Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 364

 

  2021          03         19                                   2021/ШЦТ/364

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

          улсын яллагч М.Отгонжаргал,

         шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж оролцов:

          шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0161 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, Д.Б, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, ах, дүү нарын хамт амьдардаг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 10 дугаар байр 15 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 314 дүгээр дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох тус тус шийтгүүлж байсан,. /РД: УИ97031651/

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.Б нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ойлголцох маргааны улмаас Г.Шинэбаярын нүүр рүү цохиж зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Шинэбаярын хохирогчоор өгсөн: “...Өчигдөр 18 цагийн орчим байх манай найз Ундрам намайг орой гарна шүү гэж хэлсэн ба би зөвшөөрсөн Ундрам руу найз нь гэх Оршихоо гэх найз нь машинаа зарсан өнөөдөр та нарыг тасартал чинь архи уулгана гээд хэлсэн байсан ба шөнийн 01 цагийн орчим уулзацгаагаад Энхтайван гэх залуугийн машинтай явж байгаад Шар хадны 2-н буудал орчмоос 4 ширхэг том пиво аваад Улиастай ороод уг пивоо уугаад мөсөн дээр шарваж байгаад Оршихоотой би маргалдсан ба уг газар намайг Оршихоо хавирч унагаад цохин дэвсэн зодсон ба би шууд гэр рүүгээ харьсан ба би шууд гэр рүүгээ ортол манай ээж Энхтайван гэх залуу руу нь залгаад хүүхдийн хамар гэмтсэн байна очиж янзлуул гэхэд Энхтайван, Оршихоо, Уканаа гурав ирээд намайг дагуулаад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлж байхад Оршихоо гараад зугтчихаар нь би гүйж очоод барьж авсан. Тэгээд тэндээсээ харих замд Оршихоо гар утсаараа найзууд руугаа залгаад Өлгийн 6 дугаар гудамжинд Шинэбаяр гэж залуу байгаа маргааш алаарай энийг би одоо цагдаад баригдаад явлаа гэж яриад байхаар нь найзуудаас нь айгаад гэрийнхээ гадаа буухдаа Оршихоог хашаа руу оруулаад өг гэж хэлээд хашаа руугаа оронгуутаа татаж унагаагаад дээр нь гараад ээжийгээ дуудаад цагдаа хэд хэд цохичихоод гараад явсан. Оршихоо намайг цохисны улмаас хамар гэмтсэн. Би Оршихоог цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 7-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтайван өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орой яг цагийг нь сайн мэдэхгүй байна би 5 найзтайгаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Өлгийн гудамжинд уулзаад бид хэд Улиастайн гол ороод хэсэг гол дээр тоглож байгаад тэр хэд пиво уусан би бол машин барьж явж байсан болохоор пиво уугаагүй тэгсэн Шинэбаяр, Бат-Орших 2 хоорондоо маргалдаад муудаад хоорондоо зодолдсон. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаж болиулсан. Тэгээд гол дээр хэсэг байж байгаад явахаар болоод цайзын “Боса” нэртэй дэлгүүрийн гудамжинд очоод Бат-Орших, Шинэбаяр 2 хоорондоо юм яръя гээд машинаас буусан. Тэгээд тэр 2 гудамжинд юм ярьж байгаад Бат-Орших гудамжаар доошоо зугтаад явахаар нь Бат-Орших руу залгаад яагаад зугтаад явчихваа гэхэд Шинэбаяр цагдаад дуудлага өгчихлөө. Тэгээд айгаад зугтаад явчихлаа гэж хэлсэн. Шинэбаяр би хүн хутгалдаг гээд орилоод хашгираад байсан. Тэгсэн Бат-Орших чиний хүн хутгалдаг гэж юу байдаг юм гээд тэр 2 хоорондоо зодолдсон. Өөр хамт явж байсан найзууд бол зодолдож муудсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 649 дугаартай:

1. Г.Шинэбаярын биед хамрын нуруу, нүний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдэнэ.

3. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Бын өгсөн: "...бид 2 мөсөн дээр хальтирч унасан. Тэгээд би босч ирээд Шинэбаярыг сууж байхад нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. .” гэх мэдүүлэг /хх-н 49-51/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Шинэбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтайванаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 649 дүгээр дүгнэлт /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, хохирлын баримт /хх-н 43/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Быг  согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ойлголцох маргааны улмаас Г.Шинэбаярын нүүр рүү цохиж зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          Д.Быг согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ойлголцох маргааны улмаас Г.Шинэбаярын нүүр рүү цохиж зодож эрүүл мэндэд нь хамрын нуруу, нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Шинэбаярын хохирогчоор өгсөн: ...Шар хадны 2-н буудал орчмоос 4 ширхэг том пиво аваад Улиастай ороод уг пивоо уугаад мөсөн дээр шарваж байгаад Оршихоотой би маргалдсан ба уг газар намайг Оршихоо хавирч унагаад цохин дэвсэн зодсон ба би шууд гэр рүүгээ харьсан ба би шууд гэр рүүгээ ортол манай ээж Энхтайван гэх залуу руу нь залгаад хүүхдийн хамар гэмтсэн байна очиж янзлуул гэхэд Энхтайван, Оршихоо, Уканаа гурав ирээд намайг дагуулаад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлж байхад Оршихоо гараад зугтчихаар нь би гүйж очоод барьж авсан. Тэгээд тэндээсээ харих замд Оршихоо гар утсаараа найзууд руугаа залгаад Өлгийн 6 дугаар гудамжинд Шинэбаяр гэж залуу байгаа маргааш алаарай энийг би одоо цагдаад баригдаад явлаа гэж яриад байхаар нь найзуудаас нь айгаад гэрийнхээ гадаа буухдаа Оршихоог хашаа руу оруулаад өг гэж хэлээд хашаа руугаа оронгуутаа татаж унагаагаад дээр нь гараад ээжийгээ дуудаад гараад явсан. Оршихоо намайг цохисны улмаас хамар гэмтсэн. Би Оршихоог цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 7-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтайваны өгсөн: ...бид хэд Улиастайн гол ороод хэсэг гол дээр тоглож байгаад тэр хэд пиво уусан би бол машин барьж явж байсан болохоор пиво уугаагүй тэгсэн Шинэбаяр, Бат-Орших 2 хоорондоо маргалдаад муудаад хоорондоо зодолдсон. Тэгээд бид хэд тэр хоёрыг салгаж болиулсан. Тэгээд гол дээр хэсэг байж байгаад явахаар болоод цайзын “Боса” нэртэй дэлгүүрийн гудамжинд очоод Бат-Орших, Шинэбаяр 2 хоорондоо юм яръя гээд машинаас буусан. Тэгээд тэр 2 гудамжинд юм ярьж байгаад Бат-Орших гудамжаар доошоо зугтаад явахаар нь Бат-Орших руу залгаад яагаад зугтаад явчихваа гэхэд Шинэбаяр цагдаад дуудлага өгчихлөө. Тэгээд айгаад зугтаад явчихлаа гэж хэлсэн. Шинэбаяр би хүн хутгалдаг гээд орилоод хашгираад байсан. Тэгсэн Бат-Орших чиний хүн хутгалдаг гэж юу байдаг юм гээд тэр 2 хоорондоо зодолдсон. Өөр хамт явж байсан найзууд бол зодолдож муудсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 649 дугаартай  шинжээчийн Г.Шинэбаярын биед хамрын нуруу, нүний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр эрүүл мэнпэп нь хөнгөн хохирол учирсан нь тогтодсон байна. /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Бын өгсөн: "...бид 2 мөсөн дээр хальтирч унасан. Тэгээд би босч ирээд Шинэбаярыг сууж байхад нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. .” гэх мэдүүлэг /хх-н 49-51/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн,прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.

 Д.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, прокурорын ялын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс Д.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн  зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 57/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1.Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бод 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бод оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН