Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

                           Ш.Даваадуламын нэхэмжлэлтэй иргэний

                                                хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  229 дүгээр шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Шаравсамбуугийн Даваадуламын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Оюунтаны Энхжаргалд холбогдох

 

            107.999.040 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.Даваадулам, өмгөөлөгч Ө.Алтангадас нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Даваадулам, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч О.Энхжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Даваадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Оюунтаны Энхжаргал нь 2013 оны 10-р сарын 18-ны өдөр 3.300.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр 6.600.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр 8.050.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд 2014 оны 7-р сарын 21-ний өдөр зээлийн хүүнд тооцож 4.000.000 төгрөг, 2015 оны 4-р сард 2.500.000 төгрөг төлсөн.

Түүнээс үндсэн зээлүүд болон тэдгээрийн хүүг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн үнэн, худал нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсаар сүүлдээ Монгол улсын Иргэний хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлээсээ зайлсхийхийг санаархсан хууль бус үйлдлийг бусадтай бүлэглэн зохион байгуулсан болно.

Ш.Даваадулам би 2013 оны 10-р сарын 18-ны өдөр, мөн 2014 оны 6-р сарын 18-ны өдөр О.Энхжаргалд зээлүүлсэн мөнгийг өөрийн төрсөн эгч Шаравсамбуугийн Адьяадуламаас гуйж авсан.

Тухайн үед эгч Ш. Адьяадулам маань Хадгаламж банкнаас зээл авч бизнес хийж байсан бөгөөд О.Энхжаргалын буруутай үйлдлийн улмаар банкны зээлийн эргэн төлөлтийг эгч Ш.Адьяадуламын өмнөөс Ш.Даваадулам миний бие тогтоосон хугацаагаар хийж байна.

О.Энхжаргалын 2013 оны 10-р сарын 18-ны өдөр зээлсэн 3.300.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /330.000 төгрөг*24 сар/ 7.920.000 төгрөг, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр зээлсэн 6.600.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /66.000*487 хоног/  32.142.000 төгрөг, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр зээлсэн 8.050.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /80.500*459 хоног/ 36.949.500 төгрөг, зээлийн гэрээнд заасан алдангийг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /40.652.5 төгрөг*456 хоног/ 18.537.540 төгрөг болжээ.

Мөн О.Энхжаргал нь Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн гадаад хэлний багшаар ажилладаг Сэрээнэнгийн Ариунжаргалын 2014 онд Ш.Даваадулам надаас зээлчихээд буцааж өгөх гэж байсан 1.000.000 төгрөгийг О.Энхжаргал нь надад мөнгө яаралтай хэрэгтэй байна, удаахгүй Ш.Даваадулам захиралд өгчихье гэж С.Ариунжаргалаас гуйж авчихаад өнөөдрийг хүртэл хэнд нь ч өгөхгүй байна.

Иймд О.Энхжаргалаас нийт үндсэн зээл болох 17.950.000 төгрөг, нийт зээлийн хүү 77.011.500 төгрөгөөс О.Энхжаргалын төлсөн зээлийн хүү 6.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл зээлийн хүү болох 70.511.500 төгрөг, алданги болох 18.537.540 төгрөг болон С.Ариунжаргалаас авсан 1.000.000 төгрөгийг гаргуулж, Ш.Даваадулам надад олгуулах шийдвэрийг гаргуулж өгнө үү гэв.  

 

            Хариуцагч О.Энхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Ш.Даваадуламаас 2013 оны 10-р сарын 10-ны өдөр 2.200.000 төгрөг, 2014 оны 6-р сарын 8-ны өдөр 6.600.000 төгрөг тус тус зээлсэн. Дараа нь найз Ариунжаргалаас 1.000.000 төгрөг зээлснийг Даваадулам руу төлчих гэсэн тохиролцооны дагуу нэмж нийт 9.900.000 төгрөгийг Ш.Даваадуламд төлөхөөр болсон.

            Эхний зээлсэн 2.200.000 төгрөгийг төлөхдөө сар бүр 220.000 төгрөгийг хийж байсан ба нийт 6 сарын хугацаанд 1.320.000 төгрөгийн зээл барагдуулсан.

            6.600.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг бэлнээр, амралтын мөнгөнөөс 600.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7-р сарын 21-ний өдөр дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны       4-р сарын 27-ны өдөр 2.700.000 төгрөг дансаар тус тус төлсөн ба нийт 9.020.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 880.000 төгрөгийн үлдэгдэлтэй.

            Дээрх зээлсэн 9.900.000 төгрөг нь Ш.Даваадуламын мөнгө биш “Өүлэн менч” ХХК-ны сурагчдын дүрэмт хувцасны мөнгө байсан ба 2014 оны 11-р сарын 10-ны өдөр “Өүлэн менч” ХХК-ны борлуулалтын менежер О.Сэргэлэн, Нарангэрэл нар нь манай сургууль дээр ирж багш нартай уулзаж, Ш.Даваадуламын багш нарт зээлсэн мөнгө нь “Өүлэн менч” ХХК –ны сурагчдын дүрэм хувцасны мөнгө тул та нар “Өүлэн менч” ХХК-нд зээлсэн мөнгөө төлөх ёстой хүү тооцохгүй, үндсэн мөнгөө төлж барагдуул гээд шинээр гэрээ хийсэн. Миний хувьд тухайн үед зээлсэн байсан мөнгөнөөс 4.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул уг 4.600.000 төгрөгийг “Өүлэн менч” ХХК-нд төлөхөөр тус өдрөө гэрээ хийсэн. Гэрээ хийсний дагуу 2015 оны 4-р сарын 27-ны өдөр 2.700.000 төгрөгийг “Өүлэн менч” ХХК-ний дансанд хийх гэтэл Ш.Даваадулам нь “Өүлэн менч” ХХК руу яриад хэлчих хэнд нь ч өгсөн адил гээд хүчээр өөрийн данс руу хийлгэсэн. Тэр өдөр “Өүлэн менч” ХХК-ний менежер Нарангэрэл, Дэмид-Очир нарт мэдэгдэн мөрдөн байцаагч Баттогтоход мөнгө өгсөн талаараа мэдүүлэг өгсөн. Ш.Даваадулам нь “Өүлэн менч” ХХК-ны сурагчдын дүрэмт хувцасыг борлуулж байхдаа мөнгө завшсан гэх хэргээр хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа.

            Иймд Ш.Даваадуламын нэхэмжлээд байгаа 107.000.000 төгрөг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Даваадулам анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

107.999.040 төгрөгийг би өөрийн олон жилийн хөдөлмөрийн хөлс, мөн эгчийнхээ цалингийн зээл зэргээс бүрдүүлсэн учраас хэн нэгэн хүнд залилуулаад алдах сонирхол байхгүй. Тийм учраас би иргэний хувьд энэ асуудлаар шүүхэд хандаж эрхээ эдлэх эрхтэй гэж үзэж байна. Манай эгч бие муутай хүн байсан. Өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэдэг байсан. Би эгчээрээ зээл авахуулаад түүнийг нь хүмүүст зээлүүлж мөнгө хуримтлуулан эгчийнхээ эмчилгээний төлбөрт зарцуулж тусалдаг байсан. Тухайн үед эгчийнхээ цалингийн зээлийн мөнгийг хүмүүст зээлүүлээд хуримтлагдсан байсан мөнгөө О.Энхжаргалд зээлүүлсэн. О.Энхжаргал надаас 3 удаа мөнгө зээлсэн. Гэрээний хугацааг сунгасан асуудал байхгүй. Би 15 жил сургуулийн захирал хийж байна. Манай багш нар над дээр цалингийнхаа зээлийг төлж чадахгүй байна гээд янз бүрийн зовлон ярьж орж ирдэг. Би тэд нарт мөнгөө хүүгүйгээр өгдөг. О.Энхжаргал өөрөө  2,5 хувийн хүүтэй надад мөнгө өгөөч гэж орж ирсэн. Өүлэн менч компанитай яагаад холбогдсон юм гэхээр Өүлэн менч компани ирээд тооцоо хийхэд сумдуудын болон багш нарын ангийн хүүхдүүддээ борлуулсан тооцоо ирээгүй байсан. Энэ миний өр биш. О.Энхжаргалын нэр дээр нэг төгрөгийн ч өр байхгүй. 13.300.000 төгрөг гэдэг нь бид хоёрын хувийн тооцооны мөнгө байсан. О.Энхжаргал зээлийн мөнгөнийхөө хувийн тооцоог хэлэнгүүт Өүлэн менчийнхэн буруугаар ойлгоод хасна гэхэд нь О.Энхжаргал өөрт нь ашигтай учраас тэр байр суурийг барьж авсан байгаа юм. 2.300.000 төгрөгийг 3.300.000 төгрөг болгосон нь 2.300.000 төгрөгийн хүүгээ төлөөгүй учраас 3.300.000 төгрөг болгосноос биш Ариунжаргалын 1.000.000 төгрөг ороогүй. Одоо О.Энхжаргал надад нэг ч төгрөг төлөөгүй, Өүлэн менч компанид ч нэг төгрөг төлөөгүй байгаа гэжээ.

 

            Хариуцагч О.Энхжаргал анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Ш.Даваадулам захирлаас 2.300.000 төгрөг зээлчихсэн байж байгаад Ариунжаргалын 1.000.000 төгрөгийг Ш.Даваадулам захиралтай тохиролцож 3.300.000 төгрөг зээлж, дараа нь 6.600.000 төгрөг, нийт 9.900.000 төгрөг зээлсэн. 3.300.000 төгрөгөөс 1.720.000 төгрөг төлсөн. Дараа нь 6.600.000 төгрөгөөс 400.000 төгрөг, 700.000 төгрөг, 2.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Би өөрөө өрх толгойлж амьдардаг эмэгтэй, нэг өрөө байр авах гээд мөнгөний хэрэг гараад зээлсэн. 2006 онд анх ажилд ороод Ш.Даваадулам захирлыг хүүтэй мөнгө зээлж байгаа гэдгийг сонсоод захирлаас эдгээр мөнгийг зээлсэн. Зээлээ төлөхгүй гэж ямар нэгэн байдлаар зугтаах асуудал гаргаагүй. Зээлснээсээ хойш тодорхой хугацаанд шат дараатайгаар төлсөөр 9.900.000 төгрөгөөс 9.520.000 төгрөгийг өгсөн байгаа. Ш.Даваадулам захирал маш олон багш нарт мөнгө зээлсэн байсан. Өүлэн менч компаний хүмүүс надтай уулзаад 4.600.000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд би төлөх боломжгүй байж байгаад 5 жилийн тэтгэмжийн мөнгө болох 2.700.000 төгрөгийг төлөх гэтэл Ш.Даваадулам захирал надад өгсөн, Өүлэн менчид өгсөн 2 ялгаагүй би өөрөө Өүлэн менчид  өгнө гээд надаас авсан. Өүлэн менчийн хүмүүс ирсэн гээд Ш.Даваадулам захирлын өрөөнд ороход чи яг хэдэн төгрөг авсан гэж надаас асуусан. Гэтэл захирал 13.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Би 13.000.000 төгрөг аваагүй. Гэтэл Өүлэн менч компаний хүмүүс бид нарыг цагдаад өгсөн байсан. Би сайн дураараа мэдүүлэг өгөөгүй. Би Ш.Даваадулам захирлаас 3 удаа зээл аваагүй. Энэ 8.050.000 төгрөгийн гэрээ нь 6.600.000 төгрөгийн зээл дээр хүүгээ нэмээд хийсэн гэрээ байгаа юм.  Ингэж их мөнгө нэхэмжилж надаас өш хонзон авч байна гэж ойлгож байна. Би Ш.Адъяадулам багшаас захирлаар дамжуулж ямар ч мөнгө аваагүй. Өүлэн менч компанийхан манай мөнгө учраас битгий хүү төл гэж хэлсэн гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хариуцагч О.Энхжаргалаас 3.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Даваадуламд олгож, 104.799.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697.945 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, О.Энхжаргалаас 66.150 төгрөг гаргуулан Ш.Даваадуламд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

           Нэхэмжлэгч Ш.Даваадулам, түүний өмгөөлөгч Ө.Алтангадас нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадулам 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гардан аваад анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим зүйл, заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Цэнджав овогт Оюунтаны Энхжаргал нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шаравсамбуугийн Даваадуламаас 3.300.000,00 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг сарын 10 /арав/ хувийн хүүтэйгээр, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6.600.000 /зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг өдрийн 1 /нэг/ хувийн хүүтэйгээр зээлсэн.

Зээлдэгч О.Энхжаргал нь зээлдүүлэгч Ш.Давуудуламд зээлийн хүүнд тооцон 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000,00 /дөрвөн сая/ төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2.700.000,00 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг, нийт 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн боловч үндсэн зээл болох 9.900.000,00 /есөн сая есөн зуун мянган/ төгрөгийг төлөөгүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэсэн байдаг.

О.Энхжаргалын төлсөн 6.700.000,00 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг зээлийн хүүнд тооцох ёстой бөгөөд үндсэн зээл болох 9.900.000,00 /есөн сая есөн зуун мянга/ төгрөгийн үлдэгдэл болох 6.700.000,00 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж болохгүй юм.

Цэнджав овогт Оюунтаны Энхжаргал нь Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадуламаас 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 8.050.000,00 /найман сая тавин мянга/ төгрөгийг өдрийн 1 /нэг/ хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлдүүлэгч Шаравсамбуугийн Даваадулам нь зээлдэгч Оюунтаны Энхжаргалд үндсэн зээл болох 8.050.000,00 /найман сая тавин мянга/ төгрөгийг шилжүүлэн өгсний дараа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байдаг.

Зээлдэгч О.Энхжаргал нь зээлдүүлэгч Ш.Даваадуламд үндсэн зээл болох 8.050.000,00            /найман сая тавин мянга/ төгрөг, тухайн зээлийн хүүнд 36.949.500,00 /гучин зургаан сая өсөн зуун дөчин есөн мянга таван зуун/ төгрөг, зээлийн гэрээнд тусгагдсан алдангид 18.273.500,00 /арван найман сая хоёр зуун далан гурван мянга таван зуун/ төгрөг, нийт 63.273.000,00 /жаран гурван сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг төлөх үүргийг зээлийн гэрээгээр хүлээсэн болно.

З.Алтангэрэл овогт Шаравсамбуугийн Даваадуламаас 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэрээнэнгийн Ариунжаргал нь 1.000.000,00 /нэгэн сая/ төгрөгийг зээлж аваад буцаан өгөх гэхэд нь Цэнджав овогт Оюунтаны Энхжаргал надад зээлчих, удаахгүй захиралд шууд өгчихнө гэж аваад өгөөгүй байдаг.

Оюунтаны Энхжаргал нь 1.000.000,00 /нэгэн сая/ төгрөгийг хууль ёсны өмчлөгч болох Ш.Даваадуламд төлөх ёстой.

Иймд Архангай аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаартай шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлсэн үндсэн зээлийн үлдэгдэл болох 6.700.000,00 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр зээлсэн үндсэн зээл, түүний хүү болон алданги болох 63.273.000,00 /жаран гурван сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөг, мөн 2014 онд С.Ариунжаргалаас авсан 1.000.000,00 /нэгэн сая/ төгрөг, нийт 70.973.000,00 /далан есөн сая зуун далан гурван мянга/ төгрөгийг Цэнджав овогт Оюунтаны Энхжаргалаас гаргуулх шийдвэрийг гаргана уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ш.Даваадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: О.Энхжаргал нь 2013 оны 10-р сарын 18-ны өдөр 3.300.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр 6.600.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр 8.050.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд 2014 оны 7-р сарын 21-ний өдөр зээлийн хүүнд тооцож 4.000.000 төгрөг, 2015 оны 4-р сард 2.500.000 төгрөг төлсөн. Мөн Хүмүүн цогцолборын 2 дугаар сургуулийн гадаад хэлний багшаар ажилладаг С.Ариунжаргалын 2014 онд надаас зээлчихээд буцааж өгөх гэж байсан 1.000.000 төгрөгийг О.Энхжаргал нь надад мөнгө яаралтай хэрэгтэй байна, удаахгүй Ш.Даваадулам захиралд өгчихье гэж С.Ариунжаргалаас гуйж авчихаад өнөөдрийг хүртэл хэнд нь ч өгөхгүй байна.

