Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/213

 

 

  2021          02           09                                         2021/ШЦТ/213

                                                                                       

           

                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Ц.Э-А нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х Ц А-д холбогдох эрүүгийн 2006 04319 2990 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

........................................................

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э-А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчим Тоотод  иргэн Д.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүгдэгч Ц.Э-А шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

           

Хэргийн үйл баримтын талаар

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 3 дугаар хуудас)                   

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.С-аас хандаж гаргасан өргөдөл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, баримтууд (Хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас),

 

Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уржигдар 18 цагийн үед манай найз Дулмаа, Баяржаргал нар ирсэн. Баяржаргал ажлаа тараад оройтож ирсэн. Тэр хоёрыг ирэх үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид гурав хөзөр тоглонгоо Дулмаа эхлээд 5 шилтэй 0.450 литрийн хэмжээтэй пиво авчирсан. Тэрийг бид хоёр хувааж уусан. Тэгээд сүүлд нь Баяржаргал лаазтай 0.500 литрийн 4 ширхэг пиво авчирсан. Тэгээд бид гурав хөзөр тоглонгоо нөгөө пивоо хуваагаад ууцгаасан. Бид нарыг гэрт байх үед Энх-Амгалаг ганцаараа эрүүл орж ирсэн. Тэр цай уучихаад гараад явчихсан. Тэгээд урд өдөр нь манай найз залуу Э-А гэрт ирж хонохдоо 0.330 литрийн Соёрхол нэртэй архи авчирсан тэрийг задлаагүй байсан юм. Тэрийг бид гурав мөн хувааж уусан. Тэгээд орой 23 цагийн үед бид гурав манай гэрээс гарч Баяржаргалыг гэрт нь дөхүүлж өгсөн. Тэгээд Дулмаа бид хоёр буцаж манай гэрт ирээд унтаж амарсан. Өглөө босоод Дулмаа бид хоёр манай гэрээс гараад хоол идэж байтал Э-А над руу залгаад тэр ирээд бид гурав хоол идээд дэлгүүрээс амьд пиво гээд пиво 2 ширхэг, Э-А 0.750 литрийн Экс нэртэй архи аваад бид гурав манай гэрт орсон. Тэгээд гэрт ороод нөгөө архийг задлаад бид хоёр амсаж өгөөд тэр архийг тэр бараг ганцаараа уусан. Тэгсэнээ тэр дахиад архи ууна гээд гэрээсээ ганцаараа гараад дахиад 1 ширхэг пиво, дахиад нэг 0.750 литрийн архи авчирсан. Тэр үед оройны 22 цаг болж байсан. Тэр сүүлд авчирсан архинаас нь Дулмаа бид хоёр нэг нэг татсан. Манай хүүхэд Энх-Амгаланд дургүй байдаг юм. Тэгээд хүү маань ирнэ гэхээр нь би Энх-Амгаланд гадаа гараад хүлээж бай гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр би гадаа гарахгүй. Цаад талын өрөөнд ороод, орон дээр хэвтээд өгсөн. Тэгж байтал манай хүү болох Цолмон 22 цаг өнгөрөөгөөд ганцаараа эрүүл ирсэн. Тэрнийг гэрт орж ирэх үед Дулмаа бид хоёр байсан. Манай хүү гэрт орж ирээд авчирсан юмаа тавиад тэгээд Дулмаа танай хүүхдэд дайгдана гээд гэрээс гараад явсан. Хүү маань манай гэрт орж ирээд удаагүй ойролцоогоор 15 минут л болсон байх. Тухайн үед манай хүү Э-А хоёр маргалдаж муудалцаагүй. Бид гурав манай гэрт байж байх үед “Үсчин” гээд хадгалсан дугаар Энх-Амгалангийн дугаар луу залгаад байсан. Тэгсэн чинь тэр гар утсаа авахгүй байснаа намайг ярих уу гэхээр нь би яриад байна уу гэснээ нэг эмэгтэй дугарахаар нь би чи ярь гээд өөрт нь гар утсыг нь өгсөн чинь ярихгүй байсан. Э-А согтуу унтаж байхаар нь би тэрний гар утсыг нь аваад үзсэн чинь Чимгээ гэдэг эмэгтэйтэй харьцаж бие биендээ чат бичсэн байсан. Тэгээд би Энх- амгалангийн өмнөөс би тэр эмэгтэй рүү чат бичсэн. Тэгээд байж байтал Энх- амгалангийн утас нь дугараад нэг хүнтэй ярьсан. Ярьж дуусчихаад тэр чи миний өмнөөс хүнтэй харьцдаг хэн бэ гээд дуу нь чангараад босоод ирсэн. Тэгэхээр нь би чи миний орон дээр хэвчихээд өөр хүүхэнтэй харьцаж байгаа бол явчих гэж хэлсэн чинь  явахгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа авсан чинь тэр миний гар утсыг надаас булааж авсан. Тэгзэд бас манай гэрийн утсыг салгачихсан. Тэгээд би тэрэн дээр очоод гар утсаа авах гээд бид хоёр миний гар утсыг булаацалдаж байх үед тэр намайг түлхээд миний толгой луу гараараа нэг удаа цохиод, дараа нь баруун гараараа миний нүүр лүү хоёр удаа цохисон. Би манараад доошоо унасан. Тэгээд би толинд очоод харсан чинь миний баруун талын нүдний доор хавдчихсан байсан. Тэгээд би тэрнийг чи миний нүүрийг ийм болгочихлоо гэсэн чинь над руу дахиад дайрахаар нь би гал тогооны тэнд очоод шургуулганаас заазуур аваад цээжин хэсэгтээ бариад намайг дахиад цохих юм бол чамайг яаж ч магадгүй шүү гэж тэрэнд хэлсэн. Тэгээд тэр цаашаа яваад хэвтээд өгсөн. Тэгээд тэрнийг тайвшраад унтчихаар нь би цагдаа дуудаагүй юм. Тэр буйдан дээр унтаад би орон дээрээ хэвтсэн. Тэгээд өглөө 07 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Бид хоёр ерөөсөө хамт амьдардаггүй. Гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэд байхгүй. Бид хоёр уулзаад 5 жил болж байна... Миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Толгой өвдөөд байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 21 цагийн үед эхийн гэр болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байх 66 дугаар байрны 14 тоотод ганцаараа юм авах гээд очсон... намайг очих үед ээж найз хоёр эмэгтэйтэйгээ хамт том өрөөнд сууж байсан... би ээжийн үүднээс юм авах үед унтлагын өрөөнд Ц.Э-А орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би ээжид уурлаад наад гөлгөө яах гэж оруулж байгаа юм бэ гэж хэлчхээд гараад явсан. Намайг тэндээс гарах үед Дууяа эгч хүргээд өгөөч гэхээр нь би гэрт нь хүргэж өгсөн... тухайн үед миний харснаар ээжийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Тэгээд намайг гарсны дараа ээж гэртээ Энх-Амгалантай хамт үлдсэн... ээж тэр үедээ надад Энх-Амгаланд зодуулсан гэж хэлээгүй. Би бүр сүүлд нь мэдээд уурласан. Би тэр өдөр ээжийнд ороод Энх-Амгалантай юм яриагүй, маргаж муудалцаагүй.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),

