Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 397

 

2021          03         25                                   2021/ШЦТ/397

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

          улсын яллагч Л.Галав,

         шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж оролцов:

          шүүгдэгч У.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарайд овогт Ууганбаярын Шинэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0328 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, У.Ш, 1998 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид кранчин жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, 2 дүү нарын хамт амьдардаг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 23 дугаар гудамж тоосгоны 17А тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: СР98010314/

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

У.Ш нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станц орчим А.Ган-Эрдэнэтэй хүний найз охин авч явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан толгой хэсэгт мөргөх үйлдлээр үүдэн 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ш мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ган-Эрдэнийн хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01:00-02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Мөнхсайханы гэрт байхад найз маань хоёулаа хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо орчим манай найз охин Саруулыг аваад ирье гэхээр нь би найз Мөнхсайханы хамт түүний автомашинтай хоёулахнаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх дээр ирэхэд Мөнхсайханы найз охин Саруул үл таних залуутай хамт түүний машинд байсан. Бид хоёр тэр залуугийн машины урд ирж зогсоход тэр залуу машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын хаалга буюу миний сууж байсан хаалгыг онгойлгосноо “та нар хэн юм, яагаад байгаа юм” гэж асуухаар нь би “бид нар яасан юм, найзынхаа найз охиныг авах гэж ирлээ” гэхэд тэр залуу “чи нааш ирээ хоёулаа уулзъя” гэж хэлээд миний цамцнаас чирээд намайг өөрийнхөө машины ард хэсэгт аваачаад хоёулаа энд учраа олъё гэхээр нь би юу нь хоёулаа учраа олох вэ гэж хэлэхэд тэр залуу миний үүдэн шүд рүү толгойгоороо мөргөсөн. Тэгсэн миний үүдэн 1 шүд унасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг тэр залуутай маргахад манай найз Мөнхсайхан, Нямка, Анхбаяр, Гантулга, Мөнхсайханы найз охин Саруул, тэр залуу ганцаараа Саруултай хамт явж байсан. Тэр залуу намайг цохиход манай найзууд харсан байхаа. Миний шүд рүү, ам руу толгойгоороо хүчтэй цохисон болохоор миний толгой өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-н 14-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нямцэндийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Анхбаяр, Гантулга Ган-Эрдэнэ Мөнхсайхан 4 намайг ирж аваад Мөнхсайханы хамт найз охиныг нь авах гэж 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Сод Монгол колонк дээр очсон чинь Шинэбаяр гээд залуу машинаасаа бууж ирээд манай машины хаалгыг онгойлгоод яасан хэн нь авч явах гээд байхаар нь манай найз Ган-Эрдэнэ, Мөнхсайхан 2 машинаас буусан чинь нөгөө залуу “яасан та нар гээд орилоод байсан, тэгсэн Мөнхсайхан хүний найз охин авч явахаасаа ичээч гээд байсан. Тэгсэн үгийн зөрүүгүй Ган-Эрдэнийг Шинэбаяр мөргөөд явсан. Тэгээд би голоор нь ороод болиулаад би цааш нь түлхээд 1 удаа цохисон чинь намайг зөрүүлээд 2 удаа гараараа нүүрэнд цохисон. Тэгсэн Гантулга, Саруул гээд охин 2 салгасан” ” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1553 дугаартай:

1. А.Ган-Эрдэнийн биед үүдэн 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн 5% тогтонги алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч У.Шын өгсөн: "...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмччилгээний зардал боох 3.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хаан банкны 5018620995 дугаарын данснаас Ган-Эрдэний 5023392201 дугаарын дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 6/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Ган-Эрдэний мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Нямцэндийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1553 дугаар дүгнэлт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар У.Шын мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, хохирлын баримт /хх-н 24/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          У.Ш нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станц орчим А.Ган-Эрдэнэтэй хүний найз охин авч явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдан толгой хэсэгт мөргөх нэг удаагийн үйлдлээр үүдэн 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:...2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01:00-02.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Мөнхсайханы гэрт байхад найз маань хоёулаа хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо орчим манай найз охин Саруулыг аваад ирье гэхээр нь би найз Мөнхсайханы хамт түүний автомашинтай хоёулахнаа Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх дээр ирэхэд Мөнхсайханы найз охин Саруул үл таних залуутай хамт түүний машинд байсан. Бид хоёр тэр залуугийн машины урд ирж зогсоход тэр залуу машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын хаалга буюу миний сууж байсан хаалгыг онгойлгосноо “та нар хэн юм, яагаад байгаа юм” гэж асуухаар нь би “бид нар яасан юм, найзынхаа найз охиныг авах гэж ирлээ” гэхэд тэр залуу “чи нааш ирээ хоёулаа уулзъя” гэж хэлээд миний цамцнаас чирээд намайг өөрийнхөө машины ард хэсэгт аваачаад хоёулаа энд учраа олъё гэхээр нь би юу нь хоёулаа учраа олох вэ гэж хэлэхэд тэр залуу миний үүдэн шүд рүү толгойгоороо мөргөсөн. Тэгсэн миний үүдэн 1 шүд унасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Намайг тэр залуутай маргахад манай найз Мөнхсайхан, Нямка, Анхбаяр, Гантулга, Мөнхсайханы найз охин Саруул, тэр залуу ганцаараа Саруултай хамт явж байсан. Тэр залуу намайг цохиход манай найзууд харсан байхаа. Миний шүд рүү, ам руу толгойгоороо хүчтэй цохисон болохоор миний толгой өвдөж байна” гэх мэдүүлэг /хх-н 14-18/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Нямцэнд мэдүүлэхдээ:...2021 оны 02 дугаар сарын 14-ний шөнө Анхбаяр, Гантулга Ган-Эрдэнэ Мөнхсайхан 4 намайг ирж аваад Мөнхсайханы хамт найз охиныг нь авах гэж 01 цагаас 02 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Сод Монгол колонк дээр очсон чинь Шинэбаяр гээд залуу машинаасаа бууж ирээд манай машины хаалгыг онгойлгоод яасан хэн нь авч явах гээд байхаар нь манай найз Ган-Эрдэнэ, Мөнхсайхан 2 машинаас буусан чинь нөгөө залуу “яасан та нар гээд орилоод байсан, тэгсэн Мөнхсайхан хүний найз охин авч явахаасаа ичээч гээд байсан. Тэгсэн үгийн зөрүүгүй Ган-Эрдэнийг Шинэбаяр мөргөөд явсан. Тэгээд би голоор нь ороод болиулаад би цааш нь түлхээд 1 удаа цохисон чинь намайг зөрүүлээд 2 удаа гараараа нүүрэнд цохисон. Тэгсэн Гантулга, Саруул гээд охин 2 салгасан” ” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1553 дугаартай:

1. А.Ган-Эрдэнийн биед үүдэн 1 шүдний булгаралт, 1 шүдний сулралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцралт, салстын язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн 5% тогтонги алдагдуулна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/,

Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч У.Ш мэдүүлэхдээ:...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, эмччилгээний зардал боох 3.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хаан банкны 5018620995 дугаарын данснаас Ган-Эрдэний 5023392201 дугаарын дансанд шилжүүлсэн...” /хх-н 6/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Ш нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хянан хэлэлцэж шийдвэрлэв.

 У.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, прокурорын ялын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс У.Шт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн  зэрэг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 32/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. У.Ш-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Шт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Шт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, У.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН