Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

 

      2021       02          09                                             2021/ШЦТ/211         

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

                                            

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б Б Н-т  холбогдох 2038 00315 0058 дугаар хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

......................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр М.Ө-тай үл ялих зүйлээр шалтаглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, цохин эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, эрүү, хоолойн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),

 

            Хохирогч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед байх Мөрөн сумын 9-5-18 тоотод байрлах гэртээ хоёр хүүхэддээ хоол цайг нь хийж өгч байхад нөхөр Н  гаднаас орж ирсэн. Түүнийг орж ирэхээр нь би чи гарах гэж байгаа юм бол хүлээж бай, хоёулаа хамт гарья гэж хэлсэн... эхэндээ орон дээр хэвтэж хүлээж байсан... түүнийг орон дээр хэвтэж байхаар нь чи надад босож гэр цэвэрлэхэд туслаач гэж хэлэхэд би ядраад байна гэж хэлсэн. Би ядраад байна... энд ирэх шаардлага байхгүй байна гэж хэлсэн. Үүнээс болж маргалдсан... маргалдаж байхад Н  намайг алгадсан... би зөрүүлээд бие хэсэг рүү нь цохисон. Гарыг маань хөшиж мушгисан. Тэгэхэд нь би гараа татаад авахад миний толгойноос хоёр гараараа барьж аваад газар мөргүүлсэн. Намайг газар унасан байхад дээрээс өшиглөж, хөлийн булчингаас хазсан. Мөн хоолойг маань боож, өмссөн байсан хувцсыг урсан... Н тай хамтран амьдраад 7 гаруй жил болж байна. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн зүйл байхгүй. Н  бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхдийг маань Тэнүүн гэдэг. Одоо 4 настай. Бага хүүхдийг маань Энэрэл гэдэг. Ой 8 сартай. Би гэр бүлийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Жастын 51б-46 тоотод амьдардаг байсан... Н  намайг зодох үед 2 хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... түр орон дээр хэвтэж байхад манай эхнэр хүүхдүүдээ хувцаслаж байсан... намайг хүүхэд хувцаслаач гэсэн. Би хөл өвдөөд байна гэхэд намайг хөгшин хүн шиг яах гэж ирсэн юм гээд хэрүүл эхэлсэн. Тэгээд манай эхнэр толгой руу цохиод авсан. Яг хэдэн удаа цохисныг би одоо санахгүй байна. Би маргалдаж байгаад цааш түлхэхэд газар унасан. Босож ирээд намайг сандлаар цохино гээд байхаар нь би алгадаад авсан... тэр сандлыг нь булаацалдаад бөөн юм болсон... эхнэртэйгээ гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй. Хамтран амьдраад 10 жил болж байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод зовхинд 5,0х3,5см, эрүүний зүүн хэсэгт 3,0х3,5см, хоолойн зүүн доод хэсэгт 3,0х1,0см, баруун доод хэсэгт 1,5х0,6см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 2,0х1,0см, баруун шууны гадна дунд хэсэгт 3,0х2,0см, зүүн тохойнд 7,0х3,5см, зүүн шууны гадна дунд хэсэгт 7,0х3,5см, баруун гуяны дотор дээд хэсэгт 2,0х1,0см, дунд хэсэгт 8,5х6,0см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 3,5х3,0см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний дээд хэсэгт 4,5х0,2см, 4,0х0,1см өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. М.Ө-ын биед  зүүн доод зовхи, эрүү, хоолойн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. М.Ө-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

 

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан хүсэлт (Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Төрсний гэрчилгээний хуулбар (Хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (Хавтаст хэргийн 66, 67, 71, 72 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (Хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод гарсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг харьяалан авч шийдвэрлэхээр байна.

 

Гэвч уг шүүхийн харьяаллын асуудал шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн харьяаллын асуудал хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Тоотод гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр М.Ө-тай үл ялих зүйлээр шалтаглаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, цохин эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, эрүү, хоолойн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (Хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас),

            Хохирогч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед байх Мөрөн сумын 9-5-18 тоотод байрлах гэртээ хоёр хүүхдэдээ хоол цайг нь хийж өгч байхад нөхөр Н  гаднаа орж ирсэн. Түүнийг орж ирэхээр нь би чи гарах гэж байгаа юм бол хүлээж бай, хоёулаа хамт гарья гэж хэлсэн... эхэндээ орон дээр хэвтэж хүлээж байсан... түүнийг орон дээр хэвтэж байхаар нь чи надад босож гэр цэвэрлэхэд туслаач гэж хэлэхэд би ядраад байна гэж хэлсэн. Би ядраад байна... энд ирэх шаардлага байхгүй байна гэж хэлсэн. Үүнээс болж маргалдсан... маргалдаж байхад Н  намайг алгадсан... би зөрүүлээд бие хэсэг рүү нь цохисон. Гарыг маань хөшиж мушгисан. Тэгэхэд нь би гараа татаад авахад миний толгойноос хоёр гараараа барьж аваад газар мөргүүлсэн. Намайг газар унасан байхад дээрээс өшиглөж, хөлийн булчингаас хазсан. Мөн хоолойг маань боож, өмссөн байсан хувцсыг урсан... Н тай хамтран амьдраад 7 гаруй жил болж байна. Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн зүйл байхгүй. Н  бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Том хүүхдийг маань Тэнүүн гэдэг. Одоо 4 настай. Бага хүүхдийг маань Энэрэл гэдэг. Ой 8 сартай. Би гэр бүлийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол Жастын 51б-46 тоотод амьдардаг байсан... Н  намайг зодох үед 2 хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Зүүн доод зовхинд 5,0х3,5см, эрүүний зүүн хэсэгт 3,0х3,5см, хоолойн зүүн доод хэсэгт 3,0х1,0см, баруун доод хэсэгт 1,5х0,6см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 2,0х1,0см, баруун шууны гадна дунд хэсэгт 3,0х2,0см, зүүн тохойнд 7,0х3,5см, зүүн шууны гадна дунд хэсэгт 7,0х3,5см, баруун гуяны дотор дээд хэсэгт 2,0х1,0см, дунд хэсэгт 8,5х6,0см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 3,5х3,0см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний дээд хэсэгт 4,5х0,2см, 4,0х0,1см өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. М.Ө-ын биед  зүүн доод зовхи, эрүү, хоолойн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. М.Ө-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),    

Шүүгдэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... түр орон дээр хэвтэж байхад манай эхнэр хүүхдүүдээ хувцаслаж байсан... намайг хүүхэд хувцаслаач гэсэн. Би хөл өвдөөд байна гэхэд намайг хөгшин хүн шиг яах гэж ирсэн юм гээд хэрүүл эхэлсэн. Тэгээд манай эхнэр толгой руу цохиод авсан. Яг хэдэн удаа цохисныг би одоо санахгүй байна. Би маргалдаж байгаад цааш түлхэхэд газар унасан. Босож ирээд намайг сандлаар цохино гээд байхаар нь би алгадаад авсан... тэр сандлыг нь булаацалдаад бөөн юм болсон... эхнэртэйгээ гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй. Хамтран амьдраад 10 жил болж байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас)

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч М.Ө-ын эрүүл мэндэд халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч М.Өд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 263 дугаартай дүгнэлтээр “зүүн доод зовхи, эрүү, хоолойн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохой, зүүн шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Н нь хохирогч М.Өыг зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болгэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтадгэр бүлийн хүчирхийлэл үйлдэжгэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

Шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч М.Өыг зодож буюу алгадах, мөргүүлэх, өшиглөх, боох зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл нь бие махбодын хүчирхийлэл бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Н ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч М.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба “...гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлтдээ дурджээ.

Иймд шүүгдэгч Б.Н ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

           

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Н уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

           

Шүүх шүүгдэгч Б.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн 2038 00315 0058 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б Н- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 (ер) хоногийн хугацаанд хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ө-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     М.ТҮМЭННАСТ