О.Энхжаргалын 2013 оны 10-р сарын 18-ны өдөр зээлсэн 3.300.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /330.000 төгрөг*24 сар/ 7.920.000 төгрөг, 2014 оны 6-р сарын 18-ны өдөр зээлсэн 6.600.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /66.000*487 хоног/  32.142.000 төгрөг, 2014 оны 7-р сарын 16-ны өдөр зээлсэн 8.050.000 төгрөгийн зээлийн хүүг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /80.500*459 хоног/ 36.949.500 төгрөг, зээлийн гэрээнд заасан алдангийг 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн байдлаар тооцоход /40.652.5 төгрөг*456 хоног/ 18.537.540 төгрөг болжээ. Иймд О.Энхжаргалаас нийт үндсэн зээл болох 17.950.000 төгрөг, нийт зээлийн хүү 77.011.500 төгрөгөөс О.Энхжаргалын төлсөн зээлийн хүү 6.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл зээлийн хүү болох 70.511.500 төгрөг, алданги болох 18.537.540 төгрөг болон С.Ариунжаргалаас авсан 1.000.000 төгрөгийг гаргуулж, Ш.Даваадулам надад олгуулах шийдвэрийг гаргуулж өгнө үү гэжээ. 

       Хариуцагч О.Энхжаргал нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө: Ш.Даваадуламаас 2013 оны 10-р сарын 10-ны өдөр 2.200.000 төгрөг, 2014 оны 6-р сарын 8-ны өдөр 6.600.000 төгрөг тус тус зээлсэн. Дараа нь найз Ариунжаргалаас 1.000.000 төгрөг зээлснийг Даваадулам руу төлчих гэсэн тохиролцооны дагуу нэмж нийт 9.900.000 төгрөгийг Ш.Даваадуламд төлөхөөр болсон.

Эхний зээлсэн 2.200.000 төгрөгийг төлөхдөө сар бүр 220.000 төгрөгийг хийж байсан ба нийт 6 сарын хугацаанд 1.320.000 төгрөгийн зээл барагдуулсан. 6.600.000 төгрөгнөөс 400.000 төгрөгийг бэлнээр, амралтын мөнгөнөөс 600.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7-р сарын 21-ний өдөр дансаар 4.000.000 төгрөг, 2015 оны       4-р сарын 27-ны өдөр 2.700.000 төгрөг дансаар тус тус төлсөн ба нийт 9.020.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 880.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд Ш.Даваадуламын нэхэмжлээд байгаа 107.000.000 төгрөг нь үндэслэлгүй гэжээ. 

О.Энхжаргал нь нэхэмжлэгчээс 2013 оны 10-р сарын 10-ны өдөр 2.200.000 төгрөг, 2014 оны 6-р сарын 8-ны өдөр 6.600.000 төгрөг тус тус зээлсэн. С.Ариунжаргалаас 1.000.000 төгрөг зээлснийг Даваадулам руу төлчих гэсэн тохиролцооны дагуу нэмж нийт 9.900.000 төгрөг авснаа үгүйсгээгүй байна. Харин нэхэмжлэгч Ш.Даваадулам нь хариуцагчаас 2014 оны 7-р сарын 21-ний өдөр зээлийн хүүнд тооцож 4.000.000 төгрөг, 2015 оны 4-р сард 2.700.000 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрчээ.

Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл, хариуцагч нь Ш.Даваадуламд 2 удаагийн үйлдлээр 6 700 000 төгрөг төлсөн нь тогтоогджээ /хавтаст хэргийн 31 дүгээр тал/.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлин 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 7 сарын 16-нд О.Энхжаргалтай зээлийн гэрээ байгуулж 8 050 000 төгрөг зээлүүлсэн гэх боловч үүнийгээ нотолж чадаагүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн,  нэхэмжлэлээс 3 200 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 104 799 040  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан шаардлагад нийцжээ.

 

Иймд 70.973.000,00 /далан сая есөн зуун далан гурван мянга/ төгрөгийг О.Энхжаргалаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан нэхэмжлэгч, түүний  өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 512 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

      Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Даваадулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч Ш.Даваадуламаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 512 815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

.    3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                 Л.НЯМДОРЖ

                                                                                  Г.АДЪЯАТОГТОХ