 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянжаргал, Сараа бид гурав Сараагийн гэрт уулзаад тоглонгоо пиво уусан... 23 цагийн үед Баянжаргал гэрлүүгээ яваад Сараагийн гэрт бид хоёр хамт хоносон. Маргааш нь... Сараа бид хоёрын тэднийхээс гараад 13-ийн Sunday-ийн эсрэг талд байдаг “Экстра” гээд барааны дэлгүүр ороод ойр зуурын юм авчхаад 2 тийшээ явахаар болоод яриад байж байтал Сараа луу Э-А ярьсан... Э-А ирэхээр болоод бид гурав уулзсан... уулзах газраа очоод хоол аваад сууж байтал Э-А ганцаараа эрүүл орж ирсэн... бид гурав хоолоо идчихээд, архи, пиво аваад Сараагийн гэрт орж ууцгаасан. Тэгээд Э-А тэр архинаас бид хоёрт өгөөд өөрөө ихэнхийг нь уусан. Тэр архиа дуусчхаад... Э-А гадагшаа гарч дахиад нэг шил архи, бид хоёрт пиво авчирсан. Архиа ганцаараа уусан. Харин Сараа бид хоёрыг пиво ууж байтал Сараагийн хүүхэд нь яриад ирэхээр болсон. Энх-Амгаланд Сараагийн хүү Цолмон дургүй байдаг болохоор Сараа түүнийг манай хүү ирэх гэж байна. Чи гар, чи энд байж болохгүй. Цолмон чамайг хараад уурлана гэж хэлсэн. Тэгээд бид гурав архи, пивоо ууж байтал Э-А утсаа ширээн дээр тавьчихсан байсан чинь үсчин гээд хадгалсан дугаар залгаад байсан... утсаа аваач гэсэн чинь тэр аваагүй. Инээгээд байсан... тэр өдрийн 22 цагийн үед Цолмон ирсэн шиг санагдаж байна. Цолмонг ирэхээс өмнө Энх-Амгаланг Сараа гараа гэж хэлсэн. Тэр гараагүй үлдсэн. Архиа аваад хойд өрөөнд нь ороод би унтлаа гээд унтаад өгсөн... бид гурав тэднийд уугаад сууж байхад ямар нэг хэрүүл, маргаан, зодоон огт болоогүй. Тэгээд байж байтал Цолмон гаднаас эрүүл ганцаараа гаднаас орж ирсэн. Би Сараагийн хүүхэдтэй хамт явахаар болоод тэднийхээс хүүтэй нь хамт гарсан. Би Сараагийн хүүхдээр гэрт нь хүргүүлсэн. Сараагийн хүүхэд ирэхээс өмнө Э-А утасны дараа Сараа бид хоёр гадагшаа ер гараагүй... гэрт нь уугаад сууж байх үед Сараагийн биед миний харснаар ил харагдах гэмтэл шарх учраагүй. Нүүр ам нь хавдсан, хөхөрсөн зүйл байгаагүй. Зүгээр байсан. Бас тэр үед Э-А Сарааг цохиж зодоогүй. Хэрвээ ээжийнх нь биед тийм гэмтэл шарх байсан бол хүүхэд нь ч гэсэн орж ирээд гайхах байлгүй. Тэгээд би тэднийхээс гэртээ харьсан. Өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би гар утсаа асаасан. Над руу тэр 09 цагаас 10 цагийн хооронд ярьсан. Э-А намайг урд шөнө манай гэрт зодчихлоо гэж яриад нүднийхээ зургийг над руу facebook messenger- ээр явуулсан... тэрний баруун нүд хавдаад хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12497 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи, дотор булан хамарсан 4,5х2,0см, доод зовхинд 4,5х2,5см, хамрын нуруунд 3,0х2,5см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Баруун тохойн дотор үед 1,0х1,0см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсэгт 3,0х3,0см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Д.С-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),    

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (Хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (Хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

Таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоол (Хавтаст хэргийн 57-58, 75-77, 78-82 дугаар хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Э-А нь согтуурсан үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчим Тоотод  иргэн Д.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Мөн шүүгдэгч Ц.Э-А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Э-А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчим Тоотод  иргэн Д.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (Хавтаст хэргийн 3 дугаар хуудас)                   

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Д.С гаас хандаж гаргасан өргөдөл (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хохирогч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э-А согтуу унтаж байхаар нь би тэрний гар утсыг нь аваад үзсэн чинь Чимгээ гэдэг эмэгтэйтэй харьцаж бие биендээ чат бичсэн байсан. Тэгээд би Энх- амгалангийн өмнөөс би тэр эмэгтэй рүү чат бичсэн. Тэгээд байж байтал Энх- амгалангийн утас нь дугараад нэг хүнтэй ярьсан. Ярьж дуусчихаад тэр чи миний өмнөөс хүнтэй харьцдаг хэн бэ гээд дуу нь чангараад босоод ирсэн. Тэгэхээр нь би чи миний орон дээр хэвчихээд өөр хүүхэнтэй харьцаж байгаа бол явчих гэж хэлсэн чинь  явахгүй гэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа авсан чинь тэр миний гар утсыг надаас булааж авсан. Тэгээд бас манай гэрийн утсыг салгачихсан. Тэгээд би тэрэн дээр очоод гар утсаа авах гээд бид хоёр миний гар утсыг булаацалдаж байх үед тэр намайг түлхээд миний толгой луу гараараа нэг удаа цохиод, дараа нь баруун гараараа миний нүүр лүү хоёр удаа цохисон. Би манараад доошоо унасан. Тэгээд би толинд очоод харсан чинь миний баруун талын нүдний доор хавдчихсан байсан. Тэгээд би тэрнийг чи миний нүүрийг ийм болгочихлоо гэсэн чинь над руу дахиад дайрахаар нь би гал тогооны тэнд очоод шургуулганаас заазуур аваад цээжин хэсэгтээ бариад намайг дахиад цохих юм бол чамайг яаж ч магадгүй шүү гэж тэрэнд хэлсэн. Тэгээд тэр цаашаа яваад хэвтээд өгсөн. Тэгээд тэрнийг тайвшраад унтчихаар нь би цагдаа дуудаагүй юм. Тэр буйдан дээр унтаад би орон дээрээ хэвтсэн. Тэгээд өглөө 07 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Бид хоёр ерөөсөө хамт амьдардаггүй. Гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэд байхгүй. Бид хоёр уулзаад 5 жил болж байна... Миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Толгой өвдөөд байна” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас),

Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө нь буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би гар утсаа асаасан. Над руу тэр 09 цагаас 10 цагийн хооронд ярьсан. Э-А намайг урд шөнө манай гэрт зодчихлоо гэж яриад нүднийхээ зургийг над руу facebook messenger- ээр явуулсан... тэрний баруун нүд хавдаад хөхөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг (Хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12497 дугаар: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхи, дотор булан хамарсан 4,5х2,0см, доод зовхинд 4,5х2,5см, хамрын нуруунд 3,0х2,5см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавдсан. Баруун тохойн дотор үед 1,0х1,0см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун шилбэний урд доод хэсэгт 3,0х3,0см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Биед ил харагдах өөр гэмтэлгүй... ДҮГНЭЛТ

1. Д.С-ийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Энх-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Э-А нь хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д.С д Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12497 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Э-А нь хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Энх-Амгалангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Д.С  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 146.680 (бэлэн мөнгөний орлогын баримт, НӨАТ-ын баримтууд хавтаст хэргийн 7 дугаар хуудас) төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 146.680 төгрөгийг шүүгдэгч Ц.Энх-Амгалангаас гаргуулж хохирогч Д.С д олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Э-А гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ц.Э-А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах дүгнэлтийг гаргасан.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Энх-Амгалангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э-А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э-А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Э-А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х Ц Э А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Энх-Амгаланг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э-А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-А-гаас гаргуулж хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 146.680 төгрөг гаргуулж хохирогч Д.С д олгосугай.

           

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э-А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Э-А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