Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА/2022/0575

 

 

 

 

 

 

 

 

“К” ХХК-ийн гомдолтой 

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “К” ХХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н, Б.Б

Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 420 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Хариуцагч Э.Н, Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0204/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “К” ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н, Б.Б нарт холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Э.Н, Б.Б нарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр: 

“...Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, 11.30 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан “К” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0014005 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Зөрчлийн тухай хуульд ямар үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцохыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй заасан байдаг. Мөн зөрчил үйлдсэн гэх этгээдэд хариуцлага ногдуулах журмыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үйлдсэн этгээдийг олж тогтоох хариуцлага ногдуулахтай холбоотой хийгдвэл зохих ажиллагаа, тогтоовол зохих нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус хуульчилсан

Дээрх хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа этгээд нь зөрчил үйлдэгдсэн эсэх, зөрчил хэзээ, хаана, хэн үйлдсэнийг тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий этгээд нь зөрчил үйлдэгдсэн эсэх, зөрчлийг хэзээ, хаана, хэн үйлдсэн болохыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх зөрчил үйлдэгдсэн мэтээр хэт хийсвэрээр дүгнэж асуудлыг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2.Зөрчилд холбогдсон этгээдэд зохих журмын дагуу зөрчлийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх боломжийг олгоогүй. Нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулахгүйгээр “К” ХХК-ийг зөрчил үйлдсэн мэтээр хариуцлага ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3.Санхүүгийн зохицуулах хорооноос зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн, хуулийн этгээдэд өөрийгөө өмгөөлөх, тайлбар гаргах, мэтгэлцэх, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр эрхээ эдлэх, хэрэгжүүлэх боломжоор хангаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “К” ХХК-ийг төлөөлүүлэн төлөөлөх эрхтэй этгээдийг оролцуулаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

3.4.Нөгөөтэйгүүр хууль хэрэглээний хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэтэл шийтгэлийн хуудаст заасан нөхцөл байдал нь хуульд заасантай нийцэхгүй байгаа бөгөөд зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн үйлчлэх хүрээ хязгаарыг хуульчилж заасан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх шаардлагатай. Харин “К” ХХК-ийг холбогдуулсан гэх зөрчлийн харилцаа нь энэхүү хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3.5.Аливаа хүн, хуулийн этгээд нь хууль тогтоомжид заасныг зөрчсөн, хуульд хариуцлага заасан үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болдог. “К” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг хичээж ажилласаар ирсэн. Энэ талаараа иргэн, хуулийн этгээдтэй харилцаж, хамтарч ажиллахаа итгэл төгс илэрхийлж ирсэн. Гэтэл “К” ХХК-ийг үндэслэлгүйгээр зөрчил гаргасан мэтээр хууль зүйн хариуцлага ногдуулсан нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн дугаар 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.  

4.Хариуцагч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“К” ХХК-ийн M пропертиз фейсбүүк хуудсаар олон нийтийн сүлжээгээр нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг ам.доллараар зарлан сурталчилсан нь зөрчлийн хэрэг хянан шалгах явцад тогтоогдсон, энэхүү үйл баримтыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Өөрөөр хэлбэл тус компани нь үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр явуулахдаа төлбөрийн нөхцөлийг дээрх хуульд заасны дагуу төгрөгөөр бус, харин ам.доллараар зарлан сурталчилсан үйлдэл нь хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж, …хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Харин ч хууль зөрчсөн үйл ажиллагаанаас олсон орлогыг хураагаагүй энэ тохиолдолд хариуцагчаас шийтгэлийг хөнгөрүүлж хэрэглэсэн гэж үзнэ.

2.Давж заалдах гомдолд “…зөрчлийг хэзээ, хаана, хэн үйлдсэнийг тогтоогоогүй…” гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх явцад хийсэн үзлэгээр “К” ХХК нь:

-“Э Э п” ХХК-тай 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “Зуучлалын байгууллагаар дамжуулан хөрөнгө түрээслүүлэх гэрээ”-ний 3.1-д нийтэд зарлах үнийг 2.700.000-5.200.000 төгрөг байхаар тусгасан атлаа цахим сүлжээнд мөн оны 10 дугаар сарын 1-ний өдөр 1.200 ам.доллар гэж,

-“З с” ХХК-тай 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр байгуулж, цахим сүлжээнд мөн оны 10 дугаар сарын 6-ны өдөр 900 ам.доллар гэж,

-иргэн Г.Э-О-той 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Зуучлалын байгууллагаар дамжуулан хөрөнгө түрээслүүлэх гэрээ”-ний 3.1-д нийтэд зарлах үнийг 6.000.000-5.800.000 төгрөг байхаар тусгасан атлаа цахим сүлжээнд мөн оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн үнийг 2.200 ам.доллар гэж,

-иргэн Н.Б-тай 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний 3.1-д нийтэд зарлах үнийг 8.800.000-9.200.000 төгрөг байхаар тусгасан атлаа цахим сүлжээнд мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн үнийг 2800-3200 ам.доллар гэж,

-иргэн Б.О-тай 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан гэрээний 3.1-д нийтэд зарлах үнийг 3.000.000 төгрөг байхаар тусгасан атлаа дээрх цахим хуудаст мөн оны 10 дугаар сарын 7-ны өдөр түрээсийн үнийг 1.000 ам.доллар гэж түрээсийн үнийг тус тус ам.доллараар тооцож сурталчилсанаа үгүйсгээгүй болно.

Түүнчлэн гэрч Б.О-ын “…7, 8 дугаар сард борлуулалт муу байсан…, тухайн орон сууцыг гадаадын иргэд сонирхож байсан тул үнийг ам.доллараар оруулсан…”, мөн холбогдогч тус компанийн дэд захирал П.М-ын “…Сүүлийн 2-3 сарын хугацаанд бүрэн эрхийг нь өгч манай бүтээгдэхүүнийг хамгийн боломжит байдлаар зарлан сурталчлах тохиолцоо хийсэн. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн газар дээрх шалгалтаар 5 үл хөдлөх эд хөрөнгийн зарыг гадаад мөнгөн дэвсгэртээр тавьсан. Манай пейжны бүрэн эрх тухайн этгээдэд байсан бөгөөд хуулийн мэдлэг тааруу байдлаас болж холбогдох хуулийг зөрчсөн алдаа гаргасан. Үүнийг мэдээд тухайн этгээдтэй байгуулсан гэрээг цуцалсан…”  гэх мэдүүлгүүдээс тус тус үзэхэд компанийн үйл ажиллагааг сурталчилдаг пейж хуудаст нэр бүхий 5 үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үнийг ам.доллараар байршуулсан нь хангалттай нотлогдож байх тул энэхүү хууль зөрчсөн үйлдлийг компани бус харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн үед ажиллаж байсан Б.О хариуцах ёстой гэж дүгнэх боломжгүй.

Учир нь компанийн зүгээс Б.О-тай 2021 онд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохоо, зорилго нь зар оруулах, ирүүлсэн асуултад хариулах байсан талаар, зар сурталчилгаа хийх бүх бүрэн эрхийг олгосон болохоо, мөн “К” ХХК-ийн M пропертиз фейсбүүк хуудаст түрээсийн үнийг ам.доллараар тавьсан байсныг тус тус хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд ажилтны хууль зөрчсөн үйлдлээс үүссэн хариуцлагыг ажил олгогч буюу компани хүлээнэ.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэснээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх үйлчилгээнд энэ хууль нэгэн адил мөрдөгдөнө.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

       ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

       ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН