж байна.

Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 22- ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Түргэн сумын ЗДТГ-ын даргын ажлын байрны сонгон шалгаруулатад орж тэнцэн хамгийн өндөр оноог авч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтанд бүртгэгдэн, Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшүүлсний дагуу Түргэн сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр дүгээр 20-ны өдрийн Б/24 дугаар захирамжаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 34 дүгээр тогтоол гаргаж өөрийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 2 дугаар заалт буюу намайг ЗДТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн заалтыг хүчингүй болгосон.

Төрийн албаны салбар зөвлөл нь холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулагдсан Түргэн сумын ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтын хүрээнд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолын 2 дахь заалтыг “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилуулахаар нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан" гэх үндэслэлээр хүчингүй болсонд тооцсон байдаг.

Төрийн албаны салбар зөвлөлийн энэхүү үндэслэл нь хууль бус юм. Учир нь Төрийн албаны салбар зөвлөл ЗДТГ-ын даргаар томилох хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй боловч нэр дэвшүүлэх хүн нь ЗДТГ-ын даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн Э.Б нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан ЗДТГ-ын сонгон шалгаруулалтад орж тэнцэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн боловч уг 38 дугаар тогтоолын хүчинтэй байх хугацаа нь "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын дагуу 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусч Э. Б нь Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлгүй болсон.

Ийнхүү Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй хүнийг нэр дэвшүүлэх ёстой байтал хугацаа дууссан, жагсаалтад бүртгэлгүй Э.Б-г нэр дэвшүүлсэн нь "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ыг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Уг хууль бус үйлдэлтэйгээ холбогдуулан намайг нэр дэвшүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар заалтыг хүчингүй болгосон 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоол нь  хууль зүйн үндэслэлгүй тогтоол юм. Түүнчлэн уг тогтоол нь миний эрхийг хөндсөн сөрөг үйлчлэлтэй захиргааны акт хэрнээ уг актыг гаргахдаа надад мэдэгдэж сонсох ажиллагаа явуулаагүй шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн.

Иймд намайг Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн заалтыг хүчингүй болгосон Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй буюу миний эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад гарсанаараа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу илт хууль бус захиргааны акт байх тул уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“ гэжээ.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдох хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2/22 дугаар албан шаардлага аймгийн Засаг даргад ирсэн юм.

Уг шаардлагад "Увс аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга С.Б нь Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар захирамж, мөн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр гүйцэтгэх хуудсанд заасан арга хэмжээг хуулийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллах үүргийг үл биелүүлж, иргэн Э.Б-г Түргэн сумын ЗДТГ-ын даргаар томилуулах тухай салбар зөвлөлийн тогтоолыг гаргахгүй байгаа нь түүний Олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаалжуулсан хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн" гэх утгыг дурдаж шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлж, салбар зөвлөлийн тогтоол гаргахыг шаардсан болно.

Иймд иргэн Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх болсонтой холбогдуулан С.Д-ыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсон болно.

Мөн С.Д-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтын дагуу ажлын байраар хангаж ажиллах талаар тус сумын Засаг даргад даалгасан гэжээ.  

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.Б  нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018.12.05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээд С.Д төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг Захиргааны еөрнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 46 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 35 дугаартай тогтоолоор Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсээр байтал томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болно“ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

            Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга болон түүний өмгөөлөгч нар                     “Нэхэмжлэгч Э.Б-ийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд байх 2 жилийн хугацаа дуусгавар болсон тул түүнийг Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилох боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Гуравдагч этгээд С.Д бие даасан шаардлагын үндэслэлээ “хуулийн дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад тэнцэж ажиллаж байгаа миний хөдөлмөрлөх эрхийг хөндөж Төрийн албаны салбар зөвлөлөөс тогтоол гаргасан“ гэж үзжээ.

            Хариуцагч Төрийн албаны зөвөлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл “шүүгчийн захирамжийн дагуу Э.Б-г нэр дэвшүүлж, С.Д-ыг урьд нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүйд тооцсон“ гэх тайлбарыг ирүүлжээ.     

            Түргэн сумын Засаг даргаас анх 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 1/71 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сул орон тоо гарсан тул ажлын байрны захиалгыг хүргүүлжээ.

            Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтад 6 иргэн тэнцэж Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Н.Г-г нэр дэвшүүлсэн байна.

            Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд “Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд Н.Г-ийг бүртгэн оролцуулсан бүртгэл нь хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Түргэн сумын ЗДТГ-ын даргад Н.Г-ийг нэр дэвшүүлсэн 38 тоот тогтоолын Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтанд тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын  20-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүлээн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

            Тус захирамжинд Н.Г-ийн нэхэмжлэлтэй “Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг Түргэн сумын Засаг даргад даалгаж өгөх” тухай нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар шүүхээс дүгнэсэн байна.

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын  20-ны өдрийн 46 дугаартай шүүгчийн захирамжид 2017 оны 02 сарын 17-ны өдөр 01 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож 2017 оны  02 сарын 20-ны өдрийн 215 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Э.Б нь Түргэн сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон гэх үндэслэлээр гүйцэтгэх хуудас, хувийн хэргийг хааж 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 11/358 дугаартай  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол үйлдэгджээ.

Э.Б-ийн ШШГЕГ-т гаргасан өргөдлийн дагуу ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 11/358 дугаартай  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн байна.

          Э.Б нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай захирамжаар Түргэн сумын Дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.

           Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж 2017 оны 05 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан шалгаруулалтад Э.Б оролцож 80.23 оноогоор тэнцсэн ба сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Түргэн сумын Дунд сургуулийн захирлын албан тушаалд Э.Б-г 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Б/59 дугаартай Аймгийн Засаг даргын захирамжаар томилсон байна.

         Аймгийн Засаг даргын 2018 оны 08 сарын 27-ны өдрийн Б/40 дугаартай захирамжаар С.Б-ийг шүүхийн шийдвэрийн дагуу Түргэн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох болсон тул Э.Б-г захирлын үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэжээ.

          Ингээд Э.Б Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 46 дугаартай шийдвэрийг биелүүлэхгүй, Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилохгүй байгаа талаарх өргөдлийг Төрий албаны зөвлөл болон Хүний эрхийн үндэсний комисст хандаж гаргасан байна.

         Хүний эрхийн үндэсний комиссоос 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2/22 дугаартай Э.Б-н хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгах талаарх шаардлагыг Увс аймгийн Засаг дарга Д.Б-д хүргүүлсэн байна.

         Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 1141 дугаартай албан бичгээр Э.Б-ийн өргөдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад шилжүүлж шийдвэрлэж байсан байна.

          Гуравдагч этгээд С.Д-ын хувьд Түргэн сумын ЗДТГ-ын даргын албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтад оролцож Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 сарын 08-ны 38 дугаартай тогтоолоор Э.Б нарын хамт Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдэж байжээ.

         С.Д-ыг 2017 оны 07 сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай Түргэн сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын  албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

           Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн зохион байгуулсан 2017 оны 09 сарын 22-ны өдрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад С.Д оролцож 79.6 оноо авч салбар зөвлөлийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор С.Д-ыг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Түргэн сумын Засаг даргын 2017 оны 11 Сарын 20-ны өдрийн Б/24 дугаартай захирамжаар С.Д-ыг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байна.

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 46 дугаар захирамжийг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсэн тул Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор Э.Б-г Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх болсон тул С.Д-ыг тус сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2017 оны  11 сарын 20-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцжээ.

          Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл 2018 оны  12 сарын 05-ны өдрийн 35 дугаар тогтоолоороо Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

           Увс аймгийн Түргэн сумын Засаг дарга 2018 оны 12 Сарын 12-ны өдрийн 1/143 дугаартай албан бичгээр Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилох боломжгүй талаарх хариуг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлжээ.

         Нэхэмжлэгч Э.Б салбар зөвлөлийн тогтоолын дагуу өөрийг нь Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилоогүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах болсон байна.

          Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 46 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Б-ийн 4 шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл хүлээн зөвшөөрснийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэг шаардлага нь “ Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдээс тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа хүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхийг төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд даалгуулах” тухай байна.

          Энэхүү захирамжаар Э.Б-г  Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд салбар зөвлөлөөс тус зөвлөлийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн Э.Б, Д.А, С.Д, Г.А, М.Д нарын хэн алиныг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу УИХ-аас 2003 онд 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 33-ын б-д заасны дагуу нэр дэвшүүлэн ажиллах ёстой байжээ.

         Э.Б нь сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцож тэнцэн Түргэн сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байх хугацаанд Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын сонгон шалгаруулалт зарлагдаж С.Д-ыг салбар зөвлөл нэр дэвшүүлэн С.Д нь Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдож төрийн жинхэнэ албан тушаалыг хаших болсноор Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан баталгааг эдлэх эрхтэй болсон байна.

            Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “ энэ хуулийн 25 дугаар зүйл,26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх “ баталгааг эдлэх эрх бүхий субьект байна.

           Иймд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 34 тоот тогтоолоор Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх болсон гэх үндэслэлээр С.Д-ыг нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

        Хэдийгээр салбар зөвлөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаартай захирамжийг  нэн даруй зохих журмын дагуу биелүүлээгүйгээс өнөөдрийн маргаан гарах үндэслэл болж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч Э.Б-г албан тушаалд томилохыг даалгуулах үндэслэл болохгүй юм.

         Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 37 дугаар зүйлд томилох эрх бүхий этгээд салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт ажлын 7 өдрийн дотор салбар зөвлөлд бичгээр мэдэгдэнэ гэж заасан байх ба салбар зөвлөлийн 34 дугаартай тогтоол нь гуравдагч этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир хариуцагч Түргэн сумын Засаг дарга нь Э.Б-г томилохоос татгалзсан хариуг салбар зөвлөлд хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

         Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Б нь Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажиллах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

         Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Гуравдагч этгээдийн зүгээс бие даасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу тодорхойлсон боловч салбар зөвлөлийн 34 дугаартай тогтоол нь түүний эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн маргаан бүхий акт байх тул шүүхээс түүнийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар тайлбар гаргасан ба Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь С.Д-д маргаан бүхий актыг гардуулаагүй талаар 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 12 дугаартай албан бичигт дурдсан болохыг тэмдэглэв.

           Нэхэмжлэгч Э.Б-ийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “ Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил,албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж,бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн зохицуулалтын дагуу холбогдох албан тушаалтанд хандах боломжтой байгааг тэмдэглэв.

           Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Д-д олгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн /2002он/ 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийн Увс аймгийн Түргэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “ Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 35 тоот тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Э.Б-г Түргэн сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн /2002он/ 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан бие даасан шаардлага бүхий гуравдагч этгээдийн Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Д-д олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